Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/432

 

 

 

 

 

 

      2024             4            11                                         2024/ДШМ/432         

 

      А.Дд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/130 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Дд холбогдох эрүүгийн 2309000001947 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгч А.Д нь 2023 оны 7 дугаар сарын 20-24-ний өдрийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, .... тоотод оршин суух хадам ээж болон Ц.Аийн гэрт байрлах сэйфнээс монетон гинж 2 ширхэг, луун хээтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 4 ширхэг, эрэгтэй алтан бөгж 4 ширхэг, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Ат 19,477,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Дээс 13,347,500 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-ийн Ат олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие өөрийн хадам ээж болох Ц.Ат учруулан гэм буруугаа ухамсарлан, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэм буруутай гэдгээ маш сайн ойлгож байгаа билээ. Гэм буруутай үйлдэлдээ уучлал хүсэж, өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхээс надад оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч А.Д нь хохирол төлбөрийн үлдэх хэсэг болох 13,147,500 төгрөгийг төлж, нийт 19,477,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд анха удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Анхан шатны шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэдэн граммтай, ямар эд зүйлс байсан нь тодорхойгүй учраас шүүгдэгчийн зарсан үнэлгээгээр тогтоосон байдаг. Үүнд хохирогч гомдолтой талаар мэдүүлдэг. Мөн шүүгдэгчийн зарсан эд зүйлс дотор хохирогчийн эцэг, эхээс үлдээсэн бөгж байсан бөгөөд энэ бөгжийг алдсантай гомдолтой байна гэсэн асуудал ярьдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс бага насны хүүхэдтэй, хүүхдээ харж хамгаалдаг гэж ярьж байгаа боловч анхан шатны шүүх дээр хохирогч шүүгдэгчийн хүүхдийг асран хамгаалж байгаа мөн хоорондоо ямар нэгэн харилцаа хамааралгүй, салсан гэдэг талаар мэдүүлсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч А.Д нь 2023 оны 7 дугаар сарын 20-24-ний өдрийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 29 дүгээр байрны 44 тоотод оршин суух хадам ээж болох Ц.Аийн гэрт байрлах сэйфнээс монетон гинж 2 ширхэг, луун хээтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 4 ширхэг, эрэгтэй алтан бөгж 4 ширхэг, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Ат 19,477,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            хохирогч Ц.Аийн “... Би 2023 оны 8 дугаар сарын 08-ны орой 20:00 цагийн үед ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 29 дүгээр байрны 44 тоотод байх гэртээ ирээд, маргааш нь ургийн баярт явах гээд сейфнээс үнэт эдлэл, хөөргөө гаргах гээд онгойлготол сейфэнд байсан хуванцар тунгалаг хайрцаг байхгүй байсан. ...Солонгос улсад үйлдвэрлэсэн 14 каратын сорьцтой, эрэгтэй загвартай монетон гинж 2 ширхэг, луун хээтэй эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй загвартай монетон бөгж 4 ширхэг, хайрцагтай цуглуулж байсан хэмжээ, загвар тодорхойгүй алтан эдлэлүүд, сувдтай, мөнгөн үсний даруулга, эмэгтэй алтан бөгж 4 ширхэг, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулон 1 хос, хар манан шигтгээтэй ээмэг, кулоны хослол, эмэгтэй хүний монетон гинж 3 ширхэг, эмэгтэй хүний цагаан алтан бөгж 1 ширхэг, циркон шигтгээтэй монетон бөгж 6 ширхэг, хар манан шигтгээтэй бөгж 1 ширхэг, монетон ээмэг /хатгадаг 2 хос, унждаг 2 хос, цагариган 2 ширхэг/-нүүд, монетон кулонууд, шар шувууны хэлбэртэй, улаан рубин шигтгээтэй 14 каратын Солонгос монетон ээмэг 1 хос, зааны хээтэй эрэгтэй загвартай мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, хөөргөний халбага 1 ширхэг, мөнгөн эмэгтэй дээлний товч 5 ширхэг, мөнгөн эрэгтэй товч 1 ширхэг, ногоон шигтгээтэй, зааны хэлбэртэй мөнгөн кулон 2 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсныг мэдсэн. Гэр 2023 оны 6 дугаар сарын 01-нээс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хооронд эзэнгүй, цоожтой байсан. Манай гэрийн түлхүүр 5 хувь байдаг, 1 хувь нь манай гэрт бурхан тахилын ширээн доор байдаг ба тухайн түлхүүр байрандаа байсан. 1 нь нөхөрт, нөгөөх нь надад, нэг нь манай том охин М.Хд, нэг нь бага охин М.Ү нарт байдаг. Биднийг наадмаар хөдөө явсан хооронд манай охин гэрт орж, цэцгээ усалдаг байсан. Бид хааяа ирж очдог байсан. Би хүргэн Аын Дийг сэжиглэж байна. Учир нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу гэрийн тавилга авахаар явсан. Энэ үед над руу утасдаад гадаад паспортоо асуухаар нь “чи үз дээ” гэж хэлсэн. Тэгээд манай охин 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу явахдаа манай гэрийн түлхүүрийг нөхөртөө үлдээсэн ба сейфний түлхүүр унтлагын өрөөнд байдаг гар урлалын сагсанд ил байдаг юм. Манай охиныг БНХАУ-ын Эрээн хот явсан хооронд орсон болов уу гэж хардаж байна. ...” /хх 24-25/,

 

            гэрч Ч.Мын “... 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 41 минутад А.Д над руу “хаана байна” гэж чат бичихээр нь “ажил дээр байна” гэхэд “намайг залгахаар шууд над дээр хүрээд ирээрэй, мөнгө олж өгье чамд” гэж хэлсэн. Тэгээд орой ажил 16:00 цагт тараад 17:00 цагийн үед Улсын их дэлгүүрийн ард талын зогсоол дээр машинд нь А.Дтэй уулзсан. Уулзаад машиныхаа арын суудлаас цагаан гялгар юм гаргаж ирсэн ба доторх зүйл нь шууд гаднаасаа харагдаж байсан. 3 см орчим зузаантай, 23-25 см орчим урттай, 17-18 см орчим өргөнтэй пиавр материалтай, нээгдэж хаагддаг сав гаргаж ирсэн ба гаргаж ирэхээр нь “энэ юу юм?” гэж асуухад “энэ хадам аав, ээж хоёр тусдаа гарлаа гэж бэлэглэж байсан эдлэлүүд, манай эхнэрийн эдэлж хэрэглэдэг ээмэг, бөгж, зүүлт эдлэлүүд” гэж хэлсэн, мөн “чиний иргэний үнэмлэх байгаа юу?” гэж асуухаар нь “байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хайрцагтай савыг нээгээд дотор нь байсан үнэт эдлэлүүдийг алт болон монетоор нь ялгаад байсан. Тэгээд ялгасан алт, монетон эдлэлүүдийг миний гаран дээр тавиад, би өмсөж байсан улаан цамцныхаа энгэрийн халаасанд хийгээд “эд нарыг яах юм бэ?” гэхэд “ломбарданд тавина” гэж хэлсэн ба “эхнэр чинь мэдэж байгаа юм уу?” гэхэд “эхнэр мэдэж байгаа” гэж хэлээд Улсын их дэлгүүрээс хөдлөөд явсан. Явж байхдаа дахиад надаас “чиний иргэний үнэмлэх байгаа биз дээ?” гээд дахиж асуухаар нь “байгаа, яасан” гэхэд “чи эд нарыг өөрийнхөө нэр дээр тавьчихаач” гэхээр нь “яасан юм, чи өөр дээрээ тавиач” гэж хэлсэн чинь А.Д “манай хадам аав ломбардтай гэдгийг мэднэ биз дээ, Х бид хоёрыг ломбарданд юм тавьчих юм бол аав мэдчихнэ” гэж хэлэхээр нь “эд, үнэт эдлэлүүдийг тавьж яах гэж байгаа юм?” гэхэд “Австрали явах агентын хүнд мөнгө өгнө, ер нь бол Австрали явахад хэрэгтэй, бас чиний өрийг өгнө” гэж хэлсэн ба ямар ч байсан гэртэйгээ ойрхон ломбарданд тавьсан нь дээр байх даа гээд Монгол 3 дугаар сургуулийн тийшээ яваад “Сайн” ломбард дээр очсон. Очоод А.Д “би энд хүлээж байя, аав энэ хавиар явдаг, намайг харж ч магадгүй, наад үнэт эдлэлүүд чинь ломбарданд 1 хүний тавих лимит нь 5.000.000 байдаг, 5.000.000 төгрөгөөс илүү гарах юм бол тэрийг нь аваад ирээрэй” гэж хэлэхээр нь би ороод надад өгсөн зүйлүүдийг бүгдийг нь нийтдээ 3.640.000 төгрөгт барьцаанд тавьж байсан чинь А.Д ломбарданд орж ирсэн ба намайг “чи машин дээрээ очоод сууж байхгүй юу, гар утасныхаа “Хаан” банкны аппликейшний нууц кодыг гаргаад өгчих” гээд миний гар утсыг аваад үлдсэн. Тэгээд би машин руугаа очиж суугаад удаагүй 3, 4 минутын дараа буцаад ломбард руу гар утсаа авах гэж ороход А.Д ломбардны эгчид “Төрийн банк руу шилжүүлчихсэн шүү” гэж хэлж байсан. Би тэгээд гар утсаа аваад, буцаад машиндаа очиж суугаад удалгүй миний араас ломбарднаас нэг юм авчихсан орж ирсэн, тэр нь уутанд алтан ээмэг байсан. Тэгээд тэрийгээ аваад “Мөнгөн завьяа” автобусны буудал дээр зогсоод арын суудал дээр байсан нөгөө хайрцагтай зүйлээ дахиж гаргаж ирээд, дахиж ялгаад, луун толгойтой алтан бөгж, нэлээн олон бөгж зэргийг гаргаж ирээд “энийг авч ороод үнийг нь хэд болж байна асуугаад надад хэлээрэй” гэхээр нь би буухаасаа өмнө “чи хамт орохгүй юм уу?” гэхэд надад “би машин зогсохгүй газар зогссон байна, ороод над руу залгаарай” гэж хэлсэн. Би ороод шууд нэг эгч дээр очиход “чи юу хийдэг юм" гэж асуухаар нь би “орчуулагч хийдэг” гэж хэлсэн. Тэгээд нөгөө үнэт эдлэлүүдээ зарах гээд өгсөн, тэр эгч бүгдийг нь хэдэн төгрөг болох нь уу гээд бодоод тэр эгч “9.112.000 төгрөг болж байна” гэхээр нь тэр эгчид би “асуучихаад ирье” гэж хэлж гараад А.Дд хэлэх гэтэл А.Д нөгөө зогсоол дээрээ байхгүй байсан, “автобус ирчихлээ, тойроод ирье” гэж хэлсэн. Тэр хойгуур нь буцаж ороод өөр нэг эгчид хэд болох нь уу гээд бодуулж үзээд 8.900.000 төгрөг болж байсан ба миний гар утасны цэнэг дуусч байсан, А.Д рүү залгаад хэлсэн. “Ийм бага болж байгаа юм уу?” гэхээр нь “тийм ээ” гэхэд “за за, 9.112.000 төгрөгөнд зарчих” гэхээр нь зарсан. Тэгээд “Мөнгөн завьяа”-гийн ард зогсоол дээр зогсоод надаас “хэд болсон, 9.200.000-даа тавьсан уу?” гэхээр нь “9.112.000 төгрөгөнд тавьсан” гэхэд “ийм бага гарч байгаа юм уу, уг нь арван тав, зургаан сая болчих байх гэж бодсон, хаана нь ч хүрэхгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ миний машины зогсоолтой ойрхон газар зогсоод, буухынхаа өмнө “одоо ингээд өмнөх мөнгөтэйгөө хэд болсон билээ?” гэж асуухаар нь “10.000.000” гэж хэлэхэд “Австралийн визанд 10.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн ба “энэ мөнгийг яах юм?” гэхэд 4.000.000 төгрөгийг миний данс руу хийчих гэж хэлэхээр нь би буугаад, утасны цэнэг дууссан байсан учраас машинд орж гар утсаа цэнэглээд А.Дийн өөрийнх нь данс руу хийсэн. Тэгээд хөдлөөд удаагүй явж байсан чинь чатаар өөр хүний данс явуулаад “нөгөө мөнгөнөөсөө 3.150.000 төгрөгийг гялс хийгээдэх” гэхээр нь “А мөн үү нэр нь?” гэхэд “мөн” гэж хэлсэн. Тэгээд над руу чатаар войс коллоор залгасан ба “2.850.000 төгрөг үлдэж байна, яах юм” гэхэд “чамд байж байг, нэг хоёр хоногоос авна” гэж хэлсэн ба “би нэг ахаас мөнгө зээлэх гэсэн тэр ах цалингийн зээлтэй юм байна, энэ мөнгийг цалингийн зээлийг нь даруулаад, дахиж зээл авахуулаад чамд мөнгө өгнө, өрөө дарна, 3.150.000 төгрөгийг тэгж өгч байгаа” гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 7 дугаар сарын 26-ны өдөр 14:00 цагийн үед А.Д над руу чат бичээд “үлдэгдлээ tdb хийчих” гэж хэлсэн ба би Худалдаа хөгжлийн банкин дахь А.Дийн данс руу үлдсэн мөнгийг хийсэн, тэгээд надад мөнгө үлдээгүй. ... Саяхан 6 дугаар сард “1 икс бет” сайт руу орж байхыг нь харсан, яг тоглож сууж байхыг нь харж байгаагүй. Харин энэ зун ирээд онлайн покер тоглодог гэдгийг нь мэдсэн, тоглож байхыг нь олон удаа харсан. Тухайн үед тэр хайрцаг дотор алтан ээмэг, бөгж, зүүлтнүүд маш олон ширхэг, луу хэлбэртэй алтан бөгж, цэцэг хэлбэртэй алтан ээмэг байсан. Том жижиг алт, мөнгөн эдлэл гэхээр зүйл байгаагүй. Эхлээд Монгол 3 дугаар сургуулийн хажууд буюу Баянбүрд тал руугаа явдаг чигт “Сайн” ломбарданд 3.640.000 төгрөгөнд алт болон монетон эд зүйлүүд буюу ээмэг, бөгж, зүүлт зэргийг тавьсан. Дараа нь “Мөнгөн завьяа”-д үлдсэн үнэт эдлэлүүдээс мөн ялгаж, луун толгойтой алтан бөгж, бас өөр хоёр гурван ээмэг, бөгж зэргийг 9.112.000 төгрөгөнд тавьсан. Тэр ломбардуудыг би мэднэ, одоо зааж өгч чадна. Алтан ээмэг, монетон гинж, өөр хэдэн зүйл үлдсэн. Үлдсэн нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. А.Д өөрөө аваад явсан. Бид хоёрын хооронд өр авлага байгаа, энэ жилийн 06 дугаар сараас бага багаар авсаар байгаад надад 6.000.000 төгрөгийн өртэй болсон. Байрны засвар хийх гээд хүнээс мөнгө зээлсэн гэж байсан, өөр сайн мэдэхгүй байна. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, надад хэлээгүй. ...” /хх 27-28/,

 

            гэрч М.Хгийн “... 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хадам ээж Д руу яриад “мөнгө бүтсэн, мөнгө байгаа дээр хүүгээ тусад нь гаргана” гээд Эрээн явна гэж ярьсан байсан. Тэгээд Д надад өнөөдөр одоо оройны 20:00 цагийн экспресс вагон захиалсан, явъя гэнээ гээд тэгээд би ээж рүү аяга угааж байхдаа чанга яригч дээрээ тавьж байгаад би “миний гадаад паспорт хаана байгаа вэ? Эрээн явахаар болчихлоо” гэхэд сейфэнд байгаа гэхээр нь би сейфний түлхүүр хаана байгаа билээ гэсэн чинь ээж сейфний дээр төмөр хайрцган дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд автобусдаад гэртээ 17:00 цагийн үед ирээд би өөрийнхөө бичиг баримтыг хадгалдаг хар цүнхээ шалгатал гадаад паспорт байсан. Тэгээд би аав, ээжийн гэрт ороод орны доод талаас хувцас хийх хар цүнхээ аваад гарах гэж байтал араас Д орж ирээд шууд буцаад гарсан.  ... Би ургийн баяр руу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг руу яваад 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орой гэрт ирсэн. ...Манай аав, ээж 29 дүгээр байрны 5 давхарт 44 тоотод амьдардаг. Аав, ээж хоёр ургийн баярт явах гээд юмаа бэлдэж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрт байсан сейфнээс хуванцар хайрцагтай монет, алтан үнэт эдлэлүүд алга болсон талаар хэлсэн. ...” /хх 30-31/,

 

            гэрч М.М-ын “... Эхнэр бид хоёр 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн орой 20:00 цагийн үед ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 29 дүгээр байрны 44 тоотод байх гэртээ ирээд, маргааш нь ургийн баяр луу Төв аймгийн Эрдэнэсант руу явах гээд сейфнээс үнэт эдлэл, хөөргөө гаргах гээд онгойлготол сейфэнд байсан хуванцар тунгалаг хайрцганд байсан олон тооны үнэт эдлэлүүд байхгүй байсан. ...” /хх 33-34/,

 

            гэрч Т.О-ийн “...2023 оны 7 дугаар сарын 27-ны орой “Мөнгөн завьяа” дахь дэлгүүр дээрээ байж байхад 19:00 цагийн үед яг хаах гэж байхад манай түрээслэгч Цэцгээ гэж дууддаг эмэгтэй үйлдвэрийн ханшаар хэдэн метал авчих гэхээр нь би үнэт эдлэл хэмждэг төхөөрөмж дээр 3-4 ширхэг зүйлийг тухайн үеийн ханшаар тооцоход 9.350.000 төгрөг болсон ба талыг нь бэлнээр, талыг нь дансаар авч байсан санагдаж байна. Тухайн үед 1 грамм алт 185.000-аас дээш үнэтэй байсан. Тухайн Цэцгээ эгчээс авсан үнэт эдлэлүүдийг хэдэн граммтай, хэдэн ширхэг байсныг санахгүй байна. Ямартаа ч 9.350.000 төгрөг байсан. Туяа гэдэг нь манай түрээслэгч, Цэцгээ гэж дууддаг хүн байгаа юм ” /хх 44-45/,

 

            гэрч Б.С-ийн “... Би хувиараа алт, монетон эдлэл худалдан авч, дархан хүмүүст өгч, шинээр ээмэг, бөгж, зүүлт гэх мэт зүйлс болгож худалдан борлуулдаг юм. Тэгээд үнэгүй.мн болон фэйсбүүк зарын группуудэд “үнэт зүйлс авна” гэх зарын дагуу 2023 оны 8 дугаар сарын эхээр нэг залуу холбогдоод, дундаа уулзъя гээд Цамбагаравын автобусны буудлын хойд талд Бургер Кингийн гадаа 20 орчим насны жартгар нүдтэй залуугаас 4-5 ширхэг алт, монет нийлсэн үнэт эдлэлүүдийг тусгай хэмждэг багажаараа граммлаж үзээд 4 сая 300 мянган төгрөгөөр үнэлээд, дансаар шилжүүлэн өгсөн. Тэгээд тухайн авсан үнэт эдлэлүүдийг дарханд өгч хайлуулан шинэ бүтээгдэхүүн болгуулсан. ...” /хх 102/,

 

            гэрч Н.Туяагийн “... “Мөнгөн завьяа” алт, үнэт эдлэлийн дэлгүүрт лангуун дээрээ зогсоод юмнуудаа хурааж байхад 2023 оны 7 дугаар сарын 24-ний орой 18 цаг 55 минутын орчим улаан өнгийн цамцтай нүдний шилтэй эрэгтэй хүүхэд орж ирээд “монет авах уу?” гэсэн. Тэгэхээр нь би үзье гээд үзэхэд хуучин монетон ээмэг, бөгж, гинж хэдэн ширхэг байсныг би мэдэхгүй граммлаад үзэхэд нийлээд 75 грамм байсан. 1 ширхэг гар хийцийн алтан бөгж байсан, уг бөгж нь 3.5-4 грамм орчим байсан. Би уг эд зүйлийг бүгдийг нь нийлүүлээд 9.120.000 төгрөг авъя гээд би тэр хүүхдээс “хулгайн юм биш биз?” гэхэд “биш ээ, би гадаад явах гэж байгаа юм, аав ээж зөвшөөрсөн, би гараад асуугаад ирье” гэж хэлсэн. Тэгээд 15 минутын дараа орж ирээд “авчих аа” гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь өөрийн “Хаан” банкны 5011311611 дугаартай данснаас 2023 оны 7 дугаар сарын 24-ний орой 19 цаг 17 минутад тэр залуугийн “Хаан” банкны 5028815586 данс руу шилжүүлсэн, гүйлгээний утга дээр нь “метал” гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн. Тэр залуугаас авсан бөгж, гинж, ээмэг, зүүлтийг 15 минутын дараа Отгонсүрэнд 9.350.000 төгрөгөөр өгсөн, уг мөнгөнөөс миний данс руу Отгонсүрэн нь өөрийн “Хаан” банкны 5025468500 дугаартай данснаас 4.503.620 төгрөг шилжүүлж өгөөд, үлдэгдэл 4.850.000 төгрөгийг бэлнээр авсан ...” /хх 75/ гэсэн мэдүүлгүүд,

 

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...750 сорьцтой, 1.7 грамм алтан гинж, 750 сорьцтой, 2.8 грамм алтан гинж, 585 сорьцтой, 3.1 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 1.6 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 0.8 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 4.9 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 1.4 грамм өрөөсөн монетон ээмэг, 585 сорьцтой, 2 грамм монетон циркон бөгж, 585 сорьцтой, 5.6 грамм монетон бөгж, 585 сорьцтой, 4 грамм монетон бөгж, 585 сорьцтой, 2.9 грамм монетон бөгж, 585 сорьцтой 1.9 грамм монетон бөгж, сорьцгүй, 5.3 грамм монетон бөгж, 585 сорьцтой, 2.1 грамм монетон кулон зэрэг нь 6.129.500 төгрөгөөр үнэлэгдэв.” /хх 108-109/,

            “... Алтан бөгж, 916 сорьцтой 5 ширхэг, алтан ээмэг, 916 сорьцтой 4 ширхэг зэрэг нь 4.235.500 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлангууд /хх-ийн 144/,

              

            эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 115-116/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-17/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 75/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

Шүүгдэгч А.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хүнд биш гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.       

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс А.Дд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Дийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч А.Дийн хохирогчид 13,347,500 /арван гурван сая гурван зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийн цагдан хоригдсон 72 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

 

                      ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

          ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ