Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00036  

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

     Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00297 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 11 дүгээр баг, 20 айлын орон сууцны 05 тоотод оршин суух Д.Б-д  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр  сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, хариуцагч Д.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 2.240.000 төгрөгийг гаргуулж, Сум хөгжүүлэх санд төлүүлэх тухай.  

Нэхэмжлэлд: “Хариуцагч Д.Б  нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4 сая төгрөгийг чацаргана тарих зориулалтаар ХААН банк дахь өөрийн 5029123593 дугаарын хувийн харилцах дансандаа БЕ68041819 регистрийн дугаараар бүртгүүлэн авсан. Үүнээс 2 сая төгрөгийг төлсөн одоо үлдэгдэл 2,4 сая төгрөгийг сар бүр 250000 төгрөгөөр хувааж төлж барагдуулна гэж тайлбарласан байна. Зээлийг хугацаанд нь төлөөгүй учраас иргэн Д.Б  Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн 2240000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн Өлгий сумын Засаг даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Тус аймгийн Прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж өөрийн санаачилгаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2011 онд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас чацаргана тариалах зорилгоор 4000000 төгрөгийн зээл авсан. 2012 онд намайг Өлгий сумын хот тохижуулах албаны мэргэжилтнээр ажиллаж байхад шалтгаангүйгээр ажлаас халсан. Тухайн үед 2 оюутан хүүхэдтэй, цалингийн зээлтэй өрхийн орлогогүй болсон. 2013 онд 2000000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2000000 төгрөгийг төлж чадаагүй өдий хүрсэн. Өнөөдрийн байдлаар 12000000 төгрөгийн цалингийн зээлтэй байна. Иймд уг зээлийн үлдэгдэл 2000000 төгрөгийн төлбөрийг бусад иргэдийн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00297 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-ийг тус тус баримтлан хариуцагч Дүүрэн овогт Д.Б  Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл мөнгө 2000000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн зээлийн хүү 240000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.    

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Д.Б  би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй "Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх”-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 2240000 төгрөгийг Д.Б  гаргуулах тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон. Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00297 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт хангалтгүй цугларсан байсны улмаас миний өөрийгөө өмгөөлөх эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж хуульчилж,  тухайн заалтын үйлчлэлийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр тогтоосон боловч Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж, 21 дүгээр зүйлийн /Шүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрх/ 21.1.12 дугаар заалтад “шүүхэд нэхэмжлэл, ... гаргах;” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... нэхэмжлэл, ... гаргана.” гэж, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, ... гаргана.” гэж хуульчилсан нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.2.-т тус сан нь Төрийн санд тусгай данстай байхаар, 1.6.-д сангаас иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг журмын 1.1.-д заасан зорилгоор жилийн 3 хүртэл хувиар, 36 сарын хугацаатай олгохоор, 3.2.2, 3.2.3.-т сумын Засаг даргын иргэд, аж ахуйн нэгжээс санд ирүүлсэн төслүүдээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гарган зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах бүрэн эрхийг тус тус журамласан байна. Үүнээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг буцаан төлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар Баян-Өлгий аймгийн прокурорын газар нь тус сумын Засаг даргын хүсэлтээр, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, хариуцагч Д.Б  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Б  нь 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас чацаргана тарих зориулалтаар 4.000.000 төгрөгийн зээл авч 2.000.000 төгрөгийг төлж, үлдсэн 2.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга болон Д.Б  нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагчийн тайлбараас дүгнэвэл, тэрээр сум хөгжүүлэх сангаас зээл авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, түүнчлэн зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлийн төлбөрт 2.000.000 төгрөгийг буцаан төлсөн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцож, гэрээг бичгээр үйлдээгүй тул нэхэмжлэгчээс зээлийн хүү авах эрхээ алдсан байна гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Нөгөө талаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамд зааснаар уг зээл 36 сарын хугацаатай, жилийн 3 хүртэл хувийн хүүтэй олгогдохоор журамлагдсан байгаа боловч талуудын хооронд зээлийн гэрээг хугацаатай, бичгээр байгуулсан нь тогтоогдоогүй тохиолдолд 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга болон хариуцагч Б.Батгэрэл нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулагдсан гэж үзэн дүгнэх /таамаглах/ хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн тус аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байх тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 4.000.000 төгрөг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн зээлийн мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ хугацаатай, бичгээр байгуулагдсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж заасан ба талуудын хооронд зээлийн гэрээг тодорхой хугацаагаар, бичгээр хийгдээгүй байх тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ тодорхой хугацаагаар, бичгээр байгуулагдсан тухай зохигчийн хэн аль нь нотлоогүй, талууд зээлийг буцааж төлөх хугацаа тогтоосон нь баримтаар тогтоогдоогүй учир зээлдүүлэгч болон зээлдэгч нар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй гэж шүүхээс дүгнэн, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б -ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                          С.ӨМИРБЕК