| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00374/И |
| Дугаар | 318/ШШ2025/00422 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/00422
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт Т.Ш-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 17,735,177.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Ш нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 8 дугаар сарын 08-нд ......... тоот цахим зээлийн гэрээг байгуулж 17,470,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан .............. тоот гэрээний үүргийг 135 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Мөн зээлийн хугацаа 2027 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байх бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,109,984.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,579,761.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22,431.23 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 17,735,177.47 төгрөгийг зээлдэгч Т.Ш-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х овогтой Т-н Ш миний бие 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр М ХК-аас өөрийн хэрэгцээнд буюу эмчилгээний зардал болох 17,470,000 төгрөгийн зээл авсан. Одоогоор манай эхнэр С.Т-н бие өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа. Би санхүү маш их муу байна. Миний бие энэ зээлийг авч өөрийн хэрэгцээнд зориулсан үнэн болно. М зээл хэрхэн төлөх талаар зөвлөгөө өгсөн. Миний санхүү хэрэгцээ их байгаа, мөн өвчтэй хүн асарч байгаа тул түр хугацаанд Улаанбаатар хотод амьдарч байна. Би өөрийн хэрэгцээнд зээл авсан нь үнэн тул төлж барагдуулна. Сар бүрийн 25-ны өдрөөс буюу 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1,477,932 төгрөгийн төлөлт хийж явах болно. Боломж гарвал хурдан төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ш-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 25-аас сар бүр 1,477,932 төгрөг төлөхөөр тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Т.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 17,735,177.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 17,735,177.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 1,477,932 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагч Т.Ш хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Ш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,626 төгрөгийн тал хувь болох 123,313 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 123,313 төгрөг, хариуцагч Т.Ш-с 123,313 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 17,735,177.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Т.Ш хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,626 төгрөгийн тал хувь болох 123,313 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 123,313 төгрөг, хариуцагч Т.Ш-с 123,313 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР