Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 75

 

 

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулж Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б.Шт холбогдох эрүүгийн 1830000590048  дугаартай  хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар  сарын 23-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, Мөнххаан сумын 4 дүгээр баг, Рашаантын  2-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /рд:ЛД82022311/ Хөхийт  овогт Б.Ш

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтээр /:

 

            Яллагдагч Б.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Б.Мөнгөнчимэгийг  “хөдөө малын эрэлд явах гэсэн чинь бензины мөнгөгүй болчихлоо, мөнгө байвал өгөөч” гэж  урьдын найз Алтангэрэлийнх нь  нэр дээр ашиглагдаж байсан 98110855 дугаарын утсаар ярьж түүнийг Алтангэрэлтэй ярьж байна гэж төөрөгдүүлэн хуурч 500.000 төгрөг залилан авч 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би эхлээд утсаар ярихгүй тасдаад байсан. Би адууны эрэлд явж байхдаа мөнгөний хэрэг гараад мөнгө авсан гэв.

 

- Шүүгдэгч Б.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Мөнххаан сумын 4 дүгээр багийн “Баруун булаг" гэх газар өвөлждөг юмаа. Би 2018 оны 01  дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчим Мөнххаан сумын төвд явж байхад миний 98110855 дугаартай гар утас руу 91112584 дугаар залгаад “Алтангэрэл мөн үү, би Чимгээ байна” гэхээр нь би “мөн байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр жоохон юм ярьж байгаад би гар утсаа тасалсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чимгээ 91112584 дугаараасаа над руу залгаад “сайн байна уу?, юу хийж байна” гэхээр нь би “тайван байна найз нь хөдөө малын эрэлд явах гэсэн чинь бензины мөнгөгүй болчихлоо, мөнгө байвал өгөөч” гэж хэлсэн, тэгсэн Чимгээ гэх хүн “хэд хэрэгтэй юм бэ?” гэхээр би “500.000 төгрөг хэрэгтэй байна, би 2-3 хоногоос өгнө” гэсэн тэгээд Чимгээ гэх хүн “дансаа хэл” гэхээр нь би 5634071996 дугаартай дансаа өгсөн.Тэгээд 16 цаг 30 минутын үед миний 5634071996 тоот дансанд 500.000 төгрөг орсон.Тэгээд би сумын төвд байх “Ашид” хүнсний дэлгүүрийн пост машинд өөрийн виза картаа уншуулж 200.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд би үлдсэн мөнгийг нь Улаанбаатар хотод очиж үрж дуусгасан. Надад мөнгөний хэрэг гараад  би хүний нэр барьж худал хэлсэн юмаа. Би 2017 оны хавар Хэнтий аймгийн төвд жи мобайлын салбар хямдрал зарласан байсан болохоор 98110855 дугаарыг 50,000 төгрөгөөр худалдаж авсан”гэх мэдүүлэг.

 

- Хохирогч Б.Мөнгөнчимгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Улаанбаатар хотод оршин суудаг юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 17-18-ны хооронд би 98110855  дугаартай найз Алтангэрэл гэх хүн рүү залгаад Хэнтий аймгийн Биндэр сум руу явахад зам цастай байна уу? гэж асуухаар залгасан юм. Тэгээд би “чи Аптангэрэл мөн үү” гэж асуухад “биш байна” гэхээр би дахин лавлан асуухад “тийм хүн танихгүй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 30 минутын дараа буцаж залгаад “сая ярих боломжгүй байлаа, яасан бэ?” гэж надаас асуухаар би “Биндэр суманд очих гэж байна, зам хэр байгаа бол” гэж асуухад “би сайн мэдэхгүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ярихгүй байж байгаад  2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээр байхад 98110855 дугаараас залгаж “надад мөнгөний хэрэг байна” гэж надаас асуухаар би “ямар хэрэг болсон юм” гэж асуухад “би хөдөө малын эрэлд явж байсан чинь машин эвдэрчихлээ” гэж хэлэхээр нь би “хэд хэрэгтэй” гэж асуухад надаас эргүүлээд “чамд хэд байгаа юм” гэхээр би “1.200.000 төгрөг байна” гэхэд “чи надад 500.000 төгрөгийг нь  өгчих” гэхээр би “наад мөнгийг чинь би 02 дугаар сарын 10-ны өдөр зээлээ төлнө шүү” гэхэд “би удахгүй гэртээ очоод явуулнаа” гэхээр би дансаа өгчих гэхэд надад 5634071996 дансны дугаарыг өгөхөд би бичиж аваад ажлынхаа Анхбаатар гэх хүнийг ажлын ойролцоо байх Хаан банкны АТМ рүү явуулаад Алтангэрэл гэх хүний данс байгаа энэ данс руу 500.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд манай ажилтан Анхбаатар АТМ дээр очоод над руу залгаад Алтангэрэл гэх хүний нэр биш байна гэхээр нь би буцаж 98110855 дугаар руу залгаад “энэ чинь чиний дансны дугаар биш юмуу?, нэр чинь биш байна” гэхэд  “тиймээ тийм надтай хамт яваа хүний данс байгаа юм. Би бичиг баримтаа хаячихсан” гэж хэлэхээр би 5622186844 тоот данснаас 5634071996 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2018 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 98110855 дугаар руу залгаад “юу болсон бэ? би зээлээ төлөх гээд мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлэхэд  “чи өөрөө наагуураа зохицуулж байгаач дээ, би 1 дэх өдөр гэхэд гэртээ очих байх, тэгээд явуулья” гэхээр би “за, за” гэж хэлээд гар утсаа салгасан.Би дахиад 2-3 хоногийн дараа дахин запгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би Биндэр суманд байх найз Амгалан гэх хүн рүү залгаад “суманд Аптангэрэл байна уу” гэж асуухад байгаа гэж хэлэхээр би Алтангэрэлийн 99066899 дугаар руу залгаад  “чи яагаад 98110855 дугаараа авахгуй байгаа юм бэ?” гэхэд Алтангэрэл “би 98110855 дугаараа жилийн өмнөөс барихгүй байгаа” гэхээр би “өө тиймүү, чиний 98110855 дугаарыг чинь өөр хүн барьж байгаа юмуу? Би тэр хүнд чамайг гэж андуураад 500.000 төгрөг зээлчихсэн” гэхэд Алтангэрэл “чи тэгээд миний 99066899 дугаар руу залгаж лавлаж асуухгүй яасан юм бэ?” гэж хэлсэн.Тэгээд би 98110855 дугаар руу залгаад авахгүй байхаар нь “Би чамайг найзтайгаа андуураад чам руу мөнгө явуулсан байна.Чи одоо мөнгө өгөхгүй бол би чамайг цагдаад өглөө шүү” гэж зурвас явуулахад 30-40 минутын дараа над руу 98110855 дугаараас залгахаар нь би аваад “чи яасан муухай хүн юм бэ?” гэхэд “чи найзынхаа дууг танихгүй байсан юм уу? Би тийм итгэлтэй яриад байсан уу?” гэхээр би “чи маргааш өглөө 10 цаг гэхэд  мөнгийг маань шилжүүл” гэхэд “ би чиний мөнгийг өгнө гэхдээ удаж байгаад өгнө гэж бодож байгаа. Харин би чамайг харж үзсэн шүү, бүх мөнгийг авах гэж байгаад больсон шүү” гэж хэлээд гар утсаа тасалсан. Би маргааш өглөө нь залгахад гар утсаа авахгүй миний дугаарыг блок хийсэн байсан. Тэгээд би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Мөнххаан сумын цагдаад 91112584 дугаараас залгаж гомдол гаргасан. Би 98110855 дугаартай Б.Ш гэх хүнийг танихгүй. Б.Ш нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг.

 

- Гэрч Г.Гэндэнсэнгэ мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би тухайн өдөр өөрийн дэлгүүртээ сууж байхад орой 19 цаг 35 минутанд Б.Ш гэх залуу орж ирээд хөдөө малын эрэлд явах гээд байна ахынхаа виза картыг пост машиндаа уншуулаад 200.000 төгрөг гаргаад өгөөч гэхээр би виза картыг нь аваад өөрийн бэлэн мөнгөний пост машин уншуулж тухайн өдрийн дэлгүүрийн орлогоноос бэлнээр 200.000 төгрөг тоолж өгсөн. Өөр ямар нэг үйлчилгээ хийгээгүй тэгээд Б.Ш гэх хүн гараад явсан” гэх мэдүүлэг. 

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2017.02.23-ны өдрийн 183000059 дугаартай тогтоол / хх-1/

 

-  Б.Шын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/ 

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн засаг даргын 2018.02.23-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолт / хх-25 /

 

-  Хаан банкны диспозит дасны дэлгэрэнгүй хуулга / хх-28-29/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Б.Шт Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Б.Ш гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан  хохиролоо нөхөн төлсөн тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ш нь Б.Мөнгөнчимэгийг  хөдөө малын эрэлд явах гэсэн чинь бензины мөнгөгүй болчихлоо, мөнгө байвал өгөөч гэж  урьдын найз Алтангэрэлийнх нь нэр дээр ашиглагдаж байсан 98110855 дугаарын утсаар ярьж түүнийг Алтангэрэлтэй ярьж байна гэж төөрөгдүүлэн хуурч 500.000 төгрөг залилан авч 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Шын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Б.Мөнхчимэг, гэрч Г.Гэндэнсэнгэ нарын мэдүүлэг, Б.Шт мөнгө шилжүүлсэн Хаан банкны дасны дэлгэрэнгүй хуулга зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Шын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

Хэрэг гарсан байдлыг тодруулбал: шүүгдэгч нь Б.Ш урьдын найз Алтангэрэлийнх нь  нэр дээр ашиглагдаж байсан 98110855 дугаарын утсаар ярьж түүнийг Алтангэрэлтэй ярьж байна гэж төөрөгдүүлэн хуурч 500.000 төгрөг залилсан нь Б.Шын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдох бөгөөд энэ нь Б.Шын “...Чимгээ 91112584 дугаараасаа над руу залгаад “сайн байна уу?, юу хийж байна” гэхээр нь би “тайван байна найз нь хөдөө малын эрэлд явах гэсэн чинь бензиний мөнгөгүй болчихлоо, мөнгө байвал өгөөч” гэж хэлсэн, тэгсэн Чимгээ гэх хүн “хэд хэрэгтэй юм бэ?” гэхээр би “500.000 төгрөг хэрэгтэй байна, би 2-3 хоногоос өгнө” гэсэн тэгээд Чимгээ гэх хүн “дансаа хэл” гэхээр нь би 5634071996 дугаартай дансаа өгсөн.Тэгээд 16 цаг 30 минутын үед миний 5634071996 тоот дансанд 500.000 төгрөг орсон…” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Мөнгөнчимэгийн “... 98110855 дугаар руу залгаад “энэ чинь чиний дансны дугаар биш юмуу?, нэр чинь биш байна” гэхэд  “тиймээ тийм надтай хамт яваа хүний данс байгаа юм. Би бичиг баримтаа хаячихсан” гэж хэлэхээр би 5622186844 тоот данснаас 5634071996 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гэндэнсэнгийн “... Шинэбаяр гэх залуу орж ирээд хөдөө малын эрэлд явах гээд байна ахынхаа виза картыг пост машиндаа уншуулаад 200.000 төгрөг гаргаад өгөөч гэхээр би виза картыг нь аваад өөрийн бэлэн мөнгөний пост машин уншуулж тухайн өдрийн дэлгүүрийн орлогоноос бэлнээр 200.000 төгрөг тоолж өгсөн...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

 

Шүүгдэгч Б.Ш нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал: шүүгдэгч Б.Ш нь хохирогч Б.Мөнгөнчимэгийг урьдын найз Алтангэрэлийнх нь  нэр дээр ашиглагдаж байсан 98110855 дугаарын утсаар ярьж түүнийг Алтангэрэлтэй ярьж байна гэж төөрөгдүүлэн хуурч 500.000 төгрөг залилан гаргуулан авч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, зориуд үйлдэж хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.

 

Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

 

 

Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Шын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Шт ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Шт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол болох 500.000 төгрөгийн нөхөн төлсөн зэргийг  харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Мөнгөнчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Хөхийт  овогт Б.Ш бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч Б.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  хохирогч Б.Мөнгөнчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

 5. Ялтан Б.Шт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай. 

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР