Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0735

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б*****/РД:******** /                                         

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар

Гуравдагч этгээд: “*****” ХХК /РД:******/ нарын хооронд үүссэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.У***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Т.Б***** нь анх Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*****гээс Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “…Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг  тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

1.3. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*****гээс Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “…Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

1.4. Дээрх нэхэмжлэлийн тодруулсан, ихэсгэсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Т.Б*****нь С***** дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, ****** зам гудамжинд байрлах **-р байрны ** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай[1], 84.2 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн тус байрны 4 тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай[2] 53 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

2.2. Нэхэмжлэгчийн өмчлөлийн амьдарч буй **-р байрны байрны урд хэсэгт гуравдагч этгээд “******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1216 дугаартай захирамжийг үндэслэн ***** нэгж талбарын дугаартай 24901 м.кв газрыг “үйлчилгээ, орон сууц, олон давхар авто зогсоол спорт цогцолборын” зориулалтаар 15 жилийн жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ олгосон.[3]

2.3. Гуравдагч этгээд “******” ХХК тус газарт орон сууцны цогцолбор хотхон барихаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ***** дугааартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлуулсан.[4]

2.4. Тус “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ***** зөвшөөрлийн дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гуравдагч этгээд “******” ХХК-д олгосон.[5]

2.5. Хот байгуулалт, хотын стандартын газраас тус ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сунгасан.[6]

2.6. Улмаар нэхэмжлэгч Т.Б***** нь тус Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг эс зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “…олон хууль тогтоомж зөрчиж хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан хууль бус шийдвэрүүд байх тул дээрх “******” ХХК-ийн захиалгатай барилга барих зөвшөөрөлийг хүчингүй болгож, С***** дүүргийн *-р хорооны иргэд, оршин суугчид, СӨХ, тэдний төлөөллийг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсье” гэх агуулгаар хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ гомдол гаргасан.[7]

2.7. Харин тус гомдлын хариуд, Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын тухай” албан бичгээр “…Тус барилгын талбай өмнө нь автобус бааз байсан ****** замдагуу байршилтай тул Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр бүлэг 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан байршил биш байх тул санал авах шаардлагагүй.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан бичиг баримтын бүрдүүлэлт хангасан тул 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрийг дуустал хугацаатай олгосон байгаа нь хууль зөрчөөгүй” гэх хариуг нэхэмжлэгч Т.Б*****д өгсөн.[8]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “...барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл болон Засаг даргын газар олгосон шийдвэрүүд нь Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гэх мэт олон хууль тогтоомжийг зөрчиж хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан хууль бус шийдвэрүүд болно.

 Хот байгуулалт, хөгжлийн газраас хариу өгөхдөө тухайн барилга байгууламж баригдаж буй газар очиж, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх бодитой дүгнэлт огт өгөөгүй.

Орон сууц болон орон сууц, олон нийт, иргэний барилга хоорондын зай хэмжээ огт авч хэлэлцээгүй, Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээг "Орон сууцны барилын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31- 01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан хүснэгтээр 16 давхраас дээш барилга төлөвлөгдсөн бол барилгын тууш талуудын хооронд 45м, Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 20м доошгүй зайтай барилга барих ёстой байтал 5м хүрэхгүй маш ойрхон барилга барьж байгааг дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ талаар огт дурдаагүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс “...Зөв батлагдсан загвар зураг бол 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн загвар зураг юм. Ерөнхий төлөвлөгөө мянганы масштабтай зураг дээр хэдэн давхар барилга гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Хар өнгөтэй цэгээр хэдэн давхар барилга байгааг тэмдэглэсэн бөгөөд 29 давхар барилга баригдана гээд тодорхой заасан. Мөн магадлалын дүгнэлт нь загвар зураг батлагдахаас өмнө гарсан дүгнэлт гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Сүүлд батлагдсан загвар зургийг үндэслэж ажлын зураг боловсруулагдаад, ажлын зураг дээр дүгнэлт хийгдсэн ... Нэхэмжлэгчээс нар үзэхгүй оготнын нүх болсон гэж тайлбарлаж байна. Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БМБД-230407 гэх норм дүрэм байгаа. Энэ норм дүрэмд 9:00-15:00, 10:00-15:00, 11:30-12:40, 13:15-13:45, 15:25-17:00 цагуудад 3 удаа тасарч, нийт 3,7 цаг нар үзэж байгаа. Нормоор 2 цаг тасралтгүй нар тусаж байгаа тохиолдолд дүрмийн шаардлага хангаж байна гэж үздэг. Өөрөөр хэллэн дээрх журамд нийцүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөгцөрсөн, байрны ашиглалт, эрүүл мэндэд хохирол учирч байгаа гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлээгүй. Батлагдсан загвар зураг нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм БНБД-300104-ийн 4.1 дэх хавсралтад заасан зай хэмжээ, норм дүрмийг хангаж байгаа. Тус байршилд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаан бол, тухайн байршил нь хуучин автобус бааз байсан. Энэ байршил нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан байршилд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, санал авах байршилд хамаарахгүй байсан учраас санал аваагүй, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.10. Гуравдагч этгээдийн зүгээс “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл дараах зүйлс хамаарна гээд, захиргааны акт, гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой зааж өгөх ёстой гэж зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий 2022 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсэж буй уг тохиолдолд нэхэмжлэгчийн ямар онцгой ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар нэмэгдүүлж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тус захиргааны акт нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 28 дугаар зүйлийн 28.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 25 дугаар зүйлийн 25.5, Монгол Улсын барилгын норм ба дүрмийн 4.18 дахь хэсгийг тус тус зөрчиж байгаа тул хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэж дурддаг. Гэтэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар үндэслэлтэй тайлбарлаж чаддаггүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Т.Б*****гаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “…Миний бие Нийслэлийн С дүүргийн *-р хороо, *-р хороолол, ****** зам гудамж ** байр ** тоот оршин суух хаягтай, Т***** овогтой Б***** оршин суугч.

Нийслэлийн Засаг даргын 2020.10.21-ний өдрийн А/1216 дугаар шийдвэрээр С дүүрэг, *-р хорооны нутаг дэвсгэрт "Үйлчилгээ, орон сууц, олон давхар авто зогсоол, спорт цогцолбор"-ын зориулалтаар 2.5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар “******” ХХК-д газар олгож, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022.04.12-ны өдрийн ***** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус хандаж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариугаа хүлээн авсан болно.

С дүүргийн *-р хороо, нарны гудамж, ***** ХХК-ийн захиалгаар 4, 25 давхар орон сууцны цогцолбор барилга барьж байна. Уг барилгын эргэн тойрон 10 гаруй орон сууцны барилгууд 2015 оноос ашиглалтад орж одоогоор 500 гаруй айл өрх оршин сууж амьдарч байна.

***** ХХК-н захиалгатай 4, 25 давхар орон сууцны цогцолбор барилга барьж эхэлснээр тэр хавийн оршин суугчид эсэргүүцэж ***** ХХК болон С дүүргийн *-р хорооны ** байрны СӨХ-д удаа дараа гомдол гаргасан.

Ийнхүү 4, 25 давхар барилга баригдсанаар С дүүрэг, *-р хороонд амьдран суудаг нийт 1200 гаруй айл өрх, оршин суугчдын орц, гарцыг хааж, тав тухтай эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.

Дээрх барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл болон Засаг даргын газар олгосон шийдвэрүүд нь Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гэх мэт олон хууль тогтоомжийг зөрчиж хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан хууль бус шийдвэрүүд болно.

 Хот байгуулалт, хөгжлийн газраас хариу өгөхдөө тухайн барилга байгууламж баригдаж буй газар очиж, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх бодитой дүгнэлт огт өгөөгүй.

Орон сууц болон орон сууц, олон нийт, иргэний барилга хоорондын зай хэмжээ огт авч хэлэлцээгүй, Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээг "Орон сууцны барилын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31- 01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан хүснэгтээр 16 давхраас дээш барилга төлөвлөгдсөн бол барилгын тууш талуудын хооронд 45м, Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 20м доошгүй зайтай барилга барих ёстой байтал 5м хүрэхгүй маш ойрхон барилга барьж байгааг дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ талаар огт дурдаагүй.

Иймд дээрх ***** ХХК-н захиалгатай барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгож, С дүүргийн *-р хорооны иргэд, оршин суугчид, СӨХ, тэдний төлөөллийг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсье.” гэжээ

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “…Монгол Улсын Үндсэн хуульд заасан миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг эрх зүйн баримт бичгүүдээр хамгаалдаг бөгөөд эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдсан агуулга илт зөрчигдөж байна. Нүдэнд ил байгаа зүйлийг шүүхийн үзлэгээр харсан. Урьдчилсан хамгаалалт хүссэн хүсэлтийг барилга баригдаагүй, суурь хэсэгт байхад нь гаргасан. Тухайн үеэс нэлээн хугацаа өнгөрсөн байна. Уг цаг хугацаанд оройн цагаар барилгын ажил явуулахаас эхлүүлэн барилга хоорондын зай мөрдөгдөөгүйгээс барилгын ажил дунд бид амьдарсаар өдийг хүрсэн. Барилгын фасад хийгдсэнээс хойш тухайн байранд нар тусахаа больсон бөгөөд үүнийг шүүхийн үзлэгээр тодорхой болгосон. 1 дүгээр давхарт нар тусах боломжгүй байх бөгөөд “оготнын нүх” шиг байдаг. Сүүлдээ нар тусахгүй байсаар манай унтлагын өрөө мөөгөнцөртөж эхэлсэн. Би өөрөө анагаахын хүн учраас мөөгөнцөр ямар хор уршигтайг сайн мэднэ. Мөн манай байр бусад байрнуудаас өндөр цонхтой, шилэн фасадтай баригдсан. Тэр том цонхоор тухайн байранд орсон хүмүүсийг унтлагын өрөөнөөс эхнэртэйгээ хамт хараад амьдрах юм шиг байна. Манай дээд, доод талын айл зурагтаар юу үзэж байгаа нь надад харагддаг. Стандарт нь 45 метр зайтай байх ёстой байтал 10 гаруй метр зайтай барьчихсан учраас харагддаг. Эдгээр асуудлыг барилга баригдаж эхлэхээс өмнө буюу сууринд байх үед нь анхааруулж байсан. Манай 12 давхар байр зарагдахгүй болсон бөгөөд үнэ нь ихээр буусан. Үүнийг “үнэгүй.мн”-ээс ороод харахад байна. Мөн манай өмчлөлийн “оготнын нүх” болсон байр зарагдахгүй байна. Учир нь нар тусахгүй, харанхуй байдаг. Мөн 1 давхрын харалдаа машин зам тавьсан. Мөн хогийн цэг байдаг. Бодит нөхцөл байдлыг шүүхийн үзлэгээр харсан. Айл ороогүй байхад ийм байдалтай байгаа бөгөөд тухайн байр ашиглалтад орвол цонхоороо айлын хүмүүсийг харж амьдрах, өөрсдийгөө харуулж амьдрах шаардлагатай болж байна. Мөн галын дүгнэлт, барилгын стандарт зэрэг олон асуудал гарсан байдаг боловч хүмүүс тоохгүй өнгөрөөдөг. Гэтэл өөрийн амьдрах орчин нөхцөл, гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа газрыг би тоохгүй өнгөрч чадахгүй. Холбогдох эрх зүйн баримт бичиг, стандарт, хууль дүрэм журам бүгд зөрчигдсөн. Сонсох, мэдэгдэх ажиллагаа гэх мэт захиргааны процессын ажиллагаа хийгдээгүй. Энэ байранд амьдрах нөхцөл бүрдэхгүй байгаа учир өөр газар руу нүүе гэсэн ч манай хүүхэд Орос-3 дугаар сургуульд сурдаг учраас нүүж чадахгүй байна. Нүүхээр болсон ч манай байрыг авах хүн байхгүй, авсан ч зах зээлийн үнээс хямд үнээр авах нөхцөл байдалтай байна. Хуучин 9 давхар байрнуудын үнээс доогуур зарагдаж байна. Хуучин 9 давхар байрны цонхоор Богд уул харагддаг. Манай байрнаас Богд уул харагддаг байсан боловч одоо харагдахгүй болсон. Хэрэв байр хоорондын зай стандартын дагуу 45 метр байсан бол Богд уулийн 3/1-г харах боломжтой байсан. Мөн Зөвшөөрлийн тухай хуулиар барилгын үйл ажиллагаа 10 дугаар сард зөвшөөрөл дуусаад зөвшөөрөл сунгагдах ёстой байтал түүнийг сунгуулахгүйгээр, бидэнд мэдэгдэхгүйгээр барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг. Шүүхэд процесс явж байгаа гэдгийг мэдсээр байж зөвшөөрлийн гэрчилгээг сунгасан нь гэмт хэрэг. Эсхүл Зөрчлийн хуулиар зөрчил болно. Захиргааны байгууллагын албан тушаалтнууд Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж, өөрт олгогдоогүй эрхээр нэг талд давуу байдал бий болгосон байна. Энэ талаар би эхнээс нь хэлж ирсэн. О*****ын Г*****, ******** нам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч нар энэ барилгыг барьж байна. Барилга, хот байгуулалтын яаманд хандахад үүнийг хариуцаж байсан н.С***** байцаагч энэ асуудлыг шударгаар шийдэх гэхээр О*****ын Г***** над руу ярьж дарамталдаг гэж хэлж байсан. Би гүтгээгүй бөгөөд гэрчтэй зүйл ярьж байна. Гүтгэж байна гэж үзэж байгаа бол холбогдох байгууллагад хандаж маргаж болно. Монгол Улсад ажил албан тушаалаа урвуулан  ашиглах, улс төрийн нөлөөтэй этгээд хууль бусаар ажлыг хүчиндэх байдал газар авсан байна. Хариуцагч талаас Авлигатай тэмцэх газар өгнө гэх бичиг явуулсан гэх мэтээр худал ярьж шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Шуудангийн газар аваачаад дараагүй байх. Барилга ашиглалтад орохоос өмнө Улсын комисс хүлээж авахаас өмнө шүүхийн шийдвэр гарснаар хууль, шударга ёс биелэгдэхэд дөхөм байх болов уу гэж үзэж байна. Тийм учраас яаралтай шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Миний хувьд 4 үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд зөвхөн 2 дээр нь маргаж байгаа бөгөөд маш их хохирч байна.” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хавтаст хэрэгт авагдсан баримтад “******” ХХК-ийн 3 загвар байна. Эхнийх нь 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн загвар зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн загвар зураг, 3 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр хуудаст 2021 оны 11 дүгээр сарын нийт 3 загвар зураг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд яг аль загвар нь энэхүү төсөлд хамаарах нь тодорхой бус байна. Хариуцагч хариу тайлбартаа 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн загвар зураг бол барилгын эх зураг гэж ирүүлсэн. Харин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “бид андуурсан байна, 07 дугаар сарын 26-ны загвар нь мөн” гэж тайлбарласан. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлэхэд хариуцагчаас хариу тайлбар ирүүлэхдээ өмнөх тайлбарыг давтагдаж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл биш гээд байсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн загвар зургийг үндэслэсэн гэж хариу тайлбар ирүүлсэн. Эндээс дүгнэвэл яг аль зургийг баримталсан нь тодорхойгүй байна.

Мөн гуравдагч этгээдээс 07 дугаар сарын 26-ны өдрийн зураг мөн гэж тайлбарладаг. Гэтэл энэ 3 зураг нь нэг зураг биш, өөр өөр зураг байна. Хариуцагч болон гуравдагч этгээдээс 20 давхар барилга 07 дугаар сарын 26-ны өдрийн загвар зургаар баригдаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч "*********" ХХК-ийн зураг 25-30 давхар барилгын зураг байна. 2021 оны 11 дүгээр сард гарсан зураг нь болохоор 29 давхар бөгөөд шинжээчийн дүгнэлтээр энэ барилга нийтдээ 29 давхар байна гэж тогтоосон. Бодит байдал дээр барилга нь загвар зургийн дагуу баригдаагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анхны барилга эхлүүлэх зөвшөөрөл гарсан. Гэтэл магадлангаар 2022 оны 08 дугаар сарын 23-д магадлангаар орсон. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зөвшөөрсөн магадлалын зураг нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн магадлал. Эндээс харвал дүгнэлт нь зургууд нь гарахаас өмнө гарсан байна. Өөрөөр хэлбэл, ямар ч зураггүйгээр дүгнэлт гарсан гэж дүгнэж болохоор байна. Гэтэл хариуцагч тайлбартаа зургийг үндэслэж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарна. Хэрэв зураг өөрчлөгдвөл дахиад хуулийн дагуу бүрдүүлбэр хангуулж, түүний дагуу зөвшөөрөл гарна гэсэн. Гэтэл бодит байдал дээр зураг нь дүгнэлтийн дараа гарсан замбараагүй нөхцөл байдал бий болсон байна. Мөн магадлалын дүгнэлт норм, стандартад нийцсэн байна гэж бичсэн байгаа хэр нь бодит байдал дээр хэзээ, ямар тоног төхөөрөмж, багажаар шалгаж ямар стандартад нийцэж байгаа талаар ямар ч тодорхойлолт, үндэслэл бүхий үйл баримт, дүгнэлт байдаггүй. Нэмж тайлбарлахад, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбарт барилгын зай хоорондын талаарх тайлбар, дүгнэлт байдаггүй. Шинжээчийн дүгнэлтээр барилгын давхрыг 99,23 метр буюу 29 давхар өндөр барилга байна. Мөн барилга хоорондын зайг 10,7 метр байна гэж дүгнэсэн. Энэ нь Т.Б*****болон Б.Э*****гийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байна. Үндсэн хуулийн заалт нь ердийн болон органик хуулиудаар дамжиж иргэний үндсэн эрхийг хамгаалдаг. Үүнтэй холбоотойгоор барилгын норм, дүрэм нь Т.Б*****болон Б.Э*****гийн үндсэн эрхийг хамгаалах зорилгоор органик болон ердийн хуулиудаар зохицуулагдаж байна. Үүнийг замын хөдөлгөөний дүрэмтэй харьцуулан үзвэл, замын хөдөлгөөний дүрэм нь цусаар бичигдсэн гэж Монголчууд ярьдаг. Үүнтэй нэгэн ижлээр норм, стандартын дүрмүүд нь хүнийг эрүүл, аюулгүй амьдрахад зориулж бичигдсэн дүрмүүд байдаг. Өөрөөр хэлбэл барилга нурвал ямар эрсдэл үүсэх, барилга хоорондын зай эрүүл, аюулгүй орчинд амьдрах ямар нөхцөлийг хангаж байгаа зэрэг заалтууд учир холбогдолтой учраас Т.Б*****болон Б.Э*****гийн үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*****гээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/18-01 дугаартай албан бичгээр ирүүлсэн Барилга барих хүсэлтийг судлан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/1216 дугаар захирамжийг үндэслэн С дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт, * дугаар нэгж хороололд, орон сууцны ** байрны урд талд байршуулан үйлчилгээ, орон сууц, олон давхар авто зогсоол, спорт цогцолбор зориулалтаар эзэмшүүлсэн ******* нэгж талбарын дугаартай 2.4901 га газар, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны А/1233 дугаар захирамжийг үндэслэн С дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт, * дугаар нэгж хороололд "***" зочид буудлын хойд талд байршуулан үйлчилгээ, орон сууц, авто зогсоол зориулалтаар эзэмшүүлсэн 1460200695 нэгж талбарын дугаартай 0.1199 га газрыг үндэслэн "***** ХХК"-д Орон сууцны цогцолбор хотхон, "Үйлчилгээ, орон сууц олон давхар зогсоол, спорт цогцолбор, цэцэрлэг" зориулалтаар 2021 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн ***** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2021 оны 11 дүгээр сард Загвар зургийг баталж, 2022 оны дүгээр сарын 12-ны өдийн ******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон. 2025 оны 09 сарын 01-ны өдрийн ***** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалт, 12.8 дахь хэсэгт заасны дагуу барилгын норм дүрмийг хангуулан Архитектур төлөвлөлтийн даалгаврын 3 дугаар хэсэгт барилгажих талбайг 13050.0 м² талбайд Барилга бүрхэцийн харьцааны 0,5 үзүүлэлтийг баримтлан эзэмшил газрын 50 хувиас дээшгүй талбайд байршуулах, тагт, консоль, довжоо болон рампыг эдэлбэр газарт багтаан нормоор тооцон төлөвлөх гэж заасны дагуу төлөвлөгдсөн байна.

Тус газраас баталсан Загвар зураг нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж /БНбД 23-04-07/-ийн норм ба дүрмийг хангаж байгаа эсэх талаар "**** **** ***" ХХК-ийн гүйцэтгэсэн нарийвчилсан тооцоонд 09:15-10:15, 11:30-12:40, 13:15-13:45, 15:25-17:00 цагуудад 3 удаа тасарч нийт 3,7 цаг нар үзэж байгааг нотолсон байна. Дээрх нормын 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэг тайлбар 2 хэсэгт тухайн барилгын нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа 2,5 цаг байх ёстой бөгөөд хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд 0,5 цагаар багасгаж, дундаа нэг удаа тасалдаж нийт 2 цагийг хангуулж байхаар тооцохоор зохицуулсан бөгөөд 25 давхар барилга төлөвлөснөөр энэ норм хангагдаж байна.

Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 4 дүгээр хавсралтын 1-д зааснаар Орон сууц, олон нийтийн барилга хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг 1 дүгээр хүснэгтэд зааснаас багагүйгээр төлөвлөнө гэснээр 6 метрээс дээш зай хэмжээтэй төлөвлөж өгсөн байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь хэсэг "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь байх, амрах талбай, ногоон байгууламж, гадна тохижилтыг, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 2 дугаар хүснэгт, авто хавсралтын 2.6 дахь хэсэг 13 дугаар хүснэгт, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын зогсоолыг Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31.01.10/-ийн 4 дүгээр норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн зөвлөмжийн 14 дүгээр хавсралтад зааснаар тус тус төлөвлөж өгсөн нь норм ба дүрэм зөрчөөгүй байна.

Тус барилгын талбай өмнө нь автобус бааз байсан ****** зам дагуу байршилтай дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр бүлэг 4 дүгээр зүйлийн 4.2.1 Дэх заалтад заасан байршил биш байх тул санал авах шаардлагагүй.

Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан бичиг баримтын бүрдүүлэлт хангасан тул 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр баталсан Загвар зураг, "Ус сувгийн удирдах газар"-ын 2021 оны 10 дугаар сарын №721/21 дугаартай, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани"-ийн 15/05306 дугаартай, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ын ТН-D853/2021 дугаартай техникийн нөхцөлүүд, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төв Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын 446/2022 дугаар дүгнэлтийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөлийн №5*/2021 дугаартай хурлын шийдвэр зэрэг баримтуудыг харгалзан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаатай олгосон байна.

Дээрх зөвшөөрлийг Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль, холбогдох норм ба дүрэмд нийцүүлэн баталсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгчийн зүгээс Хот байгуулалт, хотын стандартын газраас манай компанид олгосон 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1216 дугаар захирамжаар маргаан бүхий барилга баригдаж байгаа газарт 2,1 га газрыг үйлчилгээ, орон сууц, авто зогсоол, спорт цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх эрхтэй болсон. Улмаар эзэмшил бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах зорилгоор тухайн үеийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгөхийг хүссэн. Тус хүсэлтийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07011 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн. Архитектур төлөвлөлтийн даалгаварт эзэмшил бүхий газарт барилгажих талбайг эзэмшил газрын 50%-д багтахаар орон сууц цогцолборын загвар зургууд боловсруулж Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлж, эскиз зургийг батлуулсан. Түүнчлэн барилга байгууламжийн зураг төсөлд дүгнэлт хийх мэргэжлийн экспертүүдээр барилга байгууламжийн дотор холбоо, дохиолол, барилгын бүтэц, дотор цэвэр ус, бохир ус, халаалт барих барилгын архитектур зэрэгт магадлалын нэгдсэн дүгнэлтүүдийг хийлгэсэн. Ийнхүү дээрх эрх бүхий байгууллагуудын магадлалын нэгдсэн дүгнэлт, даалгавар зэргийг үндэслээд өнөөдрийн маргаж буй барилгын ажлын зөвшөөрлүүдийг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэд, хэдэн урьдчилсан нөхцөл тавигддаг. Нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны акт нь хэрэв хэрэгжээгүй байсан бол, эсхүл нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байсан бол тус актыг хүчингүй болгох боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд түүнийг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд хэргийн оролцогчийн зүгээс дээрх шаардлагыг гаргах боломжтой байдаг. Мөн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үүсгэж чадахуйц үр дагавар бүхий байх буюу шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжтой байх ёстой байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл дараах зүйлс хамаарна гээд, захиргааны акт, гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой зааж өгөх ёстой гэж зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий 2022 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсэж буй уг тохиолдолд нэхэмжлэгчийн ямар онцгой ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар нэмэгдүүлж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тус захиргааны акт нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 28 дугаар зүйлийн 28.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 25 дугаар зүйлийн 25.5, Монгол Улсын барилгын норм ба дүрмийн 4.18 дахь хэсгийг тус тус зөрчиж байгаа тул хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэж дурддаг. Гэтэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар үндэслэлтэй тайлбарлаж чаддаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.

Дараагийн шаардлагын тухайд, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн зөрчлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр 25 давхар барилга баригдсанаараа С дүүргийн * дугаар хороонд амьдран суудаг нийт оршин суугчдын буюу 1200 гаруй айл өрхийн орц, гарцыг хааж тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих эрсдэлтэй гэж тодорхойлон тайлбарладаг бөгөөд өнөөдөр нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалаад байна уу, аль эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалаад байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэв нийтийн ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэл гаргаж байгаа этгээд гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан этгээд байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт буюу захиргааны шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг ба нэхэмжлэгч нь захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас, түүний ямар эрх, ашиг сонирхол, хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдах ёстой. Ялангуяа өнөөдрийн тохиолдолд өөрт хаяглагдаагүй буюу гуравдагч этгээдэд чиглэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэхүү шаардлага илүү тавигдах учиртай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусдын эрхээс илүүтэйгээр миний эрх илүү гэж үзэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага тавигдах учиртай. Түүнчлэн маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэж байгаа учраас хүчингүй болгуулах болон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчээс 3 загвар зураг байх бөгөөд аль зураг нь мөн гэдэг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан. 2021 онд гарсан 2 загвар зураг байгаа бөгөөд нэг нь болох "*********" ХХК-ийн боловсруулсан загвар зураг нь хүчингүй загвар зураг. 2021 оны 11 дүгээр сард боловсруулсан “********” ХХК-ийн зураг нь хүчинтэй. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зураг бол маргаан бүхий газар дээр баригдаж байгаа 2 дугаар ээлжид ашиглалтад орох загвар зураг юм.” гэжээ.

3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.У***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “…Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд Т.Б***** гэх хүн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Т.Б*****нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан учир Б.Э*****ийг итгэмжилсэн төлөөлөгчөөр томилсон байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад Т.Б*****гийн эрх ашиг хөндөгдсөн талаар яригдсангүй гэж ойлгож байна. Барилга баригдах хугацаанд иргэн Б.Э*****гийн эрх, ашиг сонирхол ихээр хөндөгдөж байгаа юм байна. Мөн уг байранд Т.Б*****амьдардаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, Т.Б*****гийн Үндсэн хуулиар олгосон эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэг үүсээд олон жил болж байна. Гэтэл Т.Б*****гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар хэрэгт авагдсан баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс зөрчигдсөн эрх ашгаа дурдаад өнгөрөх биш нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт бүрдүүлэх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлж шийдэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Б.Э***** нь өөрийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар тайлбарлаад байна. Харин нэхэмжлэл гаргасан Т.Б*****гийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас дүгнэлээ. Мөн оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд бүгд групп дээрээ ярьдаг гэж тайлбарлаж байна. Мөн анхны нэхэмжлэлийн шаардлагадаа нийт оршин суугчдын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар дурдсан байсан. Эндээс дүгнэвэл иргэн Б.Э***** гэх хувь хүнээс гадна оршин суугчдын эрх ашгийг хамгаалж байгаа мэт тайлбар гаргаад байна. Гэтэл оршин суугчдыг төлөөлж гаргасан шаардлага байдаггүй. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас нэхэмжлэгч Т.Б*****гийн сэргэх эрх ашиг байхгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Учир нь ажлын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл юу болохыг нэхэмжлэгч талаас нотолж чадсангүй. Нэхэмжлэлийн үндэслэл болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараар нотолж чадсангүй. Барилгын ажлын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг дурдаж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээд бусдын эрх ашгийг хөндөж байна гэж шинжээчийн хувьд тодорхойлох боломжгүй байна. Барилга хоорондын зай ямар байх талаар барих норм дүрэм байхгүй. Норм дүрэм журам дээр барилга хоорондын зайг дурдаагүй учраас дүгнэлт гаргах боломжгүй. Харин өндөр барилга барих норм, дүрэм, журмыг хангаж байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн ярьж тайлбарлаж байгаа шинжээчийн дүгнэлтийн хамгийн сүүлийн өгүүлбэр дээр байна. Нэхэмжлэгчээс олон давхар барилга метрийн зайтай байх ёстой гэж таамаг дэвшүүлж тайлбарлаж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь өндөр барилга хоорондын зай метр байна гэдгийг тогтоосон журам, норм, дүрэм байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Б*****гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

1.1. Нэхэмжлэгч Т.Б*****нь анх Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*****гээс Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “…Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг  тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

1.3. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*****гээс Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “…Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

1.4. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимтай.

1.5. Үүнийг процессын эрх зүйн онолд “ne ultra petita”[9] зарчим гэдэг.

1.6. Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж зааснаар тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ямар эрх, хэрхэн сэргэх эсэхийг шийдвэр гаргахдаа анхаарах зарчимтай.

1.7. Үүнийг захиргааны процессын эрх зүйн онолд “субьектив эрхийн хамгаалалтын зарчим”-ын агуулгад хамаатуулан тайлбарладаг.

1.8. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.Б***** нь “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг  тогтоолгох, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргаж маргаж байна.

1.9. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь Хот байгуулалт, хотын стандартын газраас олгодог Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байна.

1.10. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 4.1.15 дахь заалтад “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно.” гэж заажээ.

1.11. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27 дахь заалтад “загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.30 дахь заалтад “зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;” ойлгохоор байна.

1.12. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн[10] 3.6-д “Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална.” гэж зохицуулсан байна.

1.13. Хууль болон дүрмийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс системчлэлийн аргын хүрээнд нэгтгэн үзвэл, аливаа баригдах гэж буй барилгын хувьд архитектур төлөвлөлтийн даалгавар, магадлалын нэгдсэн болон нарийвчилсан дүгнэлт болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэх ойлголтууд хууль зүйн хувьд бие биенээсээ тусдаа буюу ялгаатай ойлголтууд байна.

1.14. Тодруулбал, барилгын загвар зураг болон магадлалын дүгнэлт нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулах батлах үндэслэл болдог бөгөөд энэ шатанд барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг зөв тодорхойлох, барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо хийх зэрэг хамгийн суурь бөгөөд нэн чухал ажиллагаанууд хийгдсэний үр дүнд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталдаг бол барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь тэдгээрт шууд хамааралгүй буюу зөвхөн тухайн баригдах барилга байгууламжийн гүйцэтгэлийн ажил /барилга угсралтын ажил/-ын процессыг эхлүүлэхэд өгч буй зөвшөөрөл юм.

1.15. Нэгэнт дээрх ойлголтууд нь хууль зүйн хувьд өөр хоорондоо ялгаатай тул түүнээс үүсэх эрх зүйн үр дагавруудаараа мөн ялгагдана.

1.16. Тухайлбал, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь “барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл болон Засаг даргын газар олгосон шийдвэрүүд нь Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гэх мэт олон хууль тогтоомжийг зөрчиж хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан” гэх агуулгаар маргаж байх бөгөөд маргаж буй эдгээр үндэслэлүүд нь хариуцагчийн баталсан маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоогүй гэж үзнэ.

1.17. Өөрөөр хэлбэл, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй “... хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан ...” үр дагаврыг шууд үүсгэхгүй буюу эдгээрт хамааралгүй байна.

1.18. Тиймээс шүүх магадлалын хувьд /хууль зүйн презумпци ба фикцийн[11] хүрээнд/ маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ гэж төсөөлөхөд нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн тайлбарлаж буй хүссэн үр дүн болох “маргаан бүхий барилгыг нураах”[12] эрх зүйн үр дагаварт хүргэхгүй.

1.19. Харин нэхэмжлэгчийн маргаж буй агуулга, түүний үндэслэлүүд нь илүүтэй зураг төслийн магадлалын дүгнэлтүүд болон архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэгт хамааралтай байж болох юм.

1.20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид бий болсон гэж тайлбарлаж буй эрхийн зөрчлүүдийг үүсгэсэн шалтгаант холбоо нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэхээс илүүтэй дээр дурдсан магадлалын дүгнэлтүүд болон архитектур төлөвлөлтийн даалгавар байж болохуйц байна.

1.21. Иймд маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн ойлголт, үр дагавар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд холбогдохгүй, эрх зүйн өөр үр дагавар үүсгэх /зөвхөн баригдаж буй барилгын ажлын гүйцэтгэлийн явцыг зогсоох үр дагаварт хүргэхүйц/ буюу нэхэмжлэгчийн зорьж буй “хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан тул барилгыг нураах” эрх зүйн үр дагаварт хүргэхгүй, энэ агуулгаараа тус гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарах хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

1.22. Тиймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Хэргийн оролцогч талуудын маргасан зарим асуудалд эрх зүйн дүгнэлт өгөх тухайд:

2.1. Нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйлийг маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэж тодорхойлон маргахдаа барилгын ажлын загвар зургийн талаар маргасан.

2.2. Хэдийгээр шүүх энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн Нэг-д заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэгэнт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд дээрх асуудлаар маргасан тул тухайлсан эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Тодруулахад:

2.3. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.27 дахь заалтад “загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.30 дахь заалтад “зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;”, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно.”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:” гээд, 26.1.1 дэх заалтад “барилга байгууламжийг шинээр барих;”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно.”, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд, 28.1.1 дэх заалтад “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;”, 28.1.2 дахь заалтад “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;”, 28.5 дахь хэсэгт “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно.” гэж тус тус зохицуулжээ.

2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг нэгтгэн авч үзэхэд, барилгын ажлын зөвшөөрлийг олгох /түүнийг авахаар бүрдүүлэх материал/-д тухайн барилга байгууламжийн загвар зураг болон барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт байхаар заасан байх бөгөөд хариуцагч нь эдгээр баримт бичгүүдийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгохоор хуульчилжээ.

2.5. Хавтаст хэрэгт 3-р хавтасны 244-250 дахь талд “********” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сард боловсруулсан “******” ХХК-ийн орон сууцны цогцолбор хотхоны загвар зураг, 4-р хавтасны 154-186 дахь талд “**********” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сард боловсруулж Нийслэлийн ерөнхий архитекторын ажлын албанд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн гэх “******” ХХК-ийн орон сууцны цогцолбор хотхоны загвар зураг, 1-р хавтасны 89-117 дахь талд “********” ХХК-ийн 2021 онд боловсруулсан гэх “******” ХХК-ийн орон сууцны цогцолборын загвар зураг гэсэн гурван загвар зураг авагдсан.

2.6. Гэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гуравдагч этгээд “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 1-р хавтасны 89-117 дахь талд “********” ХХК-ийн 2021 онд боловсруулсан гэх “******” ХХК-ийн орон сууцны цогцолборын загвар зураг хүчингүй болсон гэж тайлбарласан бөгөөд талууд үүнтэй маргаагүй.

2.7. Харин үлдсэн хоёр загвар зургийн аль нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үндэслэл болсон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 4-р хавтасны 154-186 дахь талд “**********” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сард боловсруулж Нийслэлийн ерөнхий архитекторын ажлын албанд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн гэх “******” ХХК-ийн орон сууцны цогцолбор хотхоны загвар зургийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг маргаан бүхий блокын хэсэгт 25 давхар орон сууц байхаар олгосон гэх боловч 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0225/367 дугаартай шинжээчийн дүгнэлтийн[13] “Үзлэг ба шинжилгээ” хэсгийн 3-т “... ***** ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны цогцолбор хотхоны В2 блокны нийт өндөр 99.23 метр /29 давхар/ байгаа ...” гэсэнтэй нийцсэнгүй.

2.8. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримтын хүрээнд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүх хавтаст хэрэгт авагдсан Магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралт №1 - ****** ХХК-ийн цогцолбор хотхоны барилгын ажлын зураг төсөлд хийсэн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг[14] нягтлан үзсэн бөгөөд тус дүгнэлтийн 6.12.1-д “2021-11 сард Нийслэлийн ерөнхий архитектор, ХБ, ХГ баталсан загвар зураг”, 6.12.3-т “... Барилга тэнхлэгээрээ 106.8 м х 119.2 м хэмжээтэй, нэгдсэн 2 давхар зоорьтой ... 25-н давхар” гэснээс үзвэл 3-р хавтасны 244-250 дахь талд “**********” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сард боловсруулсан “******” ХХК-ийн орон сууцны цогцолбор хотхоны загвар зурагт маргаан бүхий блокын хэсгийг 29 давхартайгаар төлөвлөсөн[15] байхад магадлалын дүгнэлтэд энэхүү загвар зургийг үндэслэсэн атлаа төлөвлөсөн давхар нь 25-н давхар байгаа нь ойлгомжгүй.

2.9. Тиймээс хариуцагч нь маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэх ...” чиг үүргээ бүрэн дүүрэн /хангалттай/ хэрэгжүүлсэн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.15, 4.1.27, 4.1.30 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 26.1.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, 28.2.2 дахь заалт, 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б*****гийн гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг  тогтоолгох, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 7 дахь тал

[2] Хэргийн 4-р хавтасны /цаашид “4Хх” гэх/ 193 дахь тал

[3] 1Хх 78 дахь тал

[4] 1Хх 32-34 дэх тал

[5] Хх 17 дахь тал

[6] 4Хх 245-246 дахь тал

[7] 1Хх 9-11 дэх тал

[8] 1Хх 16-17 дахь тал

[9] Ne ultra petita – талуудын шаардлагаас давж шийдвэрлэхгүй гэх утгатай хууль зүйн латин нэр томьёо

[10] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209644&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[11] Presumption - нотлох үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа ямар нэгэн фактуудын мөн чанарын тухай урьдчилсан таамаглал гэх агуулгатай хууль зүйн латин нэр томьёо. Fiktion - бодит мэтээр тусгагдаж байгаа хийсвэр, үл орших үзэгдлийн тухай хууль тогтоомжид илэрхийлэгдсэн байдлууд гэх агуулгатай хууль зүйн латин нэр томьёо.

[12] 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ТМ2025/2951 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дахь тал

[13] 4Хх 110 дахь тал

[14] 1Хх 139 дэх тал

[15] Хэргийн 3-р хавтасны /цаашид “3Хх” гэх/ 246 дахь тал