| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00428/И |
| Дугаар | 312/шш2025/00672 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 312/шш2025/00672
2025 04 18 312/ШШ2025/00672
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 578 896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П.******* нь ******* ББСБ-тай 2021 оны 09 сарын 07-ны өдөр 140000660769 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95688100 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. П.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.04.06-ны өдрөөс 2023.04.30-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 860,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
******* ББСБ-ын зүгээс П.*******гаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардахад 2023.05.13-ны өдөр 20,000 төгрөг, 2023.10.29-ний өдөр 515,347 төгрөг, 2024.03.21- ний өдөр 41,001 төгрөг, 2024 оны 05.06-ны өдөр 100,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар П.*******гийн зээлийн гэрээний үүрэг нийт 578,896 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 392,506 төгрөг, зээлийн хүү 155,530 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,860 төгрөг байна.
П.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 578,896 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие П.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 578 896 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг би 2025 оны 05 дугаар сараас гурав хуваан барагдуулна. Сарын эхний 10 хоногт 200 000 төгрөгийг хийж барагдуулна. Миний энэ хүсэлтийг хүлээн авна уу... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан 578 896 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 578 896 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 200 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбар гаргасан.
Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн 578 896 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 200 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 008.5 төгрөг, төрийн сангаас 9 008.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА