Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00464

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Х ХК-ийн У салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч овогт Д.С холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,852,207.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХК-ийн Увс салбарын захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.С нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны Увс салбарын Давст тооцооны төвөөс ............. тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй зээлдэж авсан .......... тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Д.С нь зээлийн гэрээний 2.1.1.3, 2.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээл 196 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хэрэг хянан тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, 751.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав гэжээ.               

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Х ХК-ийн нэхэмжилсэн үнийн дүн 8,852,207.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг сар бүрийн 20-нд буюу 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс  737,684 төгрөгийн төлөлт хийж явна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Д.С-н зээлийг 12 сарын хугацаанд сар бүрийн 20-ны тодор төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Зээлдэгч хугацаандаа хийхгүй бол  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.С-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,852,207.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,852,207.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 737,684 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариуцагч Д.С хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,585 төгрөгийн тал хувь болох 78,293 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 78,293 төгрөг, хариуцагч Д.С-с 78,293 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,852,207.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Д.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,585 төгрөгийн тал хувь болох 78,293 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 78,293 төгрөг, хариуцагч Д.С-с 78,293 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР