Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00031  

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00169 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Х.Б-ийн  нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух  А.Б -д  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Бакен, хариуцагч  А.Б болон түүний өмгөөлөгч К.Жархынбек /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд:  “ А.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  Х.Б  надтай Цэнгэл сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралт, дээврийн ажлыг гүйцэтгэх ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 3 сарын дотор хийж гүйцэтгэхээр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 25 сая төгрөгөөр тохирсон. Би тохиролцсон ёсоор гэрээнд заасан ажлаа хугацаандаа эхэлж дуусгасан. Бид 2018 оны 12 дугаар сарын сүүлээр ажлаа хийж дуусгаад хотоос ирсэн барилгын инженер Роза гэх хүнд хүлээлгэж өгөөд бид аймаг руу буцсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 14 иргэн 2 сар гаруй ажилласан. Энэ хугацаанд ажлын хөлсний урьдчилгаанд 3 сая төгрөг, түүний дараа 7 сая төгрөг, бүгд 10 сая төгрөгийг  А.Б надад өгсөн, одоо 15 сая төгрөг өгөх ёстой. Бид хийж гүйцэтгэх ажлуудаа дуусгаад ажлын хөлсний тооцоогоо хийхийг шаардаж, эхлээд 1 дүгээр сарын 05-нд өгнө гэсэн, дараа нь 15-нд өгнө гэсэн, түүний дараа Туркууд ирээгүй байна, тэд нарыг ирсний дараа өгнө гэхээр нь ингээд хүлээгээд байсан, хамгийн сүүлд 3-р сарын 1-нд барилгыг ашиглалтад хүлээж авсныхаа дараа өгнө гэх зэргээр шалтаг хэлж, хугацааг сунжруулаад одоо хүртэл өгөхгүй байна. Гэтэл уг барилгын захиалагч байгууллага болох Туркийн ТИКА байгууллагатай барилгын ажлаар маргаан үүсгэж байгаад 2020 оны 6 дугаар сард барилгаа ашиглагч байгууллагадаа хүлээлгээд өгчихсөн байна. Харин барилгаа ашиглалтад өгсний дараа түүнд хандахад “...би нэгэн компаниас мөнгө авах ёстой, та нар надад итгэмжлэл өгөөрэй” гэх зэргээр ойлгомжгүй зүйл ярьж, бас чирэгдүүлэх хандлагатай байна.  А.Б нь тус аймгийн Улаанхус суманд 100 хүүхдийн дотуур байрны засварын ажлын барилгын тендерийг аваад хийлгэж байгаа юм байна. Уг ажилласан 10 гаруй хүмүүс ажилласан хугацааны цалингаа надаас нэхээд салахгүй байхаар нь “Бес арыс” ХХК-аас 7 сая төгрөгийн зээлийг түр авсан боловч  А.Б надад ажлын хөлс өгөхгүй байсан тул би уг авсан зээлээ хүүгийн хамт 10500000 төгрөгийг түүнд төлж өгсөн болно.  А.Б нь намайг олон жил сар чирэгдүүлж байгаа тул ийнхүү аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд  А.Е   миний авах ёстой ажлын хөлс болох 15000000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр зохицуулсан.  А.Е   гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн 602 хоногт 0.5 хувиар алданги тооцвол 45.150.000 /602 хоног х 0.5 =301 хувь, 15000000 х 301% =41150000/ төгрөг болохоор байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасан тул 15000000 төгрөгийн 50 хувь 7500000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор миний бие нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 7500000 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлж байна. Иймд иргэн  А.Е   ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг, бүгд 22500000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт:  “Нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч  Х.Б  нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн гэх ажлаа надад хүлээлгэж өгөөгүй бөгөөд ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй. Ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсний дараа ажлын хөлс нэхэмжлэх эрх үүсэх тул ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй. 2. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т урьдчилгаа 3000000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна гэж заасан ба Цэнгэл сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад түүний дараа захиалагчаас надад ажлын хөлс олгосон тохиолдолд ажлын хөлсийг төлөхөөр тохирч гэрээ байгуулж байсан.  Х.Б  нь ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсэн, үүнээс болж захиалагчаас надад санхүүжилт өгөөгүй тул 15000000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00169 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч  А.Е   ажлын хөлсний үлдэгдэл 12300000 /арван хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б  олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10200000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдал болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй болон  Х.Б  болон Д.Роза нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн баримтуудыг огт үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 12,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Гэрчүүдийн мэдүүлгийг буруу үнэлсэн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үзвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа гэрч Х.Мурат, Т.Асхабыл, И.Асылбек, К.Мухамжар, Д.Роза нарын мэдүүлгийг үндэслэл болгосон байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл надад ажил хүлээлгэж өгөөгүй, гэрээ хэрэгжээгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна. Гэрч Х.Муратын  Х.Б  бид нар ажлыг Розад хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, гэрч Т.Асхабылын хариуцсан Роза гэдэг хүнд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, гэрч К.Мухамжарын  Х.Б  манай компаниас 3 сая төгрөгөөс өөр мөнгө аваагүй. Гэхдээ Ёлка, Роза нар нь үлдсэн мөнгийг  А.Е   өгөлгүй шууд Х.Б  шилжүүлсэн байсан, барилгыг улсын комисс хүлээж аваагүй гэх мэдүүлэг, гэрч Д.Розагийн үлдэгдэл мөнгийг бэлнээр болон дансаар өгч байсан,

Х.Б  л өгч байсан өөр хүнд өгч байгаагүй гэх мэдүүлэг, дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл  Х.Б  бид хоёрын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй, Д.Роза болон  Х.Б  нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, улмаар Д.Розагаас төлбөр төлж байсан болох нь тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэрчүүдийн Х.Б-ийн захиалгаар ажил гүйцэтгэсэн гэх мэдүүлэг нь зөвхөн ажил гүйцэтгэсэн болохыг нотолж байгаа боловч тухайн ажлыг хэнд гүйцэтгэж өгсөн,  Х.Б  нь хэнтэй ямар харилцаатай байсан болохыг нотлохгүй, энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг өгөөгүй болно. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлж, надад ашигтай хэсгийг үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй болохыг нотолж байна. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгээс зөвхөн  Х.Б  нь ажил гүйцэтгэсэн гэх мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх надад хүлээлгэж өгөөгүй ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343.1, 346.2-т заасныг тус тус зөрчиж байгаа ба хууль бус шийдвэр юм. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т “урьдчилгаа 3,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсийг ажлын гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна” гэж заасан ба ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ огт хэрэгжээгүй. Хэрэв  Х.Б  нь ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байсан бол тухай бүрд нь гүйцэтгэлээ хүлээлгэж өгөөд төлбөрөө шаардах байсан ба өмнө нь огт ажил хүлээлгэж өгөх талаар хэлээгүй, мэдэгдээгүй, шүүхэд гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй худал юм. Анхан шатны шүүх “2018 оны 9 сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т урьдчилгаа 3,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсийг ажлын гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна" гэж заасныг огт үнэлээгүй ба үлдэгдэл хөлсийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед буюу ажлыг хүлээлгэж өгсний дараа төлөх хугацаа тохирсныг огт анхаараагүй ба зөвхөн Х.Б-ийн тайлбарыг үндэслэл болгож шийдвэр гаргасан байна. Зөвхөн Д.Розагаас төлбөр хүлээж авч байсан баримт болон ажлыг Д.Розад хүлээлгэж өгсөн талаарх гэрчүүдийн мэдүүлгийг огт үнэлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн.

3. Д.Роза болон  Х.Б  нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар: Д.Роза болон  Х.Б  нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хэрэгжсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Гэрчүүдийн ажлыг Розад хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, гэрч Розагийн “10,400,000 төгрөгийг Х.Б  өгүүлсэн,  Х.Б  заслын ажлыг хийсэн, хэнд хүлээлгэж өгснийг мэдэхгүй, 7,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Үлдэгдэл мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгч байсан” гэх мэдүүлэг, 2018.11.15-ны өдрийн 7,000,000 төгрөгийг Х.Б-ийн дансанд цалин болгож шилжүүлсэн баримт, дээрх нотлох баримтуудаас үзвэл  Х.Б  нь 10,400,000 төгрөгийг Розагаас хүлээж авсан нь нотлогдож байгаа ба  Х.Б  болон Д.Роза нар шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч, надаас үндэслэлгүйгээр төлбөр гаргуулахаар ажиллаж байна. Зориуд худал мэдүүлэг өгсөн асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байна.  Х.Б  нь ажил гүйцэтгэсэн, Д.Роза нь ажлыг хүлээж авсан, төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг бүрэн нотолж байгаа ба шүүх эдгээр баримтуудыг үнэлэхгүйгээр зөвхөн  Х.Б  бид хоёрын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

4. Х.Б-ийн ажлын гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлс тодорхой бус, үндэслэлгүй талаар:  Х.Б  нь шүүхэд 10,000,000 төгрөгийг авсан, 15,000.000 төгрөгийг үлдэгдэлтэй гэж мэдүүлсэн боловч гэрч Д.Роза нь 10,400,000 төгрөгийг Х.Б  өгсөн талаар мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх зөвхөн 7,000,000 төгрөг шилжүүлсэн баримыг үнэлж, Д.Розагийн 10,400,000 төгрөг өгсөн гэх мэдүүлгийг огт үнэлэхгүйгээр 7,000,000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэсэн байна. Урьдчилгаа 3,000,000 төгрөг+10,400,000төгрөг            +С.Ержаны гүйцэтгэсэн дээврийн ажлын хөлс 2,700,000 төгрөг =16,100,000 төгрөг болж байгаа ба үлдэгдэл дүн 8,900,000 төгрөг болж байна. Мөн К.Мухамжарын заслын ажлын дутууг Д.Розатай тохиролцож 800,000 төгрөгөөр гүйцэтгэсэн гээд байгаа. Шүүх яагаад 12,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Зөвхөн Х.Б-ийн тайлбарыг үндэслэл болгосон болохыг харуулж байна.  Х.Б  нь надаас үндэслэлгүйгээр цуцлагдсан гэрээний төлбөрийг нэхэмжилж, шүүхэд худал мэдүүлэг өгч байгаа нь Д.Розагийн 10,400,000 төгрөг өгсөн гэх мэдүүлгээр шууд тогтоогдож байна.  Х.Б  нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн, нийт ажлын хөлс 25,000,000 төгрөг гэж тодорхойлж байгаа боловч дээврийн ажлыг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан С.Ержаны тодорхойлолт, гэрч Д.Розагийн мэдүүлгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон түүний төсөвт өртгийг нотолсон баримт гаргаж өгөөгүй байхад нийт ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралтаар батлагдсан барилгын төсөв зохиох дүрмийн дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төсвийг мэргэшсэн төсөвчний үнэлгээгээр тогтоолгох ёстой. Гэрээнд ажил тус бүрийг үнэлсэн үнэлгээ огт байхгүй, ажил хүлээлгэж өгсөн баримтгүй байхад ажлын хөлсний үнэлгээг хийсвэрээр үнэлж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль бус болохыг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч  Х.Б  нь ажлын үр дүнгээ хүлээлгэж өгснөө нотлоогүй, 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй ажлыг гүйцэтгэсэн болохоо нотлоогүй байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд 2018 онд гүйцэтгэсэн ажлын хөлсөө гэнэт 2020 онд нэхэмжилж байгаа нь  Х.Б  нь худал хэлж байгааг бүрэн нотолж байгаа ба Д.Роза болон  Х.Б  нар нь хуйвалдаж надаас үндэслэлгүйгээр төлбөр гаргуулах зорилготой.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130/2020ШШ/00169 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйг зөв тайлбарлан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч  Х.Б  нь хариуцагч  А.Е   холбогдуулан ажил гүйцэтгэх  гэрээний дагуу ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “А.Ерболаттай 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг 3 сарын хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25000000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээсэн гэж тайлбарлаж, хариуцагч  А.Е   нь “Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн гэх ажлаа надад хүлээлгэж өгөөгүй, ажлаа бүрэн гүйцэтгэж дуусаагүй, ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсний дараа ажлын хөлсийг нэхэмжлэх эрх үүсэх тул ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй, гэрээ хэрэгжээгүй тул  Х.Б  нь Д.Розагаас нэхэмжлэх ёстой. Д.Розагаар дамжиж надаас ямар нэгэн төлбөр тооцоо Х.Б  хийгдээгүй болно” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч  Х.Б  хариуцагч  А.Б нарын хороонд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч  Х.Б  нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг 3 сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25000000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийн гарын үсэг зурж, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч  А.Б нь гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Х.Б  3000000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа болгож төлсөн, мөн 2018 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр иргэн н.Розагаар дамжуулан Х.Б-ийн дансанд 7000000 төгрөгийг цалин гэж шилжүүлсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Х.Б  , хариуцагч  А.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд  Х.Б  нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч ажил тус бүрийн үнийг тухайлан тохиролцоогүй байх ба Х.Ержан нь  баримтаар дээврийн ажлыг 2700000 төгрөгөөр тохиролцож гүйцэтгэсэн талаар тодорхойлсон тул уг мөнгийг ажлын үнийн дүнгээс хасаж тооцож, хариуцагчийн дутуу төлсөн ажлын хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч  А.Б нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн эсэхээ баримтаар нотлоогүй ба мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан байх тул хариуцагч А.Ерболатыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Б  , хариуцагч  А.Б нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд хэчнээн хувиар алданги төлөх талаар тохиролцоогүй, тодорхой тогтоогоогүй байх тул шүүх алдангийн хувь хэмжээ тогтоож гаргуулах боломжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн “Гэрчүүдийн мэдүүлгийг буруу үнэлсэн, ажлын хөлс төөлөх үүрэг үүсээгүй, надад хүлээлгэж өгөөгүй ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2-т заасныг зөрчиж, Д.Роза болон  Х.Б  нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, Х.Б-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлс тодорхой бус байхад нэхэмжлэлийг хангагдсан гомдолтой” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчөөгүй, анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/00169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  А.Е   давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                       

                                                                                               Д.КӨБЕШ