Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 21

 

109/2016/0011/З                             2016-09-29                                 №21        

 

 

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
     болгох тухай


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би 
Нэхэмжлэгч: С.Түнжидмаа
Хариуцагч: Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооны дарга Д.Ундармаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтамир нарын “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай” тайлбарыг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын Сонгуулийн хорооны дарга Д.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтамир нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн С.Түнжидмаагийн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Өгийнуур сумын Сонгуулийн хороонд миний биеийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С.Түнжидмааг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн С.Түнжидмаагаас 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хороонд холбогдуулан “Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Архангай аймгийн сонгуулийн хорооны  2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Сумын сонгуулийн хороо байгуулах тухай” 02 дугаар тогтоолоор Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооны даргаар Д.Ундармааг томилсон байна.
 Д.Ундармаа нь Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хороог төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Мөнхтамирыг томилсон байна. 
Иймд Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооны дарга Д.Ундармаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтамир нарыг уг сонгуулийн хороог шүүхэд төлөөлөх эрхтэй гэж үзэв.
    Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 25 минутанд шүүхэд ирүүлсэн байна.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1.–д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.
    Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч С.Түнжидмаагийн шүүхэд гаргасан “Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
    Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ. 
    Учир нь тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн, хуулийн этгээд байхгүй тул хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа шийдвэрийн улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хороо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн С.Түнжидмаагийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Түнжидмаа, хариуцагч Д.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Мөнхтамир нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдэх ажиллагааг шүүгчийн туслах хийж гүйцэтгэвэл зохихыг дурдах нь зүйтэй байна. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1., 111.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын Сонгуулийн хороо “Архангай аймгийн Өгийнуур сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн С.Түнжидмаагийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

     ШҮҮГЧ                          С.ГАНБАТ