| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0677/З |
| Дугаар | 128/ШШ2025/0739 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2025/0739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Э*****/РД:********/,
Хариуцагч: Боловсролын зээлийн сан,
Хариуцагч: Боловсролын сайдад тус тус холбогдох Боловсролын зээлийн сангаас зээл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль журмын дагуу нэхэмжлэгчид боловсролын зээлийн сангаас зээл олгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдүүрэн, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*****, хариуцагч Боловсролын зээлийн сангийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн дарга О.С*****, Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*****, хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Ц.Э*****нь өөрийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*****-аар дамжуулан анх Боловсролын зээлийн санд холбогдуулан “…Боловсролын зээлийн сангийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль журмын дагуу Ц.Э*****-т Боловсролын зээлийн зээл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*****-аас Боловсролын сайдад холбогдуулан “…журмын дагуу Ц.Э*****-т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
1.3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулахад, “Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх” журмын дагуу Ц.Э*****-т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах” гэсэн болно.
1.4. Дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Ц.Э*****нь дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр нөхцөлгүй урилга 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан.[1]
2.2. Улмаар нэхэмжлэгч Ц.Э*****нь тус сургуульд Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцахаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад [email protected] цахим хаягаар бүртгүүлж, тус сонгон шалгаруулалтад оролцсон.
2.3. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий” ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр зохион байгуулсан.
2.4. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С*****-гийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын тайлан болон тус сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдийн нэрсийг хавсралтаар Боловсролын сайдад хүргүүлсэн.
2.5. Тус албан бичгийн хавсралтаар “Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын жагсаалт”-ын 156-д нэхэмжлэгч Ц.Э*****-ыг “журмын шаардлага хангаагүй” гэх шалтгаанаар Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан.[2]
2.6. Тодруулбал, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.5-д “Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;, 3 дугаар зүйлийн 3.2.9-д “Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх” гэж заасныг тус тус хангаагүй гэж ажлын хэсгээс дүгнэсэн.
2.7. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/356 дугаартай тушаалаар “Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай” тушаалаар гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс зээлээр суралцах суралцагчдын нэрсийг хавсралтаар баталж, хавсралтын жагсаалтад нэхэмжлэгч Ц.Э***** багтаагүй байна.[3]
2.8. Улмаар нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*****-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “…нөхцөлгүй урилга хүлээн авсан, журмын шаардлага хангасан, боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан” гэх агуулгаар 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргад, 07 дугаар сарын 07-ны өдөр, 08-ны өдөр, 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус Боловсролын сайдад гомдол гаргасан.[4]
2.9. Дээрх гомдлын дагуу Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргаас 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8/3216 дугаартай, 07 дугаар сарын 31-ний өдрийн 8/3391 дугаартай албан бичгээр тус тус “…иргэн П.Ц*****-аас Боловсролын сайдын нэр дээр ирүүлсэн гомдлыг ... журмын хүрээнд судлан, холбогдох хариу дүгнэлтийг бидэнд ирүүлэхийг хүсье” гэж Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд хүргүүлсэн. [5]
2.10. Улмаар Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс 2025 оны 08 дугаарын 01-ний өдөр “…Орон тооны бус зөвлөлөөс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийх зохицуулалт байхгүй” гэх хариуг нэхэмжлэгчид цахим мэйл хаягаар өгсөн.[6]
2.11. Улмаар Боловсролын сайдаас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12/3897 дугаартай албан бичгээр Орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, шийдвэртэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг дахин нягтлан үзэж, холбогдох мэдээллийг танилцуулах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн.
2.12. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/883 дугаартай албан бичгээр “…орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, шийдвэртэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг дахин нягтлан үзэж, холбогдох тайлан, танилцуулгыг бэлтгэн” хавсралтаар хүргүүлж, ажлын хэсгийн дүгнэлт, орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээх санал дүгнэлт гаргасан.[7]
2.13. Тус албан бичгийн 2 дугаар хавсралтаас үзэхэд, журмын заалт хэсэгт “…нөхцөлгүй урилга гэж үзэх боломжгүй” Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга, Ажлын хэсгийн ахлагчийн тайлбар хэсэгт “Иргэн Ц.Э*****нь 2025.06.20-д авсан захианд:
1.Урилга, захиа гэсэн цонхонд "суралцах эрхийг санал болгосон захиаг (delighted to offer) оруулсан;
2.Суралцах эрхийг санал болгосон захианд (delighted to offer)
3. системд "нэхэмжлэл" гэсэн цонхоор ирүүлсэн материалд:
Шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, өөр материал өгсөн” гэжээ.
2.14. Нэхэмжлэгчийн зүгээс “...Журмын 3.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж, бид тус журамд бүрэн нийцүүлэн цахимаар энэхүү сонгон шалгаруулалтад оролцсон. Ажлын хэсгээс журмын 2.2.5, 3.2.9-д заасныг хангаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Австралийн Queensland сургуулиас ирүүлсэн урилга нь нөхцөлгүй, үндсэн ангийн оюутны урилга байхад Боловсролын зээлийн сангаас зээл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсанд гомдолтой байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.15. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн зүгээс “...Ц.Э*****ын ирүүлсэн урилгад тодорхой хугацааны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор баталгаажуулж ирүүлэх хугацаатай байсан. Мөн урилга дээр 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хичээл эхлэх нөхцөлтэй. Мөн элсэхийг санал болгосон захиагаа баталгаажуулахаар урилгын нөхцөлийг тодорхойлоод заагаад өгсөн буюу Ц.Э*****-т ирүүлсэн захианы 3 дугаар хуудсанд оруулсан байна. Сонгон шалгаруулалтад эдгээр нөхцөлгүй, элсэлт нь баталгаажсан тохиолдолд тухайн сургуульд суралцах нь тодорхой болсон байх ёстой. Бүрдүүлэх материал дээр суралцагчаас сургалтын төлбөрийн нэхэмжлэлийн хуулбар ирүүлэх ёстой байтал Ц.Э*****ын нэр дээр нэхэмжлэл ирүүлээгүй байна. Дээрх үндэслэлээр ажлын хэсгээс татгалзсан болно” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.16. Хариуцагч Боловсролын сайдын зүгээс “... . Сонгон шалгаруулалттай холбоотой журамд сайдын оролцоог тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгсөн. Ажлын хэсэг болон орон тооны бус зөвлөл ямар нэгэн дүгнэлт, санал гаргаагүй тохиолдолд сайд дур мэдээд ажлын хэсгийн дүгнэлтийг өөрчлөх эсвэл ажлын хэсгийн дүгнэлтэд өөрчлөлт оруулахыг зээлийн санд даалгах эрх зүйн үндэс байхгүй. Боловсролын сайд нь Орон тооны бус зөвлөл болон Ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэхгүйгээр шийдвэр гаргах эрхгүй юм ...” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн дэлхийн топ 100 сургуульд багтан эрэмбэлэгддэг дээд боловсролын байгууллагад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсэг болон Боловсролын сайдын гаргасан шийдвэрүүдийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журмын 2.2-т “гадаадын сургалтын байгууллагын суралцагчдад дараах нийтлэг шаардлагуудыг хангасан байна”, 3.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж, бид тус журамд бүрэн нийцүүлэн цахимаар энэхүү сонгон шалгаруулалтад оролцсон. Сонгон шалгаруулалтад цахимаар материалаа илгээсэн. Дэлхийн топ сургуульд тэнцэхэд тухайн хүүхдээс маш их хичээл зүтгэл гардаг. Үүнийг хүн болгон ойлгож байгаа байх. Өнөөдөр бид их дээд сургуульд элсэхийн тулд элсэлтийн ерөнхий шалгалтад яаж бэлддэгийг хүн болгон мэднэ . Энэ нь нэг энгийн сургууль биш, топ сургуульд бэлдэхэд их өндөр шалгуурууд байдаг. Олон шалгуур шаардлагад нийцсэн байх ёстой. Энэ болгонд нь нийцүүлэх гэж миний хүүхэд маш их хөдөлмөрлөсөн. Энэ хөдөлмөр зүтгэлийг нь зөвхөн эрх мэдэлтэй, ашиг сонирхолтой хүмүүсийн золиос болгохыг хүсээгүй. Миний харж байгаагаар дээрх сонгон шалгаруулалтын хариуг авахад журмын 2.2.5, 3.2.9-д заасныг хангаагүй гэж ажлын хэсэг дүгнэсэн. Жил жилийн боловсролын зээлийн сантай холбоотой маргааныг бид нар хэвлэл мэдээлэл, зурагт, радио, бүх хэрэгслээр харж байна. Жил болгон маргаан дагуулж байдаг. Тэгэхдээ энэ маргаанд оролцож байгаа талууд нь дандаа эрх мэдэлтэй, дээд албан тушаалтай хүмүүс байдаг. Үнэхээр ардын хүүхэд орж болдоггүй юм уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.
Тэр журмын шаардлагыг миний хүүхэд бүрэн хангаж орсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд сургуулиас ирсэн албан ёсны баримт, 18, 23 дугаар хуудсанд албан ёсны орчуулгатай баримт авагдсан. Австралийн Queensland сургууль дэлхийн топ сургуулийн 77-д эрэмбэлэгддэг. Миний хүүд 5 хуудас бүхий урилга илгээсэн. Энэхүү урилгыг хараад энэ бол нөхцөлгүй урилга байна. Энэ бол үндсэн ангийн оюутны урилга мөн байна гэдгийг таньж мэдэх чадвартай хүмүүс ажлын хэсэгт ороогүй байна гэж үзэж байна. Ажлын хэсгийг томилсон тушаал 2 удаа гарсан. 4 сард гаргасан тушаалдаа 06 дугаар сарын 21-ний өдөр дахин хүчингүй болгосон. Сүүлийн ажлын хэсэгт хувийн компанийн захирал хүртэл орсон байсан. Ийм байдалтайгаар ажлын хэсэгт алдаа байсан гэж үзэж байна. Журмын 3.13-т Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор хяналтын тоонд багтаан нэрсийг баталгаажуулах бөгөөд шийдвэрийг суралцагчдад цахим шуудан эсхүл утсаар мэдэгдэж цахим хуудсаар олон нийтэд ил тод мэдээлнэ гэж заасан байдаг. Хавтаст хэргийн 63-66 дугаар хуудсанд 06 дугаар сарын 27-ны өдрийн А/356 тоот сайдын тушаал авагдсан. Үүнд 06 дугаар сарын 27-ны өдөр тэнцсэн гэх 70 хүүхдийг албажуулсан. Гэтэл нийтэд мэдээлэхдээ ил тод нээлттэй мэдээллээ 07 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын зээлийн сангийн цахим хуудсаар мэдээлсэн. Энэ мэдээлэл нь 07 дугаар сарын 07-ны өдрийн үдээс хойш тавигдсан. Өөрсдөө журмаа зөрчсөн гэж үзэж байна. Би 07 дугаар сарын 02-ны өдөр хүүгийнхээ нэвтрэх эрхээр ороход журмын шаардлага хангаагүй гэсэн ганцхан л үгтэй байсан. Энэ журмын шаардлага хангаагүй гэдгийг нь тодруулахын тулд хамгийн анхны өргөдлөө би Боловсролын зээлийн сан, орон тооны бус зөвлөлд 07 дугаар сарын 02-ны өдөр бичгээр өгсөн. Журам дээр заасан 5 өдөр, нэмэх нь 3 хоногт нийт ажлын 8 өдрийн дотор бид нарт хариу мэдэгдэх байтал 07 дугаар сарын 29-ний өдөр цахим шуудангаар мэдэгдсэн. Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан сайдуудад үнэхээр харамсаж, гомдож байна. Орон тооны бус зөвлөл хүмүүсийн гаргасан гомдол шийдвэрийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Орон тооны бус зөвлөлийн гишүүд хариу тайлбар өгөхдөө чадамжгүй байна. Ийм хүмүүсийг бүрэлдэхүүнд оруулсанд үнэхээр их харамсаж байна. Ийм бүрэлдэхүүн томилогдсонд нь их харамсаж байна.
Бид үндсэн ангийн нөхцөлгүй урилгыг авах гэж их чармайлт гаргасан. Би ажлын хэсэгт оролцохдоо бүрэлдэхүүнд байгаа хүмүүсээс илүү мэдээлэлтэй болсон. Би энэ талаар 3 жил судлахдаа өөртөө маш их мэдлэг, мэдээлэл олж авсан. Эхний хуудсан дээр нөхцөлгүй урилга байна гэдгийг би мэдэж байна. Өнөөдөр боловсролын төв байгууллагад нь ажиллаж байгаа хүмүүс зээл олгодог маш олон жилийн туршлагатай, хариуцлагатай хүмүүс байх ёстой. Энэ дээр хувийн ашиг сонирхол байна уу? Яагаад ийм ойлгомжтой юман дээр алдаа гаргасан бэ гэдэг үндэслэлээр шаардлага тавьсан. Иймд шударга бус гаргасан шийдвэрээ хүчингүй болгож өгнө үү. Хүний хүүхдэд хүссэн зээлийг нь олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.” гэжээ.
3.2. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн дарга О.С***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Татгалзсан шийдвэр хэвээр, шүүх дээр маргаж байна. Авлигатай тэмцэх газарт сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан байх тул сонгон шалгаруулалтын материал хураагдсан буюу шалгагдаж байна. Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг жилийн 2 дугаар улиралд зохион байгуулдаг. Журмын шинэчлэл хүчин төгөлдөр байна. Энэ журмын шинэчлэлтийн дагуу шаардлага хангасан материалыг бүрдүүлж шалгаруулалтад оролцох үүрэгтэй гэж зохицуулагдсан. Журам болон сонгон шалгаруулалтын удирдамжийг батлуулаад сонгон шалгаруулалтын процессын явцад Боловсролын зээлийн сангийн сайтад байршуулсан. Иргэн Ц.Э*****ын ирүүлсэн урилга буюу захиаг сонгон шалгаруулалтын материалд оруулсан. Учир нь захиаг тухайн сургуулиас эхний шалгуур хангаж байгаа тохиолдолд санал болгосон захиаг хүргүүлдэг. Энэ захиаг тодорхой хугацааны дараа иргэн Ц.Э***** 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор баталгаажуулж ирүүлэх хугацаатай байсан. Ц.Э***** ын урилга дээр 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хичээл эхлэх нөхцөлтэй. Мөн элсэхийг санал болгосон захиагаа баталгаажуулахаар урилгын нөхцөлийг тодорхойлоод заагаад өгсөн буюу Ц.Э*****-т ирүүлсэн захианы 3 дугаар хуудсанд оруулсан байна. Тухайн сонгон шалгаруулалтад эдгээр нөхцөлгүй, элсэлт нь баталгаажсан тохиолдолд тухайн сургуульд суралцах нь тодорхой болсон байх ёстой. Ийм материалуудыг шаардсан. Бүрдүүлэх материал дээр суралцагчаас сургалтын төлбөрийн нэхэмжлэлийн хуулбар байдаг. Аппликэйшн дээр бүрдүүлэх материалын лист байдаг. Нэхэмжлэлийг ирүүлээгүй. Сургуулийн сайтаас Ц.Э*****ын тухай татсан материалыг ирүүлсэн байсан. The University of Queensland их сургуульд суралцахад ямар хөтөлбөр шаардлагатай вэ гэсэн тооцоолол бүхий сургуулийн сайтаас татсан материал байна. Ц.Э*****ын нэр дээр нэхэмжлэл ирүүлээгүй. Ийм үндэслэлээр ажлын хэсгээс татгалзсан болно.” гэжээ.
3.3. Хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч жилээс жилд ихэнхдээ өндөр албан тушаалтай хүмүүс нөлөөлдөг тул маш их хардлага авдаг гэж хэлж байна. Засгийн газрын 215 дугаар тогтоолын концепц дээр байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой журамд сайдын оролцоог тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгсөн. Энэ журмын 3.13-3.16-д заасан байдаг. Ажлын хэсэг болон орон тооны бус зөвлөл ямар нэгэн дүгнэлт, санал гаргаагүй тохиолдолд сайд дур мэдээд ажлын хэсгийн дүгнэлтийг өөрчлөх эсвэл ажлын хэсгийн дүгнэлтэд өөрчлөлт оруулахыг Зээлийн санд даалгах эрх зүйн үндэс байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Э*****ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Ц.Э***** нь дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр сургуулийн урилгыг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авчээ.
2. Улмаар нэхэмжлэгч Ц.Э***** нь тус сургуульд Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцахаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад [email protected] цахим хаягаар бүртгүүлж, тус сонгон шалгаруулалтад оролцсон байна.
3. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий” ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр зохион байгуулсан.
4. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С*****-гийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын тайлан болон тус сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдийн нэрсийг хавсралтаар Боловсролын сайдад хүргүүлжээ.
5. Тус албан бичгийн хавсралтаар “Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын жагсаалт”-ын 156-д нэхэмжлэгч Ц.Э*****-ыг “журмын шаардлага хангаагүй” гэх шалтгаанаар Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан.[8]
6. Тодруулбал, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.5-д “Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;, 3 дугаар зүйлийн 3.2.9-д “Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх” гэж заасныг тус тус хангаагүй гэж ажлын хэсгээс дүгнэсэн.
7. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/356 дугаартай тушаалаар “Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай” тушаалаар гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс зээлээр суралцах суралцагчдын нэрсийг хавсралтаар баталж, хавсралтын жагсаалтад нэхэмжлэгч Ц.Э*****багтаагүй байна.
8. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 24.1.1 дэх заалтад “энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох;” гэж, 24.1.11 дэх заалтад “энэ хуулийн 38.8-д заасан дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох журам батлах;” гэж тус тус заасан.
9. Дээрх хуулийн хэм хэмжээний дагуу энэхүү маргаан бүхий харилцаанд хамаарах эрх зүйн гол эх сурвалж болсон Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-ыг[9] шинэчлэн баталсан байна.
10. Тус журмын 2.2-т “Гадаадын сургалтын байгууллагын суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:” гээд, 2.2.5-д “элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;” гэж, 3.2-т “Гадаадын сургалтын байгууллагад тэтгэлэг болон зээлээр суралцах хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлж, цаасаар, эсхүл цахим хэлбэрээр санд хүргүүлнэ:” гээд, 3.2.9-д “гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх.” гэж тус тус журамлажээ.
11. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулахад, талуудын хооронд энэхүү журмын дагуу нэхэмжлэгч Ц.Э*****нь цахимаар холбогдох хүсэлтээ, баримтуудын хамт гарган өгөх зэрэг шийдвэр гаргах ажиллагааны процедурын хувьд маргаангүй, харин нэхэмжлэгч Ц.Э*****-т Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэлтэй маргасныг тухайлан тэмдэглэх нь зүйтэй.
12. Тодруулбал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Боловсролын зээлийн сангийн зүгээс “Ц.Э*****ын дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан саналыг журмын 2.2.5-д заасан урилга биш, мөн тухайн саналд тодорхой хугацааны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор баталгаажуулж ирүүлэх хугацаатай байсан. Мөн урилга дээр 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хичээл эхлэх нөхцөлтэй байгаа нь журмын 3.2.9-д заасан нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрх авсан байх гэх шаардлагыг хангаагүй” гэх агуулгаар маргасан бол нэхэмжлэгч эдгээр үндэслэлүүдийг үгүйсгэж маргасан.
13. Тийм учраас шүүх маргаан бүхий энэ тохиолдолд талуудын хооронд маргасан дээрх асуудалд дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:
14. Нэхэмжлэгч Ц.Э*****ын дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан их сургуулийн Элсэлтийн санал /Offer/-ыг үзвэл[10], Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн “Бүс нутаг болон хот төлөвлөлтийн” мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр суралцах эрхийг олгосон, хичээл эхлэх огноо: 2026.02.23, төгсөх огноо: 2029.11.17, 8 улирлын турш бүтэн цагаар суралцаж 64 кредит цагийн шаардлага хангах зэрэг сургууль болон суралцагчийн хооронд байгуулах гэрээнд тохиролцох ёстой гэрээний гол нөхцөлүүдийг хоёрдмол утгагүй тусгасан байх тул энэхүү “Элсэлтийн саналыг” тухайн их сургуулиас суралцагчид олгож буй урилга гэж үзнэ.
15. Дэлхий нийтийн дээд боловсрол олгох сургалтын байгууллагуудад тогтсон нийтлэг жишиг ойлголтын дагуу “Их сургуулийн санал (Offer)” гэдэг нь их сургуулиас суралцагчид суудал олгох шийдвэр гэж үздэг[11] бөгөөд санал хүлээн авсны дараа суралцагчид ихэвчлэн их сургуулийн портал эсвэл өргөдлийн системээр (UCAS гэх мэт) дамжуулан хүлээн авч, үлдсэн нөхцөлүүдийг хангаж, дараа нь элсэлтийн зааврыг дагаж мөрдөж, шаардлагатай бол виз мэдүүлэх шаардлагыг нөхцөлдүүлдэг байна.
16. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Боловсролын зээлийн сангийн төлөөлөгчийн хэлсэн “Ц.Э*****ын дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан саналыг журмын 2.2.5-д заасан урилга биш” гэх тайлбар үндэслэлгүй.
17. Мөн нэхэмжлэгч Ц.Э*****ын хүлээн авсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Элсэлтийн саналд:
“1.Урилга, захиа гэсэн цонхонд "суралцах эрхийг санал болгосон захиаг (delighted to offer) оруулсан;
2.Суралцах эрхийг санал болгосон захианд (delighted to offer)
3. системд "нэхэмжлэл" гэсэн цонхоор ирүүлсэн материалд:
гэсэн мэдээллүүд тэмдэглэгджээ.
18. Дэлхий нийтийн дээд боловсрол олгох сургалтын байгууллагуудад тогтсон нийтлэг жишиг ойлголтын дагуу дээр дурдсан Их сургуулийн саналыг дотор нь нөхцөлт эсвэл нөхцөлгүй гэсэн хоёр төрөлд ангилдаг байна.[12]
19. “Conditional Offer” буюу нөхцөлт санал гэдэг нь суралцагчид тодорхой эрдмийн болон бусад шалгуурыг хангасан байх, тухайлбал дүн гэх мэт шалгуурыг хангасан байх нэмэлт нөхцөлийг тавьдаг бол “Unconditional Offer” буюу нөхцөлгүй санал гэдэг нь өмнө дурдсан байдлаар сургалтыг эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай салшгүй хэсэг болсон нэмэлт нөхцөлийг шаардаагүй, суралцагчийн суудлыг баталгаажуулсан, саналыг хүлээн зөвшөөрөх хугацааг зааж өгсөн санал гэж ойлгоно.
20. Дээр дурдсан ойлголт, үндэслэлүүдээс дүгнэвэл, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Э*****ын хүлээн авсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Элсэлтийн саналд бичигдсэн “сургалт 2026.02.16-д эхлэх тухай, 2025.12.14-ний дотор хариу өгөх, нэхэмжлэл буюу төлбөрийн мэдээлэл, түүнийг төлөх зааварчилгаа” зэрэг нь нэмэлт нөхцөл биш байна гэж шүүх дүгнэлээ.
21. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөлүүд нь сургалтыг эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай салшгүй хэсэг болсон нэмэлт нөхцөлүүд биш, харин гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхөд суралцагч талын мэдвэл зохих мэдээллүүд байна гэж үзэв.
22. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Боловсролын зээлийн сангийн төлөөлөгчийн хэлсэн “... тухайн саналд тодорхой хугацааны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор баталгаажуулж ирүүлэх хугацаатай байсан. Мөн урилга дээр 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хичээл эхлэх нөхцөлтэй байгаа нь журмын 3.2.9-д заасан нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрх авсан байх гэх шаардлагыг хангаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.
23. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах.
Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.” гэж заасан.
24. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Э*****нь дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр нөхцөлгүй урилга 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсны дараа Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцахаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад [email protected] цахим хаягаар бүртгүүлж, тус сонгон шалгаруулалтад оролцсон.
25. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий” ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр зохион байгуулсан.
26. Ингэхдээ 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 00:21 цагт тус системд төлөв нь “Баталсан” төлөвтэй байсан[13] боловч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр системд “журмын шаардлага хангаагүй” төлөвт шилжүүлсэн[14] байжээ.
27. Энэ хугацааны хооронд буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/356 дугаартай Боловсролын сайдын “Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай” тушаал[15] гарсан байх боловч тухайн цаг мөчид системд /2025.06.26-нд/ зээлээр суралцах эрх нь “Баталсан” төлөвт байсан нэхэмжлэгч Ц.Э*****ын нэр тус тушаалын хавсралтад ороогүй нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
28. Тиймээс дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
29. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараар Боловсролын зээлийн сан болон Боловсролын сайд нарыг тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзсэн.
30. Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-ын 1.3.6-д "сан" гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.1-д заасан Боловсролын зээлийн санг, 3.6-д “Тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжид хамрагдах хүсэлтийг сонгон шалгаруулалтын зарын дагуу тогтоосон хугацаанд дотоодын сургалтын байгууллагад суралцах бол тухайн сургалтын байгууллагад, гадаадын сургалтын байгууллагад суралцах бол санд гаргана.”, 3.8-д “Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид "Ажлын хэсэг" гэх)-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон сан, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбооны төлөөлөл байна.”[16], 3.12-т “Ажлын хэсэг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор сонгон шалгаруулалтын тайлан, хяналтын тоонд багтсан суралцагчийн нэрсийн жагсаалт, түүнд холбогдох баримт бичгийг санд хүлээлгэн өгнө.”, 3.13-т “Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор хяналтын тоонд багтаан нэрсийг баталгаажуулах бөгөөд шийдвэрийг суралцагчид цахим шуудан, эсхүл утсаар мэдэгдэж, цахим хуудсаар олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлнэ.” гэж тус тус зохицуулжээ.
31. Дээрхээс дүгнэвэл, гадаадын сургалтын байгууллагад суралцахаар хөнгөлөлттэй зээл хүсэж гаргасан өргөдлийг Боловсролын зээлийн сан хүлээн авч, тус сангийн даргын ахалдаг Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулж, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг батлан эцсийн шийдвэрийг Боловсролын сайд гаргахаар зохицуулсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарыг Боловсролын зээлийн сан болон Боловсролын сайд хэмээн тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
32. Нотлох баримтын тухайд, хариуцагч Боловсролын зээлийн сангаас “…сонгон шалгаруулалттай холбоотой баримтуудыг эх хувиар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн” гэх тайлбарыг ирүүлсэн, тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/7847 дугаартай албан бичгээр “Тайлбар, нотлох баримт гаргуулах тухай” албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хандахад 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/17737 дугаартай албан бичгээр “…Боловсролын зээлийн сангийн 2025 оны дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үйлдэлд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлтийн 250200568 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна ... эрүүгийн хэргээс баримт хуулбарлан хүргүүлэх боломжгүй болно” гэх хариуг ирүүлсэн, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хооронд журмын дагуу нэхэмжлэгч Ц.Э***** нь цахимаар холбогдох хүсэлтээ, баримтуудын хамт гарган өгөх зэрэг шийдвэр гаргах ажиллагааны процедурын хүрээнд маргаангүй, харин Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан шийдвэртэй маргасан, мөн нэхэмжлэгч Ц.Э*****ын хүлээн авсан урилгад дурдсан сургалт 2026.02.16-д эхлэх тухай, 2025.12.14-ний дотор хариу өгөх хугацаа зэргийг шүүхээс харгалзан үзэж, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.1.1, 24.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э*****ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын Ц.Э*****т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх” журмын дагуу Ц.Э*****т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай шийдвэр гаргахыг Боловсролын сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг Боловсролын зээлийн сангаас, 35 100 төгрөгийг Боловсролын сайдаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн хавтасны /цаашид “Хх” гэх/ 13-23 дахь тал
[2] Хх 62 дахь тал
[3] Хх 63-66 дахь тал
[4] Хх 27, 28, 29,
[5] Хх 30, 32 дахь тал
[6] Хх 31 дэх тал
[7] Хх 103, 108 дахь тал
[8] Хх 62 дахь тал
[9] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431393805212&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[10] Хх 18-23 дахь тал
[11] Энэ талаар шүүгч дэлхийн хэд хэд улсын их сургуулийн цахим хаяг дахь мэдээллүүдийг харьцуулалтын аргын хүрээнд шүүн үзсэн бөгөөд тухайлбал, https://www.coventry.ac.uk/study-at-coventry/your-offer-guide/understanding-your-offer/#:~:text=Direct/agent%20applications%20for%20international%20students,-If%20you%20have&text=early%20as%20possible.-,This%20will%20allow%20you%20to%20progress%20your%20accommodation%20application%2C%20as,on%20our%20official%20payment%20page гэх зэргийг тэмдэглэж байна.
[12] Мөн тэнд
[13] Хх 24 дэх тал
[14] Хх 25 дахь тал
[15] Хх 63-66 дахь тал
[16] Ажлын хэсгийн ахлагч нь Боловсролын зээлийн сангийн дарга байна, Хх 142 дахь тал.