Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00450

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Ч овогт Г.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О овогт Б.Э-д холбогдох,

2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 02 дугаар сарын 05-нд Б.Эрдэнэбатад 19,100,000 төгрөгийн мах Улаанбаатар хот руу ачуулсан. Үүнээс эхний ээлжинд 16,500,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 2,600,000 төгрөг өгөхгүй удааж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Т-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Замын-Үүд хил дээр  байх үедээ 1,100,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг харилцан тохиролцож төлөхөөр болсон. Иймд шүүх хурдаар шийдвэрлэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хариуцагч Б.Э-д холбогдох 2,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай нөхрийн данс руу 1,100,000 өгрөг өгсөн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг  энэ 7 сардаа багтааж төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулж  авна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Т-н 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрч, 1,100,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 1,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийн тал хувь болох 28,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 28,275 төгрөг, хариуцагч Б.Э-с 28,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Т-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Т-н 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,100,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 1,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сард төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийн тал хувь болох 28,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 28,275 төгрөг, хариуцагч Б.Э-с 28,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Т-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР