Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00037 

 

  Х.Б  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00292 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух  Х.Б нэхэмжлэлтэй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух  Ж.Х-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр  сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагч  Ж.Х  , түүний өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Ахмерей нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “ Ж.Х  аас гэрлэлтээ цуцлуулж, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү  Х.А  , 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү  Х.М  нарыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдүүдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх” тухай.

Нэхэмжлэлд: “ Ж.Х   бид хоёр 2013 онд гэр бүл болж, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн. Бид хоёрын дундаас 2013 оны 12 дугаар сард хүү  Х.А  , 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү  Х.М  нар төрсөн. Нөхөр бид хоёр бүрэн дунд боловсролтой бөгөөд өөрийн гэсэн гэр бүлийн газаргүй орон байр, гэр байшингүй ба хадам аавын хашаан дотор нэг өрөө блокоор барьсан амбаарт амьдарч байна. Би бага насны хүүхдээ харж хөдөлмөр эрхлэх боломжгүй болоод гэртээ байсан.  Ж.Х   нь аймгийн Тирлик барааны захад заримдаа хөлсний ажил хийдэг. Бидний амьдралд хадам аав ч гэсэн оролцож идэх уух, түлш түлээ зэрэг асуудалд хуваарилалт хийж хэмжиж загнаж дээрэлхдэг. Намайг боол шивэгчин мэтээр үзэж харьцаг. Удаа дараа дээрэлхэж байсныг нь илчлэн би өөрийн аавд хэлсэн бөгөөд  Ж.Х   нь дахин зөрчил гаргахгүй гэж амлалт өгч баримт бичиж байсан.  Ж.Х   нь намайг өмөөрч ирсэн аавд “чи энэ охиноо авгай болгож ав” гэж хэлж доромжлон дайрч байсан. Бид хоёрын дунд дундын болон хуваарьт өмч хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд бид эвлэрч, хамтарч гэр бүл болж чадахгүй гэдэгт би итгэж байна. Иймд  Ж.Х   бид хоёрын гэрлэлтийг цуцалж,  Х.А  ,  Х.М  нарыг миний асрамжид өгч, хүүхдүүдэд эцэг  Ж.Х  аар тэтгэлэг төлүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Эхнэр болох  Х.Бнь нэхэмжлэлийн шаардлагад гэрлэлтийг цуцлуулж, 2 хүүхэд болох Х.Авдулин,  Х.М  нарыг өөрийн асрамжид авч, надаас тэтгэлэг гаргуулах тухай дурдсан ба үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би эцгийнхээ хашаан дотор барьсан байшинд гэр бүл болсноос хойш 7 жил гаруй хугацаанд амьдарч байгаа ба эхнэр  Х.Ббид хоёрт аав маань энэ байшин минийх гэж хэлж байгаагүй. Бид хоёрд ажил байхгүй ч гэсэн хөлсөөр хүний ажлыг хийн өгч, мөн хамаатан садан хүний дэмжлэгээр амьдралаа залгуулж байна. Би өрхийн тэргүүний хувьд гэр бүлээ, идэх хоол, түлэх түлээ түлшээр тасалдуулаагүй. Би  Х.Бнэг ч удаа дээрэлхэн зодож, дарамтлан басамжилж байгаагүй. Бидний амьдралд хадам аав оролцож, шивэгчин мэтээр харьцдаг гэдэг нь огт үндэслэлгүй. Харин  Х.Бөөрөө над руу хутга авч дайрч миний баруун гарын булчинг зүссэн ба энэ үед Цагдаагийн байгууллагад нэг удаа хандаж шалгуулж байсан. Сүүлийн үед эхнэр  Х.Бмаань гаднын бусад хүмүүсийн ятгалгаар надаас гэр бүлээ цуцлуулна гэж байгааг ойлгохгүй байна. Миний бие эрүүл, ухаан санаа бүрэн ба согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй тул эхнэр болон хүүхдээсээ салж, гэр бүлээ цуцлуулахгүй, эхнэр   Х.Б  гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд эхнэр   Х.Б  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00292 дугаар шийдвэрээр: 

“1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Ж.Х  ,  Х.Бнарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү  Х.А  , 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн  Х.М  нарыг эх нь   Х.Б  асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү  Х.А  , 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн  Х.М  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг  Ж.Х  аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1,130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэрлэгчид ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.    

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Би  Х.Б-тай гэр бүл болсноос хойш өнгөрсөн 7 жилийн хугацаанд эцгийнхээ хашааны дотор барьсан байшинд амьдарч байгаа. Бид хоёрд ажил байхгүй ч гэсэн хөлсөөр хүний ажлыг хийн өгч, мөн хамаатан садан хүний дэмжлэгээр амьдралаа залгуулж ирсэн. Харин  Х.Бнь зан байдлын хувьд надтай дээрэлхүү харьцдаг байсан. Мөн надад санаа тавьдаггүй миний ариун хөдөлмөрөөр олж ирсэн орлогыг тоодоггүй үл хүндэтгэдэг байдал гаргахын зэрэгцээ хүүхдүүдээ үл хайхардаг байсан. Нэг удаа  Х.Бөөрөө над руу хутга авч дайрч миний баруун гарын булчинг зүссэн ба энэ үед Цагдаагийн байгууллагад нэг удаа хандаж шалгуулж байсан. Дараа нь  Х.Б2019 онд надаас хүүхдүүдийг минь авч гадаад руу зугтах зорилгоор гадаад паспорт хүртэл авч байсан удаатай. Түүнчлэн  Х.Бнь хүүхдүүдээ гэрээс авч яваад үл хайхарснаас болж хүү  Х.А   маш хүндээр өвчилж байсан. Би энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллага болон хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагад хүртэл өргөдөл гаргаж байсан. Шүүх хуралдаанд эдгээр болсон үйл явдлыг нотлох нотлох баримтуудыг гаргаж өгнө гэж бодоод авч очсон боловч шүүхэд өгч чадаагүй. Учир нь шүүхээс эдгээр нотлох баримтуудыг асууж авдаг гэж бодож байхад нэг мэдэхэд шүүх хуралдаанд дууссан байсан.

Нөгөө талаас  Х.Б өмгөөлөгч авсан байсан би өмгөөлөгчгүй байсан тул нэхэмжлэгч талд илүү давуу тал бий болж тэд нар надаас илүү зүйл яриад байх шиг байсан. Би ч гэсэн өмгөөлөгч авъя гэж бодож шүүхээс өмгөөлөгч авах эсэх талаар асуух үед өмгөөлөгч авна гэж хэлье гэж бодож байтал шүүхээс өмгөөлөгч авах эсэхийг огт асуулгүйгээр шүүх хуралдааныг дуусгасан. Нэхэмжлэгч  Х.Б бид хоёр хоёулаа монгол хэл мэдэхгүй учраас орчуулагчийн тусламжтайгаар үгээ хэлж байсан. Орчуулагч зөв орчуулга хийсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Учир нь шүүх хуралдааны дараа шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж үзэхэд нарийн бичгийн дарга бидний хэлснийг шууд өөрөө монгол хэл рүү орчуулаад бичсэн байдалтай байсан. Жишээлбэл 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд орчуулга хийсэн тухай ямар нэгэн тэмдэглэл байхгүй байсан. Миний бие эрүүл, ухаан санаа бүрэн ба согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй тул эхнэр болон хүүхдээсээ салж, гэр бүлээ цуцлуулахгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч  Х.Бнь хариуцагч  Ж.Х  ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү  Х.А  ,  Х.М  нарыг өөрийн асрамжид үлдээж, эцэг  Ж.Х  аар хүүхдээ тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан судалбал, Х.Бота,  Ж.Х   нар нь гэр бүл болсноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаантай байсан, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрэхээс татгалзсан буюу нэхэмжлэгч гэр бүлээ үргэлжлүүлэх сонирхолгүй, нэг гэр бүлд хамтран амьдрахаас татгалзаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х.Бота,  Ж.Х   нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү  Х.А  ,  Х.М  нарыг эх   Х.Б  асрамжид үлдээж, эцэг  Ж.Х  аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэйгээ уулзах, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран оролцох эрхтэй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү  Х.А  ,  Х.М  нарыг  эцэг  Ж.Х  аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хүүхдийн нас, санал, ахуйн нөхцөл, бололцоо, эхийн халамж, эх нь өөрөө хүүхдээ өсгөж, тэжээн тэтгэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү  Х.А  ,  Х.М  нарыг эх   Х.Б  асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт нийцсэн тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан “өмгөөлөгч, орчуулагч авах эрхээр маань хангаагүй ...” гэх үндэслэлийг нь судалж үзэхэд түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулсан нь баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тус шүүхийн орон тооны орчуулагчийг оролцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт, түүнчлэн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон мөн өдрийн 143 дугаартай шүүгчийн захирамжид тусгагдсан зэргийг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах тухай хариуцагчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2020/00292 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  Ж.Х  ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                              С.ӨМИРБЕК