| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08607/И |
| Дугаар | 191/ШШ2025/05428 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , дугаар давхарт оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс 2930 ширхэг барилгын хэв хашмал болон 251,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч О.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани барилгын хэв хашмал түрээслэх үйл ажиллагаа явуулдаг компани юм. ******* ХХК нь манай компанид хүсэлт гарган барилгын хэв хашмал, тулаас түрээсэлж байсан. ******* ХХК-д түрээсэлсэн хэв хашмалаа буцаан авахаар мэдэгдэхэд уг компаниас ...танай барилгын хэв хашмал, тулаас ******* ХХК-ийн Хан-уул дүүрэгт баригдаж байгаа барилга дээр байгаа, тэндээс очоод аваарай гэсэн. Ингээд бид хэв хашмалаа авахаар 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК-ийн барилга дээр очиход оруулахгүй, хамгаалагч ажилчид нь саад хийсэн тул цагдаа дуудсан боловч цагдаагаас шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн.
Танай хашаанд байгаа хэв хашмал нь манай өмч гэдгийг албан ёсоор мэдэгдэж, өмчөө буцааж авах оролдлого хийсэн, хэрвээ буцааж өгөхгүй бол түрээсэлснээр тооцон төлбөр авна гэдгээ 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж албан ******* ХХК-д тоот өгсөн. ******* ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 24/187 тоотоор ...гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөхгүй. Мөнх гаруда констракшн ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хэв хашмалыг буцаан өгнө, харин түрээсийн гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөхгүй гэсэн утгатай хариу өгсөн. Энэ нь тус компани манай компанийн өмч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, үйл ажиллагаандаа ашиглаж байгааг нотолж байна.
******* ХХК-ийн харуул хамгаалалт бүхий хашаанд манай компанийн өмчлөлийн нийт 2930 ширхэг 163,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий хэв хашмал байгааг тус компани хууль бусаар эзэмшиж ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Мөнх гаруда констракшн ХХК болон ******* ХХК нарын хооронд үүссэн маргаан манай компанид огт хамааралгүй бөгөөд манай өмч хөрөнгийг өгөхгүй, ашиглаж байгаа нь хууль бус юм. ******* ХХК нь үндэслэлгүйгээр манай өмчлөлийн хэв хашмалыг өгөхгүй байна. Иймд ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2930 ширхэг 163,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий хэв хашмалыг албадан гаргуулж өгнө үү.
Хэв хашмалаа гаргуулахаар шаардсан 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл манай өмчлөлийн хэв хашмалыг эзэмшиж ашиглан орлого олж үйл ажиллагаа явуулсны төлбөрийг 146 хоногоор тооцон 2930 ширхэг хэв хашмал бусдад түрээслэсэн байсан бол олох байсан орлого, үр шимийг 106,945,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл олох байсан орлого, үр шим 145,035,000 төгрөг, нийт 251,980,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Бусдад түрээслүүлж олох байсан орлогыг 1 хэв хашмалыг өдөрт 250 төгрөгөөр тооцож, нийт 2930 ширхэг хэв хашмалыг хууль бус эзэмшилдээ байлгасан 344 хоногоор тооцож гаргасан гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Кайду сити хотхон төслийн хүрээнд ******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан хамтран ажилж эхэлсэн. ******* ХХК нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулсан боловч ******* ХХК нь гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэлгүй ажлаа хаяж явснаар манай байгууллагад их хэмжээний буюу ойролцоогоор 709,260,000 төгрөгийн хохирол учруулсан. Харин нэхэмжлэлд дурдагдаж буй ******* ХХК-иас ******* ХХК-ийн хүсэлтээр хэв хашмал, тулаас түрээсэлсэн болохыг ******* ХХК-д хэн хэн нь мэдэгдээгүй. Мөн бараа хүлээлгэн өгсөн, хүлээж авсан акт үйлдээгүй.
******* ХХК нь барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2907 ширхэг хэв хашмалыг ******* ХХК-ийн хашаанд буулгасан ч үүнийг ******* ХХК-ийн эд зүйлс гэж үзэж байна.
Бидний зүгээс ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу манай байгууллагад учруулсан их хэмжээний хохирлыг барагдуулсны дараа тус барилгын талбайд үлдээсэн эд зүйлсыг буцаан өгнө. 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 24/187 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд дурдсанчлан бид ******* ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тус хэв хашмалуудыг эзэмшиж ашиглаагүй тул түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.
Иймд ******* ХХК-иас гаргасан 2907 ширхэг 163,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө болох хэв хашмал гаргуулах, хэв хашмалыг эзэмшиж ашигласны төлбөр, хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 Нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мэдэгдэл, ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24/187 тоот албан бичиг, хөрөнгийн үнэлгээ, харилцагчийн тооцооны акт, Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ, зарлагын баримтууд, фото зураг, дансны хуулга, ******* ХХК-иас гаргасан хүсэлт,
3.2 Хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс 163,800,000 төгрөгийн үнэ бүхий 2930 ширхэг барилгын хэв хашмал болон олох байсан орлого 106,945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олох байсан орлого, үр шим гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 145,035,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 251,980,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-д 2930 ширхэг хэв хашмалаа түрээслэсэн байсан. Уг компани түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул хэв хашмалаа буцаан авахаар шаардахад ******* ХХК-ийн барилгын талбайд байгаа очоод аваарай гэсэн. Гэтэл ******* ХХК нь ...******* ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргийн барьцаанд үлдээсэн хэв хашмалыг нь авсан, үүргээ гүйцэтгээд дууссаны дараа буцааж өгнө гээд манай эд хөрөнгийг өгөхгүй, хууль бус эзэмшилдээ байлгаж байна. Энэ хугацаанд бид хэв хашмалаа бусдад түрээслүүлсэн байсан бол 251,980,000 төгрөгийн орлого үр шим олох байсныг ******* ХХК хууль бусаар хэв хашмалыг өгөхгүй байснаар алдагдуулсан тул уг мөнгөн хөрөнгийг болон 2930 ширхэг хэв хашмалаа гаргуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...******* ХХК нь манай компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Тус компанийн барилгын ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан хэв хашмалыг үүргийн барьцаанд авч үлдсэн. Хашаанд байгаа хэв хашмалууд нь ...******* ХХК эсхүл ******* ХХК-ийн хэнийх нь хөрөнгө болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Мөн олох байсан орлого нь баримтаар тогтоогдохгүй, тоо ширхэг нь нэхэмжлэл болон тайлбараас нь зөрүүтэй байна гэж тус тус тайлбарлаж, маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
******* ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-тай барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр барилгын хэв хашмал, дотор болон гадар булан түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-29-32/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон О.******* нь ...би ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ба тус компанидаа инженерээр ажилладаг. Манай компани ******* ХХК-тай байгуулсан барилгын туслах материалуудын түрээсийн гэрээний дагуу нийт 2930 ширхэг хэв хашмалыг хүлээн авч, уг хэв хашмалуудыг ******* ХХК-ийн Кайду сити хотхоны барилгын хашаанд буулгуулсан. Манай компани ******* ХХК-ийн Кайду сити хотхоны барилгын ажлыг гүйцэтгэхээр тус компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаны дагуу ******* ХХК-иас дээрх хэв хашмалуудыг авч түрээслэн барилгын үйл ажиллагаандаа ашиглаж байсан. ******* ХХК нь ******* ХХК-иас хэв хашмал түрээслэн авч, барилгын үйл ажиллагаанд ашиглаж байгааг мэдэж байсан. Манай компанийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй гээд хашаанд нь үлдээсэн хэв хашмалуудыг өгөхгүй байгаа юм билээ гэж мэдүүлсэн.
******* ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-д ...Манай компаниас ******* ХХк нь хэв хашмал түрээслэн барилгын ажилд ашиглаж байсан. Гэвч тус компани нь түрээсийн төлбөрөө төлөөгүй тул хэв хашмалаа авахаар танай компанийн барьж байгаа барилга дээр 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр очсон. Гэтэл танай компани ******* компанитай тооцоотой гэсэн шалтгаанаар эсэргүүцэн өөрсдөө ямар нэгэнгэрээ манай компанитай байгуулаагүй атлаа манай компанийн өмч болох хэв хашмалыг өгөлгүйгээр эсэргүүцэл илэрхийлсэн. Цагдаагийн ажилтан ирсэн боловч мөн л өгөөгүй. Барилгын ажил ашиглаж байсан хэв хашмал нь Мөнх гаруда ХХК-ийн өмч биш гэж мэдсээр байж манай өмч хөрөнгийг барьцаалж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг мэдэгдэж байна. Барилгын ажлын улирал эхэлж, хэв хашмалын эрэлт хэрэгцээ өссөн энэ үед нийт 2907 ширхэг хэв хашмалыг хууль бусаар барьцаалснаас үүдэн манай компанид өдөрт 959,310 төгрөгийн хохирол учирч байна. Иймээс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэв хашмалыг буцаан манай компанид хүлээлгэн өгөх өдөр хүртэл хэв хашмалын бүрэн бүтэн байдлыг танай компани хариуцах ба хоног тутам түрээслүүлсний төлбөр 959,310 төгрөгийг төлөх болохыг мэдэгдэж байна гэх мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх-6/
Уг мэдэгдлийн хариуд ******* ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24/187 тоот албан бичгээр ...******* ХХК нь та бүхний ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан бичигтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Манай компани нь ******* ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төмөр беон цутгалтын аижл гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэтэл ******* ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэн төслийн барилгын ажилд саад учруулж байгаа тул гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд бидний зүгээс хэв хашмалыг буцаан өгөх боломжтой байгаа болно. Түүнчлэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэв хашмалыг буцаан манай компанид хүлээлгэн өгөх өдөр хүртэл хэв хашмалын бүрэн бүтэн байдлыг танай компани хариуцах ба хоног тутам түрээслүүлсний төлбөр 959,310 төгрөг төлөх болохыг мэдэгдэж байна гэжээ. Дээр дурдсан уг түрээсийн төлбөр нь ******* ХХК-д хамааралгүй бөгөөд та бүхэнтэй ******* ХХК-ийн зүгээс гэрээ хэлцэл байгуулаагүй тул манай компани үүнд ямар нэгэн төлбөр төлж, үүссэн хохиролд хариуцлага хүлээлэхгүй болохыг мэдэгдье. Гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн хохирол болон төлбөрийг ******* ХХК-иас шаардах нь зүйтэй болно гэх хариу өгчээ. /хх-7/
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...******* ХХК барилгын үйл ажиллагаанд ашиглаж байсан хэв хашмалууд нь өнөөдрийг хүртэл манай компанийн хашаанд байгаа. ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн тохиолдолд хэв хашмалуудыг буцаан өгнө гэж тайлбарласан.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч ******* ХХК нь маргааны зүйл болох хэв хашмалуудыг түрээсийн гэрээний дагуу ...******* ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, барилгын туслах материалуудын түрээсийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
******* ХХК нь түрээсийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн хэв хашмалаас гадна 400 ширхэг хэв хашмалыг өөр компаниас түрээслэн авч нийт 1930 ширхэг хэв хашмал болгон ...******* ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. Үүнийг хариуцагч талаас ...хэв хашмалын зарим хэсэг нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх биш байх тул шаардах эрхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Бусдаас хэв хашмал түрээслэх замаар ...******* ХХК-д хэв хашмал хүлээлгэн өгөх эсэх нь ******* ХХК-ийн эрхийн асуудал ба түрээсийн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн хэв хашмалаа бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй.
5.1 Хариуцагч ******* ХХК нь маргааны зүйл болох хэв хашмалуудыг өөрийн эзэмшилд байгаа үйл баримтад маргаагүй. Харин уг хэв хашмалуудыг хуульд зааснаар эзэмшилдээ олж авсан, ******* ХХК-ийг ажлаа бүрэн гүйцэтгэвэл уг компанид буцаан хүлээлгэн өгнө, үүргийн барьцаанд барьцаалсан гэж тайлбарласан. Энэ тохиолдолд хариуцагч нь маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг хуульд заасан аргаар олж авсан болохоо баримтаар нотлох үүрэгтэй.
Хариуцагчаас шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбарт ...******* ХХК нь барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2907 ширхэг хэв хашмалыг ******* ХХК-ийн хашаанд буулгасан ч үүнийг ******* ХХК-ийн эд зүйлс гэж үзэж байна гэжээ.
Гэрч О.*******ын мэдүүлэг болон нэхэмжлэгч ******* ХХК-ийн мэдэгдэлд ******* ХХК-иас хариу хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24/187 тоот албан бичгийн агуулга зэргээс дүгнэхэд хариуцагч нь барилгын хашаанд буулгасан хэв хашмалууд нь ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш, уг компани нь хэв хашмалыг бусдаас түрээслэн авч барилгын ажилд ашиглаж байсан болохыг мэдэж байсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасан. Гэвч хариуцагч ******* ХХК нь маргааны зүйл болох хэв хашмалуудыг ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийг тус компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Барьцаалах эрхгүй этгээдээс хэв хашмалуудыг эзэмшилдээ авсан байх тул ******* ХХК-ийг шударга эзэмшигч гэж үзэхгүй.
Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрх нь нээлттэй ба эдгээр компаниудын хооронд үүссэн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой асуудал нь ******* ХХК-д хамааралгүй байна.
Иймд хариуцагч ******* ХХК нь хэв хашмалуудыг хуульд заасан арга, хэлбэрээр олж аваагүй болох нь тогтоогдож байх тул уг компанийн хууль бус эзэмшлээс 2930 ширхэг хэв хашмал, дотор гадна буланг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
6. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь ...******* ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн танай хашаанд буулгасан хэв хашмалууд нь манай өмчлөлийн хөрөнгө гэдгийг мэдэгдсээр байтал үндэслэлгүйгээр өгөөгүй. ******* ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас уг өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хэв хашмалаа бусдад түрээслүүлж орлого олж чадаагүй. Иймд олох байсан орлого, үр шимийг 1 ширхэг хэв хашмалыг өдрийн 250 төгрөгөөр тооцож гаргуулна. Хэв хашмалаа түрээслэхдээ 1 өдрийн 300-500 төгрөгөөр түрээслэдэг боловч 250 төгрөгөөр тооцож байгаа гэж тайлбарлаж, олох байсан орлого, үр шим гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж, 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ХХК нь хэв хашмалуудыг ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш гэдгийг мэдсээр атлаа уг компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх тайлбар гаргаж үндэслэлгүйгээр бусдын хөрөнгийг олж авч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд өмчлөгч ******* ХХК-д өмчлөлийн зүйлийг нь хүлээлгэн өгөөгүй, өмчлөгч хөрөнгөө шаардсаар байтал хууль ёсны өмчлөгчийн эрхийг хязгаарлаж олох ёстой байсан орлого, үр шимийг алдагдуулсан байна.
6.1 Нэхэмжлэгч ******* ХХК нь хэв хашмал/дотор гадна булан/-ыг 1 ширхэгийг нь ******* ХХК-д өдрийн 330 төгрөг, ******* ХХК-д өдрийн 330 төгрөг, С.*******од өдрийн 330 төгрөгөөр тус тус түрээслэдэг байсан болох нь эдгээр этгээд нартай байгуулсан Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ, зарлагын баримтуудаар тогтоогдсон. /хх-29-32, 45-55/
Түүнчлэн ******* ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь ******* тоот дансны хуулгаас үзэхэд тус компани 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн орлого нийт 439,499,909 төгрөг олсон болох нь тогтоогдож байна. Уг дансны хуулгаас үзэхэд ******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд 439,499,909 төгрөг, 1 жилд 219,749,954 төгрөгийн орлого олсон байна.
Нэхэмжлэгч нь олох байсан орлогоо 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 344 хоногоор тооцож, /өдрийн 250 төгрөг х 2930 ширхэг хэв хашмал/ 251,980,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь дээрх баримтуудтай харьцуулан дүгнэхэд өмнө нь олж байсан орлого нь тогтвортой жилийн дундаж орлого 219,749,954 төгрөг байснаас гадна 1 өдрийн үнийг 250 төгрөгөөр тооцсон нь үндэслэл бүхий байна.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн дээрх орлого олж байсан баримтуудыг үгүйсгэж, няцаасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Хариуцагчаас гаргасан орлого олж байсан бол үүнийгээ татварын байгууллагад тайлангаар гаргах ба татвар төлсөн баримтаа гаргаагүй тул орлого олсон гэж үзэх гэх тайлбар үндэслэлгүй. Уг хэрэгт ******* ХХК нь олсон орлогоос татвар төлсөн эсэх нь хамааралгүй ба бусад баримтуудаар орлогоо нотолж байна.
Эд хөрөнгийг шударга бус замаар олсон этгээд нь эд хөрөнгийн үр шим, эд хөрөнгөөс олох байсан орлогыг жинхэнэ эзэмшигчид бүхэлд нь буцаан өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч ******* ХХК-иас 251,980,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2930 ширхэг барилгын хэв хашмал болон 251,980,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,394,825 /1,151,675+883,150/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,394,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 2930 ширхэг барилгын хэв хашмал болон 251,980,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,394,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,394,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ