Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00032

 

  Х   банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00188 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 2 дугаар багт оршин суух,  Х.Е  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.С  , хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26719 төгрөг, нийт 22183513 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Зээлдэгч  Т.Б  ,  Х.Е нар нь   Х   банкны төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ201843760179 тоот зээлийн гэрээ байгуулан 20,815,678.46 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч  Т.Б  ,  Х.Е нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь (492 хоног) хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1.2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,  

2. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26719 төгрөг, нийт 22183513 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Талийгаач нөхөр маань   Х   банкнаас өөрийнхөө цалингаа барьцаалан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 21 сая төгрөгийн зээл авч байсан байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр 500000 төгрөгийг нэмж зээлдэж авсан байна. Би зөвхөн 500000 төгрөгийн хувьд хамтран зээлдэж авсан болохоос 2018 оны 01 дүгээр сард авсан 21 сая төгрөгийн зээлд хамтран хариуцагч биш. Харин талийгаач  Т.Б  ы авсан 21 сая төгрөгийн үлдэгдэлтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох учиртай. Талийгаач  Т.Б  ы хөдөлмөрийг ажил олгогчоос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгосон байх тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар гэрээ цуцлагдах юм. Зээлдэгч болох талийгаач  Т.Б   нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан, 30-ны өдөр түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2020 оны 4 дүгээр сарын 30-нд зээлийн гэрээний үйлчлэл дуусгавар болсон гэж үзэж байна. Гэтэл банкнаас зээлийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон байхад зээлийн гэрээний дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа явдал нь хууль бус байна. Иймд   Х   банкны нэхэмжлэлийн шаардлагын 500000 төгрөгтэй холбоотой хэсгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг тус тус баримтлан   Х   банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын  Т.Б  ,  Х.Е нартай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ201843760179 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Х.Еркегүлээс үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 /хорин хоёр сая нэг зуун наян гурван мянга таван зуун арван гурван/ төгрөгийг гаргуулан   Х   банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “  Х   банкны нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрчсөн, зээлийн гэрээний холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна. Хамтран хариуцагч надаас зээл болон хүү, нэмэгдэл хүүг бүхэлд нь гаргуулан шийдвэрлэхдээ хамтран хариуцагч миний хувийн байдал, төлбөрийн чадвар, тухайн зээлийг   Х  а ямар зориулалтаар ашигласан зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Би өөрөө цалингийн зээлтэй бөгөөд талийгаач нөхрийнхөө зээлийг төлөх чадваргүй.   Х   банкнаас нөхрийнхөө цалингийн зээлийн гэрээний хамтрагчаар оруулсан үед өөр банканд зээлтэй байсан бөгөөд нөхрийнхөө цалингийн зээлийг хариуцах санхүүгийн чадваргүй байсан. Зээлийн эгүүлэн төлөлт нь угаасаа нөхрийн цалин байсан бөгөөд нас барах хүртэл түүний цалингаас суутгал хийх журмаар зээлээ төлж ирсэн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасны дагуу зээлдэгч нас барж, түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор зээлийн гэрээ дуусгавар болох учиртай. Талийгаач  Т.Б  ы Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгосон байх тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар гэрээ цуцлагдах юм. Зээлийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон байхад зээлийн гэрээний дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа явдал нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулав.  

            Нэхэмжлэгчээс зээлдүүлэгч   Х   банкны Баян-Өлгий салбар болон зээлдэгч  Т.Б  , хамтран үүрэг гүйцэтгэгч  Х.Е нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ201843760179 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 17678217 төгрөг, хүү 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох учиртай. Зээлдэгч  Т.Б   2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан, нэхэмжлэлийн шаардлагын 500000 төгрөгтэй холбоотой хэсгийн зөвшөөрч үлдсэн  хэсгийн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ201843760179 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч  Т.Б  , хамтран үүрэг гүйцэтгэгч  Х.Е нар нь зээлдүүлэгч   Х   банкны Баян-Өлгий салбараас 500000 төгрөгийг цалингийн зээлийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр авсан 21000000 төгрөгийн цалингийн зээл дээр нэмж авч, жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн ба зээлдэгч  Т.Б   нь нас барснаар  2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйн улмаас 492 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба тус зээлийн гэрээний үлдэгдэл 17678217 төгрөг, хүү 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 төгрөгийн зээлийн төлбөртэй талаар хариуцагч маргаагүй байна.

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй талаар зохицуулсан боловч гэрээний хугацаа дуусаагүй үед гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд талуудын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахтай холбоотой шаардах эрхийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт хуульчилсан байна. Анхан шатны шүүхээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдсэн эсэх талаар хийсэн дүгнэлт  үндэслэлтэй болжээ.

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ201843760179 дугаартай зээлийн  гэрээний 6.1.1.-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар талууд харилцан тохиролцжээ.

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ201843760179 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл зээлийг төлөх мэдэгдлийг зээлдэгч Х.Еркегүлд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар хүргүүлж байсан, энэ  талаар хариуцагч маргаагүй зэргийг үндэслэж дүгнэвэл, зээлдүүлэгч зээлийн гэрээний хугацааг сунгах, мэдэгдэл гаргах зэргээр нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч ямар нэгэн үр дүнд хүрсэн нь тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2.-т заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар зээлдэгч  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр сар тутам хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөхөөр тохиролцсон хуваарийг 492 хоног хэтрүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй зэргээс дүгнэвэл зээлдэгчийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-т зааснаар ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдсэн гэж үзсэн учраас анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.С   нь манай банкны зүгээс хариуцагч   Х .Е хүсэлтийг хүлээн авч зээлийн хүү 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж үндсэн зээлийн үлдэгдэл 17678217 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч   Х .Е “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол биелэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87035 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “зээлийн хүүгийн төлбөр 4478577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26719 төгрөг, нийт 22183513 /хорин хоёр сая нэг зуун наян гурван мянга таван зуун арван гурав/ төгрөгийг” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.035 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                       

                                                                                               Д.КӨБЕШ