Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 123/2015/0011/З |
Дугаар | 139 |
Огноо | 2016-04-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 139
Д.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дорлигсүрэн нарыг оролцуулан, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар магадлалтай, Д.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Дамдинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Дамдинсүрэн би Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг Хар ямаатын Их хөндийн үтрэмийн хойд талд нийт 923 га талбайг үр тариа төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар Баянхангай сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 121 тоот захирамжаар эзэмшиж авсан юм. Гэтэл тус сумын Засаг дарга Түвшинжаргал 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 136 тоот захирамжаар газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр эзэмших эрхийг минь хүчингүй болгосон.
Би авсан цагаас эхлэн төлбөрийг төлж ирсэн. Засаг дарга энэхүү хууль бус шийдвэрээ ойлгон 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210 тоот захирамжаар 136 тоот захирамжаа хүчингүй болгож, эрх сэргээсэн. Би 2012 онд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах бэлтгэл ажлаа хангаад байтал Засаг дарга дахин 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/179 тоот захирамж гарган, газрын төлбөр төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон.
Ингэж газар тариалангийн үйл ажиллагаа явуулж эхлэх хавар цаг бүрд газар эзэмших эрхийг минь хүчингүй болгож миний бизнесийн үйл ажиллагааг удаа дараа тасалдуулж байсан. Тариалангийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар машин техник, тоног төхөөрөмж, үр, шатахуун болон бусад зүйлийг худалдан авахад нийт 500 гаруй сая төгрөгийг зарцуулсан юм. Гэвч энэ шийдвэрийн улмаас үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.
2012 оны 4 дүгээр сард 01/78 захирамжийг хүчингүй болгох талаар Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хүлээн авч хэлэлцээд Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчөөгүй гэж үзэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэр гарч миний газар эзэмших эрхийг сэргээсэн.
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга хууль эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж хуульчилжээ. Засаг даргын захирамж гаргах эрхийг бид хөндөөгүй гагцхүү хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах заалтыг Засаг дарга У.Цолмон өөрөө зөрчсөн нь захирамжаас харагдаж байна.
2. Газрын тухай хуулийн 40.1.5-т заасныг зөрчсөн, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэжээ. Би авсан цагаас эхлэн төлбөрийг төлж ирсэн бөгөөд хүчингүй болгосон захирамж гаргаж түүнийгээ өөрчлөх, хүчингүй болсны дараа зарим жилийн /2012 оны төлбөрийг 2013 оны 4 дүгээр сард төлсөн/ төлбөрийг төлсөн болно. Төрийн сангийн 140000943 дансанд шилжүүлсэн 2009-2014 оны газрын төлбөрийн баримтыг хавсаргав.
Тэрчлэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 77 тоот тогтоолын 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчин үнэ төлбөргүй эзэмшүүлэх зориулалтаар, хэмжээнээс өөр зориулалт, илүү хэмжээгээр дуудлага худалдаа явуулаагүй, төсөл сонгон шалгаруулахгүйгээр 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн газраас тухайн үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу тодорхойлсон дуудлага худалдааны анхны үнээр тооцсон газрын үнийг төсөвт төвлөрүүлэх”-ээр тогтоосноор га тутмаас 5200 төгрөг хураахаар заасны дагуу 4779600 төгрөгийн төлбөрийг 2012 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр 140000955 гэсэн төрийн сангийн дансанд шилжүүлсэн болно.
3. Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн гэжээ. Төв аймгийн захиргааны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэр гарч Засаг даргын захирамжийг хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээсэн. Үүний дараа тухайн жилийн тариалалтын хугацаа өнгөрсөн байсан боловч үйл ажиллагаагаа эхлүүлж тухайн эзэмшлийн газартаа сумын Засаг даргаас холбогдох зөвшөөрөл авч худаг гарган мөн оны 6 дугаар сард 89 га газарт нь тэжээлийн зориулалтаар арвай, овъёос тариалсан.
Тэжээлийн ургамлын ургалт сайн байсан бөгөөд 60-80 см ургасан үед Баянхангай сумын иргэдийн адуу талбайд орж тэжээлийн ургамал идэж сүйтгэн хохирол амссан. Дараагийн жил үүнээс сургамж авч 2013 оны тариалалтын өмнө 612 орчим га газрыг битүү хашаалж тухайн ондоо 3 га газар төмс, 200 орчим га газарт арвай, 40 га газарт царгас тарьж 1200 тонн ногоон тэжээл хурааж авсан. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баянхангай сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Д.Дамдинсүрэнгийн үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах зориулалтын эзэмшил газрыг хэмжиж, хяналт шалгалт хийсэн ажлын тайланд 612,5 га газар хашсан тухай тогтоосон байна.
Тэрчлэн Баянхангай сумын Засаг даргын орлон гүйцэтгэгч 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн 01/88 тоот албан бичигт танай тариалан явуулсан болон уринш хийсэн талбайг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд 263,8 га газар байна гэжээ. 2014 онд 200 га газарт уринш хийсэн бөгөөд өмнө нь ногоон тэжээл тариалж байсан талбай 240 га газар байгаа юм. Үүн дээр царгас тарьсан 40 га талбай байна. Өөрөөр хэлбэл 480 орчим га газарт тариалалт хийж байна гэсэн үг. Газар тариаланд газрын хөрсийг эргүүлж хадгалах бус хавж хагалах замаар тариалах технологийг хэрэгжүүлэх Засаг даргын бодлогыг бид хэрэгжүүлж байна.
Зориулалтын дагуу ашиглаагүй эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна гэсэн байна. Бид 2014 онд 200 орчим га газарт арвай тарьж ногоон тэжээл болгон ашиглаж байгаа юм. Үр тариа гэдэгт улаан буудайнаас гадна арвай, овъёос ордог юм. Үүний ногоон массыг хурааж мал тэжээхийг хориглосон, арвай овъёосыг үр тарианы төрлөөс хассан зүйл, заалт Монгол улсын одоогийн мөрдөгдөж байгаа аливаа нэг хуулинд байхгүй байна. Мал бордох, ямааны ноолуур нэмэгдүүлэх зэрэг эрчимжсэн аж ахуй эрхлэхэд зориулан энэ тэжээлээ ашиглаж байгаа юм. Үүнийг аж ахуй эрхэлж байгаа хүн өөрөө шийдэх эрхтэй.
Манай 923 га талбайн зарим хэсэг элсжиж, хөрс нь эвдэрсэн учраас түүнийг нөхөн сэргээх зорилгоор 2014 онд зарим талбайг өнжөөсөн, цөлжиж хөрсний эвдрэлд орсон 350 орчим га талбайд Тариалангийн хуулийн 17.2.5-т заасны дагуу “хөрсийг шим бордоогоор бордох, ойн зурвас байгуулах, олон наст үет, буурцагт ургамал тарих зэргээр хөрсний үржил шимийг салхи, усанд элэгдэж эвдрэх, давсжих, намагжихаас хамгаалсан арга, технологи хэрэглэх” ажиллагааг хэрэгжүүлсэн юм.
Үүнийг хийхэд олон настын үр цацах, нөхөн сэргээх, хөрс сайжруулахад 50 орчим сая төгрөгийн зардал гарсан. 2014 онд 200 га газарт уринш хийсэн бөгөөд 300 гаруй га талбайг хашиж хамгаалаагүй болон зарим малчин өрхийн хүсэлтийг харгалзан одоогийн байдлаар ашиглаж чадахгүй байна. Ер нь энэ газарт сумын төвийн болон гуанзны айлуудын адуу, мал ирж бэлчээрлэдэг учраас хашаалж хамгаалахгүйгээр юм тарих бололцоо олгохгүй байна. Арвай, овъёосыг ногоон тэжээлийн зориулалтаар тарьж байгаа бөгөөд тэрхүү хурааж авсан тэжээлээрээ мал тэжээж бизнес эрхлэхийг хориглосон хууль, тогтоол, шийдвэр байхгүй юм.
Харин ч Монголын төр, Засгийн газраас тэжээл тарьж эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг дэмжиж байгаа билээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3, 3.1, 4.2-т заасан заалтууд, Улсын Их хурлаас баталсан “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийн зорилт хэрэгжүүлэхтэй холбогдсон заалтууд, 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хавсралтад Баянхангай сумыг эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх аймаг, сумын жагсаалтад оруулсан заалт, Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар зүйлд “...тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуй хөгжүүлэх” тухай бодлого шийдвэрүүд зэргийг биелүүлэх ажлыг хэрэгжүүлэхийн оронд дарамтлах, элдэв байдлаар хүнд суртал гаргаж хувь хүний аж ахуй эрхлэх эрхийг зөрчихийн зэрэгцээ аймаг, улс орны эдийн засгийн хөгжилд саад тотгор учруулж байгаад харамсаж байна.
Энэ нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хөрс шороо ч ногоон тэжээл тариалахад илүү зохицсон гэсэн судалгааг үндэслэн “Атар” САА анх 1976 онд байгуулагдахдаа ногоон тэжээл барьж баруун аймгийн тууврын малыг бордож Улаанбаатарын мах комбинатад нийлүүлэх замаар Улаанбаатар хотын махны хангамжийг сайжруулах зориулалттай байгуулагдсан юм. Баянхангай сумын 2014 оны газрын албан ёсны балансаар тариалангийн газар 8510 га, үүнээс үр тариа 150 га, төмс хүнсний ногоо 158 га, тэжээлийн ургамал 20 га, жимс 8 га, өнжөөсөн талбай 8173 га гэжээ. Атаржсан талбай 25847 га гэсэн албан баланс гаргасан байна. Атаршсан болон өнжөөсөн талбай нийтдээ 34020 га газрыг цөлжүүлж байна.
Миний эзэмшиж, ашиглаж байгаа талбай энэ цөлжүүлж атаршуулсан талбайн дөнгөж 2,7% гэсэн үг юм. Энэ их атаршуулсан талбайг ашиглан газар тариалан мал аж ахуйг хосолсон орчин үеийн аж ахуйг байгуулбал ямар их бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр болох байсан бол, чухам энэ газрыг яаж зөв зохистой ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэхийн оронд яаж цөлжилтийг нэмэгдүүлж байгаль орчинд асар их хэмжээний хор, хохирол учруулж, ирээдүйн үеийнхнийхээ өмнө ямар их гэмт хэрэг хийж байгаагаа ч ойлгохгүй байна.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3-т заасан 6 заалтад нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар “тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд мэдүүлэх, Батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалтыг сумын Засаг дарга хир хэрэгжүүлж байгааг ч мэдэхгүй байна. Ингэж уг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга X.Уламсайхан, Засаг дарга У.Цолмон нар миний бизнесийн үйл ажиллагаанд удаа дараа дарамт шахалт үзүүлж үйл ажиллагааг тасалдуулснаар их хэмжээний хор, хохирлыг учруулж байна.
Энэ хугацаанд тухайн газарт техник, тоног төхөөрөмж авах, малаас хамгаалж талбай хаших, гүн өрмийн худаг гаргах, нарны эрчим хүчний жижиг станц суурилуулах, сайн үүлдрийн мал худалдаж авах, малын дулаан хашаа, хороо барих, малчид болон ажилчдын орон байр барих, тэдний цалин хөлсийг төлөх, тариалалт явуулах, хураах зэрэг урсгал зардал 1,5 тэрбум төгрөгийн зардлыг одоогийн байдлаар гаргаж газар тариалан мал аж ахуй хосолсон загвар аж ахуйг бий болгож, хаягдаж атаршсан тариалангийн талбайг нөхөн сэргээх, ашиглах хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын хүн амын мах, сүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.
Бидний явуулж буй үйл ажиллагааг сум орон нутгийн зүгээс дэмжих замаар тухайн суманд атаршиж хаягдсан 25847 га газрыг эргэлтэд оруулах, /2014 оны байдлаар 336 га талбайг тариалан ашигласан гэсэн албан ёсны тайлан гарсан/ гадна дотны хөрөнгө оруулалтыг татах, Монгол орны хөдөө аж ахуйг хөгжүүлэх төрийн бодлого, Засгын газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн оронд дарамтлах, айлган сүрдүүлэх үйл ажиллагааг сумын иргэдийн Хурал, Засаг даргын зүгээс явуулж байна.
Иймд Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/289 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянхангай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Дамдинсүрэн нь 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 923 га газрыг үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар батлаагүй байхад Газрын тухай хуулийн 20.1.2 гэсэн заалтыг зөрчин эзэмшсэн.
Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн. 2008 оны орон нутгийн сонгууль болоход 1 сарын өмнө газар тариалангийн үйл ажиллагаа зогссон намрын цагт ангийн хүүхэд Дамдинсүрэндээ хууль бусаар тариалангийн их хэмжээний газар олгосныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удаа дараа цуцлахыг шаардсан байдаг.
2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 жил 6 сарын хугацаанд нэг ч га газар хагалаагүй, тариа тариагүйг үндэслэж сумын Засаг дарга Түвшинжаргал А/179 тоот захирамж гаргаж цуцалсан байдаг. Газар тариалангийн газар эзэмшиж байгаа бол зөвхөн газар тариалангаа эрхлэх ёстой, зориулалт бусаар ашиглаж, 2 жил дараалан ашиглаагүй бол Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчиж байгаа.
Үр тариа, төмс хүнсний ногоо тариалах зохицуулалттай талбайд 2013 оноос одоог хүртэл мал аж ахуй эрхэлж, амины орон сууц зөвшөөрөлгүйгээр барьсан. 2013 онд тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Уран, Бүдүүн-дугар, Агропарк, Тэгшээгийн худагт эрчимжсэн мал аж ахуй, ферм эрхлүүлэхээр батлагдсаныг зөрчиж байна. Иймд Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/289 тоот захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна гэжээ.
Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн зарим хэсгийг ханган 309.19 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх 613.81 га газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 65 дугаар магадлалаар Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дорлигсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн: Магадлалын хянавал хэсэгт тухайлбал гээд ашиглаагүй нэгж талбарыг дурдсан байна. Харин нэгж талбарын 185493031165961 дугаар бүхий газарт ямааны үүлдрийг сайжруулахын тулд малын саравч, ямааны байр, малд өгөх өвс бэлтгэх газар хашаалсныг нэхэмжлэгчээс “зориулалтын дагуу ашигласан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд уг газрыг үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар ашигласан гэж үзэхээргүй байна гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү үзлэг шалгалтын дүн буруу гэсэн нэхэмжлэлийг гаргасаар байхад яагаад нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь ойлгогдохгүй байна.
Баянхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын шалгалт үнэн гэдгийг хэн баталсан юм, өөрсдийгөө зөвтгөх үүднээс газар тариалангийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй хүмүүсээр бүрдсэн комисс байгуулж гаргасан дүгнэлтийг яагаад үндэслэж байгаа юм, бид шинжээчийг томилуулах талаар санал гаргаагүй бөгөөд шинжээч нь Захиргааны хэрэг хянан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо, бүртгэл, техникийн зэрэг тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй, уг хэргийн талаар хувийн болон албан сонирхолгүй, хуулийн дагуу захиргааны хэргийн шүүхээс томилогдсон этгээдийг хэлнэ” гэж заасан байхад Төв аймгийн Засаг дарга, түүний орлогч сумын Засаг даргынхаа захирамжийг зөвтгөж хамгаалсаар аймгийн хүнс хөдөө аж ахуйн шинжээчийг томилсон нь уг хэргийн талаар албан сонирхолгүй байх гэсэн заалтыг зөрчихийн зэрэгцээ шинжлэх ухаан, техникийн тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй байх шаардлагыг мөн хангаж чадахгүй байгааг анхан шатны шүүх хурлын үеэс эхлэн тайлбарлаад байхад яагаад зөв гэж үзэж байгаа юм.
Шинжээчээр томилогдон ажилласан Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Алимантуяа шинжээчийн дүгнэлт буруу гарсан гэж үзэж байна. Шүүх хурал дээр энэ хүний гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн авах бололцоогүй гэдгээ тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтэд “ажилчдын хэлснээр сууцны байшингийн баруун талын 60 га орчим талбайд олон наст ургамал тариалсан гэснийг газар дээр нь очиж бүтэн тойрч үзсэн. Олон наст ургамлыг тарихдаа атаршсан талбайд тарьсан гэж хэлсэн.
Иймд дээрх талбай нь олон жил атаршсан бөгөөд хөрс боловсруулалт хийхгүйгээр атаршсан газарт тариалалт хийхэд ямар ч ургамал ургах боломжгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтээс үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжээчид тавих шаардлагыг хангаж чадахгүй шинжээч ажиллуулсан гэж үзэж байна.
Тариалангийн хуулийн 18.4-т “хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашиглахыг хориглоно” гэж заасан байна. Ийм тодорхой заалт байсаар байхад шинжээч аль өнгөрсөн дээр үеийн арга технологийг хэрэглэх тухай бичиж байгаа нь одоогийн бидний хэрэглэж байгаа техник технологи, хууль дүрэм, төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэрийн талаар дутуу хомс мэдлэгтэй буруу дүгнэлт нь шүүхийн шийдвэр гаргах бодитой нотлох баримт болж чадахгүй юм.
2. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: Магадлал нь хуулийн заалтуудыг зөв хэрэглэсэн байна уу гэдэгт магадалгаа хийж шийдвэр гаргах ёстой байтал сумын Засаг дарга, анхан шатны шүүхийн буруу дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байна. Мөн холбогдох хууль тогтоомжийг хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хууль нь Газрын тухай хууль, болон Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоол, 2016 оны 1 дүгээр сард батлагдсан Тариалангийн тухай хууль, Иргэний хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг хуулийн тодорхой заалтуудыг хэрэглээгүй юм.
Хашаалсан тариалангийн талбайн талаар: Төв аймгийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр гарсны дараа 2012 онд 100 орчим га газарт арвай, хошуу будаа тариалсан боловч ургасан ургацаа Баянхангай сумын иргэдийн адуу, малд идүүлэн хохирсон билээ. Үүнээс сургамж аван 613 га газрыг тор татан хашаалсан юм. Үлдэж байгаа 310 га орчим газрыг хашаалаагүй юм. Зөвхөн энэ хашааг 2013 оны 5-8 сарын хооронд бүтэн 3 сар асар их хүч, хөдөлмөр, хөрөнгө зарцуулж барьсан бөгөөд 30000 м төмөр тор, 15000 ширхэг төмөр шон орсон юм.
Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-т “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” гэж зааснаас үзэхэд бидний хашаалсан 613 га газар, барьсан хашаа, хороо, барилга байшин бүгдийг ашигласан гэж үзэх учиртай юм.
Нөгөө талаас Тариалангийн тухай хуулийн 13.1-д “Тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газарт дараах газар хамаарна”, 13.1.1-д “хөдөө аж ахуйн туршилт судалгааны талбай”, 13.1.2-т “тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дэд бүтцийн газар”, 16 дугаар зүйлийн 16.2.4-т “нэг ба олон наст тэжээлийн таримал”, 17.5-д “тариалангийн бүс нутагт суурин болон хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг тусгайлсан бэлчээрт эрхэлнэ”, 20.2.1-д “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах” зэрэг заалтууд, мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөнд хамаарна”, 85.2-т “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, 86.1, 86.2 87.1 дахь заалтуудад дагалдах зүйл, салгаж үл болох эрх өөрөөр хэлбэл газарт барилга байгууламж нэгэнт бий болгосон бол газартайгаа хамт шийдэгдэх, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “хөрөнгө оруулагчийн хөрөнгийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хураан авахыг хориглоно”, мөн энэ хуулийн 12 дугаар зүйл, Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг гэсэн зүйлийн 12.1.1-д “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн олон хуулийн заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргаад байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг яагаад зөв гэж үзэж байгаа юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтыг зөрчсөн гэж дараах газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Нэгж талбарын 18549303165961 дугаар бүхий эзэмших ёстой 147 га газраас 20.9 га газрыг ашиглаагүй гэж үзэж, мөн хашаалаагүй 7.9 га газрыг ашиглаагүй гэжээ. Энэхүү 7.9 га газрыг хашаалах шаардлагатай байсан боловч тус сумын захиргаанаас хэний ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хашиж өөрсдөө төмс тариалж бидний эрх ашгийг хохироосон юм. Бид энэ талаар маргаан үүсгэж болох байсан боловч тухайн сумын захиргааны ажилтан албан хаагчдын эрх ашгийг бодоод хашаалж тариалаагүй болно.
Сумын захиргаа сүүлийн 3 жил юм тариагүй бөгөөд хашаа нь эвдэрч ашиглагдахгүй болсон юм. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолд заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэжээ. Энэхүү бусдын хууль бус үйлдлийн улмаас 7.6 га газрыг ашиглах бололцоо олгоогүй юм.
Хашаалсан болов ч ашиглаагүй гэх 20.61 га газрын хувьд зориулалтын дагуу ашигласан гэж тайлбарлаж буй нэгж талбарын 18549303165961 дугаар бүхий 147 га газарт ямааны үүлдэр сайжруулах зорилготой 5824 м.кв туршилтын 1 дүгээр талбай дээр 474 м.кв, 1133.8 м кв, 243 м.кв зэрэг малын саравч ямааны байр барьсан байх бөгөөд 7062.5 м.кв туршилтын 2 дугаар талбай, 6569.2 м.кв туршилтын 3 дугаар талбай, 15358.5 м.кв туршилтын 4 дүгээр талбай, 1225.7 м.кв өвсний хашаа, хувийн байшингийн ар талд байрлах хашаалсан ашиглаагүй 56500 м.кв талбай байхаас гадна хашаа барьсан буюу олон наст ургамал тарьсан гэх 3.7 га газар, огт тариалаагүй 8.77 га газар зэрэг бүгд 20.61 га газрыг зориулалтын бус буюу мал аж ахуйн чиглэлээр ашиглагдсан болох нь нотлогдож байх тул зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзжээ.
Дээрх бүхий л талбайд барьсан малын хашаа, хороо, өвсний хашаа, ямааны ноолуур нэмэгдүүлэх туршилтын талбай гэх мэт зүйл нь барилга байгууламж гэсэн зүйлд орох учраас нь Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-т “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэсэн үндэслэлээр ашиглагдсан гэж үзэх үндэстэй болно. Нэгж талбарын 185473046442832 дугаар эзэмшил бүхий 364 га газрыг хашаалсан байх боловч тариалалт эрхлээгүй 181.2 га газар, нэгж талбарын 185483031675588 дугаар бүхий 49 га газрыг мөн хашаалсан боловч тариалалт эрхлээгүй болох нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхийн үзлэгээр нотлогдож байх тул нийт 230.2 га газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэн байна.
Тариалангийн тухай хуулийн 17.2.6-д “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй” гэж заасны дагуу эзэмшил газрынхаа 600 га талбайг хашиж хамгаалсан болно. Гэтэл шүүгч тариаланч хүн хуулиар хүлээсэн үүргээ хүртэл биелүүлж болохгүй гэж шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь хэний талд шийдвэр гаргаж байна вэ гэдгийг тодорхой харуулж байна. Иймд энэ 230.2 га газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Хашаалаагүй тариалангийн газрын талаар: Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А\209 дугаар захирамжаар тус тус газар эзэмших эрхээ сэргээснээс хойш өөрийн эзэмшлийн 923 га газраас нэгж талбарын 18546303792877 дугаар бүхий 51 га газар, 18548305411872 дугаар бүхий 135 га газар, 18548302215722 дугаар бүхий 99 га газар, 18550304083597 дугаар бүхий 78 га газар буюу нийт 363 га газар огт ашиглаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүний эзэмшил бүхий 923 га газраас 363 га газрыг огт ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.
Дээрх талбайнуудыг ашиглаагүй талаар 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд тайлбар гаргасан. Гэтэл Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэр гарснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 5 дугаар зүйлд заасан Захиргааны хэргийн шүүхийн акт, түүнийг заавал биелүүлэх тухай заалтыг Баянхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах байтал түүнийг хэрхэн эсэргүүцэх, яаж түүнийг биелүүлэхгүй байх, ямар саад тотгор учруулах талаар олон удаагийн хууль бус үйлдлээс болж ашиглагдаагүй өдий хүрсэн юм.
Бидний хашсан газар бол бэлчээрийн газар бус тариалангийн газар юм. Мөн Баянхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Уламсайхан өөрийн нарийн бичгийн дарга н.Батбямбаар ахлуулан ажлын хэсэг гарган 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сумын Засаг дарга Цолмонгийн захирамжаар 4 удаа тасралтгүй шалгасан. Энэ бол анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн зөвхөн өөрт хэрэгцээтэй мэдээлэл цуглуулж бидний газар ашиглах болон аж ахуйн үйл ажиллагаанд саад учруулах зорилготой байсан юм.
Магадлалын хянавал хэсэгт “анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Дамдинсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн 309.9 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн “үндэслэх хэсэгт ...үлдэх 613.81 га газрыг Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “гэрээнд заасан зориулалтын дагуу... ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн алдаатай дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй” гэжээ. Энэ нь алдаатай бус зөв үндэслэл байсан гэж үзэх үндэстэй.
Нөгөө талаас Засаг дарга У.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...ер нь 923 га газрыг бүхэлд нь биш 600 га газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцалж, үлдэх 300 га газрыг өөрт нь үлдээж болох байсан байна, буруу шийдвэр гаргасан байж магадгүй юм” гэж өөрсдийн гаргасан шийдвэрээ буруу гэдгийг хүлээн зөвшөөрөөд байхад яагаад анхан шатны шүүгчийн шийдвэрийг хамгаалаад байгааг ойлгохгүй байна. Энэ нь ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Н.Хонинхүү, Д.Баатархүү нар хэргийг нягтлан шалгаж шударга шийдвэр гаргахын оронд Төв аймгийн захиргааны хэргийн ерөнхий шүүгч Б.Хажидмааг хамгаалж, хуулийг яаж хэрэглэснийг тогтоож үнэн мөнийг тогтоохын оронд ёс төдий хандан нэг талыг барьсан магадлал гаргасан үзэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.2-т “шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заажээ. Шүүгчид хурлын явцад нотлогдох баримт материалыг асууж лавлах, тодруулах, ямар хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар мэтгэлцэхийн оронд гомдол гаргасан зарим нэгэн зүйл, хариуцагчийн бичсэн тайлбар зэргийг уншсан болоод 1-2 ач холбогдол багатай асуудал асуусан дүр эсгээд хурлыг дуусгаж байгаагаас харахад үнэн мөнийг олох, шударга ёсны шийдвэр гаргах чин эрмэлзэл байхгүй урьдаас хэлэлцэж тохирсон байдал ажиглагдаж байсан юм. Үүнээс үзэхэд шүүгчдийн хурал хийсэн болоод орж ирээд унших шийдвэр нь ч тодорхой байсан.
Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлсэн, Газрын тухай хууль болон түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар, Тариалангийн хууль зэрэг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, газартай холбоотой Иргэний хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Үндсэн хууль зэрэг бусад хуулийн заалтыг харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, зориулалт бусаар тухайн газар дээр эрчимжсэн мал аж ахуй эрхэлсэн, 2 жил дараалан газрын төлбөр төлөөгүй” гэж иргэн Д.Дамдинсүрэнгийн тариалангийн зориулалтаар эзэмшсэн 7 хэсэг нийт 923 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч Д.Дамдинсүрэн нь “...өмнө нь 2 удаа тариалалт эхлэх хавар цагт газар эзэмших эрхийг хүчингүй болгож, бизнесийн үйл ажиллагааг тасалдуулж байсан, уриншилсан, ногоон тэжээл тариалсан талбай нь 480 га, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж нийт газрыг ашиглаж байсан” гэж маргаж дээрх захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр захирамжаар иргэн Д.Дамдинсүрэнд Хөшөөт багийн нутаг дэвсгэрт 7 хэсэг газарт нийт 923 га талбайг үр тариа, төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, үүний 78 га газраас бусдад буюу оноосон дугаар бүхий 6 нэгж талбарт мөн өдрийн “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдсон, 923 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх гэрээ 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зэрэг нь тогтоогдсон байна.
Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь хамгаалахтай холбогдон иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж, 2.1-д “тариалангийн тухай хууль тогтоомж нь..., Газрын тухай хууль, ...энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь энэ хуульд заасан эрх, үүргээс гадна Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч, ашиглагчийн эрх, үүргийг мөн хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Дамдинсүрэн нь өөрийн эзэмшилд байлгасан 923 га газартаа тариалан эрхэлсэнтэй холбогдох мэдээллийг Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”; 17.2.4-т “тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх” үүргээ биелүүлж байгаагүй нь тогтоогдсон, харин иргэн Д.Дорлигсүрэн 150 га-д ногоон тэжээл тариалж, 200 га-г уриншилж, 100 тн ногоон тэжээл хураасан гэж мэдээлсэн нь 2014 оны ургац хураалтын мэдээнд тусгагджээ.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д сумын Засаг даргын бүрэн эрхийг “тариалангийн тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих” гэж тодорхойлсоны дагуу Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар Д.Дамдинсүрэнгийн эзэмшиж буй 923 га газарт шалгалт хийж, дүгнэлт гаргах зорилготой ажлын хэсэг байгуулагдаж “тариалангийн зориулалтаар олгосон газарт мал аж ахуй эрхэлсэн, байшин барилга барьсан, 100 га орчимд тариалалт хийсэн, 823 га-г огт ашиглаагүй” гэсэн дүгнэлт гаргасан, уг дүгнэлт нь Сумын Засаг даргын 2014 оны А/289 дүгээр захирамжийг гаргах үндэслэл болжээ.
Гэвч 7 нэгж талбар бүхий 923 га газраас, нэгж талбарын 18546303792877 дугаартай 51 га, 18548305411872 дугаартай 135 га, 18548302215722 дугаартай 99 га,18550304083597 дугаартай 78 га буюу 4 хэсэг нийт 363 га-г зориулалтаар огт ашиглаагүй, үлдэх 3 нэгж талбарын 560 га газрыг хашаалсан, зарим хэсэг газарт үр тариа, олон наст ургамал, төмс, хүнсний ногоо, чацаргана тариалсан, зарим хэсгийг ямааны үүлдрийг сайжруулах зорилгоор байгуулсан туршилтын талбайгаар ашиглаж, ямааны байр, малын саравч зэргийг байгуулж зориулалт бусаар ашиглаж байсныг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Үүнээс үзвэл, тариалангийн зориулалтаар эзэмших газрын зарим хэсгийг уг зориулалтаар бус харин мал аж ахуй эрхлэх зорилгоор эзэмшиж, улмаар малын ногоон тэжээл тариалсныг “...зориулалт бусаар тухайн газар дээрээ эрчимжсэн мал аж ахуй эрхэлсэн” гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг гаргах нэг үндэслэл болгосныг буруутгах боломжгүй юм.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдол гэж хуулийн 40.1-д заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “газрын төлбөр төлөөгүй” гэж Баянхангай сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар захирамжаар, дараа нь дахин “газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр мөн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар хүчингүй болгосныг Засаг дарга өөрөө 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаар захирамжаар, Төв аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгосон, тухайн хугацаанд тариалалт хийгээгүй нь хариуцагчийн буруугаас шалтгаалсан нь тогтоогдсон, харин газар эзэмших эрх нь сэргээгдсэн хугацаанаас хойш тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг бүрэн ашиглаагүйд нэхэмжлэгч өөрөө буруутай, гэрээ шинэчлэн байгуулах хариуцагчийн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй зэрэг нь тогтоогдсон байна.
Иймд, 923 га газрын 613.81 га-г 2011 онд байгуулагдсан гэрээнд заасан үр тарианы зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүйг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар энэ хэсэг газрыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн тул “...613 га газрыг хашаалсан, малын хашаа, хороо, барилга байгууламж барьж ашигласан нь Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын тайлбартай нийцсэн, 2016 оны Тариалангийн тухай хуульд заасан тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газарт хамаарах газар” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь “огт ашиглаагүй” гэж тогтоогдсон газрын талаар маргаагүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “...ашиглаагүй 300 га газрыг буцааж өгч...” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт эвлэрэх саналтайгаа илэрхийлж байжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан, Засаг даргын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор “тариалалт хийсэн газрын хэмжээ, байршил, уриншилсан талбай, бусад зориулалтаар ашиглаж буй газрыг тогтоолгох” буюу тооцоо хийлгэх зорилгоор шүүгч 2 захирамж гаргаж Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон нь хуулийн уг зохицуулалтад нийцсэн, шинжээчээр ажилласан Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Алимантуяа нь гаргасан дүгнэлтдээ “...олон наст ургамлыг тариалахад баримтлах технологийг зөрчсөн талаар дурдаж, олон жил атаршсан, хөрс боловсруулалт хийгээгүй талбайд таримал ургамал ургах боломжгүй” гэж дүгнэсэн нь тавигдсан асуултын хүрээнээс хальсан хэдий ч уг дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна.
Иймээс “...шинжээч томилох хүсэлт гаргаагүй байхад шинжээч томилсон, тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй, уг хэргийн талаар хувийн болон албаны сонирхолгүй этгээдийг томилох хуулийн заалт зөрчигдсөн, Ц.Алимантуягийн буруу дүгнэлтийг үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх газрын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх байдалд үндэслэн Баянхангай сумын Засаг даргын 2014 оны А/289 дүгээр захирамжийн 613.81 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ