Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 578

 

Н.С д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 830 дугаар магадлалтай, Н.С д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.С , түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н-н С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Н.С ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С оос 1,675,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.С  гаргасан гомдолдоо: “...Би ямар ч хүнтэй хэрэлдэж зодолдоогүй. Би 07 дугаар сарын 18-нд Ч.Я, А.У хоёроос “Яагаад намайг хүн алсан гэж худлаа хэлж байгаа юм бэ” гэхэд “Айж сандрахдаа худал хэлсэн, уучлаарай. Та хүн алаагүй” гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 1,675,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг бүрэн барагдуулна. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, хууль, шүүхийн өмнө хийсэн хэрэгтээ гэмшиж хүлээж байна. Би эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт долуулаа амьдардаг. Эхнэр эмнэлгийн хяналтад байдаг, гар хөл нь муу, элэгний вирустэй тул эмчилгээ хийлгэх шаардлагатай. Миний хоёр ач охин Ц, Ц нарын ээж нь 2013 онд нас барсан. Ц төрөлхийн хэлгүй, байнгын асаргаанд байдаг тул ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж нийгмээс тусгаарлахгүйгээр ял хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч байна. Гэрч Я, У нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Миний үйлчлүүлэгч амь хохирогчийг түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шинжээчийн дүгнэлтээр тархины гэмтлийн улмаас нас барсан гэдэг. Үүнийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан хуулийн заалтыг зөрчиж эрх бүхий субьектууд үүргээ биелүүлээгүйн улмаас хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж Н.С ыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Н.С д холбогдох хэргийг хангалттай шалгаж нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон. Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн Н.С д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Н.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр С дүүргийн ...тоот хашааны урд талд иргэн Д.Б-г үл ялих зүйлээр шалтаглан гараараа түлхэж унагаж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.С ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Н.С ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Н.С  нь Д.Б-г түлхэхдээ түүний амь насыг хохироох бус өөрөөсөө холдуулах зорилготой байсан бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч газарт унахдаа гэмтэл авч, нас барахад хүрч болохыг Н.С ын хувьд урьдчилан тооцож мэдэх боломжтой байсан ч тухайн нөхцөл байдалд мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол учирсан нь болгоомжгүй гэм бурууд хамаарах тул энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтын болоод хууль хэрэглээний зөв дүгнэлт хийсэн гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Н.С ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С  нь “...Шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Н.С ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзэхэд анхан шатны шүүх нэг жилээс 5 жил хүртэл хугацаатай хорих ялаас доод хэмжээнд нийцүүлэн 2 жилийн хорих ялыг сонгож оногдуулсан нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн дахин ялыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй, түүнд оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах нь “...Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй. Ч.Я, А.У нарын мэдүүлэг зөрүүтэй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх боломжтой байсан” гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтын дүгнэлттэй маргаж, уг дүгнэлтийг үгүйсгэж Н.С ыг гэм буруугүйд тооцуулах агуулгатай гомдол гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Н.С , түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 830 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С , түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                                ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН