2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04244

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ********** оршин суух, Х овогт Д-н Б /Регистрийн дугаар:********* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ оршин суух Х б овогт У-ийн Э /Регистрийн дугаар:**********/,

Хариуцагч: **************оршин суух, Б овогт Ц-ын Г /Регистрийн дугаар:********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 7.120.333 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Илүү төлсөн 1.675.667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь У.Э, Ц.Г нарт холбогдуулан гэрээний үүрэгт 7.120.333 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээрээ 20.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Х банкны ********** тоот данснаас зээлдэгч буюу хариуцагчийн Х банкны ************тоот дансанд шилжүүлж зээл олгосон байдаг. Ингээд хариуцагч нь тухайн өдрөө дараа сарын хүү болох 600.000 төгрөгийг миний дансанд буцаан шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш хариуцагчийн ээж Ц.Г нь сар болгон дээрх зээлийн гэрээний хүү болох 600.000 төгрөгийг өөрийнхөө нэр дээрх Х банкны ********** тоот данснаас миний нэр дээрх Х банкны *********** тоот дансанд шилжүүлж байсан. Гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгчийн зүгээс гэрээний хугацааг дахин 2 жилээр сунгах хүсэлт гаргасан бөгөөд гэрээнд тохиролцсоноороо сар болгон хүүг төлж байсан бөгөөд анх гэрээ байгуулснаас хойш 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 24.719.667 төгрөг, Т банкны дансанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд 9.760.000 төгрөг, нийт 34.479.667 төгрөгийг хүү болон үндсэн зээлд төлсөн байна. Хариуцагч нь дээрх гэрээгээр 3 жилийн хүүд 21.600.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Иймд хариуцагч У.Э-аас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 7.120.333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч У.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх 20.000.000 төгрөг буюу 600.000 төгрөгийг нь суутгаад буцааж өгөөд 19.400.000 төгрөг энэ хүнээс авсан. Хүү нь сарын 582.000 төгрөг буюу 12 сараар үржүүлэхэд 6.984.000 төгрөг, нийт 26.384.000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Гэтэл өөрийн депозит дансныхаа хуулгаар шүүж үзэхэд 28.059.167 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлэхээс гадна хүүтэйгээ нийлээд илүү төлчихсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв

 

3.Хариуцагч Ц.Г нь Д.Б-д холбогдуулан илүү төлсөн 1.675.667 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.Б-аас 19.400.000 төгрөг зээлсэн. Үндсэн зээл 19.400.000 төгрөг, хүү 6.984.000 төгрөг, нийт 26.384.000 төгрөг төлөхөөс нийт 28.059.667 төгрөг төлсөн байх тул нийт илүү төлсөн 1.675.667 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ Д.Б-аас 19.400.000 төгрөг зээлсэн, үндсэн мөнгө 19.400.000 төгрөг, хүү 582.000, нийт 26.384.000 төгрөг төлөхөөс нийт 28.059.667 төгрөг төлсөн, илүү төлсөн 1.675.667 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 2.1-т зээлийн хэмжээ нь 20.000.000 төгрөг, тус мөнгийг зээлдэгч У.Э-ын Х банкны ********** тоот дансанд зээлийн гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч /үндсэн нэхэмжлэгч/ Д.Б нь 20.000.000 төгрөгийн зээл олгосон тул 19.400.000 төгрөгийн зээл олгосон гэж үзэх боломжгүй юм. Тус гэрээний 2.2-т хүүгийн хэмжээ нь сарын 3% буюу 600.000 төгрөг гэж тохиролцон тодорхойлсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн гэж үзэж байх тул хүүгийн хэмжээг 582.000 төгрөг гэж тооцож үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд иргэн Ц.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс баримтаар: 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, У.Э, Ц.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Б-ын Х банкны дансны хуулга, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Д.Б-ын Төрийн банкны дансны хуулга, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00633 дугаар шийдвэр зэргийг ирүүлжээ.

/1хх 3-85, 104-119, 225-226/

Хариуцагч У.Э-аас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл ирүүлжээ. /1хх 91, 100-101,

Хариуцагч Ц.Г-аас баримтаар: Хууль зүйн үйлчилгээ үзүүллэх гэрээ хуулбар, У.Э-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, У.Эщ, Ц.Гщ нарын деспозит дансны хуулга баримт, Хщ банкны шилжүүлгийн мэдээлэл /72 ширхэг/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2025/00669 дүгээр магадлал зэргийг ирүүлжээ.

/1хх 206-208, 211, 229-250, 2хх 1-52, 61-62/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/22670 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/АБ2024/05483 тоот хариу, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 264 тоот хариу зэргийг бүрдүүлжээ.

/хх 127-175, 201-203/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч У.Э, Ц.Г нарт холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт 7.120.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Д.Б-д холбогдуулан илүү төлсөн 1.675.667 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

3. Хэргийн 3 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч У.Э нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээнд зааснаар зээлдэгч У.Э нь 20.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Д.Б-аас зээлж авахаар тохиролцож, Д.Б нь гэрээнд заасны дагуу 20.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч У.Э-ын Х банк ХК дахь ************ тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-1 хав, 12 тал/

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Д.Б-ын Х банк ХК дахь ********* тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөгийг хариуцагч У.Э-ын Х банк ХК дахь ********** тоот дансанд шилжүүлсэн боловч буцаагаад У.Э-с 600.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тухайн өдөртөө нэг сарын хүүг урьдчилан төлсөн, зээлдэгч авсан зээлээ хэрхэн зарцуулах нь түүний эрхийн асуудал тул зээлийн гэрээний үндсэн үүрэг 20.000.000 төгрөг болно гэж, харин хариуцагч Ц.Г 20.000.000 төгрөгийн орлого орж ирсэн боловч 600.000 төгрөгийг буцаан өгсөн тул 19.400.000 төгрөгийн үндсэн үүрэг үлдсэн гэж зөрүүтэй тайлбар гаргаж маргасан.

Гэвч нэхэмжлэгчийн дансны хуулгад орлого болж орж ирсэн гүйлгээг үзэхэд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр У.Э-аас 600.000 төгрөгийг буцаан өгсөн байх ба үүнийг нэг сарын хүүг урьдчилж төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, учир нь уг гүйлгээг Э гэсэн утгаар шилжүүлсэн байх ба үүнээс хойших зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ц.Г өөрийн Х банк ХК дахь ************ дугаарын дансаас шилжүүлжээ.

Нөгөө талаар, зээлийн гэрээний үүргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн төлөх тул дээрх У.Э-аас буцаан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлийн төлбөр буюу зээлийн хүүнд тооцох үндэслэлгүй байна.

Ингээд 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Ц.Г-аас 25.000 төгрөгийг орлого гэх утгаар, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөгийг Г 6 сар гэх утгаар, 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөгийг Г 7 сар гэх мэтчилэн үргэлжлүүлсэн зээлийн гэрээний үүргийг биелүүлж байсан нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагчид шилжүүлсэн зээлийн хэмжээ 19.400.000 төгрөг бөгөөд үүнээс гэрээнд заасан ёсоор нэг сарын хүү 3 хувиар тооцоход 582.000 төгрөгийн хүү сар бүр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэв.

Түүнчлэн талууд гэрээний хугацааг 12 сар байхаар тогтоосон байх ба 19.400.000 төгрөгийн үндсэн үүрэг бөгөөд хүү 582.000 төгрөг х 12 сар=6.984.000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй буюу нийт 26.384.000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж ирүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /зарлага, орлого/ гэх баримтаар нийт 34.479.667 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан талаар дурдсан /хх-1, 83 тал/, харин хариуцагч Ц.Г-аас ирүүлсэн Депозит дансны хуулга-иргэн гэх баримтаар нийт 28.059.667 төгрөг төлсөн хэмээн тооцоог ирүүлсэн ба нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Ц.Г нарын ирүүлсэн Хаан банк болон Т банк дахь дансны хуулгаар дээрх зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ц.Г бүрэн биелүүлсэн нь тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Ц.Г нар 2021 оноос 2024 оны хооронд хамтын амьдралтай байсан байх бөгөөд бие биеэндээ их үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг хоорондоо шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба зарим орлогыг зээлийн төлбөрт тооцоогүйг нэхэмжлэгч өөрөө тайлбарлсан тул шүүх тэдний өөрсдийнх нь тооцоолсон мөнгөн дүнгийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн дээрх зээлийн гэрээнээс гадна 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийн, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх бөгөөд тухайн зээлийн гэрээний талаар шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00633 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2025/00669 дүгээр магадлал тус тус хэрэгт авагдсан байна.

Тэгэхээр хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгчид 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Б-ын зээлийн гэрээний үүрэгт шаардсан 7.120.333 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Хариуцагч У.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хэдийгээр хариуцагч У.Э зээлийн гэрээг бичгээр байгуулсан өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Х банк ХК дахь ********** тоот дансаар 19.400.000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч тэрээр зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байна.

Мөн түүний авсан гэх зээлийн төлбөрийг хариуцагч Ц.Г бүрэн биелүүлсэн байх тул хариуцагч У.Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгоно.

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Д.Б-д холбогдуулан илүү төлөгдсөн 1.675.667 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийг нотлох зорилгоор дээр дурдсан Депозит дансны хуулга-иргэн гэх тооцооны баримт болон дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудыг ирүүлсэн.

Тухайн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 27.459.667 төгрөг төлсөн нь тогтоогдсон ба уг үнийн дүнд У.Э-аас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 600.000 төгрөгийг оруулан тооцож, нийт 28.059.667 төгрөгийг төлсөн хэмээн тооцож, уг баримтуудыг ирүүлсэн байна.

Ингээд хариуцагч нь нэхэмжлэгчид 1.675.667 төгрөгийг илүү төлсөн хэмээн уг төлбөрийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа ч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт илүү төлөлт хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр уг илүү төлөгдсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 1.675.667 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Нэхэмжлэгч салсан эхнэрээ үеэл гэж танилцуулж, улмаар түүнээс мөнгө авч, хариуцагчид зээлдүүлэн ашиг олсон нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй гэх тайлбар гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанд хамааруулах үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Ц.Г нар хамтын амьдралтай байсан хэдий боловч тэднийг хоорондоо зээлийн харилцаанд орж болохгүй гэж үзэх боломжгүй. Тэд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын хувиар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд тэдний байгуулсан Зээлийн гэрээ-ний агуулга, гаргасан тайлбараас үзэхэд бие биенийхээ зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч У.Э, Ц.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.120.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ын үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Б-аас илүү төлсөн 1.675.667 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.900 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ