| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2025/00014/И |
| Дугаар | 318/ШШ2025/00472 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2025/00472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт О.Т,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие :.......... Увс аймгийн Тэс суманд төрсөн, .......... настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 5 дугаар анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. Миний аав О нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн ууган гишүүн бөгөөд насаараа нэгдлийн мал малласан юм. Би эцэг, эхийн хамт 1985 оны 1 дүгээр сараас эхлэн 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Малчнаар ажиллаж байхдаа хааяа нэг нэгдлийн сүү тосны зовадад ах эгчдээ туслаж хааяа сүү машинддаг байсан. Гэхдээ малчнаар ажилласан цалингаа л авдаг байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичиг баримт байхгүйгээс маш их хохирч байна. Аймгийн архивын бичиг баримтаас шүүлгэхэд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт гарсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч О.Т нь бага наснаасаа аав, ээжтэйгээ нэгдэлд мал маллаж байгаад 16 нас хүрээд хөдөлмөр эрхлэх насанд хүрч 1985 оноос Тэс сумын Лениний зам нэгдэлд үхэр авч маллаж эхэлсэн. Нэгдэл тарах хүртэл мал малласан байдаг. О.Т нь 1990 оны дуустал малчнаар ажиллаж байснаа тогтоолгон гэж шүүх нэхэмжлэл гаргасан боловч 1990 оноос 2000 он хүртэл улсаас баталгаажуулж өгсөн жилээ авсан учраас 1989 оныг дуустал малчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус нэгдэлд О.Т малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Засаг даргын тамгын газрын архиваас авсан цалингийн тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Одоо 56 настай тэтгэвэрт гарах нас нь болоод тэтгэврээ тогтоолгох гэхлээр хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Тэс сумын Лениний зам нэгдэлд анх ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Ийм О.Тийг 1985 оноос 1989 оны дуустал Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Н.О иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан О-н Т-н Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ш.М-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 938 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г-н иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ц.Д-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Д-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 198 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Оршихын Тэрбишийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 71 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Ш.М, Д.Г, Ц.Д, Т.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Т-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Т нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н.О-д олгосон итгэмжлэлээсээ 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч О.Т-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Т нь хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан О.Т Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №101-д О.Т, Тэс сумын Лениний зам нэгдэлд үйлдвэрлэгч, 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэжээ.
3.1. Шүүхээс гэрч Ш.М, Д.Г, Ц.Д, Т.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ш.М Би 1985-1987 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. О.Т нь аав ээжийнхээ хамт Тэс сумын Лениний зам нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байгаад 1985 оноос өрх тусгаарлаж үхэр малласан. О.Т нь малчин байсан нь үнэн. Өөр ажил төрөл хйиж байсныг мэдэхгүй гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 938 дугаартай шийдвэрээр, Д.Г Би 1975-1994 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 2 дугаар бригадад малчин, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. О.Т нь 4, 5 дугаар анги төгсөөд аав ээжийнхээ хамт Тэс сумын Лениний зам нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж эхэлсэн. О.Т 16 нас хүрээд тусдаа гарч малаа өөрийн нэр дээр шилжүүлж авч нэгдлийн мал малласан. Тэрээр нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан. Тухайн үед нэгдлийн даргаар н.Н гэх хүн ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Ц.Д Би 1975-1990 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. О.Т 1985-1990 он хүртэл аав, ээжийнхээ хамт Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөөний хүмүүс нэгдлийн мал маллахаас өөр ажил байхгүй байсан юмаа. О.Т нь бага байхдаа түлээ мод хагалж байгаад баруун гарын хомхой хуруугаа авч байсан учраас цэрэгт яваагүй. Тэрээр голдуу үхэр маллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 526 дугаартай шийдвэрээр, Т.Д Би 1970-1992 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. О.Т нь багаасаа аав, ээжийн хамт Тэс сумын Лениний зам нэгдэлд үхэр маллаж байсан билээ. Тухайн үед О.Т тусдаа гараагүй, мөн цэрэгт яваагүй байсан. Миний мэдэхээр О.Т 1992 хүртэл буюу хувьчлал тартал мал маллаж байснаас өөр ажил хийж байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч О.Т нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан О.Т Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, гэрч Ш.М, Д.Г, Ц., Т.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч О.Т-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт О.Т Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР