| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2025/0020/з |
| Дугаар | 119/ШШ2025/0039 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2025/0039
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /***/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар иргэн ***д анх 450 м.кв газрыг ззэмшүүлсэнийг Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/292 дугаар захирамжаар 235 м.кв-аар нэмэгдүүлж, 685 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.
3. Нэхэмжлэгч *** нь 2013 онд өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах *** төвийн урд хэсэгт 7м:14м-ийн харьцаатай газарт сендвичин барилга барьж, уг газраа эзэмших талаар Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй гэж маргасан.
4. Орхон аймгийн Засаг дарга *** иргэн *** Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлгүй газрыг дур мэдэн эзэмшиж, эзэмшил газраасаа илүү гаргаж барилгын өргөтгөл барьсан гэх үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаартай “Газар албадан чөлөөлж, албадан буулгах тухай” захирамж гаргасан байна.
5. Нэхэмжлэгч *** нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШЗ2025/0167 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
-Миний бие *** нь Орхон аймаг Баян-Өндөр сум *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. *** төвийн эзэмшлийн газрын урьд байрлах 7x14м2 хэмжээтэй газарт 2013 онд тухайн үеийн Орхон аймгийн Засаг дарга ***д газар эзэмшүүлэх өргөдөл хүсэлтээ гарган уг газрын эзэмшлийг шийдүүлэхээр хандсан боловч миний өргөдлийг хэрхэн шийдсэн талаар шийдвэр гараагүй. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга ***д энэ газрын талаар эзэмшлийн эрх авахаар хандсан боловч мөн хариу өгөөгүй.
-2014 онд Газрын албаны мэргэжилтэнд мөн энэ хүсэлтээ уламжлахад газрын төлбөрийг нь төл гээд газрын албаны дансанд 1,598,000 /нэг сая таван зуун ерэн найман мянган/ төгрөг тушаалгасан. Учир нь уг газар нь хэний ч эзэмшил ашиглалтад байхгүй бөгөөд би Газрын албанд газрын төлбөр төлсөн байсан тул эзэмшлийг хуулийн дагуу надад олгож байна гэж үзсэн. Мөн газрын эзэмшлийн асуудлыг аймгийн Засаг дарга эрх эзэмшүүлэхдээ шийддэг тул урьд нь гаргасан 2 өргөдлийг үндэслээд газрын төлбөр төлүүлсэн гэж үзэж байна.
-Орхон аймгийн Засаг дарга нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжаа гаргахдаа уг газарт бодит эзэмшил, ашиглагч үүсгэсэн надад мэдэгдээгүй байгаа уг захирамжаар манай зардал гарган бий болгосон эд хөрөнгийг эзэмших эрхэнд хохирол учруулж байна. Дээрх дурдсан холбогдох төрийн албан тушаалтанд өргөдлөө гарган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дансанд төлбөрөө төлөөд хуулийн дагуу шийдэж өгөхийг хүлээж байтал 2025 оны 06 дугаар сарын 04-ний Орхон аймгийн Засаг даргын А/466 тоот захирамж гарч газар чөлөөлөх болсон байна.
-Захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу уг захирамж, захиргааны актын эрх зүйн үйлчлэл шууд эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг захиргааны байгууллага өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагаанд татан оруулна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд тус тус заасан оролцогчийн нотлох баримт гаргах, нотлох баримт цуглуулах, гэрч болон гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, холбогдох бичиг шийдвэртэй танилцах, нотлох баримт гаргуулан авах зэрэг, мөн захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж зэргийг олгохгүйгээр шууд газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2010 оноос хойш манайх Эрдэнэтдээ анхдагч bowling-н төв байгуулах гээд өргөтгөл хийсэн юм. 30 метр замтай учраас 7 метр сунгаад тухайн үед хүсэлт гаргаад, тэр сунгалтыг нь зөвшөөрөөд захирамж гарсан. Гэтэл гадна догол үүсээд тэр хэсэгт нь орон гэргүй хүмүүс урц барьж хоноод, ***-ийн хүүхдүүд тамхи татаад зодоон хийгээд дийлдэхгүй байсан учраас тэр Г хэлбэрийн зайнд бид сендвичин барьснаас хойш тэгэхээ больсон. 600 гаруй м.кв боллоо гээд газрын төлбөр төлөөд болсон гэж бодож өнөөдрийг хүртэл маргаангүй явж байсан боловч 2024 оноос хойш асуудал яригдаж эхэлсэн. Тухайн үед мөнгийг нь төлсөн юм чинь болсон гэж бодсон. Гэтэл дараа нь мэдэхэд кадастрт ороогүй гэсэн яриа гарсан. Яагаад тэгж байгаа вэ гэхэд нэгдүгээрт тухайн сендвичин барилгын суурь нь цементэн цутгалтгүй болохоор кадастрын зурагт гараагүй, хоёрдугаарт таны фандусны хэмжээ байна гэсэн ойлгомжгүй зүйл яриад толгой эргүүлсэн. Гэхдээ би өөрөө болсон гэж бодож байсан ч хэзээ нэгэн цагт ийм юм гарч ирэх л байсан юм байна. Тийм болохоор шүүхийн шатанд нь зөвөөр шийдүүлээд авсан нь зүйтэй гэж олзуурхаж байгаа. Гэхдээ тухайн үед мөнгөө төлсөн, болсон гэж бодоод явж байсан надад их харамсалтай байна. Яаж тэр тооцоог гаргасныг мэдэхгүй, хууль зүйн зөвлөгөө авах гэтэл хүмүүс маань ирэхгүй байдалтай байна. Тийм болохоор би газрын албанаас тайлбар авах хэрэгтэй байна. Яагаад би төлбөр төлсөн байхад Бүрнээ гэдэг мэргэжилтнээс асуухад энэ чинь фандусны хэмжээ гэсэн. Фандусны хэмжээ, манай үндсэн газрын хэмжээ таарч байгаа эсэхийг нь шинжлүүлмээр байна. Хоёрдугаарт Бүрэнжаргал даргад би “газрыг бидэнд эзэмшүүлээч, зам талбай саад учруулаагүй” гэсэн өргөдөл өгөхөд хариу өгөөгүй байж ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Газар эзэмших хүсэлт өгч байсан. Ямар ч байсан энэ талаар огт яригдаагүй байж байгаад л гэнэт буулгалаа гэсэн. Тухайн үед охин маань төрөөд, би Америкт байж байгаад ирээд газрын албатай уулзаад “газрын төлбөрөө төлсөн шүү дээ, юу болоод байгаа юм бэ? гэхэд Бүрнээ өөдөөс “энэ чинь фандусны хэмжээ” гэж хэлсэн. Анх фандус гэдэг үг нэг ч удаа яригдаагүй. Фандус гэдэг нь манайх 1 давхраасаа 1, 1 метр сунаад өргөссөн байгаа. Үүнийгээ дээш нь давхарлаад барьсныг фандус гэж байгаа юм. Тэр үед фандус илүү гаргаж барьсан байна, үүндээ мөнгө төл гэж хэн ч надад хэлээгүй. Нэг ч мэргэжилтэн хэлээгүй байж газрын маргаан гараад ирэхэд л энэ яригдаад эхэлж байгаа юм. Энэ сендвичин байшин дотор асар их хүний үнэтэй юмнууд байгаа учраас газрын төлбөрийг нь төлөөд ч юм уу ямар нэг байдлаар аймагт хохиролгүйгээр цаашид яваад байж болохгүй юм уу? Бодолцож үзнэ үү, 2, 3 жил байсан ч болно” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн хавсралт №1-т заасны дагуу иргэн ***д 450 м.кв газрыг ззэмшүүлсэн. Кадастрын хэмжилт зураглалаар газрын хэмжээ өөрчлөгдөж, аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/292 дугаар захирамжийн хавсралт №2-т заасны дагуу иргэн ***д *** баг, дутуу барилгын ард 685 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Ингэснээр анх эзэмшүүлсэн газар дээр 235 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн.
Үүнээс хойш *** нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчиж, эзэмшил газраасаа илүү гаргаж барилгын өргөтгөл барьсан.
Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмшигч ***д мэдэгдэл хүргүүлж, мэдэгдэлд заасан хугацаанд тайлбар, саналаа ирүүлээгүй тул аймгийн Засаг даргын 2025 оны А/466 дугаар газар албадан чөлөөлөх захирамж гарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
2013 онд ***ын хүсэлтийг дагуу Орхон аймгийн Засаг дарга эзэмшүүлсэн 450 м.кв газар дээр нь 245 м.кв газар нэмээд 685 м.кв газар эзэмшүүлсэн байдаг. Үүнээс хойш тухайн газар дээр сендвичин барилга барьсан. Тухайн үед илүү газар барилга барьсан байна гэхэд түр барьсан гэсэн хариу өгсөн. Энэ асуудлаар тухайн оршин суугчдаас гомдол гаргаад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зурагзүйн улсын байцаагч тухайн гомдлын дагуу прокуророос ирсэн хүсэлтийн дагуу хэрэг нээгээд шалгах явцад *** нь хууль зөрчиж барилга барьсан буруугаа хүлээсэн. Тухайн байцаагчаас та үүнийгээ тодорхой хугацаа заагаад албадан буулгах даалгавар өгсөн байдаг. Тэр цагаас хойш буулгаагүй явж байгаа. Бидний зүгээс хууль зөрчиж илүү газар эзэмшиж байна гэсэн шаардлага тавьсан, сонсох ажиллагаа хийж мэдэгдэл өгсөн, өөрсдөд нь ч танилцуулж байсан боловч чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Арга буюу аймгийн Засаг даргын албадан буулгах захирамж гарсан. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр сайн дураараа буулгаач гэсэн боловч буулгаагүй. Одоогоор албадан буулгах гэхэд дотор нь нэлээд хэдэн хүний эд хөрөнгө байдаг юм байна. Үүнийгээ аваач гэхэд авдаггүй. Өмнөх хурал дээр захирамжийг маань түдгэлзүүлсэн байгаа. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2.-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэсэн. Аймгийн Засаг дарга таны асуудалд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, сумаас санал ирээгүй, хууль зөрчиж барьсан учраас таны газрыг сунгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд “уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалах үр дагаврын асуудал байх тул “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Нэхэмжлэгч ***ы өмнө эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлэн 685 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон үйл баримт Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/292 дугаартай захирамж, түүний газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэх талаар гаргасан өргөдөл, төлбөр төлсөн баримт, газрын кадастрын зураг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна. /Хэргийн 15-16, 30-31, 81 дэх тал/
2.2. Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаар “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” захирамжаар *** нь “эзэмшил газраасаа илүү газарт сэндвичин барилга барьсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшиж, зөрчлийн арилгах хугацаатай албан даалгавар өгсөн боловч зөрчлөө арилгаагүй” гэх үндэслэлээр газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /Хэргийн 36-38 дахь тал/
2.3. Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаар “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудад нийцсэн, нэхэмжлэгч ***ы эрх ,хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэв.
2.4. *** нь эзэмшил газраасаа илүү газарт сэндвичин барилга барьсан болох нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/292 дугаартай захирамж, Газрын кадастрын зураг, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах” даалгавар, зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0079532 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэхүү зөрчлөө арилгах хугацаатай даалгавар, шийтгэл ногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
2.5. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан тайлбар, Орхон аймгийн Засаг ***д 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргаж байсан өргөдөл зэргээс дүгнэхэд 7мх14 м хэмжээтэй сэндвичин барилга барьсан газар нь түүний эзэмших эрх бүхий 685 м.кв газарт хамаарахгүй, эзэмших эрх бүхий газраасаа илүү гарсан догол газрыг ашиглан барилга барьсан болох нь нотлогдож байна. /Хэргийн 14, 80, 82 дахь тал/
2.6. Иймд эзэмшил газраасаа илүү газарт барилга, байшин барьж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, ашигласан зөрчилд хамаарна.
2.7. Орхон аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан хууль зөрчөөгүй шийдвэр байна.
2.8. Иймд Орхон аймгийн Засаг даргын дээрх шийдвэр нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ. Тодруулбал, газар эзэмших эрх нь хуулийн дагуу /хууль ёсны дагуу/ үүссэн бол өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэнэ.
3. *** эзэмшил газраасаа илүү газарт сэндвичин барилга барьсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн зөрчлийг түүнд мэдэгдэж, зөрчлөө арилгах даалгавар, шийтгэл ногдуулсан эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарсан зэргээс дүгнэхэд түүнд мэдэгдээгүй гэх үндэслэлгүй болно.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Уг газар дээр байгаа сэндвичин барилгыг буулгахгүй байх, тодорхой хугацаанд ашиглуулах талаар эвлэрэх хүсэлт” гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль зөрчиж эвлэрэх боломжгүй гэсэн тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах талаар шүүхэд хүсэлт гаргаж, энэхүү хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, хуульд заасан эрхийг хангасан болно.
6. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119/ШЗ2025/0258 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж буюу захиргааны актын биелэлт түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хуульд зааснаар хүчин төгөлдөр болох хүртэл хүчин төгөлдөр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ***ы Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ