| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0057/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 69
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулж Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.Эөд холбогдох эрүүгийн 1830000430037 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 5-124 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн /рд:НХ76070919/ Боржигон овогт Б.Э.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Г.Бгээс 2017 оны 05 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “12 тооны адууг зарж өгөөд мөнгийг нь өгнө” гэж 12 тооны адууг авч 12.0 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Баярхүүгийн адууг авах үед мөнгөгүй болсон байсан. Гэтэл хотод байсан хүмүүс маань адуу хэрэгтэй байна аваад ир гэсэн. Би тэр хүмүүст итгээд Баярхүүгээс 12 тооны адуу аваад хотод очоод тэр хүмүүст өгсөн. Миний мөнгийг 7 хоногийн дараа гарна гэж хэлээд өөр газраас адуу аваад алга болсон. Өрөө төлөхөд надад нэгээс хоёр сарын хугацаа хэрэгтэй байна төлбөрийг төлж барагдуулна гэв.
- Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн иргэн Баярхүү гэх хүнээс 2017 оны 05 дугаар сард 12 тооны адууг 12.000.000 төгрөгөөр тохирч зээлээр аваад Хятад улсын иргэдэд өгөөд мөнгөө буцааж авах байсан юм. Гэтэл уг хүмүүс нь Баярхүүгээс авсан адуугаа авчраад өгөхөд мөнгийг нь удаахгүй өгнө гэсэн боловч нутаг руугаа гараад явчихсан болохоор би Баярхүүгийн адууны мөнгийг өгч чадахгүй байгаа юм. Би анх адууг нь авахдаа мөнгийг хэдий хугацааны дараа өгнө гэж тохироогүй. Ямар ч байсан адууг нь зарчихаад мөнгийг нь өгнө гэж тохиролцсон боловч өдийг болтол мөнгийг нь өгч чадаагүй. Өдийг болтол адууны мөнгийг нь өгч чадаагүй нь Баярхүүгээс авсан адуугаа хүнд өгөөд явуулсан боловч уг хүнээсээ мөнгөө авч чадаагүйтэй холбоотой. Баярхүүтэй анх наймаа хийж тохиролцсон болохоор хариуцлагыг нь би өөрөө үүрнэ.Надад 1-2 сарын хугацаа байвал хохирлыг нь барагдуулна. Би хүний адууг авчихаад мөнгийг нь өгөөгүй нь миний буруу” гэх мэдүүлэг,
- Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Дөрвөлж хотхоны 3-6 тоотод оршин суудаг боловч манай мал Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Чигчийт” гэх газар байдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 10-дын үеэр Улаанбаатар хотын Эрдэнэмөнх гэх хүн ирээд надаас 8 тооны адуу бэлэн мөнгийг нь өгөөд ачаад явсан. Тэрнээс хойш надтай танилцаад надтай утсаар ярьдаг байсан. 2017 оны 05 дугаар сард аймагт ирээд надтай утсаар яриад “би урдуур Асгат сумаар 4-5 адуу авчихлаа одоо буцах гэхээр цөөхөн адуутай болчихоод байна, чи хэдэн адуу өгчих, үнэ хөлсийг нь тохирьё гэхээр нь юу ч гэсэн хүрээд ир” гэсэн. Тэгээд манай мал байгаа “Чигчийт” гэх газар жижиг машин унаад ачааны машин дагуулаад очсон. Тэгээд надаас дандаа хязаалан, шүдлэн насны адуу авсан. Хязаалан, шүдлэн насны эр адуугаа 1,000,000 төгрөгөөр, шүдлэн байдсаа 800,000 төгрөгөөр тохироод 12 адуу 12.000.000 төгрөгт бодож өгөхөөр болсон юм. Тэгээд Эрдэнэмөнх нь “би Заамарт адууг чинь хүмүүст зарах гэж байгаа” гээд зээлээр авсан. Тэгээд явснаас хойш мөнгөө авъя гэхээр “зарагдаагүй байна, боломжгүй байна, удахгүй өгнө” гэсээр байгаад өдийг хүрсэн. Би Эрдэнэмөнхийн араас хот руу явж уулзахаар болоод өөртэй нь утсаар ярихад “би Заамарт байна, чи хүрээд ир, би тосоод авъя” гэдэг боловч яг очихоор утсаа салгаад, заримдаа “унаа олдохгүй, явж чадсангүй” гээд байдаг байсан. Би 3 удаа Улаанбаатар хот руу явсан боловч нэг удаа ч уулзаж чадаагүй. Одоо бол утас руу нь залгахаар утсаа авахгүй, заримдаа холбогдохоо больсон. Надад 12 тооны адууны мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Эрдэнэмөнхөд надаас авсан 12 адууны зураг, малчны тамгатай адууны бичиг, худалдаж авсан үнийн дүнг бичсэн цаас байгаа байх гэж бодож байна. Миний хувьд Эрдэнэмөнхийг дараа мөнгийг нь өгнө гэж адуу авч яваагүй бол зарахгүй байсан. Мөн Эрдэнэмөнхөд миний адууг авчих гээд гуйсан зүйл байхгүй, тийм болохоор 12.0 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
- Гэрч Н.Баярцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Эрдэнэмөнхтэй 2008 онд гэр бүл болсон, одоо ам бүл дөрвүүлээ амьдардаг. Манай нөхөр 2017 оны 04, 05 дугаар сард хавар адууны наймаа хийгээд Хэнтий, Сүхбаатар аймгаар яваад байсан. Надад ярихдаа урдаас мөнгө ирэхээр адуу авна гээд байдаг байсан. Ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2018.01.28-ны өдрийн 183000043 дугаартай тогтоол / хх-1/,Б.Эийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-27 /, Сүхбаатар аймгийн Баруун –Урт сумын эд зүйлийн үнэлгээ / 50-х / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас шүүгдэгч Б.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу Б.Э гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь Б.Эийн прокурорт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Г.Бгээс 2017 оны 05 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “12 тооны адууг зарж өгөөд мөнгийг нь өгнө” гэж аваад үнийг нь одоо болтол өгөлгүйгээр 12,0 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч Н.Баярцэцэг нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан байдлыг тодруулбал: шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Г.Бгээс 2017 оны 05 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12 тооны адууг зарж өгөөд мөнгийг нь өгнө гэж аваад 12,0 сая төгрөгний хохирол нь Б.Эийн “...Би Сүхбаатар аймгийн иргэн Баярхүү гэх хүнээс 2017 оны 05 дугаар сард 12 тооны адууг 12.000.000 төгрөгөөр тохирч зээлээр аваад Хятад улсын иргэдэд өгөөд мөнгөө буцааж авах байсан юм тэр өгөөгүй...” гэх мэдүүлэг, Г.Бгийн “...2017 оны 04 дүгээр сарын 10-дын үеэр Улаанбаатар хотын Эрдэнэмөнх гэх хүн ирээд надаас 8 тооны адуу бэлэн мөнгийг нь өгөөд ачаад явсан. 2017 оны 05 дугаар сард аймагт ирээд надтай утсаар яриад би урдуур Асгат сумаар 4-5 адуу авчихлаа одоо буцах гэхээр цөөхөн адуутай болчихоод байна, чи хэдэн адуу өгчих, үнэ хөлсийг нь тохирьё гэхээр нь юу ч гэсэн хүрээд ир гэсэн. Тэгээд надаас дандаа хязаалан, шүдлэн насны адуу авсан. Хязаалан, шүдлэн насны эр адуугаа 1,000,000 төгрөгөөр, шүдлэн байдсаа 800,000 төгрөгөөр тохироод 12 адуу 12.000.000 төгрөгт бодож өгөхөөр болсон юм. Тэгээд Эрдэнэмөнх нь би Заамарт адууг чинь хүмүүст зарах гэж байгаа гээд зээлээр авсан. Тэгээд явснаас хойш мөнгөө авъя гэхээр зарагдаагүй байна, боломжгүй байна, удахгүй өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн”...гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
Шүүгдэгч Б.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал: шүүгдэгч Б.Э нь 2017 оны 05 дугаар сард хохирогч Г.Бгийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12 тооны адууг зарж өгөөд мөнгийг нь өгнө гэж авсан бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, зориуд үйлдэж хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Эөд холбогдох хэргийн зүйчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Эөд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Эөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан 12.000.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Эөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12.000.000 төгргийг гаргуулж хохирогч Г.Бд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Эийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэмөнхийг 300 цагийн /гурван зуун / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Эрдэнэмөнх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Эөөс 12.000.000 төгрөг гаргуулан Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1-р багийн иргэн хохирогч Гомбожавын Баярхүүд олгосугай.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шүүхийн шатанд ялтан Б.Эөд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно .
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР