| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0031/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг,
Хохирогч Б.Солонго,
Хохирогчийн өмгөөлөгч: С.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчингууд овогт Нэргүйн Бт холбогдох 1729000140016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн уурхайн кемпийн 5S блокийн 5 дугаар байрны 2 тоот өрөөнд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хохирогч Б.Солонгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Хохирогч Солонгоос чин сэтгэлээсээ уучлалт гуйя, 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цаг 30 минутын үед “Оюутолгой” ХХК-ийн Манлай кемпийн Манлай уушийн газарт очсон байгаа. Тухайн өдөр хамт ажилладаг хэсгийнхэн, зөвлөхүүдтэйгээ сууж 0,33 граммтай 3-4 лааз пиво уусан. Солонго тухайн өдрийн ажлын цагаар ирж манай ажлын хэсэг дээр ирж ажилласан. Тухайн хэсгийн ажилчдын санал бодлыг сонсож, хүлээн авч, үр дүнг нь танилцуулах ажилтай байсан. Маргааш өглөөний онгоцоор Солонго буцах байсан. Би ажил тарсны дараа Солонгод бааранд очих уу? гэж санал тавьж пивоор дайлах зорилготой байсан. Тухайн өдөр баар 21 цагт хаагаад баарнаас гарч явахад эсрэг талын спорт баараар дамжин гардаг. Спорт баараар дамжихдаа Timothy Popham Bruce, Солонго хоёрыг хамт сууж байхыг харсан. Солонго намайг дуудаж, даллахаар нь очиж суусан, баарны үйлчилгээ зогссон байсан учир тэр 2 үлдсэн нэг, нэг дарсаа ууж бид 3 хамтдаа баарнаас гарсан. Солонго намайг амрах байранд хүргэж өгөхийг гуйсан. Timothy Popham Bruce, Солонго бид 3 Манлай кемпээс хойш Оюу кемпийн амрах байр руу хамт алхаж явсан. Алхаж явах үед Timothy Popham Bruce бид 2-ын урд алхаж явсан. Кемпийн гадаа очоод би аль блок, аль гэрт байрлаж байгааг нь мэдэхгүй учир Солонгоос асуусан. Солонго гэрийн түлхүүрээ өгсөн, түлхүүрэн дээр нь өрөөний хаяг нь байдаг тул түүний өгсөн түлхүүрээр өрөөг нь онгойлгож орсон. Өрөөнд орсоны дараа Солонго “Timothy Popham Bruce-ийг явуулчхаад чи эргээд ороод ир” гэж Монголоор хэлсэн. Timothy Popham Bruce бид 2 цуг гараад би хаалгыг нь гаднаас нь түгжсэн. Бид 2 хоёр тийшээ салаад би баруун зүгрүү явж,Timothy Popham Bruce кемпийг тойроод байрлаж байгаа газарлуугаа орсон. Би Солонгоогийн өрөөг гаднаас нь нээж өрөөнд нь ороход куртикээ тайлчихсан орон дээрээ хувцастайгаа хэвтэж байсан. Би хажууд нь очиж суухад миний гарнаас барьсан. Тэгээд би Солонгоог үнссэн, тэр үед болох юм уу? гэж асуухад “болно, би бэлэн” гэж хэлсэн. Би үүрээр 4 цагийн үед өөрийн байрлаж байсан Манлай кемп рүү явсан. Өглөөний 4 цаг 30 минутад өглөөний цайндаа ороод ажилдаа гардаг. Ажил эхэлснээс хойш 6 цагийн үед Солонгоогийн утаснаас “Урьд шөнө юу болсон талаар асуусан. “Зүгээр үү, би чамайг гомдоогоогүй биз дээ” гэж асуусан мессэж ирсэн, би тэр болгонд нь хариу бичсэн. Ярих боломж байна уу? гэхэд би тэр үед ажилтай байсан тул ярих боломж байгаагүй. Тэр үед Солонгоог онгоцоор явах ёстой, хоцроогүй биз дээ гэж асуусан. 2 хоногийн дараа Солонгоос дахин “би одоо сэргэж хүн болж байна” гэсэн утгатай мессеж ирсэн. Түүнээс хойш мессеж бичих юм уу? Утсаар холбоо бариагүй. Ажлын шугамаар мэйл бичиж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн хүний нөөцийн албанаас утсаар дуудаж гомдол гаргасан талаар танилцуулсан. Тэр шугамаар тухайн өдөр намайг ажлаас түдгэлзүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Оюутолгой” ХХК-аас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэгээд Ханбогд сумын цагдаагийн тасагт гомдлын дагуу шалгагдсан. Би нэг зүйлийг буруу ойлгосон байна. Солонгоог зөвшөөрч байна гэж ойлгосон боловч үгүй байсан байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Солонго мэдүүлэхдээ: “...Би Ханбогд сумын цагдаагийн тасагт өгсөн гомдлын талаар гэрч, хохирогчийн мэдүүлэг өгсөн. Түүн дээр болсон явдлын талаар бүрэн дэлгэрэнгүй хэлсэн, түүнээс өөр нэмж хэлэх шинэ мэдүүлэг байхгүй. Доромжлуулсан явдлын талаар дахин дахин ярих нь миний сэтгэл зүйд маш хүнд байна. Би уг хэргийн талаар дахин ярих хүсэлгүй байна. Харин асуултад хариулахад бэлэн байна.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Солонгын /РД:ХА84112709/: ”...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө “Оюутолгой” ХХК-ийн уурхайн кемпэд өөрийн байрлаж байсан Оюут кемпийн 5S блокийн 5 дугаар байрны 2 тоотод Н.Б гэх хүнд хүчиндүүлсэн юм. Тухайн үед Н.Б нь миний согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглаж надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон бөгөөд энэ явдлаас болж надад сэтгэл санаа, бие махбодын хохирол учирсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Б.Солонгын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
Гэрч Тимоти Похам Брюс /Timothy Popham Bruce/: “...тухайн өдөр Манлай спорт бааранд Б.Солонго болон Тижи нарын хамт байсан. Бид тухайн бааранд оройн 19 цагаас 21 цаг 30-40 минут хүртэл хамт байцгаасан. Бид хоол идэх явцад Тижи пиво харин Солонго бид хоёр тус бүр 5-6 аяга дарс уусан. Тижи бол 2-3 ширхэг лаазтай пиво уучихаад 20 цаг 45 минутын орчимд баарнаас гараад явсан. Тэр эргэж ирээгүй. Баар хаахаас 15 минутын өмнө Баянаа гэдэг /нэрийг нь танилцах үедээ мэдсэн/ монгол залуу Солонгоо бид хоёрын сууж байсан ширээн дээр ирсэн. Солонго бид хоёр нэг нэг аяга дарс ууж байсан. Баянаа нэг пиво барьчихсан байсан санагдаж байна. Баянаа англиар сайн ярьдаг хүн байсан, бид хоорондоо 15 орчим минут ярилцаж байгаад баар хаахад хамтдаа гараад гурвуулаа Оюут кемп рүү алхсан. Баарнаас гарах үед би Солонгоог хэт их согтсон байгааг мэдсэн. Баянаа Солонгоог түшсэн, хоёулаа биенээ тэвэрсэн байдалтай миний араас алхаж би тэдний өмнө алхаж байгаад зогсож тэднийг хүлээх байдалтайгаар явж байсан. Би админ оффисын хажуугаар явах үедээ зүс таних хоёр гадаад мэргэжилтэн араас гүйцэж ирсэн. Тэд арын хоёрыг заагаад “их согтсон байна шүү, хамт яваа юм уу” гэж асуусан. Би тэдэнтэй хамт яваагаа хэлсэн. Тэр үед Солонго маш их согтсон хөл дээрээ зогсож чадахааргүй, юу болж байгааг мэдэх чадваргүй харагдаж байсан. Би түүнийг 5S байранд байрлаж байсныг мэдэж байсан. Баянаа Солонгоог S1 гэр рүүгээ дагуулж явах гэхээр нь би Солонгоогоос “Соко чи Баянаатай хамт S1 гэр рүү явахыг хүсэж байна уу” гэж асуухад тэрээр “үгүй” гэж хариулсан. Би Баянаад хандаж “хоёулаа Соког өөрийнх нь өрөөнд аюулгүй аваачъя” гэж хэлсэн. Тэр үед Солонгоо бүр их согтоод явж чадахгүй байсан болохоор Баянаа бид хоёр хоёулаа түүнийг түшиж 5S байрны 5-р блокийн нэг өрөөнд хүргэсэн. Солонгоогийн өрөөний хаалгыг нээхэд тэрээр шалан дээр унасан. Баянаа бид хоёр түүнийг өргөөд орон дээр хэвтүүлсэн. Баянаа “би одоо халамжилна та одоо яв” гэж надад хэлэхээр нь би “хоёулаа хамт өрөөнөөс гарна” гэж хэлээд гарахаасаа өмнө би Солонгоогийн гутлыг тайлаад хөнжлийг нь нөмрүүлчхээд Баянаа бид хоёр өрөөнөөс гарсан. Баянаа өөрийн гэрийн зүг явахгүй өөр зүг явахаар нь би гайхаж эргэлзэж байсан. Тэгээд өрөөндөө ирээд Баянаа яагаад өрөөний түлхүүрийг аваад явчихсан юм бол гэж санаа зовоод эргэж Солонгоогийн өрөөнд очиход тэр өрөөнөөс гарсан уу, хажуу өөр өрөөнөөс гарсан уу би мэдээгүй, ямар ч байсан секс хийж байхад юм уу эсвэл өвдөлт мэдрэхэд гаргадаг авиатай төстэй маш бүдэг чимээ сонссон /тэр дуу эрэгтэй, эмэгтэй хүний алины дуу хоолойноос гарсныг би мэдээгүй/. Би Солонгоогийн өрөөний хаалгыг тогшоод бариулыг эргүүлэхэд хаалга цоожтой байсан. Нөгөө дуу чимээ гарахаа больсон. Өрөөндөө очоод би Солонгоогийн утас руу “зүгээр” үү гэж мессеж бичихэд хариу ирүүлээгүй, маргааш өглөө нь мессеж явуулахад “маш их шартсан байна, юу болсныг санахгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. Би түүнээс “чи хувцастайгаа байна уу” гэж асуухад “миний дотуур хувцас тайлагдсан байсан” гэсэн хариуг ирүүлсэн. Мөн “өрөө чинь түгжээтэй байна уу гэхэд “түлхүүр дотор талаасаа зоолттой, хаалга түгжээгүй байна” гэж Солонгоогоос ирсэн. Б бид хоёр Солонгоогийн хоёр хажуу талаас түшээд байр руу дөхөж явахад Солонго Б болон миний бөгсийг гараараа базлах үйлдэл гаргаж байсан. Би тухайн үед түүний гарыг өрөөсөө холдуулж байсан. Солонгоогийн хэтэрхий согтсон үедээ гаргасан тэдгээр үйлдэл Баянаад буруу ойлголт өгсөн байхыг үгүйсгэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 33-36 дугаар хуудас/,
Гэрч Б.Ариунцогтын: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Солонго, гадаад ажилтан Тимоти бид гурав Манлай уушийн газарт оройн хоол идэж тэр хоёр вино, би пиво уусан юм. Бид өмнө нь 09 дүгээр сард хамтдаа сургалтад хамрагдаж байсан. Тэгээд ангиараа тэнд уулзсан юм. Би 20 цаг өнгөрч байхад Манлай уушийн газраас гараад өөрийн байрладаг өрөө рүү очоод амарсан. Намайг явахад Тим, Солонго хоёр уушийн газрын спорт зааланд үлдсэн. Түүнээс хойш би эргэж уушийн газар руу очоогүй. Тим, Солонго хоёртой уулзалдаагүй. Баянаа ах тэр орой уушийн газрын хойд заал буюу ангорт гадаадуудтай хамт сууж байгаа харагдсан. Би тэр орой нүүр тулж уулзаагүй. Намайг уушийн газар байхад Баянаа ах, Солонго хоёр уулзаж харагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1332 дугаартай шинжээчийн: ”...Б.Солонгоогийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Солонгоогийн охин хальс хуучин урагдалтай байна. Б.Солонго нь жирэмсэн биш байна. Б.Солонго нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1085 дугаартай шинжээчийн “...Цэнхэр өнгийн дотоожид үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1231 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1878 дугаартай шинжээчийн: ”...1085 дугаартай дотоож дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Н.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Н.Бын яллагдагчаар өгсөн: “...тухайн орой би Манлай уушийн газарт Солонготой таарсан. Тэрээр Тим гэдэг гадаад мэргэжилтэнтэй юм уугаад сууж байсан. Баар хаахад бид гурав хамтдаа гарсан. Тим бид хоёр Солонгоог өрөөнд оруулж унтуулаад гаднаас нь түгжээд би түлхүүрийг аваад явсан. Би 20 орчим минутын дараа эргэж Солонгоогийн өрөөнд орсон. Намайг ороход Солонго унтаж байсан. Би түүний өмдийг тайлаад, цамцыг тайлалгүй түүнтэй нэг удаа бэлгийн ажил хийсэн. Тэгээд дур тавиад Солонгоогийн хажууд хэвтэж байгаад унтсан байсан. Гэнэт сэрээд цагаа харахад шөний 4 цаг болж байсан. Ажил эхлэх цаг болж байсан болохоор би Солонгоог сэрээж хаалгыг дотроос түгжүүлээд өөрийн байрладаг Манлай кемп рүү очоод ажилдаа явсан. Б.Солонго миний талаар манай байгууллагад гомдол гаргасан байсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 55-57 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 61 дүгээр хуудас/,
Н.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 66 дугаар хуудас/,
Н.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-60, 62-65, 95-110 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бын гэрэл зураг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Н.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 70-93 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлээр илрэн гардаг.
Шүүгдэгч Н.Б нь согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн уурхайн кемпийн 5S блокийн 5 дугаар байрны 2 тоот өрөөнд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хохирогч Б.Солонгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдал /биеийн биеэ хамгаалж чадахгүй байдал/-г нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хохирогч Б.Солонгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Ханбогд сумын цагдаагийн тасагт өгсөн гомдлын талаар гэрч, хохирогчийн мэдүүлэг өгсөн. Түүн дээр болсон явдлын талаар бүрэн дэлгэрэнгүй хэлсэн, түүнээс өөр нэмж хэлэх шинэ мэдүүлэг байхгүй. Доромжлуулсан явдлын талаар дахин дахин ярих нь миний сэтгэл зүйд маш хүнд байна. Би уг хэргийн талаар дахин ярих хүсэлгүй байна. Харин асуултад хариулахад бэлэн байна.” гэх мэдүүлэг,
-Гэрч Тимоти Похам Брюс /Timothy Popham Bruce/: “...Баянаа Солонгоог S1 гэр рүүгээ дагуулж явах гэхээр нь би Солонгоогоос “Соко чи Баянаатай хамт S1 гэр рүү явахыг хүсэж байна уу” гэж асуухад тэрээр “үгүй” гэж хариулсан... Тэгээд өрөөндөө ирээд Баянаа яагаад өрөөний түлхүүрийг аваад явчихсан юм бол гэж санаа зовоод эргэж Солонгоогийн өрөөнд очиход тэр өрөөнөөс гарсан уу, хажуу өөр өрөөнөөс гарсан уу би мэдээгүй, ямар ч байсан секс хийж байхад юм уу эсвэл өвдөлт мэдрэхэд гаргадаг авиатай төстэй маш бүдэг чимээ сонссон /тэр дуу эрэгтэй, эмэгтэй хүний алины дуу хоолойноос гарсныг би мэдээгүй/... маргааш өглөө нь мессеж явуулахад “маш их шартсан байна, юу болсныг санахгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. Би түүнээс “чи хувцастайгаа байна уу” гэж асуухад “миний дотуур хувцас тайлагдсан байсан” гэсэн хариуг ирүүлсэн. Мөн “өрөө чинь түгжээтэй байна уу гэхэд “түлхүүр дотор талаасаа зоолттой, хаалга түгжээгүй байна” гэж Солонгоогоос ирсэн.” гэх мэдүүлэг, /хх-н 33-36 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1085 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1231 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1878 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
зэрэг дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг “...бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрч байгаа талаар тодорхой үйлдэл гаргасан, миний гар болон хувцасны гадна талаас илсэн, үнссэн...” гэж мэдүүлдэг. Хохирогч Б.Солонго нь хэрэг болох цаг хугацаанд согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан болох нь гэрч Тимоти Похам Брюс /Timothy Popham Bruce/-ийн мэдүүлэг, хохирогч Б.Солонгын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж шүүгдэгч Анчингууд овогт Нэргүйн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Солонгын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсан болох нь хохирогчийн “...Н.Б нь миний согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглаж надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон бөгөөд энэ явдлаас болж надад сэтгэл санаа, бие махбодын хохирол учирсан юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1085 дугаартай шинжээчийн “...Цэнхэр өнгийн дотоожид үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1878 дугаартай шинжээчийн: ”...1085 дугаартай дотоож дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Н.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Солонго нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Надад мөнгөн дүнгээр нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санаагаа эмчлүүлэхээр мэргэжлийн сэтгэл зүйчид хандсан...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах зардал, төлбөргүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Солонго нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Н.Бт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл болох цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналаас тус хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тэнсэх, тэнсэгдсэн хугацаанд ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогч Б.Солонготой харилцах, түүний ажиллаж, амьдарч байгаа газарт очихыг хязгаарлах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өмсөж байсан цэнхэр өнгийн 1 ширхэг дотуур хувцсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурдвал зохино.
Шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анчингууд овогт Нэргүйн Быг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Быг хорих ял эдлүүлэхгүйгээр 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Бт тэнсэгдсэн 4 /дөрөв/-н жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогч Б.Солонготой харилцах, түүний ажиллаж, амьдарч байгаа газарт очихыг хязгаарлах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Солонго нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өмсөж байсан цэнхэр өнгийн 1 ширхэг дотуур хувцсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН