Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00383

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *********************

Нэхэмжлэлийн шаардлага: Хүү ****************** нас барсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч **************, гуравдагч этгээдийн төлөөлөгч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************* нь хүү ***************нас барсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ********************нь 1990 онд *************** гэр бүл болсон миний хоёр дахь хүү ************* нь Эрдэнэцогт сумын хүн эмнэлэгт *****************төрсөн. 1994 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өвчний улмаас 1 настайдаа нас барсан. Энэ үед манайх Эрдэнэцогт сумын 3 дугаар багт амьдардаг байсан. Би хүү ****************г нас барсныг бүртгүүлээгүй байсан. Иймд улсын бүртгэлд хүсэлт гаргаж хариу нь шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Иргэн би танай байгууллагад хандан хүүгийнхээ нас барсныг бүртгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хүсэлт гаргагч **************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******************нь 1990 онд ***************** гэр бүл болсон миний хоёр дахь хүү **************** нь Эрдэнэцогт сумын хүн эмнэлэгт ******************** төрсөн. 1994 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өвчний улмаас 1 настайдаа нас барсан. Энэ үед манайх Эрдэнэцогт сумын 3 дугаар багт амьдардаг байсан. Би хүү ******************* нас барсныг бүртгүүлээгүй байсан. Би энэ жил одонтой ээжийн материал бүрдүүлэх гээд хүүгээ 1 нас хүрээд өнгөрсөн учраас одон авах боломжтой гэж үзээд улсын бүртгэлд хандсан юм. Гэтэл улсын бүртгэлд хүүхдийн нас барсны бүртгэл байхгүй байна гэсэн. Иймд улсын бүртгэлд хүсэлт гаргаж хариу нь шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Иргэн би танай байгууллагад хандан хүүгийнхээ нас барсныг бүртгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч хүсэлтийн шаардлагатай танилцлаа. Одонтой ээжийн лавлагааг тодруулахад Эрдэнэцогт сумын нас баралтын бүртгэлийн дэвтрийг шүүж үзсэн байгаа. Тэрнийхээ дагуу нягтлан шүүгээд ********************* бүртгэгдээгүй байсан. Эсвэл нөхөн бүртгүүлэхэд нас барсан тухай эмнэлгийн магадалгааг аваад ир гээд явуулахад олдоогүй. Бүртгэлийн хуульд нас баралтын нөхөн бүртгэлийг хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулан бүртгэхэд заавал эмнэлгийн магадалгааг үндэслэдэг. Иргэний улсын бүртгэлийн 13 дугаар зүйлд зааснаар нас барсан бүртгэлийн хяналтын улсын байцаагчаас нөхөн бүртгэх шүүхийн шийдвэр гаргуулан бүртгэх боломжтой, журамтай байгаа. Тухайн иргэнийг бүртгэх боломжгүй гэдэг хариу тайлбар өгсөн байгаа гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүү ****************** төрсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын эрүүл мэндийн төвийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13/271 дүгээр болон 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/339 дүгээр албан бичгүүд, Баянхонгор аймгийн ***************багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар тодорхойлолт, Үндэнсий архивын сан хөмрөгийн 1989 оны лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүний их эмч *****************тодорхойлолт, гэрч *****************нарын мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч***************нь “Хүү *************** 1994 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өвчний улмаас 1 настайдаа нас барсныг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн   135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч **************нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

3.1. Хүү ***************нь 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эцэг ********, эх ******* нарын гэр бүлд төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний гэрчилгээний лавлагаа зэргээр,

3.2. Улмаар хүү************ нь эцэг ************, эх ************ нарын асрамжид амьдарч байгаад хүндээр өвчилсний улмаас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт амьдарч байгаа 1994 оны 4 дүгээр сард нас барсан болох нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар “... *************нь манай багт **************гэр бүл болон нөхөр хоёр хүүхдийн хамт ам бүл 4-үүлээ 1990-2001 он хүртэлх хугацаанд амьдарч байсан...” гэх тодорхойлолт, хүний их эмч ***************** “... ****************, 11 сартай, 1994 онд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нь үнэн...” гэх тодорхойлолт, гэрч ************* “...********* нь 1 ой хүрээд 1994 онд нас барж байсан. Би нөхөрийн хамт очиж ажилд явдалд нь оролцсон. Хүү ************ нь туранхай бие муутай хүүхэд байсан. Ямар өвчнөөс болж нас барсныг мэдэхгүй...” гэх, гэрч ************* “... Эрдэнэцогт сумаас 1 ой гарантай биеийн байдал маш хүнд, тураалтай, цус багадалттай, сульдаатай, хүүхдийн суурь өвчин гурвуулаа байсан. Нянгийн гаралтай хоол боловсруулах замын эмгэгээр өвчилсөн, ус эрдэсээ алдсан, маш хүнд байдалтай хүүхэд ирж хэвтэж байсан. Хүүхдийн тасагт 1 сар гарангийн хугацаанд эмчилсэн. Биеийн байдал нь жаахан сэргээд ирэхээр аав ээж нь одоо бид нар гомдолгүй, ийм сайн эмчилгээ хийж байхад хүүхэд минь бүрэн эдгэхгүй олон эмчлүүлсэн тул гомдолгүй гээд өвчний түүх дээр нь гарын үсэг зураад хүүхдээ аваад явсан...” гэх, гэрч ************“... хүү ******************** нь эмнэлгээр явж байгаад эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Ямар өвчний улмаас нас барсан талаар мэдэхгүй...” гэх тус тус мэдүүлгүүд зэргээр,

3.2. Гэвч нас барсан хүү ************нь иргэний бүртгэлийн байгууллагын нас барсны бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13/271 дүгээр “... Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нас барсны бүртгэлийн 1993-2000, 2000-2004, 2004-2007 онуудын дэвтрүүдийг шүүн үзэхэд нас барсны бүртгэлд ************* нэрээр бүртгэгдсэн бүртгэл олдоогүй...” гэх болон 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/339 дүгээр  “... хүү **************** нас барсны бүртгэлийг бүртгэх хууль зүйн боломжгүй талаар, тодруулбал, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй тул иргэний улсын бүртгэлд бүртгэх боломжгүй...” гэх албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилсан.

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар Журам батлах тухай зарлигаар Эхийн алдар одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулж, тус журмын 2.3.2 дахь хэсэгт Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно гэж зааснаар хүсэлт гаргагч ************** нь журмын тухайн заалтад хамрагдах гэсэн боловч хүү ************** нас барсны бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй тул тухайн үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

6. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээс дүгнэхэд хүү *****************нь 1994 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ нас барсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

7. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:”, “13.5.1.иргэний улсын бүртгэлийн дугаар; 13.5.2.нас барагчийн иргэний бүртгэлийн дугаар; 13.5.3.нас барагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; 13.5.4.нас барагчийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар; 13.5.5.нас барагчийн иргэний харьяалал, байнга оршин сууж байсан газрын хаяг; 13.5.6.нас барсан он, сар, өдөр; 13.5.7.нас барсны бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр; 13.5.8.бүртгэсэн байгууллагын нэр; 13.5.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.” гэж тус тус заажээ.

8. Хэдийгээр хүү ***************** нь 1994 онд нас барсан байх боловч одоо мөрдөгдөж буй Иргэний бүртгэлийн тухай хуульд зааснаар нас барсны бүртгэлийг нөхөн гүйцэтгэх тул дээрх хуульд заасан шаардлагыг шүүхийн шийдвэр нь хангах шаардлагатай юм.

9. Гэвч Хүү ******************** нь 1994 оны 4 дүгээр сард нас барсан, түүнээс хойш олон жил өнгөрсөн, нас барсан өдрийг нэхэн тогтоох боломжгүй байх тул тухайн сарын сүүлийн өдрийг түүний нас барсан өдөр гэж тооцох нь зүйтэй гэж үзэв.

10. Иймд 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ****************** 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

11. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж зааснаар *****************нас барсан талаар зохих бүртгэл хийхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна. 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ****************** 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар ****************** нас барсан талаар зохих бүртгэл хийхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ****************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.БАТЗАЯА