| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00424/И |
| Дугаар | 318/ШШ2025/00436 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 318/ШШ2025/00436
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: К овогт А.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт Б.Б холбогдох,
5,604,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие таньдаг оюутан охин болох н.Д болон Б.Б нар 2025 оны 02 дугаар сарын 18-нд Франц улсад шүлэг нийлүүлэх хэрэгтэй байна хэмээн утас авч өгөөч гэсэн ятгалаг явуулсан. Тухайн үед оюутан хүүхдүүд учир би утасны зээлтэй байсан, надад зээл гарахгүй гэж хэлсэн. Гэвч утас болон 6,059,000 төгрөгийн утсыг 10 хувь урьдчилгаа болон 605,900 төгрөг, мөн миний зээл болох 329,500 төгрөгийг тус тус төлж утас явсан. Тэдгээр хүүхдүүд сар болгоны 20-нд 450,000 төгрөгийн зээлийг төлөх талаар тохиролцож явсан. Гэвч эхний сарын 450,000төгрөг төлөөд, хоёр дахь сарын 2025 оны 4 дүгээр сарын 20-нд төлбөрөө төлөлгүй өдий хүртэл төлөхгүй явж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Б.Б-с утасны төлбөр болох 5,604,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баттулга овогтой Батзул миний бие А.Н-н нэхэмжлэлийн шаардлага 5,604,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. А.Н-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 450,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр төлж барагдуулахаар болсон. Иймд шүүх хурал орохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. Хэрэв тохиролцсон хугацаанд мөнгөө хийхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 5,604,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Н-н 5,604,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сард 450,000 төгрөг төлж барагдуулахыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,614 төгрөгийн тал хувь болох 52,307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 52,307 төгрөг, хариуцагч Б.Б-с 52,307 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Н-н 5,604,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,614 төгрөгийн тал хувь болох 52,307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 52,307 төгрөг, хариуцагч Б.Б-с 52,307 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР