Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 114/ШШ2025/0043

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Н******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “” ХХК /РД:/-ийн гомдолтой,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Э нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: 
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э*******
Гомдол гаргагчийн өмгөөлөгч:  Т.Э*******
Хариуцагч улсын байцаагч:       Б.Э 
Гэрч:                                             С.Х
           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
                     ТОДОРХОЙЛОХ нь:
     Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч “” ХХК нь Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Эийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дархан сумын р багийн иргэн Д.Н*******гаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт “”-н “...бүх хоолонд орсон орц, хадгалалтын горимыг, технологийн явцыг хянаж, тогоочийн ур чадварыг шалгах” тухай гомдлыг гаргаж, уг гомдол нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гомдлын дэвтрийн 94 дугаарт бүртгэжээ.
2.2. Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Э нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргагч “” ХХК-д хяналт шалгалтыг хийсэн байх бөгөөд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт “ хоолны дээж аваагүй, хөргөгч, хөлдөөгчний бүртгэл байхгүй, түүхий эд бүтээгдэхүүний шинжилгээний бичиг болон ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дэвтэр байхгүй гэж” тэмдэглэгдсэн байна.
2.3.@gmail  хаягаас тус аймгийн Прокурорын газрын албан ёсны цахим шуудангийн [email protected] хаягт 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 12 минутад гомдлын бүртгэл-Э-2025 xlsx(14.1K) нэртэй файлыг илгээж, дугаартай гомдлыг Прокурорын байгууллагын үйл ажиллагааны цахим бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгджээ.
2.4.Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд “” ХХК-д холбогдуулан Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэргийг нээх тухай тогтоолыг үйлдэж, зөрчлийн ******* дугаар авагдсан, улмаар 08 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавраар “хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах шаардлага MNS4946:2019 стандартад заагдсанаар халуун, хүйтэн хоол, ундааны нэр төрөл бүрт технологийн заавар, жор, орцыг тусгасан картыг боловсруулан баталж, мөрдөж ажиллах, хоолны цэсэн дээр хоолны шим тэжээл, давсны болон сахарын агууламжийг тодорхойлж бичээгүй, хоолны шим тэжээлийн, илчлэг, давсны агууламжийг итгэмжлэгдсэнг лабораторид шинжлүүлж, баталгаажуулах, дээжийн хөргөгч, хоолны дээжийн бүртгэлийн дэвтэр хөтлөх” ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгаснаар, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна.
2.5. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Э*******д хэргийн материалыг танилцуулж, Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоолд “хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 49:46:2019 стандартад заагдсанаар халуун, хүйтэн хоол, ундааны нэр төрөл бүрт технологийн заавар жор, орцыг тусгасан картыг боловсруулан баталж, мөрдөж ажиллаагүй, хоолны цэсэн дээр хоолны шим тэжээл, давсны болон сахарын агууламжийг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, баталгаажуулаагүй, дээжийн хөргөгч, хоолны дээжийн бүртгэлийн дэвтэргүй гэх хэргийг дуусгасан тул  “...Зөрчлийн ******* дугаартай хэргийг хүргүүлсүгэй” гэжээ. 
2.6. Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Эээс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч “” ХХК-ийг Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүнсний үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам мөрдөөгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 3 000 000 /гурван сая/  төгрөгийн торгууль ногдуулжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: н.Н******* гэх эмэгтэй буюу хоол үйлдвэрлэлийн газарт 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иж бүрдлийн хоол захиалж идсэн байдаг. Тус иж бүрдэлд байсан луувангийн салатыг их гашуун байна гэх гомдол гаргахаар нь тогооч нь дөнгөж сая амталсан гашуун байх ёсгүй дээ гээд өөрөөр солиод өгөх үү? гэхэд нь үгүй гээд төлбөрөө төлөөд гарсан байдаг. Улмаар Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтэст гомдол гаргасан байсан ба энэ гомдол мэдээллийн дагуу явж байна гээд 3,4 хоногийн дараа хүн ирж, шалгалт хийгээд тухайн үед үйлчилж байсан луувангийн салатыг аваад явсан байдаг. Тэр салатыг шинжлүүлээгүй юм уу, шинжлүүлээд ийм байна гэх хариу бол бидэнд одоог хүртэл ирээгүй байгаа. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд тус луувангийн салатыг гомдол гаргагчийн үгээр гашуурч муудсан гэж бичсэн байна лээ. 
Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед шалгалтаар ирэхэд нь манай дээж хадгалдаг хөргүүр байгаагүй, эвдэрсэн байсан учир засварт өгсөн байсан, тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Тийм болохоор нь бага багаар нь тухай бүр нь амталж худалдаанд гаргаж байсан. Хүн болгоны амтлах мэдрэмж өөр тэр гомдол гаргасан эмэгтэйд л тэгж гашуун санагдсан байх. Би гомдол гаргагчаас асуусан чи хордсон юм уу? хордлого авсан юм уу? гэхэд хордлого аваагүй гашуун байсан гэж хариулсан. Ийм нөхцөл байдлын улмаас 3,000,000 төгрөгөөр торгуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдөр 300 төгрөг ч хүртэл мөнгө шүү дээ. Алдаа дутагдлыг нь хэлээд сануулаад өнгөрч болдоггүй юм уу? би 20 гаруй жил хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Хүнд муудсан хоол өгч үзээгүй болохоор гомдолтой байна. Иймд энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.  
3.2. Өмгөөлөгч Т.Э*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК-ийн ны гашуурч муудсан салатаар үйлчилсэн энэ гомдлыг эрх бүхий албан тушаалтан шалгаад 3,000,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах байр суурьтай оролцож байна. Эрх бүхий албан тушаалтан энэ ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль журмыг баримталж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулах ёстой. Гэтэл энэ ажиллагаа нь хууль ёсны бус болсон. Энэ гомдлыг хүлээж авахаас эхлээд журам нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Гашуурч муудсан салатаар үйлчиллээ гэх гомдлыг н.Н******* нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байсныг цохолт хийсэн байгааг харахад 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан гэх үндэслэл байна. 
Хоёрдугаарт хэргийн хугацааг зөрчсөн байна гэж харж байна. Гомдол мэдээллийг хүлээж аваад ажлын 5 хоногт шалгаад зөрчлийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан гэхээр 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хугацаа нь дуусаж байгаа. Иймд гомдол хүлээж аваад хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах хугацааг зөрчсөн. Улмаар хэрэг бүртгэлийн ажиллагааны хугацаа дуусгавар болсны дараа гомдол гаргагч н.Н*******гаас 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг авсан байдаг ба 21-нд хугацаа дууссан. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа дуусгавар болохын өмнө хэргийн материалтай танилцуулах ёстой байтал 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсноос хойш хэргийн материалтай танилцуулсан нь зөрчилтэй байна.
Эрх бүхий албан тушаалтан хэргийн газрын үзлэг хийж, луувангийн салатнаас дээж авсан байдаг. Тэр авсан дээжид шинжилгээ хийлгээгүй, шинжээч томилоогүй өнөөдрийг хүртэл хариуг нь өгөөгүй байдаг ба өөр үндэслэлээр хариуцлага тооцсон. Гашуурч муудсан гэдгийг мэргэжлийн хүний тусламжтайгаар тогтооно гэхээс биш хүн болгоны амтлах мэдрэмжүүд хоорондоо өөр байдаг. Эрх бүхий албан тушаалтнаас эрүүл мэндийн дэвтэргүй гэснээр албан даалгавар бичиж өгсөн ба үүний дагуу алдаа дутагдлаа засаж албан даалгаврын хариуг албан ёсоор хүргүүлсэн байдаг учир илэрсэн зөрчлийг зассан гэж ойлгож байна. Зөрчлийн тухай хуулийн 6.15.5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Н*******гийн гомдлын дагуу хэн нэгэнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг. Гэтэл энэ заалтыг үндэслэн 3,000,000 төгрөгөөр торгосон шийтгэл нь хуульд нийцэхгүй байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг арилгах арга хэмжээ авч албан даалгавар өгсөн байж дахиад 3,000,000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй байна. Хүнсний үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам мөрдөөгүй гэх торгуулийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3.Хариуцагч улсын байцаагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнсний тухай хууль нь бидний хэрэглэдэг гол хуулийн нэг юм. "Хүнс" гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг хэлнэ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж хэн бэ? гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т “Хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах”, тус хуулийн 4.1.6-д "Хүнсний сүлжээ" гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг хэлнэ” гэж хуульд заасан байдаг. 
Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.7-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах” гэж, 10.1.8-д  “энэ хуулийн 10.1.7-д заасан ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах” гэж заасан байдаг боловч тус байгууллага эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ байдлаар тогтоогдож байна гэж үзэж байна. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил тарах үед Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэст ажилладаг н.Н*******гаас гомдол гаргасан байдаг. Тус гомдлыг газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэж байсан н.Минжин гэх мэргэжилтэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цохолт хийж У******* гэж байцаагчид очсон байсан ба У******* байцаагч ээлжийн амралтаа авах болоод над дээр ирсэн. Би 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дээжийн амталгаа авсан, энэ өдөр Прокурорын газрын нэгдсэн цахим бүртгэлд цахим хаягаар бүртгүүлсэн. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл 1-д дараах тохиолдолд зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна, 1.2-д зөрчлийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлсэн гэсэн заалтыг хангаж, үндэслэл болгож ажилласан ба прокурорын нэгдсэн санд бүртгүүлснээс хойш хоног тоолж эхэлнэ гэж заасан байдаг. 
Луувангийн салатыг хэргийн газрын үзлэгээр хурааж авсан бөгөөд тус салатыг лабораторийн шинжилгээнд хамруулах гэсэн боловч лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч нь ээлжийн амралттай таарсан учир дээжинд шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариуг хорио цээрийн шинжээч Уранцэцэг өгсөн. 
Тус ээлжийн амралттай байсан гэх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/406 дугаартай эрүүл мэндийн сайдын тушаалын 1 дүгээр хавсралт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ын 9 дүгээр зүйлийн 9.2. “Бэлтгэсэн хоолны бүх төрлийг үйлчилгээнд гаргахын өмнө ерөнхий (ахлах) тогооч тэдгээрийн амт, үнэр, өнгө, үзэмж, жор найрлага, боловсруулалт зэрэгт чанарын шалгалт хийж үйлчилгээнд гаргах зөвшөөрөл олгож энэ тухай албан ёсоор тэмдэглэл хөтөлнө”, 9.3-т “Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 4С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ” гэж заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дээж 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байх боломжгүй. Хугацаа нь дуусаад өөр дээж болсон байна. Тэгэхээр өөр дээжид шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Өөр дээж авсан нь харьцуулалт хийж үзье гэж бодсон боловч хийх боломжгүй нөхцөл байдалд байсан. Бэлтгэсэн хоолыг тасалгааны температурт байлгасан бол 2 цагийн дотор хэрэглэх ёстой. Хэрэв 2 цагаас хэтэрсэн бол шууд устгана гэсэн заалттай. 
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссан гэдэгт тайлбар өгөхөд Гомдлыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан боловч баасан гариг байсан учраас амралтын өдөр таарсан байдаг. Улмаар 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажлын 5 хоног гэхээр 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Прокурорын системд ******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Үүнээс хойш ажлын 14 хоног тоолоод 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлсэн байдаг. 
Албан даалгаврын тухайд гэвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүн борлуулахыг хориглох, иргэний гүйлгээг буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хугацаанд үйл ажиллагааг зогсоох, цахимаар олон нийтэд мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно. 
Энэ нь зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан байдаг. Тэгэхээр зөрчлийн үр дагаврыг арилгуулж, шийтгэлээс чөлөөлөх, шийтгэлийг хөнгөвчлөх үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй учраас арга хэмжээ авсан байдаг. Тухайн албан даалгавраар 4 чиг үүрэг бүхий даалгаврыг өгсөн байдаг ба үүний дагуу 9 хуудас бүхий өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх хариу ирсэн.
            Нийтээр үйлчлэх хоол, үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал гээд стандарт байдаг. Энэ стандартын дагуу тухайн албан даалгавар бүрэн биелэгдэж ирээгүй. Гурван үүрэг даалгавар өгөхөд хоёр нь биелэгдэж, хоёр үүрэг даалгаврын нэг нь биелэгдэж дутуу ирсэн байсан. Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл” гэж байгаа үүний хүрээнд зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа бол прокурорын нэгдсэн санд бүртгүүлээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа цааш явагдана гэж заасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Ажлын 5 хоногт багтаж дараах шийдвэрийг гаргана. Үүнд: тус хуулийн 2.4-т Зөрчлийн хэрэг нээх, 3 дахь хэсэгт нь “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 2.4-т заасан шийдвэр гаргах, нэн даруй зөрчлийн хэрэг бүртгэлтийн нэгдсэн системд бүртгэнэ” гэж тус тус заасан. Гомдол мэдээллийг ажлын 5 хоногт хүлээж авсны дагуу нэн даруй зөрчлийн хэрэг нээх юм уу? зөрчлийн шинжтэй үйлдэл юм уу? гэх аль нэг шийдвэрийг гаргах ёстой байдаг учир үүний дагуу зөрчлийн хэрэг нээсэн. Хуулийн дагуу ажиллагааг хийж, шийтгэлийн хуудсыг оногдуулсан гэв.  
                                                      ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, маргаж буй шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Д.Н*******гийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гомдлоор Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Э 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “” ХХК-ийг “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүнсний үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам стандарт мөрдөөгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гурван м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3 000 000 /гурван сая/  төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.
2.1. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “улсын байцаагч нь зөрчлийн шинжтэй гомдлыг 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авсан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж зөрчлийн хэрэг нээж, ажиллагааг явуулсан нь хуулийг зөрчсөн мөн тухайн үзлэг хийсэн өдөр хурааж авсан гэх луувангийн 300 гр салатыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй,  орхигдуулсан, шинжээчийн дүгнэлт гараагүй, зөрчлийг тогтоогоогүй байж торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
2.2. Хариуцагчийн зүгээс ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдлыг хүлээн авч, үзлэг хийж, прокурорын нэгдсэн цахим бүртгэлд цахим хаягаар бүртгүүлж, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хяналтын прокурорын хяналтанд явуулсан бөгөөд, Зөрчлийн тухай хуульд заасан заалтыг хэрэгжүүлж ажилласан, Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүнсний үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам стандарт мөрдөөгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан гэж тайлбарлан маргаж байна.
3. Гомдол гаргагчийн “хариуцагч хуулийг ноцтой зөрчсөн буюу зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны хуулийн хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
3.1. Анх “д муудсан, гашуурсан амттай хоол /салат/-аар үйлчилж байгаад гомдолтой байна” гэх гомдлыг иргэн Д.Н*******гаас 2025 оны 08  дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт гомдол гаргасан ба  энэхүү гомдлыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч бүртгэн, улмаар  эрх бүхий албан тушаалтан Б.У*******д мөн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн болох нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, цохолт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28, 36 дахь тал/;
3.2. Эрх бүхий албан тушаалтан Б.У******* нь  2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Санамж бичиг”-т ээлжийн амралттай байх хугацаанд ирсэн, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, цаг үеийн нөхцөл байдлыг орлож ажиллах тухай дурьдан улсын байцаагч Б.Эт энэ ажлыг хүлээлгэн өгч хүлээлцсэн байна./ хавтаст хэргийн 75 дахь тал/;
3.3. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Б.Э нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 12 минутад Прокурорын газрын  албан ёсны цахим шуудангийн [email protected] хаягт гомдлын бүртгэл-Э-2025 xlsx(14.1K) нэртэй файлыг илгээж, дугаартай гомдлыг Прокурорын байгууллагын үйл ажиллагааны цахим бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдсэн, мөн өдөр “” ХХК-ийн байранд очиж үзлэг хийсэн болох нь Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/731 дүгээр албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 38-39,  110-114 дэх тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэг нээж тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоолыг /хавтаст хэргийн 35 дахь тал/ үйлдэн Зөрчлийн ******* дугаарт бүртгэгдэн, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, 08 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол  гарган, “” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэжээ.  
3.4. Дээрхийг дүгнэвэл хариуцагч нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан даруй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-д “хүн, хуулийн этгээд албан тушаалтнаар зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн”, мөн зүйлийн 2-д “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж, 2.4-д “зөрчлийн хэрэг нээх” гэж заасан үндэслэлийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэх байтал хуулийн хугацааг хэтрүүлж, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гомдолд 08 дугаар сарын 11-ний өдөр буюу ажлын 6 дахь хоногийн дараа зөрчлийн хэрэг нээж шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн байна.
3.5.Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага гарцаагүй хүлээх зарчмыг тодорхойлсон. Мөн  хуулийн 2.3 дугаар зүйлд шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг хууль тогтоогч нэг бүрчлэн хуульчлан заасан байх ба зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаандаа шийдвэрээ гаргаагүй гэх үндэслэлээр зөрчил үйлдсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байхгүй байх тул хууль ёсны болон шударга ёсны зарчмын үүднээс холбогдогчийн үйлдсэн зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн бодит нөхцөл байдал  дээр шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. 
4. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийн талаар:
4.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, мөн зүйлийн 2-д “...дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, гэж 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус хуульчилсан.
4.2. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байна.
     Өөрөөр хэлбэл, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь “” ХХК //-аас шинжилгээнд зориулж луувангийн салат 300 гр дээжинд авсан гэх боловч гомдол гаргагчийн гашуурч муудсан салатаар үйлчилсэн эсэхийг нарийвчлан тогтоох зорилгоор гэрч асуух, шинжээч томилж шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж, улмаар гомдол гаргагч Д.Н*******гийн гомдолд дурьдсан шалтгааныг тодруулах болон тухайн нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоох ажиллагааг хийгээгүй, шинжээчийн дүгнэлт гаргаагүй, орхигдуулсан байх бөгөөд гомдолд дурьдсанаас өөр үндэслэлүүдийг дурьдаж шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй байна. 
     4.3.Хариуцагчаас Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ” гээд 10.1.7-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах” үүрэгтэй гэж, 10.1.8-д “энэ хуулийн 10.1.7-д заасан ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах”, 10 дугаар зүйлийн 10.3. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно” гээд 10.3.1. “... хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, ... бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж хоолны дээж аваагүй, хөргөгч, хөлдөөгчний бүртгэл байхгүй, түүхий эд бүтээгдэхүүний шинжилгээний бичиг болон ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дэвтэр байхгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэж үзэн шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байна. 
4.4.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчих талаар зохицуулсан бөгөөд 6.15 дугаар зүйлийн 5.1-д хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй ... хуулийн этгээдийг гурван м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Хуулийн дээр дурьдсан хэм хэмжээнээс үзэхэд “” ХХК нь ажилчидаа эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй гэж үзсэн тохиолдолд энэ зүйлийн 2 дахь хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол ... гэж зааснаар энэхүү хуулийн заалтаар хариуцлага оногдуулах байжээ.
4.5.Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд Зөрчлийн хэргийн дугаар ******* гэж авагдсан байх боловч прокурорт хүргүүлэх тухай тогтоолд “зөрчлийн ******* дугаартай хэргийг” гэж хүргүүлсэн нь ойлгомжгүй, зөрчлийн дугаар нь зөрүүтэй байгаа, энэ хоёр дугаарын аль нь зөв эсэх нь тодорхойгүй, зөрчлийн 2 хэрэгт ажиллагаа явуулж байгаа мэтээр ойлгогдож байгааг дурьдах нь зүйтэй байна. 
Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд, гомдол гаргагч “” ХХК-д  Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул гомдол гаргагчийн гомдлыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
                                                           ТОГТООХ нь:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь  хангаж, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Эийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1р зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 


            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.НАРАНТУЯА