Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/453

 

 

 

 

 

 

      2024             4            18                                         2024/ДШМ/453                     

 

      Ш.Год холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Год холбогдох эрүүгийн 2303007760018 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ш.Г

 

            Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар вокзалын хойд талын замын уулзвар дээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цагийн орчимд “Тоёота Приус 30” загварын 38-31УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.9 дэх хэсэгт “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ногоон гэрлээр гарч явсан явган зорчигч Б.Цг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Ш.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Год оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Год оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1,033,600 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,354,000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3,143,300 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гоос 353,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гоос хохирогчийн эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн зардалд 4,284,700 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,644,500 төгрөг, нийт 16,929,200 төгрөг гаргуулж хохирогч Б.Цд олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Ш.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ анхнаасаа одоог хүртэл маргаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж орохоос гадна хохирогч Б.Цгийн биеийг эмчлүүлэх, хэвийн болгоход байнгын туслалцаа үзүүлж эмнэлэгт хэвтүүлж, шаардлагатай төлбөр мөнгийг төлсөөр ирсэн ба энэ талаарх нотлох баримтаа хэрэгт хавсаргасан. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт эмчилгээний зардалд хохирогчоос болон улсаас нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлөөд шүүх хуралдаанд орсон. Гэтэл тухайн хурал дээр хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр 30 хуудас баримт гаргаж өгснөөр хохирлын хэмжээ нэмэгдсэн. Тухайн үед гэм буруу дээрээ маргаагүй учир хугацаа аваад хохирлоо төлөх боломж байсан ч шууд шүүх хурал болсон талаараа шүүгдэгч хэлдэг ба хугацаа аваад төлж болдог талаар мэдсэн бол хохирол төлбөрөө бүрэн төлөөд орох боломж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай буюу хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхээр хуульчилсан байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг мөн дурдсан ч түүнийг яаж ашиглаж байгааг нь тодорхойгүй хорих төрлийн ял өгч байгаа нь ойлгомжгүй байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн дээд хэмжээгээр тогтоож байгаа үндэслэл дүгнэлтээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Дээд шүүхийн 2023 оны 25 дугаартай тогтоолын 4 дүгээрт заасны дагуу 3 дугаар зэрэглэлийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү. ” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч талаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 30 хуудас эмчилгээний зардлын баримтад тулгуурлаад өмнө нь төлсөн 3 сая гаруй төгрөг дээр нэмээд 4,284,700 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 12,644,500 төгрөг, нийтдээ 16,929,200 төгрөгийг төлөхөөр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо 4,284,700 төгрөгийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд 7,150,000 төгрөгийн хохирол төлсөн баримтаа хавсаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд орж ирэхээс өмнө үлдэгдэл төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэндийн даатгалын сан болон сэтгэцэд учирсан хохирол гээд бүх төлбөрийг төлөөд нийтдээ 26,997,800 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдал бий болсон байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлээд шүүгдэгч Ш.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүх хуралдааны процессыг сайн ойлгоогүй. Мөн миний хуулийн мэдлэг дутмаг байсан. Зөвхөн өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны үеэр би өмнө болж өнгөрсөн үйл явдлын талаар хэлж чадаагүйдээ харамсаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцохоос өмнө хавтаст хэрэгт авч бэхжүүлсэн хохирогчийн эмчилгээний төлбөр, эрүүл мэндийн даатгалын сангаас авсан үйлчилгээний төлбөр, бусад хохирлуудыг нийлүүлээд би нийт 4,491,600 төгрөгийг төлж барагдуулсан. Сая шүүгчээс асуусан нэрнүүд бол энэ гэмт хэрэг гарснаас хойш хохиролтой холбоотой зардлуудыг нэхэмжлэлийнх нь дагуу төлөөд, өгсөн данс руу нь шилжүүлээд явсан. Хэрэг гарахын урьд орой нь манайд найзууд маань ирээд нэг шил архи хувааж уусан. Миний бие нь орой 23 цагийн үед амарсан. Хэрэг гардаг өглөө босоход надад ямар нэгэн зовиур байхгүй байсан тул би хөдөлгөөнд эхнэрийн хамт оролцсон. Миний хувьд архи согтууруулах ундааг тэр болгон хэрэглээд байдаггүй. Өмнө нь ямар нэгэн байдлаар зөрчил огт гаргаж байгаагүй. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Хохирогч Цгоос дахин уучлалт гуйж байна. Хэрэг өглөөний 7 цагт болсон. Манай эхнэр яаралтай түргэн тусламжийн эмч хүн байгаа. Осол гарсан даруй яаралтай тусламж үзүүлээд, дуудлага мэдээллийг өгсөн. Шуурхай бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийгээд Гэмтэл согог судлалын эмнэлэгт хүргэсэн. Хохирогчийн цээж, бүсэлхийн томографийн зураг, хэвлийн эхо зургийг авхуулсан бөгөөд шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Эмчээс шинжилгээний хариу танилцуулахад “амь насанд аюулгүй, нурууны сэртэнгийн хугаралтай, 2-3 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барих шаардлагатай, гэмтлийн эмнэлэгт хэвтэх шаардлагагүй” гэж үзсэн. Харин бид өөрсдийн санаачлагаар хохирогчийн ар гэртэй ярилцаад сэргээх төв эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Тухайн үеийн эм, тариа, ойр зуурын ахуйн хэрэгсэл, нурууны бүс зэрэг өөрсдийн зүгээс шаардлагатай зүйлийг гаргаж эмчлүүлсэн. Эмчлүүлж байх хугацаанд нь хоол, цай өгч эргэж тойрч байсан. Хохирогчийн ар гэрийнхэн бидний санаачилсан эмчилгээнд сэтгэл дундуур байсан бөгөөд бидэнд 10 сая төгрөг өгчихвөл гомдолгүй гэх зэргээр хэлж ярьж байсан. Миний зүгээс хохирогчийн биеийн байдалд анхаарч шаардлагатай бүхий л эмчилгээг хийлгэж, эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээг хүртэл хийлгэхийг санал болгож байсан. Харамсалтай нь хохирогч тал намайг зөвхөн мөнгө гэж харсан учраас миний зүгээс хууль зүйн зөвөлгөө авсан. Хууль зүйн зөвөлгөө аваад энэ талаар тайлбарлаж хэлтэл хохирогчийн ар гэрийнхэн хэл амаар доромжилох, айлган сүрдүүлэх, шоронд чинь хатаана гэх мэт зүйлийг хэлж байсан. Миний зүгээс өнгөрсөн хугацаанд улсын болон хувийн эмнэлэгт эмчлүүлсэн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн биеэр хамтарч ажилласан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд миний бие гэм буруугаа ухамсарлаж, өөрөөс шалтгаалах бүгдийг хийж, хохирлын төлбөр дээр нэг ч удаа маргаж байгаагүй. Үүнийг хэлэх нь зүйтэй болов уу. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчийн өмгөөлөгчөөс 30 хуудас хохирлын баримтыг шинээр гаргаж өгсөн. Уг баримтуудад дурдсанаар 7,200,000 төгрөгийн хохирлыг биднээс нэхэмжилсэн. Зарим баримтууд нь өмнө төлсөн баримтуудтай давхцаж байсан. Алтанчулуу өмгөөлөгч миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж чадаагүй. Шүүх хуралдааныг завсарлуулж хохирлыг төлөх боломж байтал үүнийг хэрэгжүүлээгүй. Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй. Миний хувийн байдлыг харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Зөвхөн хохирогч талын байр суурийг харгалзан надад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Мөн сэтгэл санааны хохирлыг дээд хэмжээгээр тогтоосон явдалд харамсаж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд миний бие маш олон зүйлийг эрэгцүүлж, үнэхээр их харамсаж байна. Би уг нь өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаараа хэлж чадаагүйгээс болоод хорих ял авсан байх. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хэвтэрт байгаа. Босож чадаагүй, хүний асаргаанд хэвтэж байна. Би өөрийгөө аваад явчихдаг, ажил хийдэг байсан. Одоо хэдэн хүүхдүүдийнхээ ажлыг алдуулаад асруулаад хэвтэж байна. Надад шүүгдэгчээс 4 удаа хохирлын төлбөр орж ирсэн. Эхлээд 630,000 төгрөг, 1,033,000 төгрөг, дараа нь 4 сая хэдэн зуу орж ирсэн, дараа нь 7 сая хэдэн зуу орж ирсэн. Өчигдөр 5 сая төгрөг орж ирсэн. Эмчилгээний төлбөрийг төлсөн. Намайг нөхөн сэргээх эмчилгээнд яв гэсэн. Би явлаа гэж бодоход надтай 2-3 хүн хамт явах шаардлагатай болох юм. Би бол одоо ямар нэгэн гомдол саналгүй.” гэв.

 

Хохирогч Б.Цгийн өмгөөлөгч Л.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохиролтой холбоотойгоор сэтгэл санааны хохиролд 12,644,500 төгрөг, эмчилгээний зардал 4,284,700 төгрөг төлүүлэхээр шийдвэр гарсан. Үүнээс 11,434,100 төгрөгийг төлсөн. Сая 4 дүгээр сарын 17-ны өдөр үлдэгдэл 5,494,500 төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэрт дурдсан 16,929,200 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хэлэх гээд байгаа санаа нь шүүхийн шийдвэрийн хүрээнд буюу хавтаст хэрэгт авагдсан хэргийн хүрээнд хохирлыг төлсөн. Энэ төлбөрийн тухайд гомдол санал байхгүй. Харин шүүхийн шийдвэрт хэрэг гарсны дараа ажилгүй байсан хугацааны цалинг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэх бодолтой байгаа гэж ярьдаг.” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Зам тээврийн осол болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Гэхдээ шүүгдэгч Ш.Г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь санаатай үйлдэл байгаа. Шүүхээс шүүгдэгч Ш.Год ял оногдуулахдаа хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзсан. Шүүгдэгчээс гэм буруу болон хохирол төлбөр дээр маргаж байгаа юм шиг зүйл ярилаа. Мөн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэлээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний биед хүндэвтэр хохирол учруулсан. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хамгийн бага ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

            2. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар вокзалын хойд талын замын уулзвар дээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд “Тоёота Приус 30” загварын 38-31УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.9 дэх хэсэгт “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ногоон гэрлээр гарч явсан явган зорчигч Б.Цг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Б.Цгийн “... би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгаас байгууллагын хүмүүсийн хамт ирсэн. Вокзалын хойд талын явган хүний гарцаар гарах гээд гэрлэн дохио хүлээж байгаад явган хүний гарцаар урдаасаа хойшоо гарч байхад зүүнээс баруун тийш чиглэлтэй ирж байсан машин миний баруун талаас ирж мөргөсөн. Ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. ...” /хх 17-18/,

 

            иргэний нэхэмжлэгч С.Сийн “... дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,707,000 төгрөг гарсныг яллагдагч Ш.Гоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 22/,

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14691 дугаартай “Б.Цгийн биед баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал, баруун талд умдаг ясны дээд доод салааны зөрүүтэй хугарал, бүсэлхийн 2, 3, 4, 5-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, сээрний 12/бүсэлхийн 1, бүсэлхийн 1/2, 2/3,3/4, 4/5, бүсэлхийн 5/ууцны 1 нугалмуудын жийргэвчийн урагдал, баруун бугалга, баруун ташаа, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” /хх 40-43/ шинжээчийн дүгнэлт,

 

            тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1353 дугаартай “Жолооч Ш.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ жолоодох,” мөн дүрмийн 8.9 дэх хэсэгт “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэх магадлагаа /хх 45/,

 

            зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/,

 

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл “0.69” /хх 12/, камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх 96-98/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

3. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Цг мөргөж ,эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Шүүгдэгч Ш.Гын өмгөөлөгч Б.Буянжаргал “... хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хорихоос өөр төрлийн ял оногдуулах ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн боломжтой гэж үзлээ.

 

Учир нь, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Ц нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний төлбөр, зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилнэ” гэсэн тайлбар, мөн шүүгдэгч Ш.Г нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирол 16.929.200 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Б.Цд бүрэн төлж барагдуулсан баримтыг өгсөн байна.

Иймд, анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сар хорих ялыг хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан “... сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг жишиг аргачлалын 3 дугаар зэрэглэлийн доод хэмжээгээр тогтоолгох ...” гомдлоосоо шүүх хуралдааны явцад татгалзсан болохыг дурдаж, мөн “... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт боловч шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгч Ш.Гын гэм буруутай үйлдэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ш.Гын өмгөөлөгч Б.Буянжаргалын “...хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолын тогтох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Год тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Год тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

 4 дэх заалтын “... шүүгдэгч Ш.Год оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “... шүүгдэгч Ш.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Год сануулсугай. ...” гэсэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж /365-51=314/, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 10 сар 14 хоногоор тогтоосугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Г нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Шүүгдэгч Ш.Г нь хохирогч Б.Цд 16,929,200 /арван зургаан сая есөн зуун хорин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд 353,000 /гурван зуун тавин гурван мянга/ төгрөгийг тус тус гэм хорын хохирол, хор уршигт нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

             

              ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА