Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00189

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Уртын гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******ын

ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ш.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би 1984 оны 07 дугаар сарын 01-нд Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажилд орсон. ГАЗ-69 маркийн автомашин барьдаг байсан. 1985 оны 06 дугаар сарын 25-нд цэрэгт татагдах хүртлээ ажилласан. Цэргээс халагдаж ирээд Тээврийн удирдах газартаа бас суудлын автомашин барьж байсан. Иймд миний 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ш.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1984.10.24-ний өдрийн 196 дугаартай, 1985.06.25-ны өдрийн 147 дугаартай тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025.01.28-ны 11/56 дугаартай лавлагаа, Хилийн цэргийн тусгай архивын 2024.09.04-ний өдрийн а/1228 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь Сүхбаатар аймаг дахь Тээврийг удирдах газарт 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Ш.******* нь Сүхбаатар аймаг дахь Тээврийг удирдах газарт 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025.01.28-ны 11/56 дугаартай *******, Ш.******* нэртэй 1984-1985 онуудын цалингийн бичиглэл бүхий лавлагаа, Сүхбаатар аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1984.10.24-ний өдрийн 196 дугаартай тушаал (жолооч *******т машин хүлээлгэн өгч, цалинжуулах тухай), Сүхбаатар аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1985.06.25-ны өдрийн 147 дугаартай тушаал (жолооч Ш.******* цэрэгт татагдсан тул ажлаас чөлөөлсөн тухай), Хилийн цэргийн тусгай архивын 2024.09.04-ний өдрийн а/1228 дугаартай Ш.******* 1985 онд цэрэгт татагдсан тухай лавлагаа (хх 7-10х), 

5. Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн: Ш.******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 12-р баазад ГАЗ-69 маркийн машин барьдаг байсан. 1984 онд ажилд орж, 1985 онд цэрэгт татагдсан. Цэргээс ирээд дахин бааздаа ажилд орж жолоочоороо ажилласан. Би Ш.*******тай 1984-1992 оныг дуустал хамт ажилласан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-21х). 

6. Гэрч *******ы шүүхэд мэдүүлсэн: Намайг 1984 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 12-р баазад ажиллаж байхад Ш.******* 1984 онд Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд жолоочоор ажилд орж байсан. Ажилд ороод 1 жил болоод цэрэгт явсан. 3 жилийн цэргийн алба хааж ирээд дахин баазад жолоочоор ажилласан. Аймгийн орлогч дарга Мижидсүрэн гэдэг хүний жолоочоор ажиллаж байсан. Би машинд нь засвар хийдэг байсан. Ш.******* бид хоёр 1984 оноос бааз тартал хамт ажилласан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-22х). 

7. Иймд Ш.*******ын Сүхбаатар аймаг дахь Тээврийг удирдах газарт 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ын Сүхбаатар аймаг дахь Тээврийг удирдах газарт 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА