Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/415

 

      2024             4            04                                         2024/ДШМ/415                     

 

      Х.Пид холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр Х.Пид холбогдох эрүүгийн 2309000002747 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Х.П

 

            Шүүгдэгч Х.П нь үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүкт “Kh Рj” гэх хаягаас “заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Б.Нг Сүхбаатарр дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын орчмоос “Хөгжим бүжгийн коллежийн заал түрээслүүлнэ, 1 цагийн 60,000 төгрөг урьдчилгаа 25,000 төгрөг шилжүүл” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн Хаан банкны .... дугаарын дансаар 25,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк групп дээр заал хайсан иргэдэд “спорт заал байна, 1 цагийн 70,000 төгрөг урьдчилгаа мөнгөө явуул” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Е.Х-аас 2 цагийн заалны урьдчилгаа 40,000 төгрөгийг .... тоот дансаар шилжүүлэн авсан,

            фэйсбүүкт “Kh Рj” гэх хаягаас “заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон Ч.Х-ыг “Сити их сургуулийн заал түрээслүүлнэ, 1 цагийн 70,000 төгрөг, урьдчилгаа 40,000 төгрөг шилжүүл” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн Хаан банкны .... дугаарын дансаар 40,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            фэйсбүүкт “Kh Рj” гэх хаягаас “заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Д.Х Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дөлгөөн нуур орчмоос “100 айлын энд заал байна, бүтэн 1 цагийн 40,000 төгрөг урьдчилгаа 20,000 төгрөг, 2 цаг авахаар бол эхлээд 40,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүл” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн Хаан банкны ....дугаарын дансаар 40,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ сургуулийн спорт заалыг түрээслүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Д-оос 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Хаан банк” дахь ... тоот данснуудаар 70,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 215,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Пийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Пид тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Пүрэвдагва бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Х.Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.” гэж заасан боловч уг шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн аль зүйл, хэсэг, заалтыг баримталж тэнссэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэ талаар шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Шүүгдэгч Х.Пийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.Пид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгчдэгч Х.Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсүгэй гэж шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх Х.Пид ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ямар зүйл заалтыг журамлаж, тэнссэн нь ойлгомжгүй. Энэ талаар шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн байна. Энэ шийтгэх тогтоол нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Уг шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. Энэ эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Пид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал; прокуророос Х.Пийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Х.Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ямар үндэслэлээр, ямар хуулийн заалт барьж шүүгдэгч Х.Пид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, тус шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс урьдчилан таамаглаж дүгнэлт гарган шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах боломжгүй юм.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаарр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаарр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ