Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/00424

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ССТ-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12,498,526.96 төгрөг, алданги 6,249,263.48 төгрөг, нийт 18,747,790.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Увс аймгийн ССТ тэй Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулж тус байгууллагыг дулаан эрчим хүчээр хангаж ажиллаж ирсэн бөгөөд одооч хангаж ажилласаар байна. Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор "Эко дулаан хангамж" ХХК-ийн С сумын борлуулах дулааны тарифыг тогтоолгох тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг манай байгууллагад даалгасан байдаг. Үүний дагуу бид ССТд тариф хэрэгжилтийн талаар албан тоот хүргүүлж төлбөрийг шинэчилсэн тарифаар нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл, 2023 оны 9,10, 11, 12, 2024 оны 1 дүгээр саруудын төлбөрийг төлөөгүй байна. Хэрэглэгч төлбөрөө хугацаанд нь төлөх бидний үйл ажиллагаагаа тогтвортой явуулах үндсэн суурь билээ. Манай байгууллага нь хариуцагчид 3115.50 м2 талбайд 1м3 талбайг нь 2,186.80 төгрөгөөр нийлүүлдэг бөгөөд 2023 оны 9 дүгээр сард 1,521,610.20 төгрөг, 10 дугаар сард 3,043,220.40 төгрөг, 11 дүгээр сард 3,043,220.40 төгрөг, 12 дугаар сард 3,043,220.40 төгрөг 2024 оны 1 дүгээр сард нийт 12,498,526.96 төгрөг болох юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан бөгөөд алдангийг хуульд нийцүүлэн 50 хүртэл хувиар тооцож алдангид 6,249,263.48 төгрөг, нийт 18,474,790.44 төгрөг гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү гэжээ.               

Хариуцагч ССТ-ийн дарга Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн "Эко дулаан хангамж" ХХК нь манай байгууллагыг дулаанаар ханган ажилладаг. Орон нутгаас дулаан дээр төсөв, санхүүжилт нэмэгдэж орж ирээгүй, оны эцэст өр үүсгэхгүй гэсэн бодлого чиглэлийн дагуу төсөвтөө захирагдан 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2024 оны 1 дүгээр сарын төлбөрийг хуучин тарифаар буюу хуваарилагдсан төсвөөр төлсөн. Иймд орон нутгаас манай байгууллагын дулаан дээр нэмэлт санхүүжилтийг шийдэж өгвөл шинэчлэгдсэн тарифаар бодсон төлбөрийн үүссэн зөрүүг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлага 18,747,790.44 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартаа танилцсан ба уг төлбөрийг төлж бараглуулах хугацаа дээр санал хүсэлт байхгүй ба талуудын зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Увс аймгийн ССТ-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12,498,526.96 төгрөг, алданги 6,249,263.48 төгрөг, нийт 18,747,790.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 18,747,790.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар хариуцагч Увс аймгийн ССТ-ийн дарга Ц.Б хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Увс аймгийн ССТ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,689 төгрөгийн тал хувь болох 125,845 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 125,845 төгрөг, хариуцагч Увс аймгийн ССТ-өөс 125,845 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 18,747,790.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Увс аймгийн ССТ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,689 төгрөгийн тал хувь болох 125,845 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 125,845 төгрөг, хариуцагч Увс аймгийн ССТ-өөс 125,845 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР