Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/374

 

      2024             3             27                                        2024/ДШМ/374                     

 

      Д.Тт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/813 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад Д.Тт холбогдох эрүүгийн 2310000000311 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Х хороололод амь хохирогч А. гийн цээжин хэсэгт нэг удаа хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

           

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Тыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Тын цагдан хоригдсон нийт 205 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон Д.Тоос 184,581,696 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 549,558,520 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие өөрийн буруутай үйлдлийг бүрэн ухамсарлаж, гэмшиж, алдаа дутагдлаа дүгнэн цэгнэж, өөрийн бодлогогүй үр дагаврын улмаас эрдэнэт хүний амь насыг хохироосонд туйлын ихээр харуусан гашуудаж, эмгэнэл илэрхийлэн, амь хохирогчийн төрөл төрөл төрөгсдөд учирсан нөхөж баршгүй зүйл тохиолдуулж байгаадаа маш ихээр харамсаж байна. Амь хохирогчийн гэр бүл, эцэг, эх, үр хүүхдийнх нь өмнө би маш их буруутай, тэднийг зовлон шаналд автуулж яваадаа дахин эмгэнэл илэрхийлэн, чин сэтгэлээсээ уучлалтыг гуйж байгаа билээ.

Мөн миний бие хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн гүйцэт төлж барагдуулахаас гадна, түүний үр хүүхдэд чин сэтгэлийнхээ зүгээс насан туршдаа тусламж, дэмжлэгийг үзүүлж, сайн үйлийг эхлүүлж, зөв замыг сонгон, үлдсэн насныхаа амьдралыг утга учиртай өнгөрүүлэх, холын хүсэл мөрөөдөл, зорилготой болж байна. Маш ихээр харамсаж байна. Хэргийн үйл баримтад маргах зүйлгүй, үйлэлдээ маш их харамсаж, гэмшиж байна.

Тухайн үед амь хохирогчид анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр түргэн тусламжийн 103 дугаарт болон цагдаагийн байгууллагад өөрийн зүгээс мэдэгдэж байсан. Хүний амь насыг хохироох хэмжээнд зүй бус авир, үйлдлийг үзүүлэх, бодол санаа, зорилгыг огтхон ч агуулж байгаагүй болно. Одоогоор ийм хүнд нөхцөл байдал үүссэнд маш ихээр гашуудаж байгаа билээ. Амь хохирогчийн оршуулгын зардал 26,902,042 төгрөг төлсөн бөгөөд цаашид ч түүний төрөл төрөгсдөөс нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Амь хохирогчийн эцэг, эхийн төрөл төрөгсдөд нь хүү нь болж, хамгийн ойрын хүн нь болж гэм нүглээ цайруулан, дэмжлэг туслалцааг үзүүлж амьдрах болно. Миний бие анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг минь харгалзан үзэж надад эдлэх хорих ялыг минь нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ялаас минь хөнгөлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Д.Тоос амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр түүнд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэргээ хүлээн хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмд, хуулийн хүрээнд багасгаж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд сэтгэл санааны байдал маш хүнд байна. Ач охин минь бүтэн өнчин болсон. Одоо 8 настай. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн зүгээс бидэнд 20.000.000 төгрөг төлсөн. 8 настай ач охины минь ирээдүйг 20.000.000 төгрөгөөр үнэлж болохгүй. Хэдийгээр шүүгдэгч хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа боловч шүүх хуралдаан дуусаж, шүүгдэгчид ял оногдуулсан ч хохирогчид учирсан хор уршиг хэзээ ч арилахгүй. Хэрэв хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан бол миний бие эх хүнийхээ хувьд арай өөрөөр хандаж байсан. Би үнэхээр гомдолтой байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын хэмжээнээс илүү мөнгө нэхэмжилсэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан байгаа тул бидний зүгээс анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын дүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй. Сүүлд шүүгдэгчийн гэр бүлээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 20.000.000 төгрөг өгсөн байдаг” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Х хороололод амь хохирогч А.Бгийн цээжин хэсэгт нэг удаа хутгалж хүнийг алсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн “... Амь хохирогчтой 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу битүүний өдөр хүү маань миний амьдарч байгаа ... тоот гэрт маань ирээд, бид нар гэр бүлээрээ битүүлчихээд, 2023 оны 02 дугаар сарын 21-ний өглөө бид нар ээж дээрээ очиж золгох гэсэн чинь хүү маань “би өвөө, эмээ дээрээ очихгүй, та нар явчих би орой очно” гэж хэлэхээр нь би нөхөр С, охин Х, ач А нарын хамтаар амь хохирогчийн өвөө, эмээ дээр нь очиж золгоод орой 19 цагийн орчимд бид нар гэртээ ирэхэд хүү маань гэрт байхгүй байсан. Тэгээд би амь хохирогч А.Бтай утсаар яриад “чи хаана байгаа юм, яагаад гэр цоожлоогүй явсан юм бэ? гэж асуусан чинь “би гэртээ байна, харин хаалга цоожлоогүй явсан байна” гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд өнөөдөр өглөө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд амь хохирогчийн найз Билгүүн утсаар яриад “эгчээ, А.Б орой над руу залгаад уулзах уу гэхээр нь би уулзахгүй, найз нь Хөвсгөл явна гэж хэлсэн чинь өөдгүй юм бэ? гээд уурлаад утсаа тасалсан. Тэгтэл шөнө 00 цаг өнгөрч байхад над руу хэд, хэдэн удаа залгаад сонин сонин мессеж бичсэн байхаар нь би өглөө “яасан юм” бол гээд Бгийн гар утас руу залгасан чинь өөр хүн аваад “А.Бгийн найз нь мөн үү” гэхээр нь би “мөн байна” гэж хэлсэн чинь А.Бгийн ар гэрийнхэнтэй нь яаралтай холбогдох гэсэн юм гэж байна” эгчээ гээд надад хэлсэн. ... Өчигдөр би дүү болон ачийн хамтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орц руу орох гээд явж байсан чинь ач охин маань “Төөжиг ах сайн уу” гээд яриад байсан. Тэгээд намайг харчихаад “сайн байна уу, А.Бгийн ээж үү” гээд яриад байсан. Надад Билгүүн хэлэхдээ “Б Төөжигтэй цуг архи уугаад байсан” гэж хэлсэн. Одоо бодохоор Т гэдэг нь Төөжиг гэдэг залуу юм байна. ...” /1хх 51-52/,

 

Д.Тын яллагдагчаар өгсөн “... Би талийгаачийнд очоод хаалгыг нь нүдэхэд талийгаач хаалгаа онгойлгоод цаашаа яваад өгсөн. Би гартаа хутга бариад зогсож байхад талийгаач “яасан золбин шээс минь” гээд дахиад хараагаад над руу тулаад ирсэн. Би зүүн гараараа тулаад түлхсэн чинь сандарсандаа хутгатай гараараа түлхчихсэн. Талийгаач өрөө рүүгээ гүйгээд орсон. Би араас нь очоод харсан чинь “яаж байгаа пизда вэ” гэсэн. Тэгсэн чинь цээжнээс нь цус гарч байсан Би “утас чинь хаана байна түргэн дуудъя” гэж хэлээд том өрөөний ширээн дээрээс утас аваад гарч хаалганы кодыг нь хараад түргэн дуудаад орж ирсэн чинь газар унасан байсан. Би дуудсан чинь чимээ гарахгүй байсан. Тэгээд нас барсныг нь мэдээд утсыг нь аваад цагдаа дуудсан Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Талийгаачийн оршуулгын зардпын 26 сая төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Нэхэмжилж байгаа бүх хохирлыг төлж барагдуулах би бүх талаар хичээх болно. Намайг уучлаарай. ” /1хх / гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 650 дугаартай “... Дээрх зүүн суганы шугамаар 3, 4-р хавирганы түвшинд зүүн доороос баруун дээш чиглэлтэй, арьс булчин, өөхөн эдийг хавж 3, 4-р хавирганы завсар 3-р хавирганы өвчүүтэй нийлэх доод ирмэгийг зүсэж, зүүн уушгины дээд дэлбэн /1,5 см/ нэвт хатгаж, үнхэлцэг хальсны зүүн /3,5 см шарх үүсгэн/, зүрхний зүүн ховдлын хананд /3,5 см/ зүрхний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх. Үнхэлцэгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн. Уг шарх доод хэсэгт зах ирмэг тэгш арьсны зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод уруулд шарх, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод уруулд шарх, цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун хөлийн хурууг хуучин тайруулах мэс заслын эмчилгээ хийлгэжээ. Талийгаач нь дээрх гэмтлийг авснаас хойш идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байжээ. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 цаг 53 минутын цогцсын үзлэгээр талийгаач нь нас бараад 5-6 цаг орчим болсон гэжээ. Талийгаач нь зүүн суганы шугамаар 3, 4-р хавирганы түвшинд зүүн доороос баруун дээш чиглэлтэй, арьс булчин, өөхөн эдийг хаваж 3, 4-р хавирганы завсар 3-р хавирганы өвчүүтэй нийлэх доод ирмэгийг зүсэж, зүүн уушгины дээд дэлбэн /1,5 см/ нэвт хатгаж, үнхэлцэг хальсны зүүн /3,5 см шарх үүсгэн/, зүрхний зүүн ховдлын хананд /3,5 см/ зүрхний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, Үнхэлцэгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас баржээ.” /1хх 105-109/.

 

2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 1138 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “Даваанямын Т” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” /1хх 149-150/,

 

2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2847 дугаартай “Д.Тын биед зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх 169-170/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 346 дугаартай “Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Т нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Тт эмнэлгийн чанартай албадлагын арга'хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх 158-159/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын дуудлага, мэдээллийн хуудас /1хх 6/,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-15, 20-25/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан зарим эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 30-33, 35/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 93-42/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-19/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Тыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

          Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

 

          “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

 

          Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

 

          Амь хохирогч А.Бгийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 650 тоот дүгнэлтээр амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж нас барсан байх ба энэ нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Д.Тын амь хохирогчийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг хутгаар хатгаж учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Тыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч “... гэм буруугаа хүлээн гэмшиж, хохирол төлж барагдуулсан зэргийг харгалзан хорих дэглэмийг нээлттэй болгож, хорих ялаас хасч өгнө үү.” гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

             Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-15 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдууж шийдвэрлэснийг багасгах, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, оногдуулсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод нийцсэн байна гэж дүгнэв.

 

            Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Тын эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогчийн ар гэрт 20,000,000 төгрөгийг нэмж төлсөн зэрэг байдлыг нь харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

            Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр тусгагдсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан  бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:

“1.3. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.”,

“2.2. ...бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

“2.5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана.” гэж тус тус гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үндэслэл, журмыг зохицуулсан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас нас барсан хүнийг оршуулахтай холбогдсон зардал, мөн хамт амьдарч байсан хүний гэр бүлийн гишүүн өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар, мөн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан боловч энэхүү хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа амь хохирогчийн төрсөн эх Г.Д нь хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь нас барсан ба гэмт хэргийн улмаас тэрээр сэтгэлийн хямралд орсон талаар тайлбарлан мэдүүлсэн, мөн амь хохирогчийн насанд хүрээгүй охины хувьд, аавтайгаа хоёулаа амьдардаг байсан, аавыгаа алдсанаас үүдэн сэтгэлийн хямралд орсон, шүүгдэгч Д.Т нь гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас тэдгээрийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж, хүний амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүдийг харгалзаж, Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх замаар хүний амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 165,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг нь хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон хоногийг буруу тооцож гаргасан байх тул түүний цагдан хоригдсон хугацааг 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 296 хоног цагдан хоригдсон болохыг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Тын эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтоосон нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Тын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/813 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.“ гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугайгэж,

 

4 дэх заалтын “... цагдан хоригдсон нийт 205 хоногийг ...” гэснийг ... “цагдан хоригдсон нийт 296 /хоёр зуун ерөн зургаа/ хоногийг ... “ гэж,

 

8 дахь заалтын “... түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гэснийг “... түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ                                                         Ц.ОЧ

                           ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ