2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04773

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27

191/ШШ2025/04773

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************* оршин суух, Т овогт А-ийн С /Регистрийн дугаар:*************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** байрлах, О т ХХК /Регистрийн дугаар:***********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэгдэл хөлс 18.231.931 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.С, шүүх хуралдаааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь анх О т ХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс 18.231.931 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч А.С нь О т ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, О ХХК-иас 4.355.719 (дөрвөн сая гурван зуун тавин таван мянга долоон зуун арван есөн) төгрөгийг шаардаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь А.С-ийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 9 дүгээр сарын 8.090.840 төгрөг, 10 дугаар сарын 11.860.269 төгрөг, 11 сарын 6.598.038 төгрөгийн цалингаас, нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 51.853 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 4.355.719 төгрөг анх гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчийн цалингийн задаргаа, ажилласан цагийн бүртгэл ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дараах шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сард илүү цаг 56, нэг цагийн хөлс 40.418 төгрөг тул 1,5 дахин нэмэгдүүлбэл илүү цагийн хөлс 3.395.112 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 56 цаг, нэг цагийн хөлс 37.163 төгрөг тул 3.121.692 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард илүү цаг ажиллаагүй тул шаардаагүй. 2022 оны 12 дугаар сард 56 цаг, нэг цагийн хөлс 60.045 төгрөг, нийт 5.043.780 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 56 цаг, нэг цагийн хөлс 87.689 төгрөг, нийт 6.671.347 төгрөг болж байна. Иймд нийт 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн хөлс нийт 18.231.391 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:

1.2023 оны 02 дугаар сарын 17-ны О Т ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн,

2.Дахин 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр О Т ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

3.2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан,

4.Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан,

5.3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан,

6.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан;

7.Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна гэв.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу Уртын ээлжийн зохицуулалт-ыг хуульчилсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг батлан гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтад Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна хэмээн хуульчилсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэсэн нь үндэслэлгүй байна. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д зааснаар уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй болно. Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг О Т ХХК нь хуулийн дагуу олгож байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдаж, дагаж мөрдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр О Т ХХК-иас нийт ажилтнуудад тэр дундаа нэхэмжлэгчид уртын ээлжийн ажилтны сарын ажлын цаг 168 цаг, 168 цагаас илүү ажилласан цагийг илүү цагт тооцож, цалин хөлс олгох талаар мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан. Нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч эл асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан байдаг. Үүнээс үзвэл дээр дурдсанчлан хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 9, 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийн хувьд 150 хоног хэтрүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр мэдэж, гардаж авсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолвол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч үүнээс хойш буюу мөн оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн байдаг. Үүнээс үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй болно.

О Т ХХК нь нэхэмжлэгч А.С-ийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гурав.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 1-11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр шүүгчийн захирамж, тус шүүхийн тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот хариу, мэдээлэл лавлагаанаас гаргасан тайлбар, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гомдол буцаах тухай Оюу толгой ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хариу зэргийг ирүүлжээ. /1хх 4-8, 2хх 168-177/

Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, О Т ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1 албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг, профессор Б.У-ийн хууль зүйн дүгнэлт, Монголын ууд уурхайн үндэсний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний  магадлал, О Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг, О Т ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт ажилтнуудад хүргүүлсэн и-мэйлийн хуулбар, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асцуудлыг хэлэлцлээ нэртэй мэдээлэл, О Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тушаал, ХН-Е.6.2 Ажлын цагийн тухай журам, ХН-С-056 Хөдөлмөрийн дотоод журам, О Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дүгээр тушаал, ХН-Г1.1 Цалин хөлсний журам, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ.

/1хх 11-15, 74, 132-168, 2хх 138/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2023/15452 тоот захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /Монгол, Англи хэл дээрх хувь/, 181/ШЗ2024/00871 тоот захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас ирүүлсэн ажилласан цагийн бүртгэл, цалин хөлсний мэдээлэл, О Т ХХК болон О Т ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, 181/ШЗ2024/03122 тоот захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт, 181/ШЗ2024/24335 тоот захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хамтын хэлэлцээний хурлын тэмдэглэл, О Т ХХК болон О Т ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, О Т Орон нутгийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 2025-2027 оны Хамтын гэрээ, О Т ХХК болон О Т ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, О т-н орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нарын 2024-2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний төсөл, 191/ШЗ2025/17545 тоот захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас ирүүлсэн А.С-ийн 2022 оны 12, 2023 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоо зэргийг бүрдүүлжээ.

/1хх 26-40, 50-73, 118-124, 2хх 103-122, 148-155/

-Хариуцагч талын хүсэлтээр 181/ШЗ2024/01653 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, хамамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/148 тоот хариу, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/94 тоот хариу, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09/256 тоот хариу, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 308 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /1хх 85-114, 169-250, 2хх 1-81/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.С нь О Толгой ГХОХХК-д холбогдуулан анх 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын нэмэгдэл хөлс 4.355.719 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэд нэмэгдүүлж, эцсийн байдлаар 2022 оны 9, 10, 12, 2023 оны 01 дүгээр сарын нэмэгдэл хөлс нийт 18.231.391 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосноор нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /8 цаг*14 хоног/ байхаар хуулиар тогтоосон, ажил олгогчоос 168 цагаас дээш цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож, харин үлдэх 56 цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй байгаа тул нэхэмжлэгчийн 2022 оны 9, 10, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулна, урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, Хамтын гэрээгээр Улсын дээд шүүхээс тайлбарлах хүртэл гомдол гаргахгүй байхаар тусгасан байсан гэв.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: уртын ээлжээр 14 хоног ажиллаад 14 хоног амруулснаар илүү цагийг нөхөн амраасан тул нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй, захиргаа ажилтны ажилласан хугацааны цалин хөлсийг хууль тогтоомжийн дагуу бүрэн тооцон олгосон. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гомдол гаргасан. 2022 оны 9 дүгээр сарын хувьд цалин хөлсийг 2022 оны 10 дугаар сард олгосон, 2022 оны 10 дугаар сарын цалин хөлсийг 2022 оны 11 сард олгосон тул хуульд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлж 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан. 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн хөлсийг шаардахдаа хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэв.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Нэхэмжлэгч А.С, хариуцагч О т ХХК нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, тэрээр тус уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор-оор ажилладаг, ажлын нөхцөл хэвийн бус нөхцөлд-тэй, ажил, амралтын 14/14 хоног горимоор ажилладаг буюу уртын ээлжээр ажилладаг үйл баримтууд хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон. /1хх 27-33, 119-124/

3.2.Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сард 168 цаг, 10 дугаар сард 168 цаг, 11 сард 24 цаг, 12 дугаар сард 192 цаг, 2023 оны 01 дүгээр сард 204 цаг ажилласан, ажил олгогчоос түүнд 2022 оны 9 дүгээр сард 8.090.840 төгрөг, 10 дугаар сард 11.860.269 төгрөг, 11 дүгээр сард 6.598.038 төгрөгний цалин хөлс олгосон үйл баримтууд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлын цагийн бүртгэл зэргээр тогтоогдсон. /1хх 6, 51-60, 2хх 155-161/

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, мөн зүйлийн 92.3Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн зүйлийн 92.4Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заажээ.

4.1.Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасан, тийм ч учраас уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь 87 дугаар зүйлийн 87.3-т заасан ээлжийн ажлын цагийн журмыг тогтоосон үндсэн зарчимтай уялдсан.

4.2.Хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд уртын ээлжид 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш нэг ээлжээр ажилласантай холбоотой байх ба харин илүү цагийг нь нөхөн амруулаагүй учраас нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусдаа 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчилсан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас нөхөн амруулахыг зохицуулсан бол илүү цагийн үр дагаврыг хуулийн 92.3-т тус тус ялгамжтай зохицуулжээ.

Үүргийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох солилцооны зүй ёсны зарчмын хүрээнд уртын ээлжийн ажилтны 14 хоногийн тусгай дэгийн хүрээнд ажиллах, амрах нөхцөл байдлыг 14 хоногийн амралтаар тэнцвэржин тооцогдох боломжгүй учраас хуулийн 92.3-т заасан зохицуулалтаар илүү цагийн асуудлыг давхар шийдвэрлэсэн байна.

4.3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан.

Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан байна.

4.4.Хөдөлмөрийн тухай хуульд шинээр зохицуулсан уртын ээлж болоод уртын ээлжийн ажилтны сард ажиллавал зохих ажлын цаг 112 /8*12/ болохыг Улсын дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2024/00118 дугаар тогтоол, түүнээс хойшхи удаа дараагийн тогтоолуудаар тайлбарласан тул хариуцагчийн энэ талаарх татгалзлууд үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаар ажил олгогч нь 112 цагаас дээшхи ажилласан цагийн нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан.

5.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.2-т Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч 2022 оны 9, 10, 12, 2023 оны 01 дүгээр сарын нэмэгдэл хөлс шаардсан тул 9 дүгээр сарын нэмэгдэл хөлсийг тооцоход өмнөх гурван сар буюу 2022 оны 6, 7, 8 дугаар сарын дундажаас, 10 дугаар сарын нэмэгдлийг 7, 8, 9 дүгээр сарын дундажаас гэх мэтээр дээрх журмын дагуу тооцох учиртай. Гэвч хэрэгт нэхэмжлэгчийн 2022 оны 6, 7, 8 дугаар сард ажилласан цагийн бүртгэлийн талаарх баримтууд авагдаагүй.

5.2.Харин нэхэмжлэгчээс 2022 оны 9 сард нэг цагийн хөлс 40.418 төгрөг, 10 дугаар сард нэг цагийн хөлс 37.163 төгрөг, 12 дугаар сард 60.045 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 87.689 төгрөг гэж ажил олгогч байгууллагын тухайн саруудад олгосон цалин хөлсний задаргаа, цагийн бүртгэлд тулгуурлаж нэг цагийн хөлсийг тооцоолон шаардаж байна. Хариуцагч дээрх тооцоололд маргахгүй байна. Иймд шүүх талуудын зарчмын дагуу шийдвэрлэнэ. Мөн нэг сард 168 цагаас илүү гарсан хэсэгт нэмэгдэл хөлсийг тооцон олгосонд талууд маргаагүй, зөвхөн 56 цагийн хүрээнд маргасан тул шүүх талуудын зарчмын дагуу энэ дүнгээр тооцно.

Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сард 168 цаг, 10 дугаар сард 168 цаг, 12 дугаар сард 192 цаг, 2023 оны 01 дүгээр сард 204 цаг ажилласан, 168 цагаас дээшхи илүү цагийн хөлсийг тооцож олгосон тул олгогдоогүй үлдэх зөрүү 56 цагийн илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос түүнд урьд цалин хөлсийг олгохдоо 1 хувиар тооцон олгосон тул дутуу олгосон үлдэх 0,5 хувиар тооцож олгоно.

40.418 төгрөг * 56 цаг * 0,5 = 1.131.704 төгрөг

37.163 төгрөг *56 цаг * 0,5 = 1.040.564 төгрөг

60.045 төгрөг * 56 цаг * 0,5 = 1.681.260 төгрөг

87.689 төгрөг * 56 цаг * 0,5 = 2.455.292 төгрөг

Иймд ажил олгогчоос нэмэгдэл хөлс 6.077.310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6.Хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх журмын тухайд:

Зохигчид хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх, урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан эсэхэд голлож маргасан.

6.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлсийг нөхөн олгуулах тухай гомдлоо анх тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргаж байсан нь хариуцагч компанийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гомдлыг буцаах тухай бичгээр тогтоогдсон. /2хх 177/ Дахин 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр О т ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гарсныг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дахин гомдлыг буцаасан. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гомдлоо гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар тэмдэглэлээр дуусгавар болгосон. Улмаар анх 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ гаргасныг тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин энэ нэхэмжлэлээ 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.

Түүнд 2022 оны 9 дүгээр сарын сүүлийн цалин хөлс олгосон 2022 оны 10 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан 90 хоногийн хугацаа-г тоолж эхлэх тул дээр дурдснаар холбогдох газруудад тухай бүрт гомдлоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. /1хх 7-8, 86-97, 2хх 79-81, 168-177/

6.2.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч илүү цаг-тай холбоотой гомдлыг урьд гаргасан тул 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний хувьд урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй, шүүх нэг мөр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

6.3.Үүнээс гадна хэрэгт авагдсан О т ХХК болон тус компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны Хамтын гэрээний 2.13-д Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын Дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар Талууд харилцан тохиролцов гэж заасан байна. Талууд хуулийг хэрхэн ойлгох тухайд эргэлзээтэй байсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх тохиролцоо нь хуульд нийцээгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. /1хх 61-73/

Мөн энэ талаар Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/00173, 001/ХТ2024/00188, 001/ХТ2024/00203 зэрэг удаа, дараагийн шүүхийн тогтоолд дүгнэснийг дурдах нь зүйтэй.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан О т ХХК-иас нэмэгдэл хөлс 6.077.310 /Зургаан сая далан долоон мянга гурван зуун арван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12.154.621 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112.187 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ