| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00449/И |
| Дугаар | 318/ШШ2025/00443 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/00443
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт Б.Г холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,501,632.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-65438 дугаартай заал 287 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-65438 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 3,432,339.33 төгрөг, зээлийн хүү 996,393.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,900.16 төгрөг, нийт 4,479,632.58 төгрөг. "Таван богд финанс ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Г нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: талуудын хооронд байгуулсан 433944 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 9300165438 дугаар зээлийн дад гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,432,339.33 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 996,393.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,900.16 төгрөг, нотариатын зардалд 22,000 төгрөг, нийт 4,501,632.58 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Г гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б овогтой Г миний бие Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,501,632.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбар гаргаж байна. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 5 хувааж төлнө. Эхний төлөлт 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 900,327 төгрөгийн төлөлт хийж сар бүрийн 30-нд тогтмол 900,327 төгрөгийн төлөлт хийж бүрэн төлж дуусган. Иймд шүүх хурал орохгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б миний бие Т ХХК дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг. Хариуцагч Б.Г-н хариу тайлбартаа танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд албадан төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,501,632.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,501,632.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сард 900,327 төгрөг төлж барагдуулахаар хариуцагч Б.Г хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,976 төгрөгийн тал хувь болох 43,488 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 43,488 төгрөг, хариуцагч Б.Г-с 43,488 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,501,632.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. Гтөлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,976 төгрөгийн тал хувь болох 43,488 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 43,488 төгрөг, хариуцагч Б.Г-с 43,488 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР