Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01399

 

С.Анхмаагийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00218 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1676 дугаар магадлалтай,

С.Анхмаагийн нэхэмжлэлтэй

Н.Баярмаад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Анхмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Баярмаа нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2.150.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгахаар гэрээ хийсэн. Н.Баярмаа нь зээл, зээлийн хүүд нийт 2.365.000 төгрөгийг өгөхгүй байсан тул 2015 оны 5 дугаар сарын 25-наас сар бүр 250.000 төгрөг өгөхөөр тохирч нийт 1.250.000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын хүүд 400.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг төлсөн боловч  үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Анх1.100.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүний 350.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа тул хариуцагчаас 750.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болормаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагчаас шаардаад байгаа гэрээ, мөнгөний асуудал огт үүсээгүй. Даваасүрэн нь Баярмаатай 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. 1.250.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Анхмаатай 2013 оны 02 дугаар сарын 26-нд 2.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй авсан мэт гэрээ хэрэгт байгаа. Зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн. Анхмаагийн зүгээс энэ зээлийн талаар нэхэмжилж байсан зүйл байгаагүй. Даваасүрэн, Баярмаа, Анхмаа, Баярмаа нарын хооронд цаг хугацааны хувьд 1 сарын зөрүүтэй, 1.250.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ 2013 оны 10 дугаар сарын 12-ноос 2013 оны 11 дүгээр сарын 13-ны хооронд нэг сарын хугацаатай гэрээ байгуулагдаагүй.

Тэмдэглэлийн дэвтрийн тасархай дээр Баярмаа өөрөө бичээд өгсөн мэт, бичсэн нь тодорхойгүй байна. Хэрэв гэрээ хийсэн бол хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой. Баярмаад Даваасүрэн мөнгө зээлдүүлсэн бол өөрөө тусдаа нэхэмжлэл гаргах ёстой. Зээлийн гэрээний асуудал хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 31-нд дууссан. Нэхэмжлэлд 2013 онд гэрээ хийгдээд 2015 оны 5 дугаар сард шаардсан болж таараад байна. 2013 оноос 2015 он хүртэл бүтэн 1 жил ямар ч ажиллагаа хийсэн зүйл байдаггүй. 2015 оны 5 дугаар сард тохиролцоо хийснийгээ батлахгүй байна. 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх ёстой. Яг хэдэн төгрөг, хэдэн төгрөгийн хүү, алдангийг яаж тооцоод байгаа нь тодорхойгүй байна. Хэрэгт хамааралгүй баримтыг хамааруулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00218 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Баярмаагаас 750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Баярмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярмаагаас 23.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Анхмаад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1676 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Баярмаагаас 750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Анхмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Баярмаагийн төлсөн 23.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 1676 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараахи гомдол гаргаж байна.

Бодит бус зээлийн гэрээг үндэслэж, хууль зүйн үндэслэлгүй шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч С.Анхмаа болон хариуцагч Н.Баярмаа нарын хооронд энэ цаг хугацаанд ийм үнийн дүнтэй гэрээ огт байгуулагдаагүй бөгөөд харин 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийн үнийн дүнтэй, 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар талууд маргаагүй юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд нь хоорондоо байгуулагдсан болон эргэн төлөгдөх цаг хугацаа, гэрээний үнийн дүн, гэрээ байгуулсан талууд гэх мэтээрээ илт зөрөөтэй. ялгаатай, өөр өөр нөхцөлтэй байсаар байтал анхан шатны шүүх эдгээр байдлуудыг тогтоолгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж....зээлдэгч гэрээний хугацаа дуусахад төлбөрийг төлөөгүй ба гэрээгээр тохиролцсон байна...гэж шүүхийн шийдвэрт дурдсан байсан.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаас заримыг  үнэлээд заримыг нь үнэлээгүй бөгөөд хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг өөрийнх нь эсрэг шийдвэр гаргахад нөлөөлүүлж хэрэглэсэн хууль бус нэг талыг барьсан үйлдэл болсон юм.

Нэхэмжлэгчийн зүгээс бус харин түүний эцэг Н.Даваасүрэнгийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа өөрийнхөө зүгээс иргэн Н.Баярмаатай байгуулсан гэх хүчингүй гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргаад үүнийгээ халхавчилж С.Анхмааг хариуцагчаар татан шүүхэд хандсаар байхад шүүх үүнийг огт тогтоолгүйгээр өөрийн үзэмжээр нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн хууль бус үйлдэл болсон юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1676 дугаар магадпалын хянавал хэсэгт: ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн байдал тогтоогдоогүй байна..., ...анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна..., ...Зээлдэгч Н.Баярмаа нь зээлдүүлэгч С.Анхмаагаас 2.000.000 төгрөгийг авсан эсэх талаар маргаагүй... гэх зэргээр дүгнэсэн нь нэхэмжлэлийг шударгаар шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн зүгээс зээл авсан эсэхтэй бус харин нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээг байгуулаагүй гэж маргасаар байхад давж заалдах шатны шүүх энэ бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй юм.

Мөн магадлалд ...хариуцагч Н.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...зээлийн гэрээний дагуу бүх төлбөрийг төлж барагдуулсан...” гэж тайлбарлаж байх боловч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна..., ...нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн зээлээс 1.250.000 төгрөг, хүү 400.000 төгрөг талаар тайлбарласан тул үндсэн зээлийн үлдэгдэл 750.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ..., ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн нь ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцсэн...гэх зэргээр дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл гэж үзэж, гомдолтой байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1676 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх боломжийг олгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Анхмааг төлөөлөн Н.Даваасүрэн нэхэмжлэл гаргасан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 750.000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч Н.Баярмаа нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө  С.Анхмаагаас авсан зээлийг төлж дуусгасан, Н.Даваасүрэнтэй гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Н.Баярмаа нь нэхэмжлэгч С.Анхмаагаас 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 2013 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирчээ /хавтаст хэргийн 2 дугаар тал/.

Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээг шаардлагын үндэслэлд дурдаж, зээл 1.250.000 төгрөг, хүү 400.000 төгрөг нийт 1.650.000 төгрөг төлсөн, зээлийн төлбөр 750.000 төгрөг төлөгдөөгүй  гэж нэхэмжлэлийн агуулгыг  тодорхойлжээ.

Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнээс гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримталсан нь оновчгүй болжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1676 дугаар магадлалын 1 дэх заалтын “...олгож” гэснийг “олгосугай” гэж өөрчлөн, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 23.150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ