Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/413

 

      2024             4            04                                         2024/ДШМ/413                     

 

      М.Гад холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

яллагдагч М.Г, түүний өмгөөлөгч Л.Чинбат,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/252 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр М.Гад холбогдох эрүүгийн 2305039102425 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Яллагдагч М.Г нь 2023 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖДЛ” зочид буудлын 403 дугаартай өрөөнд толгой руу гутлаар цохилоо гэх шалтгаанаар Х. ийн нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас биед нь баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний алимын эвэрлэг бүрхэвчийн урагдал, цусан хураа, баруун нүдний хараагүйдэл, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн ухархайн ханын хугарал бүхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар их хэмжээгээр алдагдуулах хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Гынүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар Сэтгэцийн эмгэгийн тавдугаар зэрэглэлд “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц уршиг бүхий гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэг, мэргэжлийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги их хэмжээгээр буюу 35%-100% алдагдсанаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь тавдугаар зэрэглэлд хамаарахаар заасан байна. Шинжээчийн 13564 тоот дүгнэлтээр хохирогч Х.Л нь хөдөлмөрийн чадвараа 65% алдсан. Гэтэл шинжээч нарын 268 тоот дүгнэлтэд хохирогч Х.Лийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна гэсэн нь дээрх аргачлал болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалтай зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд хохирогч Х.Лийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байх тул яллагдагч М.Гад холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Шүүхийн шатанд нэмэлт шинжилгээ хийлгэх боломжтой ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаар шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт бүрэн бус эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ хиилгэхээр хууль тогтоогч хуулчилжээ. Хохирогч Х.Лийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор нэмэлт шинжилгээ бус дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай ба шүүхийн шатанд шинжээч томилох эрх зүйн зохицуулалт байхгүй тул дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 дэх заалтад: “... Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан ... шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ...”, мөн журмын 2.2-д “ .... энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “... Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг* шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан. Энэ журамд заасны дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болох мөрдөгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилсон. Мөрдөгчийн томилсон шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 268 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Х.Лийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг хохирогч Х.Л, түүний өмгөөлөгч нь уншиж танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд энэхүү дүгнэлтийг эргэлзээтэй, ойлгомжгүй гэж үзэж нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, хүсэлт гаргаагүй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэргэжлийн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг прокурор эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх ...”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “ Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шүүх ... шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “... шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх “... хохирогч Х.Лийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор нэмэлт шинжилгээ бус дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байх ба шүүхийн шатанд шинжээч томилох эрх зүйн зохицуулалт байхгүй тул хэргийг прокурорт буцааж дахин шинжээч томилох нь зүйтэй” гэж буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 27.8.1-д заасан “шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Яллагдагч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Яллагдагч М.Гын өмгөөлөгч Л.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Гэхдээ хохирогч талаас мөрдөн байцаалт, прокурорын шатанд гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүхээс эргэлзээтэй гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Анхан шатны шүүх яллагдагч М.Гад холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамааруулсан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, дахин шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх ...”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “ Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шүүх ... шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “... шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх “... хохирогч Х.Лийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор нэмэлт шинжилгээ бус дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байх ба шүүхийн шатанд шинжээч томилох эрх зүйн зохицуулалт байхгүй тул хэргийг прокурорт буцааж дахин шинжээч томилох нь зүйтэй” гэж буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 27.8.1-д заасан “шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн, шүүх тус шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалган шийдвэрлэх боломжтой болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/252 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч М.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                          ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

              ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ