Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2025/00374

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянхонгор аймаг дахь ёум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******,

Хариуцагч: ***********************д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ***** холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

**********тай 2020 онд хонгор зүсмийн, саран дэвсгэртэй, чандмана тамгатай их насны хурдан морь 4,000,000 төгрөгөөр үнэлж наймаа хийсэн. Энэ наймаа хийсэн жилийн хавар 3,000,000 төгрөг өгсөн. 1,000,000 төгрөгийг өгнө гээд өгөөгүй, би утсаар болон өөрийн биеэр олон удаа мөнгө авах талаар яриад өнөөдрийг хүртэл авч чадаагүй явна. Сүүлд болохоор морь чинь үхсэн гээд мөнгөө өгөхгүй байгаа. Миний мор ийг уяж уралдуулж байсныг нь олон түмэн харж мэднэ гэжээ.

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******** миний бие ******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад 1,000,000 төгрөгийг өгөх ёсгүй иймд цаг морь авсан хүнийг гэрчээр асууж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие *******нь хариуцагч ********аас хурдан морьны үнэ болох 4,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 1,000,000 төгрөг гаргуулах шүүх хуралдааны явцад хариуцагчтай эвлэрч 1,000,000 төгрөгий оронд бяруу авахаар тохиролцлоо. 1,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ****** нь 500,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны бярууг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч * нь***** 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг татгалзаж,  хариуцагч ******* нь 500,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны бярууг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******од төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,275 төгрөг, хариуцагч Т.Батжаргалаас 7,825 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******од олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******нь 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг татгалзаж,  хариуцагч ******* нь 500,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны бярууг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч ********** төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,275 төгрөг, хариуцагч *******аас 7,825 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГГ.БАТЗАЯА