Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/414

 

     2024             4            04                                            2024/ДШМ/414                     

 

      Б.Чт холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч У.Батцэцэг, Ц.Бямбадорж,

иргэний нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Туяа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

              Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч У.Батцэцэг, иргэний нэхэмжлэгч Г.Б Э.М нарын өмгөөлөгч Д.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Чт холбогдох эрүүгийн 2303002860476 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              Б.Ч

              Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 1/14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 жил 9 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

              Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон.

              Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1061 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон.

 

              Шүүгдэгч Б.Ч нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн постны урд замд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 22 цаг 05 минутын орчимд “North Benz” загварын 31-41УБС улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээрийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, “Toyota prius 20” загварын 84-84ТӨА улсын дугаартай автомашины ардаас мөргөн, улмаар эсрэг урсгалд орж “Toyota Ractis” загварын 52-63УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Lexus RX 450” загварын 40-02УАС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, “Toyota Ractis” загварын 52-63УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Оын эрүүл мэндэд хөнгөн, “Toyota Lexus RX 450” загварын 40-02УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Э.М, Г.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Тээврийн прокурорын газраас: Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

              Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Чыг тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Чыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чоос нийт 40,812,275 төгрөг, иргэний хариуцагч Э.Бгээс нийт 31,534,775 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Г.Л, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Б нарт 4,720,051 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Б.Оад 318,000 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Б.Б-т 3,020,250 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Ц-д 4,624,500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Б-д 48,984,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Мд 1,282,750 төгрөгийг, иргэнийн нэхэмжлэгч Г.Эд 120,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Бд 9,277,500 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Лг энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Чоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч У.Батцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ч нь өөрт холбогдох хэргийн гэм буруу, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг ба шүүхийн шатанд ч гэм буруугийн хувьд маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байсан юм. Мөн хохирогч нарт учруулсан хохирлыг цаашид төлж барагдуулах болно. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан боловч анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр өвчтэй бөгөөд өөрөө ажил, хөдөлмөр эрхэлж хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Б Э.М нарын өмгөөлөгч Д.Туяа давж заалдах  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын 27 дугаар хуудаст “Иргэний нэхэмжлэгч Э.Мгийн эмчилгээнд 1,282,750 төгрөг, шатахууны зардал нийт 462,514 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,500,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7,144,500 төгрөг нийт 12,389,764 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс Э.Мгийн эмчилгээнд зарцуулсан нийт 1,282,750 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Бусад зардал болох шатахууны зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг 3,962,514 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 49, 50 дугаар хуудаст иргэний нэхэмжлэгч Э.Мгийн оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авагдсан байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Мг Төв аймгийн Зуун мод сум 1 дүгээр баг Номт 26 дугаар байр 3 тоотод амьдардаг гэж тодорхойлжээ. Хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Э.Мгийн оношилгоо, эмчилгээний зардлын баримтууд нь Улаанбаатар хотод байрлах эмийн сан, эмнэлгүүдийнх байдаг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн дуудсанаар болон эмнэлэгт үзүүлэх, шүүх шинжилгээний хүрээлэн орох зэрэгт иргэний нэхэмжпэгч Э.М нь Төв аймгаас өөрийн тээврийн хэрэгсэлд шатахуун хийж ирж байсан байдаг. Иргэний нэхэмжлэгч Э.Мгээс гарсан шатахууны зардал нь үндэслэлтэй тухайн цаг хугацаанд зарлагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Өмгөөлөгчийн зардлын хувьд иргэний нэхэмжлэгч Э.М нь нэхэмжлэх бүрэн эрхтэй. Иргэний нэхэмжлэгч Э.М Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 14-т “хууль зүйн туслалцаа авах” гэж заасан үндсэн эрхтэй хэдий ч өмгөөллийн зардлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжпэгч Э.Мгээс гарсан зардал гэж үзнэ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 178 дүгээр хуудаст авагдсан шинжээч Ц.Анхбаяр, Э.Мөнхнаран нарын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 79 дүгээр дүгнэлтээр “Э.М 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зам тээврийн ослоос үүдэлтэй дараах стрессийн түвшин өндөр. Одоогоор нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул. Сэтгэл гутрал түгшүүрийн хүндэвтэр зэрэг тогтоогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байна” гэж дүгнэжээ. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”- аар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох эрхийг шүүхэд олгосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Мгийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иргэний нэхэмжлэгч Г.Б Э.М нар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу иргэний хариуцагч Э.Бгээс нэхэмжилсэн байдаг. Иргэний нэхэмжлэгч өөрөө иргэний хариуцагчаа тодорхойлдог бөгөөд улсын яллагч иргэний хариуцагчийг заан нэрлэх эрх хуулиар олгогдоогүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд хэнд учирсан хэдэн төгрөгийн хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагчийн хэн аль нь хариуцах талаар тодорхой дурдаагүйгээс иргэний нэхэмжлэгч Г.Б Э.М нарт учирсан хохирлыг хэн хэдий хэмжээгээр хариуцахыг орхигдуулан шийдвэрлэсэн байна. Иймд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч Г.Б Э.М нарт учирсан хохирлыг иргэний хариуцагч Э.Бгээс гаргуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Ц.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Шүүгдэгч Б.Чын зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу хохирогч Г.Л, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Б нарт 4,720,051 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Б.Оад 318,000 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Б.Б-т 3,020,250 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Ц-д 4,624,500 төгрөгийг, иргэнийн нэхэмжлэгч Г.Эд 120,000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан байгаа. Мөн Э.Бд 9,277,500 төгрөгийг барагдуулахаар шийдвэрлэсэн боловч Э.Бтэй уулзахад энэ мөнгийг нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй, энэ талаар шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр дамжуулж хэлж ярина харин Б.Чын ял өөрчлөгдвөл Сонгинохайрхан дүүрэгт байдаг өөрийн байгууллагын хашаанд манаач юм уу, өөрт нь тохирох ажлыг санал болгож, үлдсэн хүмүүсийн хохирлыг хамт барагдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй. 1 хохирогч, 7 иргэний нэхэмжлэгчээс Г.Б Э.М нарын хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Энэ төлбөрийг иргэний хариуцагч Э.Бтэй хамтарч төлж барагдуулах боломжтой гэж үзэж байгаа. Иргэний нэхэмжлэгч Э.М шүүх хуралдаанд биечлэн оролцож байна. Э.Мтэй шүүх хуралдаан болохоос өмнө холбогдож шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөөр шийдвэрлэсэн 1,282,750 төгрөгийг дансыг нь аваад төлбөрийг барагдуулъя гэж хэлсэн боловч хохирол төлбөрийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болохоор шүүх хуралдаанаас хойш авна гэсэн зүйлийг хэлсэн байгаа. Шүүгдэгч Б.Чын гэр бүлийн нөхцөл байдал 5-17 насны бага болон өсвөр насны 3 хүүхэдтэй, тухайн өрхөд Б.Чоос өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж, үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг. Энэ нөхцөл байдалд аав байх эрхийг нь олгож, ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Мөн.Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ямар нэгэн байдлаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, ухамсарлаж, хуульд заасан хариуцлагаа би хүлээе, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд удаа дараа илэрхийлдэг. Энэ хэрэгт Э.Б, Э.Өсөхбаяр нар иргэний хариуцагчаар татагдсан бөгөөд шүүгдэгч болон Э.Б, Э.Ө-аас хэдэн төгрөгийг хэнд, ямар байдлаар төлөх нь тодорхойгүй байсан болохоор гэм буруугийн хурлаар шүүгдэгч Э.Бгээс 40,812,275 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Үүнийг төлж барагдуулахаар анхан шатны шүүх дээр 5 хоногийн завсарлага авч хохирол, төлбөрөө барагдуулъя гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс боломж олгоогүйгээр эрүүгийн хариуцлагын хурлыг цааш үргэлжлүүлж, ял шийтгэл оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс Б.Чт хязгаарлалт тогтоох ял шийтгэл оногдуулах саналыг хэлсэн боловч шүүх саналыг хүлээж авахгүй 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Иймд Эрүүгийн хуулийн тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцүүлэн Б.Чын ялыг зорчих эрх хязгаарлах ялаар өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ гэмт хэрэг гараад 1 жил болж байгаа. Үүнтэй холбоотой миний сэтгэц, эрүүл мэнд, ар гэрийн байдал, амьдралын хэв маягт өөрчлөлт гарсан тухай ярихыг хүсэж байна. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 4 хүүхдийн ээж, амьдралын идэвхтэй хүн байсан. Хэрэг гарснаас хойш миний бүтээмж 80-90 хувиар буурсан. Одоо би сэтгэл зүйн тогтворгүй байдалтай, машинд явж чадахгүй, гудамж талбайгаар алхаж явахад замаар явж байгаа машинааас эмээсэн, айсан, түгшсэн, найз нөхөд, хамт олон, гэр орноосоо өөрийгөө тусгаарласан ийм байдалтай 1 жил болж байна. 3, 4 их сургууль төгсөж, төрийн жинхэнэ албан хаагч болох хүсэл, зорилготой идэвхтэй амьдарч байсан хүн одоо ямар ч амьдралын идэвхгүй байгаа. Миний сэтгэл санааны байдал хүнд байгааг харгалзан үзэж, сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэж өгөх, шийдвэрлэж өгөхгүй гэхэд нээлттэй байдлаар сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжийг олгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Шүүгдэгч Б.Ч нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн постны урд замд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 22 цаг 05 минутын орчимд “North Benz” загварын 31-41УБС улсын дугаартай эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээрийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, “Toyota prius 20” загварын 84-84ТӨА улсын дугаартай автомашины ардаас мөргөн, улмаар эсрэг урсгалд орж “Toyota Ractis” загварын 52-63УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Lexus RX 450” загварын 40-02УАС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, “Toyota Ractis” загварын 52-63УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Оын эрүүл мэндэд хөнгөн, “Toyota Lexus RX 450” загварын 40-02УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Э.М, Г.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

              хохирогч Г.Лгийн “... Тухайн үед жолоочийн хажуу суудалд бас нэг үл таних эмэгтэй хүн сууж байсан. Бид 3 өөр хүн аваагүй 21 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Төв аймгаас жолооч эмэгтэй жолоогоо шилжүүлээгүй, зогсолгүй явсаар байгаад Өлзийтийн шинэ товчоон дээр ирээд цаашаагаа явж байтал жолооч эмэгтэй, зорчигч эмэгтэй 2 чанга орилолдоод явчихаар нь би доошоо утсаа оролдоод явж байсан болохоор гайхаад урагшаа хартал миний сууж явсан машины өөдөөс том ачааны машин тулаад ороод ирсэн ба тэгээд автомашинууд мөргөлдөөд би тэр үед ухаан алдсан. Нэг мэдэхэд түргэний машинд сэрээд буцаад ухаан алдсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт хагалгааны орон дээр ухаан орсон. ...” /1хх 19-21/,

 

              иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Э.Бгийн “... би Чыг дахиад Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу тээвэрт явуулахаар болоод North Benz загварын 31-41 УБС улсын дугаартай машинд бульдозер ачуулаад 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажилд нь явуулсан. Тухайн осол гарсан өдөр нь 14 цагийн орчимд Ч ажил дээр ирээд машин тэргээ угаагаад машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаад манай байгууллагын ажилтан Сайнбаяраас машинаа чиргүүлтэй нь хүлээж аваад орой 20 цаг өнгөрч байхад тээвэртээ явсан. Тухайн үед би Чын урд өөрийнхөө хувийн машинтай хамт явсан. Яагаад хамт явах болсон гэвэл том оврын ачааны машины жин тонны асуудлаас болоод жолооч нь бослого гаргаад товчоон дээр байгаа ба манай машин жин, тонн хэтэрсэн зүйл байхгүй байсан учир би шаардлагатай бол тайлбарлаад машинаа товчоогоор гаргах гээд хамт явсан юм. Би түрүүлээд Өлзийтийн шинэ товчоон дээр очоод хүлээгээд байж байтал “зам тээврийн осол гарчихлаа” гэж Ч манай найз Бадрах руу яриад, Бадрах над руу хэлэхээр нь би осол болсон газарт очсон. Би ослын газар дээр очоод эхний 15 минут юу болоод байгааг ойлгоогүй шоконд орсон. Тэгээд би жолооч Ч дээр очиход “өөдөөс гэрэл, гэрэл” гээд юу гэж хэлээд байгааг нь би ойлгоогүй. Тэгээд хаанаас ч юм баахан цагдаа нар ирчихсэн хэргийн газрыг хамгаалалтад авсан байсан. Тухайн үед зам дээр хамгаалалтад гарч байсан цагдаа нар ойрхон байсан болохоор тэгсэн юм байна лээ. Хэрэг болсноос хойш бараг цагийн дараа эмнэлгийн машин болон цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн машинаар аваад явсан. Цагдаагийн бүрэлдэхүүн хэмжилт хийсэн. ...” /1хх 25-26, 69, 2хх 170/,

 

              иргэний нэхэмжлэгч Э.Мгийн “... Зуунмод сумын МТ колонкоос 21 цаг 45 минутын орчимд машиндаа бензин хийгээд МТ колонкоос хөдлөхдөө автомашины гэрлээ асааж унтрааж үзэхэд зүгээр, хэвийн байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо хурдны замын нүхэн гарцын урд талд Төв аймгаас, Улаанбаатар хот руу явдаг зам дээр ертөнцийн зугээр урдаасаа хойшоо чиглэлд ойролцоогоор 60-70 км/цаг хурдтай явж байхад эсрэг урсгалаас том оврын улаан өнгийн North Benz загварын 31-41 УБС улсын дугаартай автомашин урсгал сөрж орж ирэхээр нь жолооны хүрдээ баруун гар тийш нь дараад аюулаас зугтаах үйлдэл хийгээд замаас гарсан боловч автомашины зүүн хойд талын арын хаалга орчим ирж мөргөөд машин хөндөлсөөд эргээд зогссон. Миний хажууд суусан эмэгтэй зорчигч өндөр дуугаар хашхирахаар нь гэнэт ухаан балартсан байж байгаад сэргээд зорчигч эмэгтэй буухаар нь би жолоочийн талын хаалгаар буух гэтэл чихэгдээд эвдрэлтэй байсан тул зорчигч талын хаалгаар нь буусан. Машинаас буугаад хойд талын хаалгыг онгойлгоод зорчигч эрэгтэйгийн биеийн байдлыг асуухад тэр эрэгтэй ухаан балартчихсан байдалтай байсан. Намайг юм асуухаар эхэндээ хариулахгүй байхаар нь би 7027103-т дуудлага өгсөн чинь Төв аймгийн 103-н хотын харьяалал тул 103-т дуудлага өг гэж хэлсэн. Тэгсэн цагдаа хүрээд ирсэн. Ирсэн цагдаа 103-т дуудлага өгсөн. Би нөхөртөө осолд орсон талаар хэлсэн. Зорчигч эмэгтэйгийн хувьд хамар хэсэг шалбарчихсан, цус гарчихсан ил шархтай байсан. Зорчигч залуугийн нүүрэн хэсэг нь шилний хагархайнуудаар зүсэгдсэн, өөрөө босоод сууж чадахгүй байдалтай байсан. Миний хувьд хамрын 2 нүхнээс цус гарсан, нүүрний зүүн тал хэсэг нь шилний хагархайны жижиг хэсгүүд шигдээд орсон байдалтай, зүүн чихний дэлбээ хэсгээс цус гарсан хэвлий, хүзүү, цээж, мөр хэсгээр хөндүүрлэсэн зовиуртай байсан. 23 цагийн орчим 103-ийн эмч ирээд миний машинд зорчиж явсан эрэгтэй зорчигч, том тэрэгний жолооч нарыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Бид нар араас нь очиж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. ...” /1хх 29-30,

 

              иргэний нэхэмжлэгч Г.Б-ын “... Lexus RX 450 загварын 40-02 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Уг автомашиныг эгч М бид 2 дундаа авсан, хамтран эзэмшдэг. Үнэлгээгээр автомашины хохирол 44.475.000 төгрөгөөр үнэлэгдсэн, үнэлгээний ажлын хөлс 2.562.000 төгрөг, ачилтын зардал одоогийн байдлаар 180.000 төгрөг, журмын хашаанаас автомашинаа одоогоор аваагүй байгаа тухайн зардал, зөөвөрлөх зардлыг нэхэмжилнэ. Цаашид гарах зардлыг мөн нэмж нэхэмжилнэ. Одоогоор 47.217.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна.” /1хх 61-62/,

 

              иргэний нэхэмжлэгч Г.Эгийн “... Буянт-Ухаагийн Нисэх рүү явдаг Шинэ замын гүүрэн гарцын ойролцоо ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлтэй 60-70 км/цаг хурдтай 22 цаг өнгөрч явж байхад эсрэг урсгалаас том улаан өнгийн ачааны машин урсгал сөрж орж ирээд жолоочийн хойд талын хаалгыг мөргөсөн. Нэг мэдэхэд машин замынхаа зүүн талд хот руу биш Төв аймаг чигтэй хараад зогссон байсан. Миний хамрын дунд хэсэг шалбараад цус гоожоод байсан. Духны зүүн талын хэсэг хавдаж хөхөрсөн, баруун нүд хөхөрсөн, нурууны ар хэсэг хөхөрсөн, 2 ташаа хөхөрсөн, толгой байнга өвдөөд, дотор муухай оргиод байсан. Дуудлага хэн өгснийг нь мэдэхгүй байна. Ачааны машин 3 автомашин мөргөсөн байсан гэж сүүлд хүмүүс яриад байсан 103-ийн машинаар манай машины ард сууж явсан залуу хамт явсан. Би ослын газарт үлдээд дараа нь Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Lexus RX 450 загварын 40-02 УАС улсын дугаартай автомашины жолооч эмэгтэй, нөхөр, жолооч эмэгтэйн дүү, бид нар Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /1хх 65-66/,

 

              иргэний нэхэмжлэгч Б.Оын “... Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цаг 05 минутын орчимд төрсөн эгч Б.Батхишигийн эзэмшлийн 84-84 ТӨА улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашиныг жолоодон ганцаараа Төв аймаг руу явах гээд Өлзийт хорооллын хуучин постны орчим ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал миний жолоодож явсан машины араас маш хүчтэй мөргөөд би мөргүүлсэн эрчиндээ машинтайгаа зүүн тийш зорчих хэсгээс гараад замын хөвөөн дээр зогссон. Тэгээд би машинаасаа буугаад машинаа хартал машины ар тал тэр чигтээ чихэгдсэн байсан ба тэр үед намайг хөвөө рүү гараад зогсох үед хажуугаар улаан өнгийн толгойтой ачааны автомашин хурдтай яваад өнгөрсөн. Тэр үед осол болсон газраас урагшаа Цагдаагийн машин байхаар нь би тэр цагдаа дээр очих гээд явж байхад замд өөр бас 2 машин мөргүүлсэн байдалтай зам дээр зогсож байсан ба нөгөө улаан өнгийн толгойтой ачааны автомашин замын зүүн талд гараад зогсчихсон байсан. Тэр ачааны машин чиргүүл дээрээ ковш ачсан байсан. Тэр үед цагдаа нар ирсэн байсан ба 103-т дуудлага өгч байсан. Хэсэг хугацааны дараа Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн. Тухайн үед ачааны автомашин хамгийн түрүүнд миний жолоодож явсан машиныг мөргөөд тэгээд цаашаа 2 автомашин мөргөсөн юм байна лээ. Цагдаагийн бүрэлдэхүүн хэмжилт хийж дууссаны дараа миний жолоодож явсан машиныг журмын хашаанд хийсэн. Уг автомашин миний төрсөн эгч Б.Батхишигийн эзэмшлийн автомашин. Манай эгч одоо БНСУ-д ажлын шугамаар сургалтад явсан байгаа. Эгч энэ машиныг анх худалдан авсан ба би уг автомашиныг унаж ашигладаг юм. Би энэ автомашиныг 6 жил унаж байгаа. Ослын улмаас машины хойд багаж чихэгдсэн, баруун хойд болон зүүн хойд талын крыло чихэгдсэн, хойд талын их гэрэл хагарсан, багажны хаалга хагарсан. Би нэгдүгээрт автомашиныг хохирлын үнэлгээгээр тогтоосон 2.814.250 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” /1хх 95, 2хх 21, 26/,

 

              гэрч Г.Б-ийн “... Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд 52-63 УНБ улсын дугаартай Т.Рактис загварын автомашиныг жолоодон Төв аймгаас Улаанбаатар хот орох 3 зорчигч суулгаад Өлзийтийн шинэ товчоо өнгөрөөд явж байтал гэнэт урдаас том оврын ачааны автомашин эсрэг урсгал сөрөөд шууд ирээд миний жолоодож явсан машины зүүн талаас мөргөөд гүүрэн доогуур гараад цаашаа яваад замаас гараад зогссон. Тэгээд би машинд сууж явсан зорчигч нарын биеийг нь асуухад “бид нар гайгүй байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад ачааны машин дээр очих гээд явж байтал замд Lexus RX автомашины зүүн талаас нэлээн хүчтэй мөргөсөн байдалтай зогсож байсан ачааны автомашин замын зүүн талд гараад зогсчихсон байсан. Тэр ачааны автомашин чиргүүл дээрээ ковш ачсан байсан. Би тэр үед нэлээн сандарсан байсан болохоор ачааны машины жолооч ямар хүн байсныг анзаараагүй. Тэр үед хамгаалалтад зогсож үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар байсан ба тэр цагдаа нар эмнэлэг болон цагдаагийн бүрэлдэхүүнд дуудлага өгч байсан. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин болон цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн ба Лексус машин дотор байсан хүнд гэмтсэн хүнийг эмнэлгийн машинаар аваад явсан. Цагдаа нар хэргийн газарт хэмжилт үзлэг хийсэн. Хэмжилт хийсний дараа миний жолоодож явсан машиныг ачигчаар журамлаад явсан. Харин миний машинд сууж явсан зорчигч нар бид нар “зүгээр юм чинь явлаа” гээд өөр машинд суугаад хот руу явсан. ...” /1хх 97/ гэсэн мэдүүлгүүд,

 

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5629, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5788, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5631, 5639, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5825, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5630, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 544, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2128, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 232-234, 239-240, 245-246, 250, 2хх 6-7, 12-13, 65-69, 89-91/,

 

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 79 дугаартай дүгнэлт /2хх 178-188/,

 

              сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /2хх 189/,

 

              хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17835/ДД№26462350 дугаартай тайлан /2хх 22-25/,

 

              хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 944, 2023 оны 5 дугаар сарын 03- ны өдрийн 171,

 дугаартай тайлан /2хх 35-40, 46-50/,

 

              хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №20230509120 дугаартай тайлан /2хх 58-62 дахь тал/,

 

              “Toyota Ractis” загварын 52-63УНБ, “Beiben North Benz” загварын 31-41УБС, “Beiben North Benz” загварын 39-30ГЧ, Toyota Lexus RX450 загварын 40-02УАС улсын дугааруудтай тээврийн хэрэгслий лавлагаанууд /2хх 93, 95-98/,

 

              “Төв авто замын засвар, арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай албан бичиг /2хх 133/,

 

                   Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 827 дугаартай магадлагаа /2хх 147-149/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Чыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүх Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч У.Батцэцэг “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

 

Мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Чт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Мгийн өмгөөлөгч Д.Туяагийн “... хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох эрхийг шүүхэд олгосон байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан, мөн шүүх иргэний нэхэмжлэгч Э.Мд учирсан хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь ямар хэмжээгээр хариуцахыг зааж өгөөгүй, шатахуун болон өмгөөлөгчийн зардлыг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

              Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан байх бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлж байна. 

 

Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна. 

 

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

 

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр иргэний нэхэмжлэгч Э.Мгийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан “сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар нөхөн төлбөр гаргуулах” талаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалтыг оруулах нь зүйтэй.

 

Мөн иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шатахууны зардал болон өмгөөлөгчийн хөлсийг гаргуулахаар” гаргасан гомдлын хувьд, иргэний нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд оруулан тооцох үндэслэлгүй, мөн бусад хохирлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч У.Батцэцэг, иргэний нэхэмжлэгч Э.Мгийн өмгөөлөгч Д.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Чын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад:

“Иргэний нэхэмжлэгч Э.Мгээс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 7.144.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. ” гэсэн хэсгийг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 

                      ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                   ШҮҮГЧ                                                       Б.БАТЗОРИГ