| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2024/0037/з |
| Дугаар | 119/ШШ2025/0042 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 119/ШШ2025/0042
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би ***ны тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***т холбогдуулан гаргасан “Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***ийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0074806 дугаартай шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
***н шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “***н би, тус аймгийн хүүхдийн эрхийн улсын байцаагч *** нь иргэн ***ээс мэдээлсэн “Орхон аймгийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн орчин нөхцөл, боловсролын үйлчилгээний хүрээнд хүүхдийн эрх зөрчсөн” гэх зөрчлийн талаарх гомдлыг хялбаршуулсан журмаар шалгаж, тус сургуулийн холбогдох албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу шалгалтын хүрээнд хянав.
Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан нь гомдлын дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцаад сургуулийн орчин нөхцөл, боловсролын үйлчилгээний хүрээнд хүүхдийн эрх зөрчсөн буюу биеийн тамирын хичээл орж байх явцад хүүхэд хөлөө бэртээсэн, сургуулийн орчны эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийж, эрсдэлийг арилгах талаар арга хэмжээ авч хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн байгууллагын бүртгэлд бүртгэсэн боловч прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж төрийн байгууллагын холбогдох албан тушаалтныг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 0074806 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
1. 3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл”: 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:
Мөн хуулийн 1.1-т хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн; 1.2-т хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;1.3-т зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн; 1.4-т байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн” эдгээр 4 тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн аваад зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж буюу прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ” гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан боловч хуулийн этгээдийн лавлагаа мэдээллийг хэрэгт хавсаргаагүй, хуулийн этгээдийг төлөөлөн зөрчлийн холбогдогчоор оролцох эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль ёсны төлөөлөгч тогтоогоогүй, зөрчлийн холбогдогчоор Орхон аймгийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн биеийн тамирын багш ***өөс мэдүүлэг авсан байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д зааснаар "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг; мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар боловсролын байгууллагын албан тушаалтнууд нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.
Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 4-д заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ“ гэсэн заалтыг,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10-д заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Прокурор нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.
Иймд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***ийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0074806 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн ХГБХХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч *** би нь иргэн ***ээс хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлсэн гомдлын дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцаад сургуулийн орчин нөхцөл, боловсролын үйлчилгээний хүрээнд хүүхдийн эрх зөрчсөн буюу биеийн тамирын хичээл орж байх явцад хүүхэд хөлөө бэртээсэн, сургуулийн орчны эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийж, эрсдэлийг арилгах талаар арга хэмжээ авч хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн байгууллагын бүртгэлд бүртгэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, төрийн байгууллагын холбогдох албан тушаалтныг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 0074806 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь үнэн болно. Мөн шийтгэл оногдуулахдаа хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан боловч хуулийн этгээдийн лавлагаа мэдээллийг хэрэгт хавсаргаагүй, хуулийн этгээдийг төлөөлөн зөрчлийн холбогдогчоор оролцох эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль ёсны төлөөлөгч тогтоогоогүй, зөрчлийн холбогдогчоор Орхон аймгийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн биеийн тамирын багш ***өөс мэдүүлэг авсан нь үнэн.
Иймд хүүхдийн эрхийн улсын байцаагч миний бие нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0074806 дугаартай зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
***наас Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***т холбогдуулан “Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***ийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0074806 дугаартай шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан ***ны Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***т холбогдуулан гаргасан “Хүүхдийн эрхийн улсын байцаагч ***ийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0074806 дугаартай шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ