Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/454

 

 

 

 

 

 

    2024            4             18                                       2024/ДШМ/454           

 

 

В.О, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

           шүүгдэгч В.О, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

           шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.О, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар В.О, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2307000480174 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Гомбо овгийн В.О, 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 хүүхдийн хамт ......................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ....................... тоотод оршин суух, /РД:.................../;

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг  хураахгүйгээр 5 жил 6 сарын сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

2. Бүргэд овгийн Б.Б, 1979 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Увс аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............................. 1 тоотод оршин хаягийн бүртгэлтэй, /РД:.................../;

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар сайн дураараа  эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон;

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

            Шүүгдэгч В.О, Б.Б нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл авах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Х.Бэзэмшлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршандын 10 дугаар  гудамжны 2 тоотод байрлах гэрт нэвтэрч, 840.000 төгрөгийн үнэ бүхий Ти Си Эл /TCL/ брэндийн 55 инчийн лед зурагтыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.      

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: В.О, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В.О, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч В.О, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О, Б.Б нарт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Оын урьд цагдан хоригдсон 20 хоногийг, шүүгдэгч Б.Бгийн урьд цагдан хоригдсон 76 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, В.О, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болсон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В.О, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч В.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эхнэр болох Э.Мөнхзул нь 2019 онд элэгний архаг цероз оноштой, мөн бага насны 2 хүүтэйгээ үлдсэн. 2023 оны 12 дугаар сарын 20-нд цагдан хоригдсоноос хойш хүүхдүүд маань миний аав болох Г. Володъя дээр байсан боловч аав маань 2023 оны 12 дугаар сарын 28-нд гэнэт нас барж хүүхдүүдийг маань асран хамгаалах хүнгүй үлдсэн. Том хүү О.Анхбаяр 8 настай, бага хүү О.Отгонбаяр 6 настай бөгөөд одоогоор асран хамгаалах хүнгүй тул гомдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

            Шүүгдэгч В.Оын өмгөөлөгч Б.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч В.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх түүний хувийн байдлын талаар өрөөсгөл дүгнэлт өгч шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч В.О нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөөч гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, хуулийн дээрх зохицуулалтыг яагаад хэрэглээгүй талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хэсэгт бичээгүй байна. Иймд В.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 хоногийн хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн хийсэн гэм бурууг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө төлсөн билээ. Миний бие айлын туслах малчин хийдэг. Өөрийн хийсэн хэргийнхээ гэм буруугаа ойлгон ухамсарлаж маш их гэмшиж хор уршгийг ойлгон ухамсарлаж байна. Миний бие хийсэн хэргийнхээ хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг минь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийнхээ хор хохирлыг бүрэн ухамсарлаж ойлгосон зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас доогуур хугацаагаар оногдуулж өгнө үү. ...” гэв.                                            

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс хорих ялын доод хэмжээнээс доогуур хугацаагаар ял оногдуулах үндэслэлүүд бүрдсэн байхад шүүхээс тухайн асуудалд дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл байдал бүрдсэн байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын хугацаанаас доогуур ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Шүүгдэгч Б.Б нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр /хх 79/ үүсгэсэн байх бөгөөд тэрээр 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 8 өдөр буюу 56 цагийн ажлыг хийж гүйцэтгэснээс хойш /хх 82/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул эдлээгүй үлдсэн 194 цагийг нэмж нэгтгүүлэх талаар Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын                         23-ны өдрийн 01/624 дүгээр албан тоотыг ирүүлж байжээ.

Гэтэл прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ түүний эдлээгүй үлдсэн 194 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж, хорих ял болгон эдлүүлсэн гэж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэж заасныг хэрэглэх эсэх талаар зайлшгүй хууль хэрэглээний асуудал хөндөгдөж байгаа үед энэ талаар зохих баримт зайлшгүй шаардлагатай юм.

Мөн шүүгдэгч В.Оын биеийн байцаалтад ам бүл 4, эцэг, 2 хүүхдийн хамт гэх боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тэрээр эцэг Володъяг нас барсан талаар мэдүүлж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар дахин мэдүүлж, үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс түүний эхнэр Э.Мөнхзул 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, эцэг Д.Володъя 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан талаарх лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

Эдгээр баримтуудаас дүгнэхэд хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан баримтуудаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Учир нь В.Оын хэдэн настай, хэн хэн гэж хүүхэд байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нөгөөтээгүүр, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг мөрдөгч, прокурор шийдвэрлээгүй, мөн анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан боловч мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх ашиг хэрхсэн нь тодорхойгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч В.Оын хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих байгууллага албан тушаалтанд хандан шийдвэрлэх ёстой байтал энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийг гаргахад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болсон тул дээрх ажиллагаануудыг зайлшгүй хийх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн тул шүүгдэгч В.О, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг оруулан тооцсон атлаа 5 дахь заалтад цагдан хоригдсон хоноггүй гэж ойлгомжгүй бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч В.О, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                       М.АЛДАР