| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0738/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0743 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: С.Д*****/РД:********/
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н***** нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.П*****, хариуцагч улсын байцаагч Ц.Н*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***** , Б.Н***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч С.Д***** нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н*****д холбогдуулан “…Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135043, 0135044 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн А.А*****, Б.А***** нараас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болон 25-ны өдөр тус тус гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан “…мөнгөн зээлийн үйл ажиллагаа бүртгэлгүйгээр эрхэлсэн, мөн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон” гэх агуулгаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. [1]
2.2. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н*****с “…“**********” ХХК нь бүртгэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байж болзошгүй ... зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон байж болзошгүй” гэх үйлдэлд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 250100021 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.[2]
2.3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад иргэн Б.А*****аас гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан ирүүлсэн гомдол нь “**********”-д холбогдуулан ирүүлсэн гомдолтой хамт ирсэн учир тус компани иргэн С.Д*****нарыг хамаарал бүхий байж болзошгүй гэж шалгахад хамааралгүй болохыг тогтоосон учир 2501000021 дугаартай зөрчлийн хэргийн шийдвэрлэлт С.Д*****д хамааралгүй гэж улсын байцаагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан.[3]
2.4. Харин гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан “…бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байж болзошгүй ... зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон байж болзошгүй” гэх үйлдэлд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2501000027 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.[4]
2.5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.П*****аас “Зөрчлийн хэрэг нээх тухай” улсын байцаагчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр[5], 06 дугаар сарын 08-ны өдөр[6] тус тус Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тогтоол[7], 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор[8] тус тус гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
2.6. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гомдол гаргагч С.Д*****гийн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудад эзэмшдэг харилцах, хадгаламжийн дансны мэдээлэл, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын гүйлгээний баримтыг нотлох баримтаар цуглуулсан байна.[9]
2.7. Улсын байцаагчаас арилжааны банкнуудад бүртгэлтэй С.Д*****гийн дансны мэдээллийг шалгахад, иргэн А.А*****д 394,600,000 төгрөг зээлдүүлэн шилжүүлж, 453,092,000 төгрөгийг буцаан авсан, харин иргэн Б.А*****д 22,550,000 төгрөгийг зээлдүүлэн шилжүүлж, 52,065,000 төгрөгийг буцаан авсан болохыг тогтоосон байна.
2.8. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан иргэн Б.А*****аас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд “…анх 2,000,000 төгрөг зээл авахад 1 сарын 10 хувийн хүүтэй гэж ойлгосон чинь өдөр бүр 200,000 төгрөг төлөх ёстой гээд нэхээд эхэлсэн ... миний төлөлт муудаад төлж чадахгүй болсон чинь 100,000, 200,000 төгрөгийг хамаагүй төлөөд явж бай ... миний ард хятадууд байгаа би тэд нараас цалинждаг гэрт чинь орно гэх мэтээр дарамталдаг байсан ... С.Д*****гоос анх зээл авснаас хойш сэтгэл санаагаар маш их унаж, амиа хорлох талаар ч бодоод хуулийн байгууллагад хандсан” гэж мэдүүлсэн байна.[10]
2.9. Зөрчилд холбогдогч С.Д*****гоос 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд “…Б.А***** анх 2,000,000 төгрөгийн зээл авахдаа маргааш өгнө би өдрийн 10 хувийн хүү төлнө гэж санал тавьсныг би зөвшөөрсөн ... янз янзын дүнгээр мөнгө шилжүүлэхдээ чиний мөнгийг ашигласны төлбөр гээд бодчих ... чамд 10 хувийн хүү төлөх зүгээр гэдэг байсан ... гол нь энэ хүмүүс өөрсдөө зогсоо зайгүй залгаж мөнгө зээлчих маргааш өгье, өгч чадахгүй бол 10 хувь өгье гэж өөрсдөө хэлдэг байсан ... нэг ч удаа уулзаж байгаагүй ... дарамталсан зүйл огт байхгүй ... А.А***** 10,000,000 төгрөг зээлээд маргааш нь өдрийн 10 хувиас 900,000 төгрөг надад шилжүүлээд өөрөө 100,000 төгрөг авдаг байсан ... надаас авсан мөнгөө буцааж өгөхгүйн тулд эрх бүхий байгууллагуудад худал гомдол гаргаж, гүтгэж байна” гэж мэдүүлсэн байна.[11]
2.10. Улсын байцаагчаас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн үйл ажиллагааг зогсоох тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор “...бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн болох” нь холбогдогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул зөрчилд холбогдогч С.Д***** нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг зогсоосон байна.[12]
2.11. Мөн Улсын байцаагчаас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор “...бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байх бөгөөд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлийн хүүг өдрийн 10 хувиар тогтоосон нь зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон нөхцөл байдал тогтоогдож байх тул ... 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш иргэн А.А*****аас зээлийн хүүнд тооцоолж авсан нийт 58,492,000.00 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш иргэн Б.А*****аас зээлийн хүүнд тооцоолж авсан нийт 29,515,000.00 төгрөгийг тус тус буцаан төлөх арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг” С.Д*****д даалгасан байна.[13]
2.12. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н*****с 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 0135043 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч С.Д*****г “зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүгээр зээл олгосон” гэж Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан.[14]
2.13. Мөн өдрийн 0135044 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч С.Д*****г “мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгэлгүйгээр эрхэлсэн” гэж Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан.[15]
2.14. Иргэн А.А*****аас гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад тус дүүргийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.[16]
2.15. Харин иргэн Б.Ар*****аас гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргахад тус дүүргийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2705 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.[17]
2.16. Гомдол гаргагчийн зүгээс “...намайг зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэлгүйгээр явуулсан, мөн зээлийн хүүг тогтоосон хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон гэж үзээд шийтгэл оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлын талаар хангалттай дүгнэлт хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй. Зөрчлийн хэрэгт нэг үйлдэл, эс үйлдэхүй нь хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэсэн зарчмыг ноцтойгоор зөрчсөн.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.17. Хариуцагчийн зүгээс “...Арилжааны банкнуудаас ирүүлсэн С.Д*****гийн дансны хуулгыг шүүн, тулган шалгахад С.Д*****нь иргэн А.А*****д 394,600,000 төгрөгийг зээлдүүлэн шилжүүлсэн бөгөөд 453.092.000 төгрөгийг буцаан авсан. /Зөрүү 58,492,000 төгрөг/ Харин Б.А*****д 22.550,000 төгрөгийг зээлдүүлэн, шилжүүлсэн бөгөөд 52.065.000 төгрөгийн буцаан авсан нь тогтоогдсон болно. /Зөрүү 29,515,000 төгрөг/ С.Д*****нь иргэн А.А***** болон Б.А***** нарт дансаар мөнгөн гүйлгээ хийн зээл олгож, тус иргэдээс өдөр бүр зээлийн үндсэн дүнгийн 10 хувийг шилжүүлэн авсан зэрэг үйлдлийг хянан үзээд С.Д***** нь бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлсэн, мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэхдээ зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон тул зөрчил тус бүрд 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан. Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд гомдол гаргагчийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй болно.” гэж тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Гомдол гаргагч С.Д*****гоос шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “…Шийтгэл ногдуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ц.Н***** нь анхнаасаа хууль бусаар эхэлсэн төдийгүй намайг төөрөгдөлд оруулж эрхээ эдлэх боломжийг санаатайгаар хязгаарласан төдийгүй зөрчилтэй холбоотой гаргаж өгсөн баримтыг ч төдийлөн тоож хянаж үзээгүй болох нь харагдаж байна. Анх Санхүүгийн зохицуулах хорооноос дуудаж очиж уулзахад 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны 2501000021 дугаартай тогтоолыг гардуулан өгсөн бөгөөд тогтоолд иргэн А.А*****, Н.Б*****, Б.А***** нарын гомдолтой “**********" ХХК-ийн нэрээр бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулсан гэх агуулгатай бичигдсэн байсан. Миний бие "**********" ХХК-ийн тухай огт мэдэхгүй буюу ийм компани миний нэр дээр бүртгэлгүй төдийгүй Н.Б***** гэх хүнийг огт танихгүй, холбогдож байгаагүй болон Б.А*****тай уулзаж холбогдож байгаагүй ч түүний өөрийнх нь удаа дараагийн хүсэлтээр зээлсэн мөнгөө авахаар болон А.А***** нь өөрөө надаас мөнгө авахдаа цаашаа зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулж ашиг олж байгаа учраас ашиг болгон өгсөн мөнгөний талаар баримтаар нотлох боломжтой талаар прокурорт өмгөөлөгчийн нэрээр гомдлыг хуульд заасан хугацааны дотор буюу 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан болно.
Гэтэл прокуророос ирсэн хариу мэдэгдэх хуудсанд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "**********" ХХК нь бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа 2501000021 дугаартай зөрчлийн хэрэг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр С.Д***** нь эрхэлсэн зээлийн хэмжээний дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон үндэслэлээр бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон гэх үндэслэлээр 2501000027 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн тухай бичигдсэн хариуг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл миний бие 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээсэн гэх 2501000027 дугаартай зөрчлийн хэргийн талаар огт мэдэгдээгүй төдийгүй прокурорын хариу мэдэгдэх хуудсаар бол энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэсэн нь дээрх 21 болон 27 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн үйлдлийг гэж ойлгож байна.
Түүнчлэн 2501000021 дугаартай зөрчлийн хэрэг нь надад огт хамааралгүй байхад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь огт ойлгомжгүй төдийгүй нэг зөрчлийн хэрэг үүсгэсэн үйлдэлд хоёр шийтгэл оногдуулсан нь илтэд хууль бус болохыг харуулж байна. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч тус тусдаа 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.6-д заасан " Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" Захиргааны үйл ажиллагаа бодит байдалд тохирсон байх" тусгай зарчмыг зөрчсөн үйл ажиллагааг явуулж, иргэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироож байна. Түүнчлэн энэхүү зөрчилд торгох арга хэмжээ авахын өмнө “зөрчил арилгуулах арга хэмжээ"-г авч, хугацаа олгож, зөрчлөө арилгах боломжийг олгох ёстой байтал дээрх арга хэмжээнүүдийг нэг өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөө шийдвэрлэсэн нь зүгээр л ялгаварлан гадуурхсан, өөрийнхөө хууль бус үйлдлийг санаатайгаар хаацайлах гэсэн гэж үзэж маш их гомдолтой байна.
Мөн намайг зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэлгүйгээр явуулсан, мөн зээлийн хүүг тогтоосон хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон гэж үзээд шийтгэл оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлын талаар хангалттай дүгнэлт хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь миний бие эдгээр хүмүүсийг зээл авахыг санал болгосон, мөнгө зээлэх талаар ямар нэгэн байдлаар зар явуулах, сурталчлах үйлдэл хийгээгүй бөгөөд БНХАУ-д урт хугацаагаар ажиллаж амьдрахдаа болон өөрийн амьдардаг үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан, хүмүүсийн захиасыг БНХАУ-аас авчруулах зэргээр бүрдүүлсэн өөрийн гэсэн мөнгөн хөрөнгөтэй байсныг ах дүү, найз нөхдөөс минь өөрсдөө судалж мэдээд огт танихгүй надтай утсаар холбогдон хүссэн үйлдэл бөгөөд миний бие огт танихгүй, хараагүй хүнд өөрийн хурааж хуримтлуулсан хэдхэн төгрөгөө өгөхийг хүсэхгүй байгаагаа хэлж зөвшөөрөхгүй байхад найз нөхөд, бүүр нөхрийн маань нэрийг барин гуйж гувшсаар нэг л өдрийн хугацаатай авдаг. Түүнээс урт хугацаагаар ашиг олохоор байнгын зээл олгосон зүйл байдаггүй буюу ялангуяа А.А***** нь өөрөө ашиг олж, улмаар ашгиа хуваах хүсэлт гарган мөнгө авсан талаар хангалттай баримтыг эрх бүхий албан тушаалтанд өгсөн байхад түүний намайг залилан авсан их хэмжээний мөнгийг төлөхгүй байх гэсэн үйлдлийг нь санаатайгаар өөгшүүлсэн байна.
Зөрчлийн хэрэгт нэг үйлдэл, эс үйлдэхүй нь хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэсэн зарчмыг ноцтойгоор зөрчсөн төдийгүй нэг зөрчлийн хэрэгт юм уу, хоёр зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй байна.” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.П***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/1688 дугаар Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар 2501000021 дугаартай С.Д***** бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, зээлийн өндөр хүү тогтоосон байж болзошгүй үйлдэл 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн, мөн зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т заасан заалтад дугаартай зөрчлийн хэргийг тус тусад нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна гэсэн. Шүүгчийн зүгээс иргэн хамаарах уу, хамаарахгүй юу гэдгийг асуусан хамаарна гэсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээд бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл бүртгүүлэхгүйгээр нэрэндээ “зээлийн үйлчилгээ”, “барьцаалан зээлдүүлэх газар” гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлэн тогтоосон гэж байна. Аль ч хууль дээр, Эрүүгийн хуульд ч гэсэн ялимгүй зөрчил гэж байдаг. Шалгаж нягтлахад гэмт хэрэг шиг боловч эсрэгээрээ гэмт хэргийн шинжийг агуулаагүй нөхцөл байдлууд үүснэ. Үүнийг юу гэж ойлгож байна гэхээр С.Д***** Зөрчлийн тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг зөрчсөн юм шиг харагдаж байна. Энэ хүний хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зөрчсөнтэй холбоотой үйлдэл, үйл баримт байсан уу гэхээр жишээлбэл хэн нэгэн этгээд мөнгөө өгчих гэж байгаад мөнгийг нь байнга аваад өөртөө хэрэглэж, ашиглаад би чамд ашиг өгнө, надад ингэж туслаач, өөрийг чинь хараагүй ч гэсэн би найдвартай хүн гээд байгаа энэ үйлдлээр С.Д*****г буруутгах үндэслэл болохгүй. Маш олон удаагийн чат байна. Чатад гомдол гаргагч нар бичээд л байдаг. С.Д*****гийн зүгээс мөнгөө явуул гэх зэргээр айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Эрх бүхий албан тушаалтнууд асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэхийн тулд энэ хүмүүсийн үйл ажиллагаа, магадгүй хэн нэг этгээд ял завших, бусдын эд хөрөнгийг санаатайгаар завших асуудлыг таслан зогсоохын тулд суудаг гэж ойлгож байна. Мөнгө өгөөд авсан байна, зээлийн үйл ажиллагааг санаатай зөрчсөн байна гэж үзэх боломжгүй. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулийн 3.3-д 1 удаагийн шинжтэй, эсвэл ямар нэгэн ашиг олох зорилгогүй байсан нь нотлогдвол энэ хуулийг зөрчсөн гэж үзэхгүй гэж байна. Иргэний маргаанд та түрүүлээд хүсэл зоригоо илэрхийлээд хоорондоо харилцан тохиролцоод хүү тооцсон байна. Хэдийгээр хүүтэй холбоотой асуудал бичигдээгүй ч өгсөн байна. Өгсний дараа илүү мөнгө өгсөн гэвэл та хүсэл зоригоо илэрхийлээд өгсөн асуудлыг шүүх шийдэхгүй гэдэг асуудлууд зөндөө явж байдаг. Хариуцагч албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзэж байна, эсвэл санаатайгаар хэт нэг талд ажилласан гэж үзэх боломжтой. Хүний их хэмжээний мөнгийг авчхаад буцааж өгөхгүй байгаа асуудлыг яагаад шалгаж тогтоодоггүй юм бэ. С.Д*****д “**********” ХХК-тай холбоотой зөрчлийн хэрэг нээсэн нь хамааралтай гээд баримтыг өгөөгүй бол би прокурорын байгууллагад гомдол гаргахгүй. Хэрэв тийм байсан бол прокурорт яагаад хэлж болдоггүй юм бэ. Энэ баримтыг андуураад өгсөн байна, энэ хүнтэй хамааралгүй гэх боломжтой байсан. н.А*****ын хувьд зээл чөлөөлж байсан гэдэг нь нотлогдож байна. Тэгэхээр ийм байсан юм бол үүнийгээ прокурорт хэлээд манайх ийм зөрчлийн хэрэг нээх гэж байна. Энэ нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргээ энэ хүнтэй танилцуулаад албан ёсоор гардуулах хэрэгтэй байна, танайх асуудлаа шийдвэрлүүлмээр байна гэвэл тэд нар ажиллагаанд байгаа хэрэг байна, танайх шууд тэнд оч гээд хэлэх эрх нээлттэй. Тэгэхээр эднийх хэргээ үүсгээд хэнд ч танилцуулалгүй өгсөн. Тийм учраас огт танилцуулаагүй хэрэг дээр шийдвэр оногдуулах үндэслэл байхгүй. Хэрэг үүсгээгүй явж байгаад биш юм байна гээд ********** ХХК-тай холбоотой асуудал яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. С.Д*****г яаж гаргасан нь ойлгомжгүй нөхцөл байдлаар зөрчлийн хэрэг үүсгэж явуулсан учраас энэ нь хууль бус, хуульд нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзээрэй. Тийм учраас шийтгэврүүдийг хүчингүй болгоод өгнө үү.” гэжээ.
3.3. Хариуцагч улсын байцаагч Ц.Н*****с шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хороонд иргэн А.А*****, Н.Б*****, Б.А***** нараас 2025 оны 04 дүгээр сарын 18, 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд иргэн С.Д*****д холбогдуулан мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгэлгүйгээр эрхэлсэн, мөн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон гэх агуулгаар тус тус гомдол ирүүлсэн.
Иргэн Б.А*****аас С.Д*****той холбогдуулан ирүүлсэн гомдол нь "**********" ХХК-д холбогдуулан ирүүлсэн гомдолтой хамт ирсэн учир тус компани болон иргэн С.Д*****г хамаарал бүхий байж болзошгүй гэж үзэн "**********" ХХК-д холбогдуулан нээсэн 2501000021 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ иргэн С.Д*****гоос гэрчийн мэдүүлэг авах зорилгоор утсаар холбогдон дуудан ирүүлсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлт ажиллагаа явуулж байхдаа тус 2 этгээдийг холбоо хамааралгүй тогтоосон учир 2501000021 дугаартай хэргийн шийдвэрлэл С.Д*****д хамааралгүй болно.
Иймд иргэдийн гомдлыг үндэслэн С.Д*****д холбогдох үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үндэслэл тогтоогдож байсан тул бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлсэн байж болзошгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон байж болзошгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 2501000027 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зорчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зорчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ." гэж заасны дагуу холбогдогчийн дансны орлого зарлагын гүйлгээний хуулга, мэдээлэл, талуудаас холбогдох нотлох баримтыг цуглуулсан.
Арилжааны банкнуудаас ирүүлсэн С.Д*****гийн дансны хуулгыг шүүн, тулган шалгахад С.Д*****нь иргэн А.А*****д 394,600,000 төгрөгийг зээлдүүлэн шилжүүлсэн бөгөөд 453.092.000 төгрөгийг буцаан авсан. /Зөрүү 58,492,000 τөгрөг/. Харин Б.А*****д 22.550.000 төгрөгийг зээлдүүлэн, шилжүүлсэн бөгөөд 52.065.000 төгрөгийг буцаан авсан нь тогтоогдсон болно. /Зөрүү 29.515.000 төгрөг/
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээд, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.", 18 дугаар зүйлийн 18.6-д "Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.", 19 дүгээр зүйлийн 19.1-т "Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно", тус зүйлийн 19.1.6-д "Энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоох;” гэж тус тус заасан.
С.Д***** нь иргэн А.А***** болон Б.А*****нарт дансаар мөнгөн гүйлгээ хийн зээл олгож, тус иргэдээс өдөр бүр зээлийн үндсэн дүнгийн 10 хувийг шилжүүлэн авсан зэрэг үйлдлийг хянан үзээд С.Д***** нь бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлсэн, мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэхдээ зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон тул зөрчил тус бүрд 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасны дагуу бүртгэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол хүү авах эрхээ алдах тул иргэн А.А*****, иргэн Б.А*****нараас авсан зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлбөрт авсан зөрүү мөнгө болох нийт 88,007,000 төгрөгийг тус иргэдэд буцаан олгох тухай шийдвэр гаргасан болно
Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, уул уурхайн биржийн арилжаа эрхлэгч, мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавин ажилладаг.
Тухайлбал Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль. Жолоочийн даатгалын тухай хууль. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль. Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль. Мөнгө угаах болох терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зэрэг нийт 30 гаруй санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний биелэлтэд нь хяналт тавих, эдгээр хуульд нийцүүлэн захиргааны хэм, хэмжээний акт, дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох байдлаар санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулж, түүнд хяналт тавьдаг.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд гомдол гаргагчийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй болно.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 11.34.1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу холбогдох үндэслэлийн дагуу зөрчлийн хэрэг нээгээд 14 хоногийн хугацаанд холбогдох нотлох баримтуудыг буюу хавтаст хэрэгт авагдсаны дагуу холбогдогчийн дансны орлого, зарлагын гүйлгээний хуулга, мэдээлэл, талуудаас авсан мэдүүлгийн баримтууд гэх мэтчилэн эдгээр нотлох баримтуудыг цуглуулаад зөрчил шалгах ажиллагааг явуулсан. Эдгээр ажиллагаагаар холбогдогч иргэн С.Д***** Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлд заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгүүлээгүй, эрхэлсэн, зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хязгаарласан хориглосон заалтыг зөрчсөн эдгээр зөрчлүүдийг гаргасан учраас Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлд заасан хариуцлагын арга хэмжээг тус тусад нь авсан. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 1 төрлийн зөрчилд 2 хариуцлага ноогдуулсан гэдэг тайлбарыг хэлж байна. 1 төрлийн зөрчил биш. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тусдаа зөрчил байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэдэг зарчмыг тусгасан. Тэгэхээр иргэний хувьд 2 төрлийн зөрчил гаргасан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэлгүйгээр эрхэлсэн, зээлийн хүүгийн дээд хэмжээг зөрчсөн 2 төрлийн зөрчлийг гаргасан учраас тус тусад нь шийтгэлийг оногдуулсан. Улсын байцаагч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрэн эрхийг хэрэгжүүлж оногдуулсан нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны гол үндэслэл нь тухайн зөрчил гарсан уу, тухайн зөрчилд холбогдох Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага ногдуулах арга хэмжээг авсан уу гэдэг асуудал шүүхийн хүрээнд яригдах байх. Гомдол гаргагчийн төлөөлөгчийн зүгээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэдэг агуулгыг дурдаж ярихгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс, гомдол гаргах агуулгын хүрээнд нэхэмжлэлийн үйл баримтыг ярьж байгаа болохоор хариуцагч талаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн дагуу эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч ийм ийм ажиллагаануудыг хийсэн гэдэг үйл баримтыг ярихаас өөр аргагүй байдалд хүрч байна. Иймд эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн, бичгийн нотлох баримтаар тогтоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлагын арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлж авч хэрэгжүүлсэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч С.Д*****гийн гомдлын шаардлагад дурдсан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н*****н 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135043 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н***** 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135044 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н***** 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135043 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн тухайд:
1.1. Иргэн А.А*****, Б.А***** нараас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болон 25-ны өдөр тус тус С.Д*****д холбогдуулан “…мөнгөн зээлийн үйл ажиллагаа бүртгэлгүйгээр эрхэлсэн, мөн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон” гэх агуулгаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. [18]
1.2. Улмаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н*****с “…“**********” ХХК нь бүртгэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байж болзошгүй ... зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон байж болзошгүй” гэх үйлдэлд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 250100021 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.[19]
1.3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад иргэн Б.А*****с гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан ирүүлсэн гомдол нь “**********”-д холбогдуулан ирүүлсэн гомдолтой хамт ирсэн учир тус компани иргэн С.Д***** нарыг хамаарал бүхий байж болзошгүй гэж шалгахад хамааралгүй болохыг тогтоосон учир 2501000021 дугаартай зөрчлийн хэргийн шийдвэрлэлт С.Д*****д хамааралгүй гэж улсын байцаагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан.
1.4. Харин шүүхэд гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан “…бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байж болзошгүй ... зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон байж болзошгүй” гэх хоёр үйлдэлд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2501000027 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.[20]
1.5. Ингээд хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н*****н 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135043 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Д*****г Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутган 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
1.6. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь:”, 1.2 дахь заалтад “зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
1.7. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.” гэж зохицуулжээ.
1.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, субъектын хувьд аливаа иргэн байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд энэ тохиолдолд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээний дотор багтаан бусдад зээл олгох учиртай байна.
1.9. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Зөвлөл[21] дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд, 17.4.2 дахь заалтад “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох;” гэж заасны дагуу Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ”-г тогтоох тухай тогтоолын[22] 1 дэх заалтаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосугай.” гэж тогтоосон байна.
1.10. Тодруулбал, бусдад мөнгөн зээл олгох иргэний зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ.
1.11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүхэд гомдол гаргагч С.Д***** нь ****** ХК-д ********** дугаартай харилцах данс, ****** ХХК-д **********, **********, **********, ********** дугаартай данснуудыг эзэмшдэг бөгөөд тус дансдаар иргэн А.А*****д 394,600,000 төгрөгийг зээлдүүлж, 453,092,000 төгрөгийг буцаан авсан, харин Б.А*****д 22,550,000 төгрөгийг зээлдүүлж, 52,065,000 төгрөгийг буцаан авсан болохыг С.Д*****гийн эзэмшдэг харилцах дансны гүйлгээний хуулгаар тогтоогддог.
1.12. Ингэхдээ иргэн А.А****** болон Б.А***** нар нь С.Д*****д өдрийн 10.0 хувиар илэрхийлэгдсэн хүүний мөнгөн төлбөрийг өгч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дансдын хуулга, хариуцагчаас хийсэн тооцооны нэгтгэлээр[23] тус тус тогтоогдож байна.
1.13. Мөн хавтаст хэрэгт авагдсан зөрчилд холбогдогч С.Д*****гоос 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр авсан мэдүүлэгт “…Б.А*****анх 2,000,000 төгрөгийн зээл авахдаа маргааш өгнө би өдрийн 10 хувийн хүү төлнө гэж санал тавьсныг би зөвшөөрсөн ... чамд 10 хувийн хүү төлөх зүгээр гэдэг байсан ... А.А*****10,000,000 төгрөг зээлээд маргааш нь өдрийн 10 хувиас 900,000 төгрөг надад шилжүүлээд өөрөө 100,000 төгрөг авдаг байсан” гэх мэдүүлгээс үзэхэд гомдол гаргагч С.Д*****нь зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү тооцож авдаг байсан болох нь тогтоогдож байна.
1.14. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135043 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэл бүхий байх тул гомдол гаргагчийн энэ гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н******н 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135044 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дахин шинэ акт гаргах 58 хоногийн хугацаа тогтоон маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2.2. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.3. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.Н*****н 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135044 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Д*****г Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутган 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 88.007.000 төгрөгийг буцаан төлүүлэх албадлагын арга хэмжээг авсан байна.
2.4. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.
2.5. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.”, 3.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно.” гэж тус тус зохицуулжээ.
2.6. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасан.
2.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, субъектын хувьд аливаа иргэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж болохоор байх бөгөөд энэ тохиолдолд иргэнийг мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлэхгүйгээр эрхэлсэн гэж буруутгах гэж байгаа бол тухайн мөнгөн зээл олгосон иргэний явуулсан зээлийн үйл ажиллагаа нь байнгын шинжтэй төдийгүй ашиг олох зорилготой байсан эсэхийг хариуцагч хангалттай тогтоох шаардлага тавигдаж байна.
2.8. Өөрөөр хэлбэл, хуулийн дээр дурдсан зохицуулалтуудын гол зорилго, үзэл санаа нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг аж ахуйн үйл ажиллагааны нэгэн адил байнга эрхэлж, түүнээсээ ашиг олдог бол тухайн иргэнийг бүртгэлд хамруулахаар хуульчилсан байна.
2.9. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүхэд гомдол гаргагч С.Д*****нь иргэн Б.А*****д 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 10 удаагийн гүйлгээгээр /богино хугацаагаар/ 22.550.000 төгрөгийг зээлдүүлсэн, иргэн А.А*****д 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийт 68 удаагийн гүйлгээгээр /богино хугацаагаар/[24] 394.600.000 төгрөгийг зээлдүүлжээ.
2.10. Мөн 1-р хавтаст хэргийн 168-216 дахь талд авагдсан С.Д*****болон А.А***** /утас: ********/, Б.А*****/утас: *********/ нарын өөр хоорондоо харилцсан утасны зурвасуудыг бүхэлд нь судлахад эдгээр хүмүүс нь хоорондоо удаан хугацаанд байнгын холбоотой байсан, зарим тохиолдолд А.А*****, Б.А***** нар нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гомдол гаргагч С.Д*****гоос зээл авдаг байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд эндээс эдгээр хүмүүсийн хооронд үүссэн зээлийн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн дагуу үүсэх зээлийн харилцаа, эсхүл Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу үүсэх зээлийн харилцаа эсэхэд хариуцагч анхаарал хандуулж, хяналт шалгалтын хүрээгээ үүнд чиглүүлэх нь зүйтэй байна.
2.11. Түүнчлэн, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэргээ С.Д***** д танилцуулаад албан ёсоор гардуулах ёстой байсан. Гэтэл хариуцагч хэргээ үүсгээд хэнд ч танилцуулалгүй өгсөн. Тийм учраас огт танилцуулаагүй хэрэг дээр шийдвэр оногдуулах үндэслэл байхгүй” гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн авсан.
2.12. Учир нь, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад иргэн Б.А*****с гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан ирүүлсэн гомдол нь “**********”-д холбогдуулан ирүүлсэн гомдолтой хамт ирсэн учир тус компани иргэн С.Д*****нарыг хамаарал бүхий байж болзошгүй гэж шалгахад хамааралгүй болохыг тогтоосон учир 2501000021 дугаартай зөрчлийн хэргийн шийдвэрлэлт С.Д*****д хамааралгүй гэж улсын байцаагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурдаж байх бөгөөд харин гомдол гаргагч С.Д*****д холбогдуулан “…бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байж болзошгүй ... зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон байж болзошгүй” гэх үйлдэлд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2501000027 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа С.Д*****д эрх, үүрэг танилцуулсан баримт байхгүй, түүнээс зөвхөн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан, зөрчлийн хэргийн материалыг танилцуулаагүй зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.
2.13. Тиймээс гомдол гаргагч С.Д***** нь өөрийгөө ямар зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаа /2501000021, 2501000027 дугаартай зөрчлийн хэргийн аль нь болох/, ямар эрх, үүрэгтэй оролцож байгаа, зөрчлийн хэрэгт ямар нотлох баримтууд авагдаж, түүнээс ямар нөхцөл байдлууд тогтоогдож байгааг мэдэх боломжгүй болсон байна.
2.14. Нэгтгэн дүгнэхэд, хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.10-2.13-т заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйн улмаас шүүх гомдол гаргагч С.Д*****г Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчил гаргасан эсэхэд эцсийн байдлаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул хариуцагч дээр дурдсан ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зөв гэж үзлээ.
2.15. Шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолох болохыг тэмдэглэж байна.
2.16. Мөн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нэмэлт ажиллагаа хийж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0135044 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.13 дахь заалт, 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч С.Д*****с гаргасан гомдлын шаардлагуудаас “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны 0135043 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны 0135044 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.14-д заасан тодруулах ажиллагаануудыг хийж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны 0135044 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 55-62 дахь тал
[2] 1Хх 156 дахь тал
[3] 1Хх 48-19 дэх тал
[4] 1Хх 52 дахь тал
[5] 1Хх 154-155 дахь тал
[6] 1Хх 161-162 дахь тал
[7] 1Хх 158-159 дахь
[8] 1Хх 165-166 дахь тал
[9] 1Хх 71-146 дахь тал
[10] 1Хх 148-149 дэх тал
[11] 1Хх 151-152 дахь тал
[12] 1Хх 185 дахь тал
[13] 1Хх 236 дахь тал
[14] 1Хх 233 дахь тал
[15] 1Хх 234 дэх тал
[16] 1Хх 230-232 дахь тал
[17] 1Хх 34-36 дахь тал
[18] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 55-62 дахь тал
[19] 1Хх 156 дахь тал
[20] 1Хх 52 дахь тал
[21] Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл
[22] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048224578381 /нийтэд илэрхий нотлох баримт/
[23] 1Хх 135-146 дахь тал
[24] Мөн тэнд