Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

- хохирогч Иан Макнейл

- хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбат

- шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

  • гэрч Н.Наранзул,
  • орчуулагч Б.Гантогос
  • шүүгдэгч М.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хантайшир овогт Мягмарын Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 1734003610226 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлт тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Тэс петролиум шатахуун түгээх станц 41-р салбарт түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын 12-173 Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хантайшир овогт Мягмарын Мөнхжаргал     /РД: НЩ86031673/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон гэх газар иргэн Иан Макнейлийг машины араас мөргөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө би Өндөр дов гэх газар бие засах гээд зогсоод бие засаад зогсож байтал түс гээд явчихсан. Тэгээд машин дээрээ очиход Оюун-Эрдэнэ ухаан алдсан байдалтай байхаар нь хиймэл амьсгаа хийсэн. Миний  машиныг мөргөсөн машинаас хүн бууж ирээгүй. Тэгээд би машин дээр нь очиход хаалга түгжчихээд бууж ирж тусламж үзүүлээгүй болохоор нь уур хүрээд, би хаалга онгойлгоод энэ хүнд гэмтэл учруулсандаа харамсаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэв.

 

Хохирогч Иан Макнейл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 9 сарын 4-нын өдөр уурхайгаас гараад Улаанбаатар хот руу буцааж явж байсан. Би орчуулагч Наранзултай явж байсан. Бид нар замдаа нэг хоол идчихээд 21 цагийн орчимд осол болсон байгаа. Би 80 км цагийн хурдтай явж байсан. Миний өөдөөс холын гэрлээ асаасан машин ирж явж байсан. Тэгээд би хурдаа хасаад гэрлээ ойр дээрээ шилжүүлсэн. Тэгээд эсрэг машиныг зөрөхөөр нь гэрлээ хол дээрээ тавьсан чинь ямар нэгэн ослын гурвалжин тавиагүй машин тулсан байсан. Тэгээд би машин тулаад ирчсэн тул баруун гар тал руугаа дарах гэтэл жалга байсан тул зүүн гар талруугаа дарсан байгаа. Би машинаа зогсоогоод би болон манай Наранзул гэмтээгүй тул би нөгөө машины хүн гэмтчих вий гэж бодоод машинаасаа буугаад иртэл шүүгдэгч над руу орилоод дайраад намайг цохиж замын хажуу талын далан руу унагасан. Тэр далан чулуу ихтэй байсан тул нүүр болон гарандаа шарх авсан байгаа. Тэгээд намайг унахад миний  хавирга руу өшиглөсөн. Би цагдаа иртэл машиндаа суугаад хаалгаа түгжээд цагдаа иртэл хүлээсэн. Тэр хэсэгт утасны сүлжээ байхгүй байсан учир замын хажуугаар явж байсан хүмүүс цагдаа дуудсан байгаа. Ухаан алдсан гээд байгаа Оюун-Эрдэнэ бол ухаан алдаагүй орилж чарлаад яриад байсан. Миний хамрын яс цуурч гэмтсэн байсан одоо болтол хөндүүр байгаа мөн хавирга минь эдгэх гэж 2 сар болсон. Би 2017 оны 6-7 сард Австралид 2 нүдэндээ болор суулгасан байгаа. Энэ гэмтлээс болоод миний хараа муудсан байгаа. Тэгээд би Австрали явж 2 нүдээ үзүүлэх гэж байгаа. Гэхдээ би цохиулснаас болоод миний хараа муудсан гэж хэлж чадахгүй үзүүлж байж болно. Монголд үзүүлсэн эмнэлгийн баримтууд байгаа үүнийг манай өмгөөлөгч хэлэх байх” гэв

 

Гэрч С.Наранзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Машинаас хохирогч бид хоёр хамт буусан. Мөнхжаргал гэх залуу хохирогчийг цохиж байхыг болон өшиглөж байхыг харсан. Эмэгтэй хүн орилж байсныг бол би мэдэхгүй. Захирлыг машинаас эхлээд буугаад очиход зодсон. Тэгээд бид 2 айгаад машиндаа суусан. Гурван хүн байсан ба гурвуулаа согтуу байсан. Нэг нь зодоод өшиглөсөн. Гадаа харанхуй байсан тул царайг нь бол хараагүй гэв.

 

Гэрч Ж.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Төв аймгийн Сэргэлэн сумын Дов гэх газар айлд очоод тэгээд надтай цуг явса нөхөр болон найз нар нь архи айраг уугаад тэгээд 2017 оны 09 сарын 05-ны оро Улаанбаатар хот орох гээд явсан цуг явсан хүмүүс архи уусан байсан болхоор би машины нь бариад тэгээд явж байгаад замд зогсоод бие засах гээд машинаас бүгд буугаад би< засаж байсан би машины ойролцоо зогсож байсан тэгтэл машины араас нэг машин ирээ; мөргөөд би машинд цохиулан замын хажууруу шидэгдсэн юм. “ гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Ж.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би найз Даваасамбуу Мөнхжаргал нарын хамт Оюунэрдэнэ жолоо бариад Төв аймгийн Сэргэлэн сумын Дов гэх газраас Уланбаатар хот орох гээд 2017 оны 09 сарын 05-ны орой Мөнхжарглын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замд бие засах гээд зогсоод бүгд машинаас буугаад замын хажууд бие засаад байж байсан чинь бид нарын тээврийн хэрэгсэлийн араас машин мөргөөд машины ойрлцоо зогсож байсан Даваасамбуугийн эхэнр Оюун-эрдэнэ машинд цохиулан замын хажуур шидэгдсэн юм...Австрали улсын иргэн жолоочийг Мөнхжаргал нүүр тус газар нь гараараа нэг удаа цохиж зодсон тэгээд Даваасамбуу бид хоёр Мөнхжаргалыг хэрэгт орохнуу гээд салгасан юм. Мөнхжаргал тэр жолоочийг машин мөргөлөө гээд уурлаад цохиж зодсон байх...зодолдож байхыг хараагүй, замын хажуу талын налуу руу хоёулаа уначихсан байсан... /хх-ийн 25-26 тал/,...Мөнхжаргал гадаад улсын иргэнтэй зууралдаж байх үед нь л харсан. Бууж ирээд М.Мөнхжаргалтай зууралдаад замын хажуу руу унасан. Тэгээд босч ирэхэд нь харахад хамар дээр шалбарсан байх шиг байсан. Анх машинаас бууж ирэхэд нь ямар байсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 Гэрч М.Даваасамбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эхнэр Оюунэрдэнэ болон найз Мөнхжаргал, Жаргалсайхан нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын Довын гуанз гэх газраас 2017 оны 09 сарын 05-ны орой Уланбаатар хот орох гээд явж байсан. Тэгээд замд 21 цагийн үед зогсоод машинаас бүгд буугаад бие засаад байж байсан чинь бид нарын тээврийн хэрэгслийн араас нэг машин мөргөөд осол болж машины хажууд зогсож байсан манай эхнэр машинд зохигдоод замын хажуу руу унасан. Бид нар тэр үед машины араас мөргөсөн машин дээр очоод юу болж байна гэж уулзахад жолооч нь хэл мэдэхгүй гадаад хүн байсан ба орчуулагч нь гээд эмэгтэй уучлаарай манай жолооч үүргэлсэн байна гэж хэлсэн...Тухайн үед манай эхнэр Оюун-Эрдэнэ жолоо бариад явж байгаад бид нар бие засах гээд буусан хойно осол болсон...Австрали улсын иргэн жолоочийг Мөнхжаргал нүүр тус газар гараараа нэг удаа цохиж зодсон. Тэгээд Жаргалсайхан бид хоёр салгасан юм. Мөнхжаргал тэр жолоочийг машин мөргөлөө гээд уурлаад цохиж зодсон байх...тэр үед Оюун-Эрдэнэ архи уугаагүй эрүүл байсан. Харин Мөнхжаргал, Жаргалсайхан бид гурав согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №1090 тоот шинжээчийн дүгнэлтэд:

- Иан Макнэйлийн биед тухайн үед дух, хамар, хоёр гарын алганд зулгаралт, хоёр нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт гэмтэл учирсан нь  тогтоогдлоо

- иргэн Иан Макнейлийн хамарт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, юм өргөх, гараар цохих хоёрын аль ч үед үүсэх боломжтой.

- тухайн үед ирхтэн Иан Макнейлийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

- иргэн Иан Макнейлийн хамрийн мурийлт нь шинэ гэмтэл байх боломжтой

- шинжээч эмч и.Ганболорын 2017.09.12-ны өдрийн №569 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 тал/,

 

Шүүхийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №8648 тоот дүгнэлтэд:

  • шинжилгээнд ирүүлсэн “М.Я Мартин 65 эр”, “Оюун-Эрдэнэ 30 эм” гэж хаягласан 2 ширхэг цусанд спиртийн агууламж илрээгүй.
  • “Даваасамбуу 32 эр” гэж хаягласан цусанд 2.2 промилли спирт илэрсэн ба согтолтын дунд зэрэгт
  • “Жаргалсайхан 36 эр” гэж хаягласан цусанд 1.4 промилли спирт илэрсэн ба согтолтын хөнгөн зэрэгт,
  • “М.Мөнхжаргал 31 эр” гэж хаягласан цусанд 1.6 промилли спирт илэрсэн ба согтолтын дунд зэрэгт тус тус хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 47 тал

 

            БУСАД БАРИМТУУД:

  • гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
  • хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-13 тал/,
  • орчуулагч, хэлмэрчээр томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14тал/
  • хохирогч Иан Макнейлын Сос Мэдика Монголиа эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 67-72, 92 талууд/,
  • хохирогч Иан Макнейл шүүгдэгч М.Мөнхжаргалаас нэхэмжилж буй хохирлын баримтууд /хх-ийн 116-122 тал/,
  • шүүгдэгч М.Мөнхжаргалын ял шийтгэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-ийн 79 тал,
  • шүүгдэгч М.Мөнхжаргалыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-78 тал/ яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон гэх газар иргэн Иан Макнейлийг машины араас мөргөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Иан Макнейл, гэрч Ж.Оюун-Эрдэнэ, С.Наранзул нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Даваасамбуу, Ж.Жаргалсайхан нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1090 тоот дүгнэлт болон шүүгдэгч М.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч “Хэргийн бүрдэл хангагдаагүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнээр жолоо бариулсан байгаа. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн жолоо шилжүүлсэн тохиолдолд иргэний хариуцагчаар татах ёстой байдаг тул дээрх 3 үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Төв амйгийн прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхжаргалыг  2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон гэх газар иргэн Иан Макнейлийг машины араас мөргөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бүрдлэл хангагдсан гэж үзэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хянан шийдвэрлэсэн.

 Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн нотлох баримт болох хохирогч Иан Макнейлын Сос Мэдика Монголиа эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний баримтын орчуулгыг алга болгосон талаарх гомдлоо зохих шатны байгууллагад хандаж хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Мөнхжаргалын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

       Шүүгдэгч М.Мөнхжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулсан болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч Иан Макнейл нь эд хөрөнгийн хохиролд 1.334.800 төгрөгийн, шатахууны зардал 180.000 төгрөгийн, шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн 8000 төгрөгийн, өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөгийн, эмчилгээний зардалд 830$ буюу 2.023.540 төгрөгийн нийт 4.546.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хохирогч Иан Макнейл болон түүний өмгөөлөгч нь Тоёота Ланд Криузер-70 маркийн 40-93 УБС улсын дугаартай автомашины үнэлгээ болох 1.334.800 төгрөгийг,  шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн 8000 төгрөгийг нийт 1.342.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхжаргал нь төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч М.Мөнхжаргалаас гаргуулах нь зүйтэй байна.

 Харин хохирогч Иан Макнейл нь шүүхийн хэлэлцүүлэгт Сос Медика Монголиа эмнэлэгт “Биеийн ерөнхий үзлэг, мөн рентген зураг, нүдний үзлэг, эмчийн төлбөрт 830$ зарцуулсан” гэх боловч хэрэгт авагдсан хохирлын баримт /хх-ийн 119 тал/ нь орчуулгагүй, ямар эмчилгээ хийсэн нь тодорхой бус, 830 доллар буюу 2.030.180 төгрөг гэж үнийн дүн зөрүүтэй /хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хохирлын баримтын жагсаалтанд 830 доллар буюу 2023540 гэж/, түүнчлэн Монгол банкны ханшын лавлагаа нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаа байх бөгөөд Сос Медика Монголиа эмнэлэгт үзүүлсэн баримт нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн эмчилгээний баримт байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Иан Макнейл болон түүний өмгөөлөгч нар нь шатахууны зардал болох 180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж зааснаар хохирогч Иан Макнейлын өмгөөлөгчийн зардал болох 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2,3,4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хантайшир овогт Мягмарын Мөнхжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Хантайшир овогт Мягмарын Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хантайшир овогт Мягмарын Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хантайшир овогт Мягмарын Мөнхжаргалыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Мөнхжаргалаас 1.342.800 төгрөгийг гаргуулж хохирогч Иан Макнейлд олгож, 1.180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч М.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

8. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА