Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/455

 

   

 

 

 

     2024           4            18                                         2024/ДШМ/455          

 

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Г.Баясгалан,

           шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Б.Ад холбогдох эрүүгийн 2302006100353 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Оточ овгийн Б.А, 1992 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр, Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, вагон шалгагч мэргэжилтэй, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн депод ажилладаг, ам бүл 5, эх, хоёр дүү, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................................/;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр согоотын пост орчим 44-68 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газар: Б.А үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б Алтансэлэнгэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж уг ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ад сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 8 хэсэг нийтдээ 13,803.6 грамм цэвэр жинтэй 1-8 хүртэл дугаарласан 8 ширхэг ууттай өвс мэт зүйл ТНС (Delta-9-Tetrahydrocannabinol) агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрд оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.А хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Ад холбогдох хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон байна гэж шүүх үзээд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан байгаа. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь тогтвортой байсан. Хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодист хамааралгүй гэх шинжээчийн дүгнэлт байгаа. Бусдад бодитоор хохирол учруулаагүй байгаа байдал, шүүгдэгч дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэж илэрхийлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, энэ байдлуудыг харгалзаад эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Ингэж ял оногдуулахаас гадна мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг давхар тогтоож өгсөн. Шүүх шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хэний ч нөлөөнд автахгүйгээр гагцхүү хуульд захирагдаж өөрийн дотоод итгэл дээр тулгуурлан эрүүгийн хариуцлага оногдуулах эрхийг гагцхүү шүүхэд л олгосон байдаг. Шүүх хэн нэгний хүсэл зорилгод нийцүүлэх учиргүй. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, тусгай ангид заасан ялын төрөл хэм хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүхээс Б.Алтансэлэнгийг нийгмээс тусгаарлаж хорьж цагдах зайлшгүй шаардлага байхгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд зорчих эрх хязгаарлах ял, эсхүл хорих ял оногдуулна гэсэн хоёр төрлийн ялын сонголттой. Өвс ургамалтай холбоотой үйлдэлд хорих ял оногдуулна, харин бусад химийн гаралтай бодистой холбоотой үйлдэлд нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулна гэсэн хуулийн заалт тайлбар байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Б.А“2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс нийт 13.803,6 грамм (13 кг 803,6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 44-68УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид прокуророос шилжүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.

Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Өөрөөр хэлбэл, шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.

Шүүгдэгч Б.А нь харьцангуй их хэмжээний буюу нийт 13.803,6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн нөхцөл байдал, улмаар тухайн “өвс” гэх бодисыг 44-68УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээ, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзсэн талаар дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй.

Мөн шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэснийхээ дараа 44-68УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан, тээвэрлэсэн нөхцөл байдал байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх” эсэхийг тодруулж хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Баясгалангийн бичсэн “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Баясгалангийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                    Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                    С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                    Ц.ОЧ