| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00436/И |
| Дугаар | 318/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/00421
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт Э.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,571,228.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Б нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ...............тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,649,700.00 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч Э.Б-д 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Э.Б нь зээл авснаас хойш үндсэн зээл 312,265.43 төгрөг хүү, 269,466.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298.76 төгрөг нийт 582,030.99 төгрөг төлсөн. 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 146 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч Э.Б-тай байгуулсан 839024052001 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 1,571,228.70 төгрөгийн өр төлбөрийг Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,571,228.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 780,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 790,000 төгрөг хийж бүрэн төлж барагдуулна. Иймд шүүх хурал орохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлттэй байгаа тул хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,571,228.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,571,228.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 780,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 790,000 төгрөгийн төлөлт хийж төлж барагдуулахыг хариуцагч Э.Б хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,090 төгрөгийн тал хувь болох 20,045 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,045 төгрөг, хариуцагч Э.Б-с 20,045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,571,228.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Б төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,090 төгрөгийн тал хувь болох 20,045 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,045 төгрөг, хариуцагч Э.Б-с 20,045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР