Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/431

 

      2024             4            11                                         2024/ДШМ/431                     

 

      Х.Н, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч/хохирогч Х.Н, түүний өмгөөлөгч Д.Болормаа,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч/хохирогч Х.Нын гаргасан давж заалдах гомдлоор Х.Н, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2305000002034 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Б.Э, Х.Н нар нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудалд харилцан зодолдож, нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э, Х.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э, Х.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч/шүүгдэгч Х.Н надад холбогдуулан гэм буруугийн талаарх  шүүхээс тогтоосон үйл баримтын 1.1, 1.4-д “... шүүгдэгч Б.Э, Х.Н нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, гэрч Р.Б, Н.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдлоо” гэж, “Хавтаст  хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нар нь хоорондоо маргалдаж хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон байна.” гэж, “... болсон нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн, дээрх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.” гэж буюу “... Б.Э нь энэ талаар мэдүүлсэн, түүний мэдүүлгийг үндэслэн шинжээч томилсон байх ба шинжээчийн дүгнэлтээр шүдний аппарат зүүдэг байсантай холбоотой бус тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд үүссэн, гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болох нь тогтоогдсон”, “Шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондооо маргалдаж,  харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон” гэж, “Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаанд холбоотой байна” гэх дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэр нь үндэслэл бүхий байж чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлж болох зөрүүтэй нотлох баримт байхад прокурор болон анхан шатны шүүх дан ганц яллах талын нотлох баримтыг үндэслэл болгосон гэж үзэж байна.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон Б.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг нь өөрийнхөө өгсөн бусад мэдүүлгээс болон миний, гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй, эргэлзээтэй байсан тухайд:

Иргэн Х.Н, Б.Э бид хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор, сэжигтнээр, яллагдагчаар мэдүүлгүүд өгсөн. Гэтэл анхан шатны шүүх намайг буруутгахдаа, зөвхөн зөрүүтэй мэдүүлгүүдийг шууд үнэлж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал, хэрэгт авагдсан Б.Эын дээрх хохирогчоор, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь Х.Н нь өөр өөрөөр зохиож мэдүүлэг өгч байгааг тодорхой харж болохоор байхад анхан шатны шүүх огт анхаарахгүйгээр намайг шууд хүний биед халдаж гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон. Мөн гэрч нарын мэдүүлэг нь тухайн зочид буудалд хамт орсон болон архи уусныг нотлохоос бус бидний хоорондоо зодолдсон эсэх, хэн хэнийгээ гэмтээсэн эсэхийг нотлоогүй, тэдний мэдүүлэгт энэ талаар үг үсэг огт байхгүй, энэ талаар өөр баримт ч хэрэгт авагдаагүй буюу мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд ч нотлогдоогүй. ... Иймд, гэрч нарын мэдүүлэг нь Х.Н намайг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох нотолгооны хэрэгсэл болж чадахгүй байна. Мөн хохирогчийн мэдүүлэг нь намайг буруутгах дан ганц үндэслэл болохгүй юм,

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон шинжээчийн 12959 дугаартай дүгнэлт эргэлзээ бүхий байхад Х.Н намайг бусдын биед хохирол учруулсан гэж үндэслэлгүй буруутгасан тухайд: Шинжээч эмч Б.Цолмон нь иргэн Б.Эын биед маргаан болсон хугацаанаас хойш 3 хоног өнгөрсний дараа үзлэг хийж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12959 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээрээ Б.Эын биед “дээд зүүн 1, доод зүүн 2-р шүдний сулрал, зүүн мөрөнд цус хуралт, баруун сарвууны алганд няцарсан шарх гэмтлүүд” тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтийг гаргасан. Шинжээч нь хохирогчийн биед хэзээ, ямар хүчин зүйлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан эсэх, шүд, мөр, сарвуу гэсэн 3 эрхтний аль хэсэгт үүссэн гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын шалгуур шинжүүдийг хангаж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, гэмтлийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан бөгөөд эмч өөрийн үзсэн үзлэгийг бусад шинжилгээний баримтаар бататгаагүй субъетив байдлаар дүгнэлт гаргасан. Тодруулбал, Б.Э нь “...би, Х.Ныг цохих үед миний баруун гарын эрхий хуруу зүсэгдэж цус гарч байсан” гэх мэдүүлгийн өгдөг ба шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр удаа дараа прокурорт хандаж байсан. Мөн түүний биед үзлэг хийсэн шинжээч эмч Б.Цолмонгийн дүгнэлтэд дурдсан дээд зүүн 1, доод зүүн 2-р шүдний сулрал гэх гэмтэл нь хэрэг маргаан болсон өдөр буюу 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө авсан уу? эсвэл маргаан болохоос өмнө байсан уу? маргаан болсноос хойш авах боломжтой юу? энэ хооронд гэмтэл авсан байх боломжтой юу? гэдэг асуудал урган гарах бөгөөд 3 хоногийн дараа биед нь үзлэг хийж байгааг буюу үүнийг анхан шатны шүүх огт дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” нотлох баримтын хүрээнд Б.Эын биед гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй буюу түүний биед хэзээ гэмтэл учирсныг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр тогтоож чадаагүй. Шинжээчийн уг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12959 дугаартай дүгнэлт нь хэрэг гарсан цаг хугацаа, үйл баримтын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй бөгөөд тухайн шүдний сулрал нь хэзээ үүссэн, ямар шалтгааны улмаас үүсэх боломжтой /шүдний өвчин/, эсхүл гадны механик хүчин зүйлийн улмаас үүссэн үү гэдгийг тодорхой дурдаагүй ба гэмтлийн хөнгөн зэргийн чухам алинд нь хамаарч байгааг тогтоогоогүй. Шинжээчийн 12959 дугаартай дүгнэлт эргэлзээ бүхий бөгөөд Б.Эын шүд суларсан байна гэдгийг хэрхэн яаж, ямар үндэслэлээр дүгнэсэн нь тодорхойгүй, шүд, мөр, сарвуу хэсгийн аль нь гэмтлийн зэрэгт хамаарагдаж байгааг тодорхой тогтоогоогүй, шинжээч эмч Б.Цолмонгийн өөрийн сувъектив байдлаар гаргасан эргэлзээтэй дүгнэлтийг шүүх ийнхүү шууд үнэлж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн Э нь гэмтэл авсан талаараа шинжилгээ хийлгэхээс өмнө буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, ийм баримт хэрэгт байхгүй бөгөөд анхан шатны шүүх 12959 дугаартай дүнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож, Х.Н намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Мөн шинжээч эмч нь “Б.Эын биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 4 долоо хоногоос доошгүй хугацаанд саринулсан” гэж үзсэн байтал, хохирогч Б.Э нь шүүх хуралдааны явцад миний өмгөөлөгчийн асуултад ажлаа хийгээгүй нэг ч өдөр байгаагүй гэж хэлж байсан. Энэ хариулт нь Б.Эын хөдөлмөрийн чадвар түр хугацаанд алдаж, биед нь хөнгөн гэмтэл учраагүй болохыг илэрхийлнэ.

Хэрэгт цугларсан буюу шүүхэд ирүүлсэн зөвхөн дээрх 2 баримтыг үндэслэн яллах дүгнэлт ирүүлснээр анхан шатны шүүх намайг буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.4-т “энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 1.10-т ”яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх” гэж зааснаар хэргийн бодит байдал, нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй байхад ийнхүү хүнийг яллаж байгаа нь шүүхийн зарчимд нийцэхгүй.

Тодруулбал, Х.Н намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр нь юугаар тогтоогдож байгаа, гэмт хэргийн улмаас Б.Эын биед гэмтэл хохирол учруулсан эсэхийг анхан шатны шүүх хөдөлбөргүй үнэн зөв гэх баримтаар тогтоогоогүй атал, өөр хоорондоо зөрүүтэй Б.Э, бусад шинжилгээ, оншилгоо, үзлэгийг баримтаар бататгаагүй шинжээчийн дүгнэлт гэх 2 баримтаар намайг буруутгаж, яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг шүүх хэрэгжүүлээгүй буюу гэм буруугүйд тооцохоор байгааг анхаарч үзээгүй, шууд буруутгаж байгаад маш их гомдолтой байна.

Б.Э нь миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болохыг дан ганц миний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байдаг. Б.Эын надтай утсаар харилцаж байсан мессеж /2023.10.07-ны өдөр, 2023.10.11-ний өдөр, 2023.10.16 өдөр/, Б.Эын үйлдлийн улмаас миний биед толгой, хөмсөг хэсэгт оёдол тавиулсан гэмтэл учирсан фото зураг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан бичиг, толгойн компьютер оношилгоо хийлгэсэн шинжилгээний баримт зэрэг нотлох баримтаар Б.Э нь бусдын биед санаатай халдаж, гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогддог. Энэ гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр бататгасан. Шүүгдэгч Б.Э ч өөрийн гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргаж байсан.

Тиймээс анхан шатны шүүх шударга ёс, хууль шүүхийн өмнө тэгш байх, шүүхэд хандах, хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугүйд тооцох зарчим болон хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй баримтаар илтэд үндэслэл муутай, хэт нэг талыг барьсан нотлох баримтыг үндэслэн прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, иргэн намайг хэлмэгдүүлж, зөвхөн Б.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг, өөрийн субъектив байдлаар дүгнэсэн шинжээч эмчийн дүгнэлтийг шууд үндэслэл болгож ял оногдуулж буй анхан шатны шүухийн шийдвэрт гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, иргэн Х.Н надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.

 

Шүүгдэгч/хохирогч Х.Нын өмгөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх нотлогдвол зохих байдлууд хангалттай нотлогдоогүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэж миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх гэрч Баттөмөр, Б нарын мэдүүлэг, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12959 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн гэм буруутайд тооцсон. Хохирогчийн биед гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан болох нь хангалттай нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч/хохирогч Б.Эын биед хөнгөн гэмтэл учирсан эсэх нь хангалттай нотлогдоогүй. Шинжээчийн дүгнэлтэд шүд, сарвуу, мөр гэсэн 3 эрхтэнд гэмтэл учирсан гэж тодорхойлох боловч энэ 3 эрхтний алинд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тодорхой заагаагүй. Гэмтлийн зэрэг тодорхойлох журмын 1 дүгээр зүйлийн 1.9.3-т “Шинжлүүлэгчийн биед илэрсэн хэд хэдэн гэмтлийг өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзвэл гэмтэл тус бүрд үүссэн хугацаа, үүсгэсэн хүчин зүйл болон эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох;” гэж заасан. Шүүгдэгч/хохирогч Б.Э нь анхан шатны шүүхийн шатанд ажил, хөдөлмөрөө хэвийн эрхэлж байсан бөгөөд ямар нэгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй болохоо илэрхийлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1 дүгээр зүйлийн 2.4.1-т “Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан;” гэж заасныг үндэслэсэн. Гэтэл шүүгдэгч/хохирогч Б.Э нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтаа алдаагүй болох нь түүний анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-т зааснаар Ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг хэрхэн тогтоох талаар зохицуулсан. Үүнд гэмтэл, гэмтлийн дараах үлдэц уршгийн 52-т байнгын шүд унах тоогоор гэж байгаа. Гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ. Бэхлэлтгүйн улмаас гурав, дөрвөн чигт ганхсан сондгой шүд булгарах, хүзүүвчээ хүртэл цоорсон шүдний цөгц эмтрэх, шүдний цөгц тал хугарсныг хэдэн ч шүд байсан шүд унасан гэж үзэхгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа шүдний сулрал нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах эсэх тодорхой бус байгаа. Шинжээч эмч Цолмон нь шүдний сулралыг хэрхэн, яаж үүссэн талаар нэмэлт шинжилгээ, оношилгоо хийлгээгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.1 дүгээр зүйлийн 1.11-т “.Шинжилгээ хийх явцад нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай бол төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвөөр оношлогоо, шинжилгээ хийлгэж болох ба уг үзлэг, шинжилгээний тэмдэглэл, оношийг шинжилгээний бичиг баримтад тусгана.” гэж заасан. Гэтэл зөвхөн шүүгдэгч/хохирогч Б.Эын тайлбар, мэдүүлэгт үндэслэж анхан шатны шүүх дүгнэлтээ гаргасан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад уг эргэлзээтэй дүгнэлтэд болон хохирогчийн мэдүүлэгт үндэслэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад миний үйлчлүүлэгч “шинжээчийн дүгнэлтэд дахин шинжилгээ хийлгэж болох эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлсэн боловч мөрдөгч хүлээж аваагүй” гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг бүрэн нотлох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн .1.2, 1.4 дахь хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч гэм буруутай эсэх нь бүрэн нотлогдоогүй. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөтөлбөргүй тогтоогдсон нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд яллах, цагаатгах нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн яллах талын нотлох баримтуудыг баримталж, цагаатгах нотлох баримтыг огт бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Хэргийн газрын үзлэг хийгдээгүй. Гэрч Баттөмөр, Б нар “маргаан үүссэн болохыг хожим босоод харсан” гэж мэдүүлсэн боловч маргаан болсныг бодитойгоор хараагүй. Гэтэл дээрх 2 гэрчийн мэдүүлгийг үндэслэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Иймд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Х.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Намжил шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч/хохирогч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Харин шүүгдэгч/хохирогч Х.Н нь хэргийн үйл баримтын талаар маргасан. Хэрэг гарах үед гэрч Б, Б, шүүгдэгч Х.Н, Б.Э нар байсан. Хэдийгээр гэрч Б, Б нар нь хэргийн үйл явдлыг хараагүй боловч гэрчүүд “өглөө босож ирэхэд манай 2 найз хоорондоо зодолдсон байдалтай байсан” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлэг нь шүүгдэгч/хохирогч Б.Эын мэдүүлэг, хохирогчоор өгсөн Х.Нын мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт зөрдөггүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.1 дүгээр зүйлийн 1.8-д “Шинжлүүлэгч шинжилгээний байгууллагад өөрийн биеэр ирж үзлэг, шинжилгээ хийлгэх ба дараах тохиолдолд шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хамт шинжлүүлэгчийн байгаа.” гэж заасан. Шүүгдэгч/хохирогч Б.Э нь өөрийн биеэр ирж үзүүлсэн. Шинжээч эмчийн дүгнэлтийн үзлэг хийсэн тэмдэглэлд “буйл хавдсан эмзэглэлтэй шинэ гэмтэл байна “ гэж дурдаж, гэмтлийн зэрэг тогтоосон. Иймд нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргах ямар ч шаардлагагүй байсан. Мөн шүүгдэгч/хохирогч Х.Н “гэмтлийн ямар зэрэгт хамаараад байгаа нь тодорхойгүй” гэж тайлбарлаж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.1 дүгээр зүйлийн 1.9.1-т “.Шинжлүүлэгч нь өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед гэмтлийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох;” гэж, 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрд эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох;” гэж тус тус заасан. Шүүгдэгч/хохирогч Б.Эын зүүн дээд, доод 2 дугаар шүд нь сулралтай, шүд хөдөлгөөнд орсон байдалтай байсан. Үүнийг шүдний булгаралд тооцох талаар Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан. Шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан. Уг дүгнэлттэй шүүгдэгч/хохирогч Х.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцсан бөгөөд ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Э, Х.Н нар нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудалд харилцан зодолдож, нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Х.Нын хохирогчоор өгсөн “... тэгээд манай 2 найз болох Б, Б, Э нар нь надаас таньдаг эмэгтэй хүнийхээ утасны дугаарыг өг гэж хэлсэн. Би гайхаад юу билээ гэж асууж байхад Э нь миний толгойн тус газарт уусан архиныхаа шилийг цохиж хагалаад мөн тухайн буудлын ширээн дээр байсан аягыг мөн миний толгой дээр цохиж хагалсан. Тэгээд миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохисон. Миний толгойноос цус гараад би буудлаасаа гараад гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхэд толгой хагарч, оёдол тавьсан. Мөн миний хөмсөг сэтэрч, оёдол тавиулсан.” /хх 70-71/,

 

            Б.Эын хохирогчоор өгсөн “... Б, Б нар өрөөндөө ороод унтаад өгсөн. Нын таньдаг эмэгтэй тааралдаад нэг ширээнд суусан. Тэр эмэгтэйг Наас асуухад хэлэхгүй уурлаад яах гээд байгаа п... вэ гээд миний нүүр рүү гараараа 3 удаа заамдаж байгаад цохисон. Би зөрүүлээд ... уусан архины шил гарт тааралдсан тэр шилээр Нын толгойн тус газарт нэг удаа цохисон. Толгойноос нь цус гараад бид хоёр зодолдохоо больсон. ...” /1хх 77-78/,

 

            гэрч Р.Бийн “... өглөө нь босоод ирсэн чинь Э, Н хоёр хоорондоо зодолдсон байдалтай байсан. Ширээн дээр байсан ус ундааг асгасан байдалтай байсан. Намайг унтаж байх үед хоорондоо маргалдаж, зодолдсон юм шиг байна лээ. ...” /хх 81-82/,

 

            гэрч Н.Бийн “... Б унтлагын өрөөнд ороод тасраад, унтаад өгсөн. ...Э, Н хоёр зочны өрөөнд юм яриад үлдсэн. Тэгээд өглөө 8 цагийн үед  сэрэхэд Н,Э хоёр хоорондоо муудалцаж зодолдсон байсан. Тэгээд тэр хоёр түрүүлээд гараад явсан. Тэгээд тэр цагаас хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна. ...” /хх 85-86/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12884 дугаартай “Х.Нын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйх, дух, хамрын нуруу, дээд уруул, баруун хөмсөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” /хх 89-90/,

 

            2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12959 дугаартай “... Б.Эын биед дээд зүүн 1, доод зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн мөрөнд цус хуралт, баруун сарвууны няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 93-94/ шинжээчийн дүгнэлтүүд,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хохирлын баримтууд /хх5/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

 

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Х.Н, Б.Э нарыг харилцан зодолдож, нэг нэгнийхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Эын “таньдаг эмэгтэйн утасны дугаарыг өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Х.Нтай маргалдаж, түүний толгой руу нь архины шилээр цохиж биед нь “дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйх, дух, хамрын нуруу, дээд уруул, баруун хөмсөг, шилбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Нын “таньдаг эмэгтэйн утасны дугаарыг өгөхгүй” гээд хохирогч Б.Этай маргалдаж, түүний биед “дээд зүүн 1, доод зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн мөрөнд цус хуралт, баруун сарвууны няцарсан шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н, Б.Э нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

 

Шүүгдэгч Х.Н нь “... надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Х.Нын үйлдлээр Б.Эын биед хөнгөн хохирол учирсан болох нь Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл байна.

 

Мөн шүүгдэгч Х.Нын Б.Эын нүүрэн тус газарт цохисон үйлдэл нь дээд зүүн 1, доод зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн мөрөнд цус хуралт, баруун сарвууны няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Нын өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА

 

                      ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                          Б.БАТЗОРИГ