Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2021/00023

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2021/00023

 

 

 

Ч.Наранцэцэг, Д.Бат-Эрдэнэ нарын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00753 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Наранцэцэг, Д.Бат-Эрдэнэ нарын хүсэлттэй,

Хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Дархан-Уул аймгийн Д.Алтангэрэл гэдэг хүнтэй Улаанбаатар хотод 1993 онд танилцаж дотно харьцаанд орж улмаар Хатгалд ирж 1994 оны 8 сард охин Баасандулам төрсөн бөгөөд бид тусдаа айл болж гараагүй, миний эцэг эхтэй хамт амьдарч байсан. Д.Алтангэрэл нь охиноо бүртгүүлж гэрчилгээ авах гэж Хатгалын төв рүү орж ирэхдээ гэрлэлтээ батлуулсан байсан. Ингээд жил бололгүй Алтангэрэл нь Дархан руу эцэг эх рүүгээ яваад тэр хэвээр ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй олон жил болж сураг тасарсан. Энэ хугацаанд буюу би охиныгоо 6 настай байхад 2000 онд Хатгалын харьяат Д.Бат-Эрдэнэтэй танилцаж үерхэж байгаад 2002 онд албан ёсоор гэр бүл болж хурим найр хийсэн. Одоо би малчин даатгуулагчаар тэтгэвэрт гарах гэсэн боловч Д.Бат-Эрдэнэ бид хоёрыг гэр бүл биш, гэрлэлтийн баталгаа байхгүй гэх үндэслэлээр тэтгэвэрт орох боломжгүйд хүрсэн.

Би Д.Бат-Эрдэнэтэй хамтран амьдраад 20 жил болж байна. Гэрлэлтээ батлуулах гэсэн боловч өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй учир гэрлэлтээ батлуулж чадалгүй 20 жил болсон. Д.Алтангэрэлээс гэрлэлтээ цуцлах гэж өөрийн биеэр хайгаад олоогүй. 2021 оны 03 дугаар сард Д.Алтангэрэлээс захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулж, Д.Бат-Эрдэнэтэй гэрлэлтээ батлуулсан. 2002 оны 08 дугаар сард Д.Бат-Эрдэнэ бид хоёр албан ёсоор гэр бүл болж 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хуримаа хийсэн. Бидний дундаас 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.Ганхөлөг төрсөн. Би малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч гэрлэлтийн баталгаагүй, малын А данс нь Д.Бат-Эрдэнийн нэр дээр бичигдсэн тул хамтын амьдралтай байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Д.Бат-Эрдэнэ бид хоёрыг 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хамтран нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Наранцэцэгтэй 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор айл болж тусдаа гарсан. 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.Ганхөлөг төрсөн. Хүүхдээ өөрийн нэр дээр овоглуулж төрсний гэрчилгээ авах гэж сумын Тамгын газарт очсон боловч Ч.Наранцэцэгийг өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй учир бидний гэрлэлтийг бүртгэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ өөрийнхөө нэрээр овоглуулж чадаагүй. Тухайн үедээ гэрлэлтээ цуцлуулах гэж Ч.Наранцэцэг өөрийн биеэр явж хайсан боловч н.Алтангэрэл гэх хүн олдоогүй өдийг хүртэл явж байгаад 2021 оны 03 дугаар сард захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулж 2021 оны 05 дугаар сард Ч.Наранцэцэг бид хоёр гэрлэлтээ батлуулсан.

Иймд Ч.Наранцэцэг, Д.Бат-Эрдэнэ биднийг 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00753 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Халзан овогт Чулууны Наранцэцэг (РХ70111507), Байчууд овогт Цахар овогт Данын Бат-Эрдэнэ (РХ70071413) нарын 2002 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 753 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би 27 жилийн өмнө Алтангэрэлтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулаад 1 жил амьдарч байгаад Алтангэрэл нь Дархан-Уул аймаг руу аав ээж дээрээ очно гэж яваад эргэж ирээгүй ба Алтангэрэлээс гэрлэлтээ цуцлуулах гэж хайгаад ч олдохгүй байсаар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан.

Би Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй танилцаж 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг гэрт хамт амьдарч байсан ба одооч хамтдаа амьдарч байна. Хатгал тосгоны иргэд дээрх хугацаанд бид хоёрыг хамт амьдарч байгааг мэднэ. Бид хоёрын дундаас хүү Н.Ганхөлөг 2003 онд төрсөн. Д.Бат-Эрдэнэ бид хоёр Хатгал тосгонд хөдөө 19 жил мал аж ахуй эрхэлж амьдарч байна. Малын А данс Д.Бат-Эрдэнийн нэр дээр бичигдэж явдаг. Би малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт орох болтол Бат-Эрдэнэ бид хоёрыг гэр бүл биш, гэрлэлтийн баталгаагүй гэсэн үндэслэлээр би тэтгэвэрт орох боломжгүйд хүрлээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ....нэхэмжлэгч Ч.Наранцэцэг, хамтран нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нар 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгч, хамтран нэхэмжлэгч нарын тайлбар, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, 2003 онд төрсөн хүү Н.Ганхөлөгийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ч.Балжинням, Д.Лхагважав нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.... гэж тэмдэглэсэн байх бөгөөд үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд хэргийг хянаж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00753 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад хамтран нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэтэй нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн байна.

Анхан шатны шүүх Ч.Наранцэцэг, Д.Бат-Эрдэнэ нарын хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бүхий хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ч.Наранцэцэг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хууль хэрэглээний талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрх бүхий субъект нь иргэн, хуулийн этгээд байхын зэрэгцээ зохицуулагдаж буй харилцаа нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины харилцаа байх ба үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн ба нэхэмжлэгч нь шүүхэд хамтын амьдралтай байсан-ыг тогтоолгох тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал хамаарахаар зааснаас үзвэл иргэний хүсэлтээр шүүх хуульд тодорхойлон тусгагдаагүй зарим төрлийн үйл явдлыг тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэйгээр зохицуулагджээ. Нэхэмжлэгч нь шүүхэд хамтын амьдралтай байсан-ыг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтын талаар: Нэхэмжлэгч Чулуун овогтой Наранцэцэг нь Довдог овогтой Алтангэрэлтэй 1993 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан болох нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон 115/001653 дугаартай гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 тал/,

2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дана овогтой Бат-Эрдэнэтэй Чулуун овогтой Наранцэцэг нь гэрлэлтээ батлуулсан үйл баримт 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон 115/004228 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 тал/ зэргээр тогтоогдож байна.

Дээрх баримтаас дүгнэвэл Ч.Наранцэцэг, Д.Алтангэрэл нарын гэрлэлтийг цуцалсан албан ёсны баримт байхгүй тул тэднийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Д.Алтангэрэлтэй хууль ёсны гэр бүл байжээ гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь өмнөх гэрлэлтээ хуульд заасны дагуу цуцлуулаагүй байж дахин гэр бүлийн харилцаа бий болгосныг зөвтгөх боломжгүй ба энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтаар Ч.Наранцэцэгийг Д.Бат-Эрдэнэтэй 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох хууль зүйн боломжгүй.

Давж заалдах гомдлын тухайд: Нэхэмжлэгч гомдолдоо ....Бат-Эрдэнэ бид хоёр Хатгал тосгонд хөдөө 19 жил мал аж ахуй эрхэлж амьдарч байна. Малын А данс Д.Бат-Эрдэнийн нэр дээр бичигдэж явдаг. Би малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт орох болтол Бат-Эрдэнэ бид хоёрыг гэр бүл биш, гэрлэлтийн баталгаагүй гэсэн үндэслэлээр би тэтгэвэрт орох боломжгүйд хүрлээ.... гэх гомдолд дурдсан үндэслэл нь нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байсан-ыг тогтоолгох хүсэлттэй хамааралгүй ба өөр эрх зүйн ач холбогдол бүхий явдал тогтоолгох маргаан байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэгчийн хүсэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ