Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баасанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зогсоол овогт Бат-Эрдэний Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 1734003420196 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Зэрэгцээгийн 1-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Зогсоол овогт Бат-Эрдэний Эрдэнэбилэг /РД: НЫ91062314/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Эрдэнэбилэг нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Авдар баян” гэх газарт БНХАУ-ын иргэн Юүй Шүэ Гангийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Төв аймгийн Заамар суманд Авдарбаян газарт тэр хавийн хужаа нар газар ухаж байсан. Харин манай гэр тэр ухаж байсан газартай ойрхон байдаг.  Тэгээд манай мал тэр хавиар явахаар төмрөнд нь нүд амаа сохлоод, ухсан нүхэнд нь унаж үхээд байсан болохоор би нэг өдөр очоод та нар наад газраа ухаж дууссан бол бул, тэгэхгүй бол манай үхэр мал унаж үхээд, нүд амаа сохлоод байна гэж хэлсэн. Тэгээд тоохгүй болохоор нь би дараа нь найз нартайгаа очоод хэлсэн чинь өөдөөс хэрэлдсэн. Тэгээд маргалдаж зодолдсон. Би нутаг орноо өмөөрсөн маань зөв гэж үзэж байна. Харин үүнийгээ илэрхийлсэн үйлдэл маань буруу байна. Хохиролд 3.000.000 гаран төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баасанжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би болсон хэргийн талаар тодорхой зүйл мэдэхгүй. Харин энэ хэрэгт үйлчлүүлэгч БНХАУ-ын иргэн Юүй Шүэ Гангийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд оролцож байгаа. Юүй Шүэ Ганг нь өөрөө БНХАУ-руу явсан байгаа. Энэ хэрэгт нийт 8.397.650 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тухайн мөнгийг бруутай этгээдээс гаргуулаад авчихвал надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүнд гэмтэл нь цээжний  зүүн хэсэг зүүн хөндийд цус хуралт хүртлээ амь насанд аюултай, хүндэвтэр гэмтэл нь мөрдөгч маань тус бүрд нь асуусан учир тус тусад нь хариулж хэлсэн байгаа. Зүүн сарвуу зулгаралт зэрэг нь хөнгөн гэмтэлд хамаарна. Энэ зулгаралт гэмтэл нь унаж тусах үед авсан гэмтэл гэж үзэх боломжтой. Харин бусад хавирга хугарсан байдал нь зодсноос болж гарах магадлалтай. Хуучин гэмтсэн хавирга хугарсан бол энэ талаар зураг авахад харагддаг. Тэгэхээр хуучин гэмтэл нь сэдэрч хугараагүй. Дан шинээр үүссэн гэмтэл” гэв.

 

Хохирогч  Yu Xuengang /Юүй Шүэ Ганг/ мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...3 иргэн киа маркийн дунд зэргийн жийп машинтай ирээд учир зүггүй манай орчуулагч Өлзийбадрахтай маргалдаад тухайн үед зодоон болоход нь би уул руу зугтаагаад явсан. Гэтэл тухайн машинтай хүмүүс араас хөөж ирээд машинаараа мөргөж унагаагаад нэг нь миний толгой руу машины дорцовоор цохьсон. Миний толгой зүүн хойд хэсгээрээ хагарч 4 оёдол тавиулсан. Цээж хэсгээр маш их хөндүүрлэж байна, хавирга хугарсан...гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Гэрч Д.Өлзийбадрахын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2017 оны 09-р сарын 25-ны орой 18:00 цагийн үед бидний байрлаж байсан уурхайн ойролцоо мал малладаг Бялхаагийн эхнэр Урнаагийн дүү гэх цагаан өнгийн машинтай 25-30 орчим настай гурван согтуу залуучууд ирээд хашигчаад мөнгө яасан бэ мөнгө өгөөдөх гээд дайрч эхэлсэн. Бид нар ямар хүмүүс ирсэн, юун мөнгө нэхээд байгааг нь огт ойлгоогүй. Та нар манай эгчийн өвөлжөөний хажууд газар ухчихаад мөнгө өгсөнгүй гээд Урнаагийн хамаатан гэх намхан Эрдэнэбилэг гэх залуу Ли-г гараараа цохисон, нөгөөх нь айгаад зугтаасан араас нь машинаараа хөөж илдээд чамайг дайрч ална гээд байсан. Тэгээд Ли-г бүдэрч унахад машинаа тулгаж зогсч байгаад бууж ирээд модоор каск малгайг нь хагартал цохисон. Би араас нь гүйж очоод салгасан...ухсан нүхнийхээ мөнгийг өг гээд байсан...Би машинтай очход “толгой хагарсан цус алдсан зүүн талаараа хажуулдаад ёолоод хэвтэж байсан” тэр дорно цагдаа дуудсан. Тэгээд боолт хийгээд сууж байхад Эрдэнэбилэг залуу гүйж ирээд би наадахыг чинь цохиогүй шүү гэсэн би өөдөөс нь энд байгаа бүх хүн харсан, чи цохичоод хөдөө аваачиж булна гээд чирж байсаныг чинь харсан, сонссон хүн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

Гэрч Э.Өлзийнямын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2017 оны 09-р сарын 25-нд өдөр Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Баянголын амнаас дээшээ яваад уурхай дээр очиж гэр авах гээд буулгаж байхад Цагаан өнгийн бага гарын жийп машинтай 3 залуу ирсэн. Машинаас бууж ирээд учир зүггүй бид нар луу дайрсан. Орчуулагч Өлзий гээд ах руу дайраад яасан учрыг олох гээд ярмлцаж байхад 2 хятад иргэнийг хараад тэр хоёрлуу дайрч тэр нь уул руу зугтсан. Манай уурхайн дарга Ли гэх тарган хятад иргэний касак малгайг нь модоор цохиод хагалсан, очиж салгаж аваад машинд оруулж суулгасан. Тэгээд эргэх хооронд Билгээ гэх залуу машин унаад уул руу хятад иргэний араас хөөгөөд явсан. Уулан дээр очиж хятад иргэнийг зодсон байсан. Бид нар гүйгээд очход хэвтсэн байдалтай хамраас нь цус гарсан, толгойн дагзан хэсэгт хагарсан байсан.Тэгээд бид нар очиж салгаад залуучууд явсан зодуулсан хятад иргэнд анхны тусламж үзүүлж эмнэлэгт авчирсан...ганцхан Билэгт гэх залуу л зодсон. Нөгөө хоёр нь оролцоогүй...” гэх мэдүүлэг   /хх-ийн 22-23 тал/

 

Гэрч Э.Тулга мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2017 оны 09-р сарын 25-нд өдөр 17:00 цагийн орчим Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Авдар Баян гэх газар уурхай дээр очиж гэр авах гээд буулгаж байхад Цагаан өнгийн бага гарын жийб машинтай 3 залуу ирсэн. Машинаас бууж ирээд бид нар луу дайрсан. Учир зүйгээ ярилцаад гайгүй болж байсан чинь хятад хоёр иргэн лүү дайрч Монголын газар шороог та нараар ухуулахгүй, манай ах эгчийн мөнгийг өг гээд дайраад байсан. Тэгээд барилцаж аваад өндөр тарган хятад иргэнг салгаж аваад машинд суулгасан. Тэр үед өмсөж явсан касак малгай нь хагарсан байсан. Нэг хятад иргэн уул руу зугтаасан байсан. Бид нар гэрээ буулгаад байж байхад тэд нар гэнэт машинаа унаад уул руу явсан. Уулан дээр очиж хятад иргэнийг зодсон байсан. Бид нар гүйгээд очиход хэвтсэн байдалтай хамраас нь цус гарсан толгойн дагзан хэсэгт хагарсан байсан. Тэгээд бид нар очиж салгаад тар залуучууд явж, зодуулсан хятад иргэнд анхны тусламж үзүүлж эмнэлэгт авчирсан...Билгээ гэх залуу нь дайраад байсан. Уулан дээр яаж зодож цохисонг нь хараагүй...” гэх мэдүүлэг   /хх-ийн 30-31 тал/

 

Гэрч А.Галбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Эрдэнэбилэг, Батжаргал бид нар миний киа соронто маркын 41-59 ОРО улсын дугаартай машинтай дэлгүүрээс 0,75 грамийн 2 шил архи авч Хайлааст багийн баруун талын гүүрний хажууд 1 шил архи хувааж уугаад хойшоо хөдөө Баянголын аманд зусдаг Батбаяр гэх айлд очиж үлдэгдэл 1 шил архиа хувааж уусан. Бид нар нилээн согтсон байсан ба би зарим зүйлийг нь санахгүй байна. Нэг мэдэхэд уулруу нэг хятад иргэн гүйж байсан. Араас нь машинтай хөгөөд бүдэрч унахаар нь машинтай тулж зогсоод бүгд бууж Эрдэнэбилэг барьж авч цээж рүү нь хөшиглөөд байсан. Тэгээд бид нар уулнаас буусан, зодоон болоод бууссаны дараа Бихаа ахынд Эрдэнэбилэг, Батжаргал хоёр орсон. Би тэр үед машинд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч Э.Ганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...орой малдаа мотоцикльтой явж байхад манай айл саахалт Бидаа ахын хамаатан Эрдэнэбилэг гэх залуу орчуулагч намхан биетэй ахтай барилцаад хэрэлдэж байсан. Тэгэхээр нь дундуур нь орж салгасан. Гэтэл хажууд зогсож байсан Эрдэнэбилэг ахтай хамт явж байсан залуу нь тэр уулын орой тэр жинхэнэ хужаа байна гээд араас нь Эрдэнэбилэг, Батжаргал, Галаа ах нартай хамт машинд нь сууж уулан дээр байсан хужаа руу явсан. Дөхөөд ирхээр нь Эрдэнэбилэг ах намайг буугаад бариад ав гэсэн. Тэгэхээр нь би хужаа ахыг бариад авуул Эрдэнэбилэг ах зодчих байх гэж бодоод араас нь гүйгээгүй. Тэгээд хужаа ах доошоо гүйгээд араас нь Эрдэнэбилэг  машинаараа хөөж урдуур нь хэрж зогсоод бариад зодоод байх шиг байсан. Тэгэхээр нь гүйгээд очиход хужаа ахын толгойноос нь цус гарсан байдалтай басйан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

Гэрч Э.Ганбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Эрдэнэбилэг ах араас нь машинтай хөөж барьж аваад зодсон. Би хол байсан болхоор юугаар цохиж байгааг хараагүй, машинаар мөргөсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал,

Гэрч Д.Уранчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Эрдэнэбилэг нэг хятад иргэнийг зодчихсон, хятад иргэн нь газар хэвтэж байсан...Эрдэнэбилэг хятад улсын иргэдэд ухсан нүхээ бул, мал орж үхэх гээд байна, хүүхдүүд унах гээд байна. Ойр орчмоор нь хог хаяж, байгаль байгаль бохирдуулаад байна гэснийг орчуулагч нь гэх намхан залуу буруу тайлбарласнаас болж зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/, 

 

Хүний биед шүүх эмнэлгийн №12261 тоот дүгнэлтэд:

  • Yu Xuengang-н биед цээжний зүүн талд 8,9 дүгээр хавирга, баруун талд 7,8 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны няцрал, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн уушигны уналт, дагзны хуйх, зүүн чих, зүүн шанаа, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зүүн сарвуу, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна
  • Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/

БУСАД БАРИМТ

- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3 тал/,

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-12 талууд/,

- хохирогч Yu Xuengang-н өвчтөний түүх /хх-ийн 118-126 тал/,

- Төв аймгийн Авто тээврийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 303 тоот лавлагаа /хх-ийн 128 тал/,

-Төв аймаг дахь Улсын бүртгэлийн газрын 1545 тоот албан бичиг /хх-ийн 130-131 тал/,

- Киа Соренто маркийн 41-59 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 68 тал/,

-шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-61 тал/,

-2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орчуулагч, хэлмэрч томилох тухай мөрлөгчийн тогтоол /хх-ийн 77-78 тал/,

- шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-68 тал/

- хохирогч Yu Xuengang нь шүүгдэгч Б.Эрдэнэбилэгээс нэхэмжилсэн хохиролын баримтууд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-97 тал/

- 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 101 тал/,

  • шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг 2017 оны 11 дүгээр 27-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 102-103 тал/ байцаасан тэмдэглэл зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Авдар баян” гэх газарт БНХАУ-ын иргэн Юүй Шүэ Гангийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Yu Xuengang-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баасанжаргалын мэдүүлэг, гэрч Д.Өлзийбадрах, Э.Өлзийням, Э.Тулга, Б.Батгэрэл, Ли Шао Дун нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, шүүхийн шинжилгээний №12261 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохиролсанаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулсан болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч Yu Xuengang /Юүй Шүэ Ганг/ нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нийт 8.397.650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хохирогч Yu Xuengang /Юүй Шүэ Ганг/-ны 5.549.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангасан байна. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь 3.000.000 төгрөг төлсөн байх бөгөөд 2.549.150 төгрөгийг шүүгдэгч Б.Эрдэнэбилэгээс гаргуулж хохирогч Yu Xuengang /Юүй Шүэ Ганг/-ны хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогч Yu Xuengang /Юүй Шүэ Ганг/-ны нэхэмжлэлийн шаардлагаас 2.848.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь орон сууцны түрээсийн төлбөр болох 2.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэрэг болсон өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй,

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хугацаа хэтэрсний торгууль 224.000 төгрөгийн,  хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас хасалт хийсний төлбөр 12.000 төгрөгийн, үйлчилгээний төлбөр 22.500 төгрөгийн, гадаадын иргэн харъяатын газарт төлсөн торгуулийн 190.000 төгрөгийн төлбөрийн баримтууд нь хэрэг учрал болохоос өмнөх өдрүүд буюу 2017.10.13,  2017.10.19-ний өдрүүдийн баримтууд байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зогсоол овогт Бат-Эрдэний Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Зогсоол овогт Бат-Эрдэний Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Зогсоол овогт Бат-Эрдэний Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Зогсоол овогт Бат-Эрдэний Эрдэнэбилэгийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь хохирогч Yu Xuengang /Юүй Шүэ Ганг/-д 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Эрдэнэбилэгээс 2.549.150 төгрөгийг гаргуулж хохирогч Yu Xuengang /Юүй Шүэ Ганг/-н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, 2.848.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.