| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0572/З |
| Дугаар | 128/ШШ2025/0711 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогт Б*******гийн Б*******, РД:*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц*******,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Г.М*******, Б.Г******* нарын хоорондын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, цалингийн зөрүү 8,284,120 төгрөгийг гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалаар Б.Б*******г Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн ажлаас 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 05-ны өдрөөс Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Нэгдүгээр салбарын хамгаалалтын офицероор томилж, цагдаагийн ахмад цолыг хураан, ахмад цол олгожээ.
1.2. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/2366 тоот албан бичгээр “... таны гаргасан гомдол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Төрийн албаны зөвлөл хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй болно” гэсэн хариуг өгчээ.
1.3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/4327 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг захирамж бичгээр албажиж гарсан өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаагаар сэргээж шийдвэрлэсэн.
1.4. Б.Б*******гаас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “цалингийн зөрүү 8,284,120 төгрөгийг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Б******* овогтой Б*******гийн Б******* би цагдаагийн байгууллагад 2015 оноос ажиллаж байсан ба 2021 оны 07 дугаар сараас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн ажилд томилогдон албан үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Гэтэл 2024 оны 07 сарын 03-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/978 дугаар "Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай" тушаалаар намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн ажлаас 2024 оны 07 сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Нэгдүгээр салбарын хамгаалалтын офицероор томилж, цагдаагийн ахмад цолыг хураан, цэргийн цол олгосон. Энэхүү ажлаас томилж чөлөөлөх тухай Б/978 дугаар тушаал нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, бичгээр гаргах захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангаагүй зэрэг эрх зүйн зөрчилтэй тул миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр үндэслэлийг тодруулбал:
I. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн талаар
Цагдаагийн Ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлөх тушаал нь төрийн тусгай албан хаагч буюу цагдаагийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт болохын хувьд захиргааны актыг гаргахдаа хуулиар тусгайлан тогтоосон дараалал, журмыг баримтлах үүрэгтэй. Захиргааны Ерөнхий хуулиар аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг заавал явуулахаар хуульчилсан. Харин маргаан бүхий Б/978 дугаар тушаал гарахын өмнө нэхэмжлэгч Б.Б******* намайг ажлаас чөлөөлөх, цагдаагийн цолыг маань хураан авах талаар надад мэдэгдсэн, тайлбар, санал гаргах боломж олгосон зүйлгүй. Түүнчлэн уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй болно.
Эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй талаар:
Захиргааны акт нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас хаяглагдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд түүний хүсэл зоригоос үл хамааран нөлөөлж байдгийн хувьд үндэслэж буй хуулийн зохицуулалт нь бодит байдалд бий болсон шалтгаан нөхцөлтэй яв цав нийцэж байх ёстой. Маргаан бүхий тушаал нь үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг буюу алба хаагчийг шилжүүлэн томилох эрх зүйн зохицуулалтыг удирдлага болгосон.
Харин тушаалын агуулга нь Б.Б******* намайг цагдаагийн албанаас чөлөөлж, цагдаагийн ахмад цолыг хураан авах болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч намайг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс тусгайлсан хуулиар харилцаа нь зохицуулагддаг Дотоодын цэргийн 05 дугаар анги руу томилсноор миний бие “цагдаагийн алба хаагч”-аас "цэргийн жинхэнэ алба хаагч” болсон.
Хууль зүйн нэр томьёо, үүсгэх эрх зүйн үр дагаврын тухайд Цагдаагийн албаны тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд тус тус зохицуулсан чөлөөлөх болон шилжүүлэх нь хоёр өөр ойлголт бөгөөд эхний ойлголтын хүрээнд Цагдаагийн алба дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох бол удаах тохиолдолд алба хаагчийн эрх зүйн байдал өөрчлөгдөхгүй Цагдаагийн байгууллагын нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин ажиллах үр дагавартай. Гэтэл ийнхүү ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргасан мөртлөө ажил шилжүүлэн томилох эрх зүйн үндэслэл баримталсан нь хуульд нийцэхгүй юм. Үүний дээр хэрэв Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Дотоодын цэргийн командлагч гэх утгаар ийм томилгоо хийх бүрэн эрхтэй гэж үзсэн ч шилжүүлэн ажиллуулах эрх зүйн хэм хэмжээний урьдчилсан нөхцөлийн аль нь ч хангагдаагүй. Тухайлбал:
Миний зүгээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр үргэлжлүүлэн ажиллахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, үүсэх нөхцөл бүрдээгүй байсан,
Маргаан бүхий тушаалаар миний томилогдон ажиллаж буй Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Нэгдүгээр салбарт мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах нөхцөл байдал буюу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт томьёолсон албан ажлын шаардлага анхнаасаа байгаагүй,
Албан хаагч хүсэлт гаргаагүй буюу нэхэмжлэгч Б.Б******* миний бие шилжин ажиллах талаар хүсэлт, санал гаргаагүй,
Албан тушаал цомхотгогдоогүй буюу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн албан тушаалын тоо буураагүй, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй хэвээр байгаа,
Эрх бүхий байгууллагын эгүүлэн томилсон шийдвэр байхгүй буюу Төрийн албаны маргаан хянан шалгах комисс, Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор миний хашиж байсан мөрдөгчийн албан тушаалд хэн нэгэн этгээд эгүүлэн томилогдоогүй,
Миний бие эрүүл мэнд, сэтгэцийн хувьд Цагдаагийн албан хаагчид тавигдах шалгуурыг бүрэн хангаж байгаа.
II. Бичгээр гаргах захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангаагүй
Дээрх маргаан бүхий тушаалд эрх зүйн үндэслэлийг тоочсон байх боловч ерөөс эдгээр эрх зүйн хэм хэмжээнд заасан үндэслэл, шалтгаан үүссэн эсэх, хэрэв бий болсон, байсан гэж үзэж байгаа бол чухам аль шалтгаан нөхцөл нь ийнхүү Б.Б******* намайг үүрэгт ажлаас минь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэхэд шууд шалтгаалж буй талаар тодорхойлсон зүйлгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.3 дахь хэсэгт “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тус тус заасныг зөрчсөн захиргааны актын бичгээр гарах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, агуулгын хувьд ойлгомжгүй байгаа юм.
Уг хууль бус тушаал нь Б.Б******* миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн 85.12 дахь хэсэгт “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан Төрийн жинхэнэ албан хаагч, цагдаагийн алба хаагчийн баталгаанд шууд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчиж байна. Улмаар миний зүгээс Төрийн албаны зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохих журмын дагуу гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/2366 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” хариугаар үндэслэлгүйгээр гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/978 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг даалгаж өгнө үү.
Миний бие өмнө эрхэлж байсан ажил буюу эрүүгийн мөрдөгчийн үндсэн цалин 1,663,000 төгрөг байсан бөгөөд уг цалин дээр цолны нэмэгдэл 30 хувь, удаан жилийн нэмэгдэл 25 хувь, онцгой албаны 25 хувийн нэмэгдэл, нууцын бичээчийн нэмэгдэл 15 хувийн нэмэгдлүүдийг тус тус авч байсан. Харин одоо Дотоодын цэргийн хамгаалалтын офицерын үндсэн цалингийн хэмжээ 1,555,000 төгрөг болсон бөгөөд үндсэн цалингийн хэмжээ буурснаас шалтгаалан энэ хугацаанд авч чадаагүй цалингийн зөрүү нь нийт 8,284,120 төгрөг болж байна. Иймд энэхүү цалингийн зөрүү төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад 2015 оноос ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сараас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгчийн ажилд томилогдон ажиллаж байсан. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/978 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн Эрүүгийн мөрдөгчийн ажлаас 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тасалбар болгон чөлөөлж, дотоодын цэргийн 05 дугаар ангийн 1 дүгээр салбарын хамгаалалтын офицероор томилж, цагдаагийн ахмад цолыг хураан цэргийн ахмад цол олгосон. Энэхүү ажлаас чөлөөлж томилсон Б/978 дугаар тоот тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд нийцээгүй.
Нэгдүгээрт, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн. Хоёрдугаарт эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй. Гуравдугаарт бичгээр гаргах захиргааны актыг хэлбэрийн шаардлага хангаагүй зэрэг эрх зүйн зөрчилтэй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн талаар тодруулахад Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлөх тушаал нь төрийн тусгай албан хаагч буюу цагдаагийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн үр дагавар бүхий захиргааны актын хувьд хуулиар тусгайлан тогтоосон дараалал, журам баримтлах үүрэгтэй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулиар аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө бодит байдал, нөхцөлийг тогтоох, сонсох ажиллагааг заавал явуулахаар хуульчилсан. Маргаан бүхий Б/978 дугаар тоот тушаалын эрх зүйн үндэслэл, бусад тодорхой нөхцөл байдлуудын талаар сонсгох тайлбар, санал гаргах ажиллагаа явагдаагүй. Захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй байдлаар хийгдсэн.
Эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй талаар маргаан бүхий захиргааны актын гол хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2. Тус заалтаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас гэх заалтыг баримталсан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан цагдаагийн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, албан ажлын шаардлага, албан хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон тухайн албан тушаалыг урьд өмнө нь эрхэлж байсан албан хаагч эргүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн 1 нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар сэлгэн ажиллуулж болно гэх энэ 2 заалтыг үндэслэж эрх зүйн тушаал, актыг гаргасан байдаг. Актад дурдсан хууль зүйн үндэслэл бүхий үйл баримт болоогүй байдаг. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдээгүй, үүнтэй холбоотой ямар нэгэн үйл баримт байхгүй. Маргаан бүхий тушаалаар томилогдон ажиллаж буй дотоодын цэргийн 05 дугаар ангийн 1 дүгээр салбарт Цагдаагийн албанд мөрдөгчөөр ажиллаж байсан Б.Б******* нь ур чадвар, онцгой туршлага, хүний нөөцийг бүрдүүлэх онцгой төвөгтэй албан даалгавар биелүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах нөхцөл буюу албан ажлын шаардлагын зүйл анхнаасаа байгаагүй. Дотоодын цэрэгт шилжин ажиллахаар хүсэлт гаргаагүй. Тухайн ажлын байр буюу эрүүгийн мөрдөгч гэдэг албан тушаал нь цомхотгогдоогүй. Энэ албан тушаалд хэн нэгэн эгүүлэн томилогдоогүй, эрүүл мэнд, сэтгэцийн хувьд цагдаагийн албан хаагчдын шалгуурыг бүрэн хангаж байгаа. Тийм учраас тушаал гарах эрх зүйн үндэслэл буюу бодит нөхцөл байдлыг тогтоох үйл явдал байгаагүй. Бичгээр гарах захиргааны акт хэлбэрийн шаардлага хангаагүй. Ямар ажилд шилжүүлж байгаа ямар үндэслэл, шалтгаан нөхцөл хэрэв болсон гэж байгаа бол үүнийг тодорхойлох ёстой.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны актын хэлбэрийн шаардлагыг заасан. Үүнд бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн байдаг. Хууль зүйн үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдал байхгүй. Тийм учраас энэ тушаал хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү. Цалингийн зөрүүтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь орон нутаг хариуцсан эрүүгийн мөрдөгч буюу төрийн тусгай албан хаагчдын ТТ-7 зэрэглэлтэй албан тушаалын зэрэглэлтэй байсан. Одоо ажиллаж байгаа албан тушаал нь ТТ-9 буюу төрийн тусгай албан хаагчийн 9 дүгээр зэрэглэлтэй байгаа. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор цалингийн сүлжээг баталж тогтоосон. Энэ сүлжээгээр төрийн тусгай албан хаагчийн ТТ-9 албан тушаалтан 1,333,200 төгрөг байгаа. ТТ-7 нь 1,666,000 төгрөг гэсэн үндсэн цалинтай байсан. Энэ үндсэн цалингаас нэмэгдлүүд бодогдож явдаг. Нэмэгдлүүд нь хэрхэн бодогддог вэ гэхээр хуульд заасан журмын дагуу цолны цалин 30 хувиар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл төрийн тусгай албан хаагчийн цолны цалин үндсэн цалингийн 30 хувь, удаан жилийн ажилласан 25 хувь, онцгой албаны нэмэгдэл 25 хувиар нэмэгддэг. Үүнээс харахад зөрүү нь 6,168,545 төгрөг болж байгаа. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа нууцын бичээчээр сард 15 хувийн нэмэгдэл буюу 163,275 төгрөг авдаг байсан. Тэгэхээр энэ 2 цалингийн нэмэгдэл зөрүү нь түрүүн дурдсан 8,224,120 төгрөг болж байгаа. Цалингийн зөрөөний хохирлыг гаргуулах нь үндэслэл бүхий байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “1. Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Цагдаагийн төв байгууллага нь агентлагийн нийтлэг чиг үүргийн хүрээнд дараах үүрэг гүйцэтгэнэ:", 14.1.3-т “цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах” чиг үүрэг хэрэгжүүлэхээр заасан.
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас "Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох хэсгээс алба хаагчийн мэдээллийг устгасан байж болзошгүй” гэх асуудалд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын (код 112) 112.7.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2024-075-000-043 дугаартай албаны шалгалтыг явуулсан байна. Тус албаны шалгалтаар “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон алба хаагчдын асуудлыг шийдвэрлэх” зорилгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б*******гийн талаар дурджээ.
Нэхэмжлэгч Б.Б******* нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 21.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцож торгох ялаар шийтгүүлсэн байна. Мөн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ДШМ/04 дугаартай магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж гэм буруутайд тооцсон байна. Иймд Б.Б******* нь шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож гэм буруутайд тооцогдож торгох ялаар шийтгүүлсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж зааснаар цагдаагийн албанаас халах нөхцөл байдал үүссэн тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор Дотоодын цэргийн 05 дугаар ангид хамгаалалтын офицероор томилсон байна.
2.Төрийн албаны тухай хуулийн 75.2 дахь хэсэгт “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана” гэж хуульчилжээ.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 15.1 дэх хэсэгт “Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зохицуулжээ. Б.Б*******гийн нэхэмжлэлд дурдсанаар “... Төрийн албаны зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохих журмын дагуу гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/2366 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн” гэж дурджээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд холбогдох гомдлоо гаргаагүй бөгөөд уг асуудлаар захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.81, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Б.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б*******гийн хувьд Дорноговь аймгийн Мандах сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдыг эрүүдэн шүүсэн, бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаад 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаартай тогтоолоор Б.Б*******гийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоод, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүдэн шүүх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан байдаг. Цагдаагийн байгууллагаас 2024 оны 05 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сангийн лавлагаа олгох хэсгээс алба хаагчийн мэдээллийг устгасан байж болзошгүй асуудалд албаны шалгалт явуулахад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор хүчин төгөлдөр болсон алба хаагчдын асуудал гарч ирсэн.
Тухайн шалгалтаар нэхэмжлэгч Б.Б*******д холбогдох шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн мэдээлэл гарч ирсэн. Тус албаны шалгалтаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Яагаад Цагдаагийн байгууллагаас дотоодын цэрэг рүү шилжүүлэх болсон бэ гэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон бол цагдаагийн алба хаагчийг албанаас халдаг зохицуулалттай. Б.Б*******г хэрэв гэмт хэрэг үйлдэж шүүхийн шийтгэл хүчин төгөлдөр болчихсон байгаа тохиолдолд цагдаагийн албанаас халж энгийн иргэн болж өөрийнх нь эрх ашиг сонирхолд сөрөг нөхцөл байдал үүсэх байсан. Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын дарга нь дотоодын цэргийн командлагч байна гээд хуулиар эрх олгогдсон. Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй бусад төрлийн гэмт хэргээр шалгагдаад ял шийтгүүлсэн тохиолдолд төрийн албанд ажиллах эрх нь нээлттэй байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд алба хаагчийнхаа эрх ашиг сонирхлыг хөндөхгүй, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй өөрт нь ашигтай, эерэг нөлөөлөл бүхий Дотоодын цэрэгт шилжүүлсэн тушаалыг гаргасан. Алба хаагчийг нэг ёсондоо ажилтай, цалинтай баталгааг нь үлдээх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийнхаа хувьд энэ тушаалыг гаргасан.
Учир нь Дотоодын цэргийн тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн нийгмийн болон бусад баталгаа нь ижилхэн байдаг. Үүнд нэг жишээ татахад Дотоодын цэргийн алба хаагчийн дотоодын цэргийн албанд ажилласан 1 жилийг 1,3 жилээр тооцдог. Мөн ялгаагүй Цагдаагийн албанд ажилласан бол Цагдаагийн албаны тухай хуулиараа 1,3 жилээр ажилласанд тооцдог. Жишээлбэл эрэгтэй албан хаагч цэргийн алба, цагдаа болон дотоодын цэргийн албанд 20 жил тасралтгүй ажиллавал Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэрт гарна. Тэгэхлээр нэхэмжлэгчийн ирээдүйг бодсон. 2015 оны төгсөлт гэхээр 2011 онд хуучнаар Цагдаагийн академи буюу одоогийн Хууль сахиулах их сургуульд элсэн ороод 14 дэх жилдээ ажиллаж байна. Одоо 6 жил ажиллаад цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ. Энгийн хүн тэтгэвэр тогтоолгохоос цэргийн албан хаагчаар тогтоолгосон тохиолдолд 80 хувиар өснө. Яриад байвал маш олон боломжууд байгаа. Тэгэхлээр үүнийг эерэг нөлөөлөлтэй захиргааны акт гэж үзэж байгаа. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн томилох тушаал гарсан. Ажлаа 07 дугаар сард хүлээж авсан. Гэтэл энэ хүн Захиргааны ерөнхий хуульд зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргаагүй. Энэ хугацаа алдагдчихсан асуудлууд байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын хувьд Дотоодын цэргийг командлагчийнхаа хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн алба хаагчаа бодсон эерэг нөлөөлөл бүхий тушаал гаргасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар халчихсан байсан бол энэ маргаан шүүхээр явахгүй байсан. Б.Б*******г хэрэв Цагдаагийн байгууллагад буцааж шилжүүлэн томилсон тохиолдолд томилоод халагдах тушаал нь гарна. Яагаад гэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон бол гэж заасан. Тэгэхлээр нэхэмжлэгчид өөрт нь хохиролтой болно” гэв.
3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тушаал эерэг тушаал гэдэг нь цаашдаа нэхэмжлэгчийн хувьд амьдралын явцад мэдэгдэнэ. Тодорхой хэмжээнд ажиллаад явахад Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаар нь 65 нас болсон. Цэргийн албаны тухай хуулиар Дотоодын цэрэг цэргийн албанд орж байгаа. Нэхэмжлэгч одоо дунд офицер, ахмад цолтой байгаа. Мэдээж цаашдаа эндээ ажиллавал албан тушаал нь ахлах офицер болох насны хязгаар нь 52 нас байгаа. Тэгэхээр төрийн алба хаах насны дээд хязгаараас даруй 10 гаруй жилийн өмнө эсвэл ажилласан жилээрээ тогтоолгоод тэтгэвэрт гарах цаад амьдралынх нь туршид үзүүлэх нөлөөллийн хувьд эерэг тушаал байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Б*******гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/978 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, цалингийн зөрүү 8,284,120 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, тушаалын үндэслэлд тайлбар санал гаргах боломж олгоогүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан нөхцөл үүсээгүй байхад хэлбэрийн шаардлага хангахгүй акт гаргасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор “...Шүүгдэгч Б******* овогт Б*******гийн Б*******г “Эрүү шүүлт тулгах” мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400,000 төгрөгөөр торгох, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6,000,000 төгрөгөөр торгох ял” оногдуулсан байна.
3.2. Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ДШМ/04 дугаартай магадлалаар 2020/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-5 дахь заалтуудыг хүчингүй болгож, ... шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, торгох ялын хэмжээг 1,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
3.3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаар тогтоолд “...Б.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хууль бус аргаар дэмжлэг үзүүлж, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Д.Мөнхзаяаг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэв. Түүнээс гадна шүүгдэгч Б.Б*******гийн эрүү шүүлт тулгах явцдаа хохирогч Д.Мөнхзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв байна” хэмээн дүгнээд “Дорноговь аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалаар Б.Б*******г Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн ажлаас 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 05-ны өдрөөс Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Нэгдүгээр салбарын хамгаалалтын офицероор томилж, цагдаагийн ахмад цолыг хураан, ахмад цол олгожээ.
5. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.1.9-д “цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн заалтуудыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасанд нийцээгүй байна.
6. Учир нь Цагдаагийн ерөнхий газраас Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чт хандан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5б/5906 тоот албан бичигт “... Цагдаагийн ерөнхий газрын даргаас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б*******гийн Б*******г Дотоодын цэргийн анги, байгууллагад шилжүүлэн ажиллуулах үүрэг өгсөн тул судалж, саналаа ирүүлнэ үү” гэсний дагуу Дотоодын цэргийн штабаас ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-02/1508 тоот албан бичигт “Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б*******г Дотоодын цэргийн 05 дугаар ангийн нэгдүгээр салбарын хамгаалалтын офицерын албан тушаалд томилуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
7. Мөн Б.Б*******г эрүүгийн мөрдөгчийн албан тушаалаас Дотоодын цэргийн ангид хамгаалалтын офицерын албан тушаалд шилжүүлэн томилохдоо өөрөөс нь санал аваагүй, Б.Б*******г ээлжийн амралтаа эдэлж дууссаны дараа түүнийг шилжүүлэн томилох асуудлыг даргын зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцээгүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаагүй.
8. Түүнчлэн нэхэмжлэгчээс эрүүгийн мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаж, нэхэмжлэл гаргасан тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх харилцаа явагдсан гэж үзэхгүй, маргаан бүхий акт бодит нөхцөл байдалд тохироогүй байхын зэрэгцээ захиргааны актын үйлчлэл чиглэж буй этгээдээс мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй, хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
9. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбаруудаас үзвэл, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал,
10. Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, … 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно” гэж, 82 дугаар зүйлийн 82.1-т “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална:” 82.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж зааснаас үзвэл цагдаагийн байгууллагад ажил, албан тушаал эрхлэх иргэн нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх үндсэн шаардлагыг хангах ёстой байна.
11. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу иргэн цагдаагийн байгууллагад анх ажилд орох тохиолдолд аливаа төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх шаардлагатай бөгөөд зөвхөн авлига албан тушаалын төдийгүй бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд цагдаагийн албанаас халах хуулийн зохицуулалттай, нэхэмжлэгч Б.Б******* нь хуулийн энэхүү зохицуулалтаар тогтоосон шаардлагыг хангахгүй болсон байх тул эрүүгийн мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй.
12. Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны акт гаргах процессын журмыг хэрэгжүүлээгүй, өөрийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилсон байх боловч мэдэгдэх сонсох ажиллагааг дахин явуулснаар өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй буюу шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул захиргааны акт гаргах процессын энэхүү зөрчилд үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
13. Иймд шүүх Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан хориглолтыг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэнийг цагдаагийн байгууллагад эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/978 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол хураах, цэргийн цол олгох тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цол олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, цалингийн зөрүү 8,284,120 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ