Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00445

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Ш овогт Г.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,627,267.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Шангас овогт Г.Г нь Голомт банктай 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дугаар ......... тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ" болон "Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дугаар 31-........... тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21.0%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал хэрэглээний зээл авсан. Зээлдэгч Г.Г нь Дугаар ............ тоот дижитал зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 127 хоног хугацаа хэтрүүлэн, банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Г овогтой Г /........./-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Гэндэнжав овогтой Гантогтохоос Голомт банкны дугаар ............ тоот Дижитал зээлийн гэрээний 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд Нийт 8,627,267.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Г ХК-аас 10,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд шүүхэд нэхэмжилсэн үнийн дүн 8,627,267.74 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд буюу сар бүрийн 10-ны өдөр төлөлтөө хийж дуусгана. 2025 оны 6 дугаар 10-ны өдрөөс 1,400,000 төгрөгийн төлөлт хийж явна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны нэхэмжлэлтэй хариуцагч Ш овогт Г.Г тус шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. Зээлдэгч Г.Г нь Голомт банкны дугаар ........... τοот Дижитал зээлийн гэрээний  үүргийн гүйцэтгэлд нийт 8,627,267,74 төгрөгийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр, сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр хариу тайлбараа өгсөн байна. Зээлдэгчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,627,267.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,627,267,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 1,400,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариуцагч Г.Г хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,986 төгрөгийн тал хувь болох 76,493 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 76,493 төгрөг, хариуцагч Г.Г-с 76,493 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,627,267,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Г.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,986 төгрөгийн тал хувь болох 76,493 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 76,493 төгрөг, хариуцагч Г.Г-с 76,493 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР