| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00470/И |
| Дугаар | 318/ШШ2025/00435 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 318/ШШ2025/00435
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: З сумын ЗД нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 31,581,217 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Зүүнговь сумын хоршоо хөгжүүлэх сангаас 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мах, сүү зориулалтын орчинд хадгалах, тээвэрлэх зориулалтаар 45000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ хийж авсан. Зээлийн хугацаанд үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү 4,107,872 төгрөг нийт 49,107,852 төгрөг төлөх ёстойгоос 18,452,925 төгрөг төлсөн хэдий ч зээлийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй зориулалт бусаар ашигласан тул төлөгдөөгүй үлдэгдэл болох үндсэн зээл 30,197,411, хүү 1,092,098, алданги 291,708 нийт 31,581,217 төгрөгийг “Ө” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө ХХК-ийн захирал С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Зүүнговь сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 31,581,217 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Төмөрбаатар миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 31,581,217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 31,581,217 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө ХХК-аас 31,581,217 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 315,856 төгрөгийн 50 хувь буюу 157,928 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ө ХХК нь 31,581,217 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар илэрхийлсэн тул нэхэмжлэгч З сумын ЗД нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө ХХК-аас 31,581,217 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 315,856 төгрөгийн 50 хувь буюу 157,928 /нэг зуун тавин долоон мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР