| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0764/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0682 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э******* ш*******” ХХК
Хариуцагч: “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК,
Маргааны төрөл: “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ч*******, Х.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Э******* ш*******” ХХК-иас Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-д холбогдуулан “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийг хуулийн хүрээнд дахин үнэлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас зарласан МГТБҮ/20250*******2 дугаартай “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол” хийх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Э******* ш*******” ХХК нь оролцсон байна.
3.“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “ “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/732 дугаар албан бичгээр “...цахимд оруулсан үнийн санал тендерийн баримт бичигт ирүүлсэн үнийн саналаас зөрүүтэй, тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШ3 18.2 “Заагдсан онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Газрын тос болон Дулааны цахилгаан станцын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээг багц тус бүрээр бодитоор хийж гүйцэтгэсэн байх” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна...” гээд тус тендерээс татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
4.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/7420 дугаар албан бичгээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид мэдэгджээ.
5.Улмаар хариуцагчаас 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар дахин үнэлж, тендер шалгаруулалтын зааварчилгааны 18,2-т заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр татгалзаж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.
6.Нэхэмжлэгчээс “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
7.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас зарласан МГТБҮ/20250*******2 дугаар бүхий “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол” хийх тендерт оролцож захиалагчаас шаардлага хангаагүй, татгалзсан тухай мэдэгдлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цахимаар хүлээн авсан. Тус тендерийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/7420 тоот албан бичигт ...ТШ 18.2-д заагдсан техникийн чадавх болон туршлагын шаардлагад тавьсан асуудалд Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах боломжтой байсныг дурдаж, бидний тавьсан бусад асуудлаар захиалагчид цаашид анхаарч ажиллахыг даалгаж, гомдол үндэслэлтэй гэж үзэн тендерийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.
Улмаар захиалагч тендерийг дахин үнэлж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 01/8******* тоот шийдвэр гаргасан ба тус шийдвэрт, ТШ 18.2-д “Заагдсан онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Газрын тос болон Дулааны Цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээг Багц бүрээр бодитоор хийж гүйцэтгэсэн байх гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна гэжээ. Бидний зүгээс Сангийн яаманд гаргасан гомдлын гол агуулгад Захиалагч тендерт оролцогчийг төөрөгдүүлсэн, тодорхой бус агуулга бүхий шаардлага тавьж, түүгээрээ тендерийг үнэлсэн, эс үйлдэхүй гаргаж хууль зөрчиж байгаа тул хянан үзэхийг хүссэн.
Тодруулбал, Цахимд оруулсан үнийн санал тендерийн баримт бичигт хавсаргасан үнийн саналаас зөрүүтэй, мөн баталгаа шаардаагүй тендерт оролцсон атал гомдол гаргахгүй, цаашид тендерт оролцохгүй тохиолдолд баталгааг цуцлах эрхтэй гэх мэтээр илтэд санаатайгаар төөрөгдүүлэх, эс үйлдэхүйгээр хуульд заагдсан шаардлагыг үл биелүүлж, тендерийг үнэн зөвөөр үнэлэх сонирхолгүй байгаа зэрэг нь үүгээр харагдахаас гадна энэ бүгд нь хууль зөрчиж буй үйлдэл юм.
Сангийн яам энэ дагуу шалгаж тодорхой эс үйлдэхүй гаргасан, төөрөгдүүлэх үйлдэл хийсэн шийдвэр, албан мэдэгдэлд захиалагчийг цаашид анхаарч ажиллахыг даалган, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/732 тоот шийдвэрийг нь хүчингүй болгон, хуульд нийцүүлэн дахин үнэлэх шаардлагатай гэж үзсэн боловч Захиалагч урьд хийсэн хууль бус үйлдэлдээ давтан шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл багцгүй тендерт багц бүрээр гүйцэтгэсэн ажлын нотлох баримт ирүүлэх шаардлага тавьж буй нь оролцогчийг төөрөгдүүлсэн хэлбэр юм.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасныг ноцтойгоор зөрчиж байна. Хуульд ил тод байх шаардлага тавьж буй нь тодорхой, ойлгомжтой, хоёрдмол утгагүй гэсэн санааг илэрхийлсэн заалт бөгөөд Захиалагч хуулийг хэрэгжүүлэхдээ үр ашигтай, хэмнэлттэй, түүгээр зогсохгүй хариуцлагатай байх ёстой гэсэн үндсэн зарчмыг удаа дараа зөрчиж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монголын газрын тосны боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн зарласан тендерт оролцсон. Манайхыг шаардлага хангаагүй гэж байгаа үндэслэл нь хууль бус байна гэж маргаж байгаа. Тэр нь алдаатай байсан. 18.2-т ажлын даалгаврын дагуу тооцсон төсөв, төсвийн задаргаа бага төсвөөр баталгаажуулан ирүүлнэ гэсэн байдаг. Энэ тендер багцгүй тендер. Багцгүй тендер багцын шаардлага тавигдаж байсан. Энэ тендер нь газрын тосын үйлдвэрийн байгаль орчны үнэлгээ хийх тендер байсан. Гэтэл үүн дээр дулааны цахилгаан станцын байгаль орчны үнэлгээ хий гэсэн ойлгомжгүй, тодорхойгүй шаардлага гаргаж байсан. Бид эхэндээ ойлгоогүй. Алдаатай зүйл болсон байна гэдэг байдлаар Тендерийн тухай хууль болон Тендерийн тухай хуулийг дагаж гарсан Сангийн сайдын тушаал болох тендерийн баримт бичиг боловсруулах журам гэж байгаа. Түүнийг үндэслэж тендерт оролцох материалыг бүрдүүлж өгсөн. Ийм байдаг, тийм байдаг гэдэг үүднээс материалаа явуулсан. Гэтэл ийм зүйлээр шаардлагад нийцэхгүй гэдэг үндэслэлээр хасан гэж бодоогүй.
2 дугаарт хариуцагч байгууллага нь зөвхөн бага төсвөөр 100 хувь ажил хийж дуусгах гэдгийг мөрдөн гэж байсан. Тендерийн материал болсон жишиг маягт ажлын даалгаврын дагуу тооцсон төсөвт төсвийн задаргааг хүснэгт бөглөж ирүүлэх гэсэн байгаа. Тийм зүйл тендерийн жижиг баримтад байхгүй. Бид юуг үндэслэж байгаа вэ гэхээр хариуцагч талаас гаргасан тендерийн жишиг баримтыг үндэслэж материал бүрдүүлж явуулдаг. Үүн дээр хүснэгт 10 хүртэл дугаартай байсан. Маягт 10-аар хүснэгт дуусаж байгаа. Бид хаана ямар юм бөглөж өгөх нь ойлгомжгүй зүйл шаардаж байсан. Бид нар бас ойлгомжгүй зүйл байна, алдаа байх гэдэг үүднээс үүнийг нь бөглөхгүй явуулсан. Гэтэл энэ зүйлээрээ тендерийн шаардлага хангаагүй гэдгээ бичээгүй байгаа. Өмнөх тендерт орж байхдаа ийм шаардлага тавих үед нь Сангийн яамтай маргаж байсан. Байхгүй зүйлийг биднээс шаардаж манайхыг тендерт шалгаруулаагүй байна. Тэгэхэд тендерийн маягтад тийм зүйл байхгүй байна. Би хаанаас юу олж бөглөхөө мэдээгүй тул бөглөөгүй гэж явуулж байсан. Гэтэл Сангийн яам авч хэлэлцээгүй явуулсан байдаг. Дараагийнх дээр нь хариуцагч талаас суралцаж байгаа. Тэрийг нь хасаж манайхыг зөвхөн багц тус бүрээр гэдэг зүйлээр унгааж байгаа. Хариуцагч талаас өгсөн материалыг судалж үзсэн. Хариуцагч талаас өгсөн материалыг харахад Үнэлгээний хорооны гишүүд нь хүснэгт болгоноор дүгнэж явж байгаа. Тендерийн жишиг маягтад тусгагдсан ажлын даалгаврын дагуу тооцсон төсөв, төсвийн задаргааг бөглөх гэсэн нэртэй тендер шалгаруулалтын ТШ-18.1 дээр байгаа зүйл дээр хариуцагч байгууллагын Үнэлгээний хорооны гишүүд нь шаардлага хангасан ч гэж бичээгүй, шаардлага хангаагүй ч гэж бичээгүй. Хариуцагч байгууллагын алдаа болохоор түүнийг дүгнэхгүйгээр явуулж байгаа. Бид нар хариуцаг талтай маш олон удаа гомдол гаргаж явсан. Мөн Сангийн яам дээр гомдол гаргаад явж байсан. Үүнээс өмнөх зүйлийг ярьж байгаа. Бид зөвхөн энэ асуудлаар маргаад байгаа биш. Цахим системээр явуулсан үнийн дүн зөрүүтэй байна гэж хасаж байгаа. Хэлэлцэж байгаа асуудал дээр хамаарахгүй боловч хариуцагч тал төөрөгдүүлсэн зүйл хийгээд байгаа. Танайх тендерийн шалгаруулалттай холбоотой гомдол гаргахгүй бол барьцаа мөнгөөр суллаж болно гэдэг утгатай мэдэгдэл явуулж байгаа. Энэ тендер нь барьцаагүй тендер. Анхнаасаа тэр чигтээ төөрөгдөл үүсгэсэн байгаа. Туршлагагүй компани буюу тендерт ордоггүй, үнийн дүн нь их бага хамаа байхгүй ийм туршлагаар жижиг үнийн дүнтэй тендерээр маргаж байгаа нь захиргааны хэргийн шүүх дээр бага байх. Гэвч энэ захиалагч болох Үнэлгээний хорооны гаргаж байгаа тушаал шийдвэр бүх зүйл нь буруу байгаа. Барьцаа хөрөнгө шаардаагүй тендерт оролцоод байхад барьцаа суллуулж болно гэх мэдэгдэл хийж байх жишээтэй. Би оролцогчийг гомдол гаргахаас сэргийлсэн тийм зүйл гэж бодож байгаа. Мөн алдаатай бичиг баримт байгаа. Багц бүрээр гэж хариуцагч талаас явуулж байгаа нь алдаатай төөрөгдүүлсэн. Багц бүрээр санхүүгийн тооцооллыг хүснэгтээр явуулах гэж байгаа нь бүх зүйл алдаатай учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай байх тул түүнийг үндэслэж захиргааны шийдвэр буюу гаргасан 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* дугаартай шийдвэр, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болж таарах бөгөөд үүнийг илт хууль бус гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Иймд бидний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул тус маргааныг шийдвэрлэж. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ч******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Манай компаниас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зарласан МГТБҮ/20250*******2 дугаартай “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол” хийх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерт “Э******* ш*******” ХХК оролцож, тендер ирүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо ирсэн тендерийг хянан үзэж, 2025.07.21-ний өдрийн 01/732 тоот албан бичгээр дараах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тус тендерээс татгалзсан тухай шийдвэр бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнд:
“Э******* ш*******” ХХК-иас ирүүлсэн тендерийн үнийн санал нь цахимд оруулсан үнийн сангаас зөрүүтэй,
Тендер шалгаруулалтын баримт бичиг (ТШББ)-ийн Өгөгдлийн хүснэгт (ӨХ)-ийн ТШЗ 18.2-т, “ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагыг нотлох баримт бичгийг багц тус бүрээр ирүүлэх буюу заагдсан онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Газрын тос болон Дулааны Цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээг гүйцэтгэсэн байх” гэж заасан шалгуур үзүүлэлтийг тус тус хангаагүй байна.
2/“Э******* ш*******” ХХК-иас Захиалагчийн дээрх 2025.07.21-ний өдрийн 01/732 тоот шийдвэрийг үл зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасан. Тус гомдлыг Сангийн яамнаас хянан үзээд 2025.08.05-ны өдрийн 02/7420 тоот албан бичгээр Захиалагчийн 2025.07.21-ний өдрийн 01/732 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер үнэлэх ажиллагааг дахин хийхийг мэдэгдсэн. Тухайлбал, Сангийн яамны шийдвэрт:
ТШББ-ийн ӨХ-ийн ТШЗ 18.1-д, “Техникийн чадавх болон туршлагын шаардлага: “Шаардана” гэж, ТШЗ 18.2-т, “...Ижил төстэй үйлчилгээ үзүүлэх туршлагыг нотлох баримт бичгийг Багц тус бүрээр ирүүлнэ. Үүнд: - Заагдсан онуудыг аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Газрын тос болон Дулааны цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээг Багц бүрээр бодитоор хийж гүйцэтгэсэн байх…” гэж тус тус заасан байна.
“Э******* ш*******” ХХК тендерт “Т******* түлш” ХХК-тай байгуулсан “Орчны хяналт шинжилгээ зөвлөхөөс бусад үйлчилгээний гэрээ”-ний хуулбар, “М*******” ТӨҮГ-аас гаргасан “Бор-Өндөр, Адагийн далд уурхай ба баяжуулах үйлдвэр” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн тодорхойлолт, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслөөс гаргасан “Байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ”-ний тайланг гүйцэтгэсэн тухай тодорхойлолтыг тус тус илгээсэн хэдий ч ТШББ-ийн ӨХ-ийн нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн тухай нотлох баримтыг хавсаргаагүй байх тул “Э******* ш*******” ХХК-ийн энэ тухай гомдол үндэслэлгүй байна гэж үзсэн.Өөрөөр хэлбэл, Захиалагчийн зүгээс оролцогч компанийн тендерээс татгалзах болсон гол шалтгааныг үндэслэлтэй гэж Сангийн яам дүгнэсэн болно.
Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан шаардлага хууль зөрчсөн тухай асуудлаар тендер шалгаруулалтын нээлт хийхээс өмнө “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” (ТБОНӨХБАҮХА) тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу оролцогч компани Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гомдол гаргах боломжтой байсан ч гомдол гаргаагүй гэдгийг Сангийн яам дурдсан.
Мөн “ТБОНӨХБАҮХА” тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт, “Захиалагч энэ хуулийн 27.3-т заасан арифметик алдааг залруулснаас бусад тохиолдолд тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй” гэж заасны дагуу Захиалагч тендерийн үнийн талаар оролцогчоос тодруулга авах эрх хуулиар олгогдоогүй тул оролцогчдоос тодруулга аваагүй гэсэн гомдол үндэслэлгүй гэдгийн Сангийн яам дурдсан.
Харин оролцогч компанийн үнийн санал зөрүүтэй гэсэн үндэслэлээр татгалзсан Захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг Сангийн яамнаас даалгасан.
3/Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо оролцогчдын тендерийг дахин хянан үзэж, үнэлж, 2025.08.20-ны өдрийн 01/8******* тоот албан бичгээр дараах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан тухай шийдвэр бүхий мэдэгдлийг “Э******* ш*******” ХХК-д хүргүүлсэн. Үүнд:
ТШББ-ийн ӨХ-ийн ТШЗ 18.2-т, “ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагыг нотлох баримт бичгийг багц бус бүрээр ирүүлэх буюу заагдсан онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Газрын тос болон Дулааны Цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээг гүйцэтгэсэн байх” гэж заасан шалгуур үзүүлэлтийг тус тус хангаагүй байна.
Тодруулбал, оролцогч компани тендерийн Маягт 2 буюу Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагыг нотлох баримтад, 1) “Химийн бодисын агуулах, импорт, ханган нийлүүлэлт” төслийн БОННҮ-ний тайлан, 2) “Аюулгүй, эрсдэлтэй хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр” төслийн БОННҮ-ний тайлан, 3) “Үйлдвэрийн орчны хяналт шинжилгээний ажил гүйцэтгэх” ажлуудын гэрээний мэдээлэл, мөн нэмэлт албан бичгээр “Бор-Өндөр, Адагийн далд уурхай ба баяжуулах” төслийн БОННҮ тайлан, “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн БОННҮ-ний тайлан зэрэг ажлуудын гэрээний мэдээллийг ирүүлсэн байгаа ч эдгээрийн аль нь ч Дулааны цахилгаан станцын чиглэлийн туршлагад хамаарахгүй бөгөөд Дулааны цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл ирүүлээгүй.
Оролцогч компани тендерийн Маягт 2 буюу Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагыг нотлох баримтад, 1) “Химийн бодисын агуулах, импорт, ханган нийлүүлэлт” төслийн БОННҮ-ний тайлан бүхий ажлын төсөвт өртөг 16 сая төгрөг, 2) “Аюулгүй, эрсдэлтэй хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр” төслийн БОННҮ-ний тайлан бүхий ажлын төсөвт өртөг 15 сая, 3) “Үйлдвэрийн орчны хяналт шинжилгээний ажил гүйцэтгэх” ажлын төсөвт өртөг нь 56,6 сая төгрөг гэж заасан, мөн нэмэлт албан бичгээр ирүүлсэн “Бор-Өндөр, Адагийн далд уурхай ба баяжуулах” төслийн БОННҮ-ний тайлан болох “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн БОННҮ-ний тайлан зэрэг ажлуудын гэрээний төсөвт өртгийн мэдээллийг ирүүлээгүй нь ТШББ-ийн ӨХ-ийн ТШЗ 18.2-т, “...заагдсан онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас буюу 70 саяас багагүй үнийн дүнтэй Газрын тос болон Дулааны Цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээг гүйцэтгэсэн байх... ” гэсэн шаардлагад тус тус нийцээгүй болно.
Захиалагч нь ““ТБОНӨХБАҮХА” тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасанчлан тендерийн шаардлагад нийцүүлэх зорилгоор оролцогч компаниас нэмэлт бичиг баримт шаардах боломжгүй бөгөөд зөвхөн ирүүлсэн тендерт орсон мэдээлэлд үндэслэн хянан үзэх, үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэж, шийдвэр гаргасан болно.
Түүнчлэн, “Э******* ш*******” ХХК нь “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-иас 2025.06.13-ны өдөр зарласан МГТБҮ/20250*******2 дугаартай “Цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ” хийх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тусдаа тендерт зориулж бэлтгэсэн тендерийг энэхүү 2025.06.19-ний өдрийн МГТБҮ/20250*******2 тендерт бүхэлд нь ямар ч өөрчлөлтгүйгээр яг адилхан материал ирүүлсэн байгаа юм.
4/“Э******* ш*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад “...багцгүй тендерт багц бүрээр гүйцэтгэсэн ажлын нотлох баримт ирүүлэх шаардлага тавьж буй нь оролцогчийг төөрөгдүүлсэн хэлбэр юм” гэсэн асуудлын хувьд, ТШББ-ийн ӨХ-ийн 18.2-т багц тендерээр гүйцэтгэсэн ажлын нотлох баримт ирүүлэхийг огт шаардаагүй, харин гүйцэтгэсэн ажлын мэдээллийг тус бүрээр нь тусгаарлан, ангилан ирүүлнэ, өөрөөр хэлбэл ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагын мэдээллийг тус тусад нь салгаж, нэг бүрчлэн гаргаж ирүүлнэ гэсэн утга бүхий шаардлага тавьсан байгаа бөгөөд тус шаардлага нь оролцогчийг төөрөгдүүлэх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Хэрэв оролцогч компани дээрх шаардлагыг төөрөгдүүлсэн, тодорхой бус гэж үзсэн бол тендер бэлтгэх үе шатанд “ТБОНӨХБАҮХА” тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу Захиалагчаас тодруулга авах боломж байсан ч энэ талаар тодруулга огт аваагүй болно.
Оролцогч компаниас ирүүлсэн ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагын мэдээллийн жагсаалтаас үзэхэд бүгд багцгүй тендерийн үр дүнд болон тендерээс гадуур шууд байгуулж, гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл ирүүлсэн байгаагаас үзэхэд багц тендерээр гүйцэтгэсэн ажлын нотлох баримт ирүүлэхийг Захиалагч шаардаагүй гэдгийг анхнаасаа л ойлгож, тендер бэлтгэж ирүүлсэн байгаа юм.
Оролцогч компани Тендер илгээх маягт (“Э******* ш*******” ХХК-ийн 2025.06.23-ны өдрийн А06/12 тоот албан бичиг)-д ТШББ болон түүнд орсон бүх шаардлагатай танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон гэдгээ гарын зурж баталгаажуулан тендерээ ирүүлсэн байгаа болно.
Цаашилбал, ТШББ-т тусгагдсан дээрх шаардлага нь хууль зөрчсөн гэж үзсэн бол оролцогч компани “ТБОНӨХБАҮХА” тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу Захиалагчид, мөн хуулийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гомдол гаргах боломжтой байсан ч гомдол гаргаагүй болно.
Дээрх багцтай болон багцгүй гэдэг утга агуулгаас үл хамаарч ТШББ-ийн ӨХ-ийн 18.2-т заасан шаардлагын дагуу оролцогч компани Дулааны Цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийж гүйцэтгэсэн байх туршлагыг ирүүлээгүй (Сангийн яамнаас оролцогч компанийн гомдлыг хянан үзээд, Дулааны Цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийж гүйцэтгэсэн тухай нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ тухай гомдол үндэслэлгүй гэж дурдсан), мөн ирүүлсэн ажлын туршлагууд тус бүр нь төсөвт өртгийн 100 хувь буюу 70 саяас багагүй үнийн дүнтэй байх гэсэн шаардлагыг тус тус хангаагүй гэсэн үндэслэлээр Захиалагч тус компанийн тендерээс татгалзсан гэдгийг дахин цохон тэмдэглэх нь зүйтэй байна.
...Манай тендер багцгүй тендер. Энэ талаар тодорхой заасан байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 18.2-д багц гэдгийг ямар утга агуулгаар оруулж байгаа вэ? үүнийг оролцогч тал яагаад буруу ойлгож яваад байгаа вэ гэдэг дээр тайлбар хэлье. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 18.2-д багц тендерээр гүйцэтгэсэн ажлын нотлох баримтуудыг бид нар ирүүлэхийг огт шаардаагүй. Харин гүйцэтгэсэн ажлын мэдээллийг тус бүрээр нь тусгаарлаж ангилсан. Өөрөөр хэлбэл ижил төрлийн үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлага мэдээлэл дээр газрын тос болон дулааны цахилгааны станцын чиглэлээр тус тусад нь салгаж нэг бүрчлэн ирүүлэн гэсэн утга бүхий агуулгаар багц гэдэг үг орж явж байгаа. Түүнээс биш ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэж байсан туршлагыг нотлох дээр манай тендер багцтай байна уу?, багцгүй байна уу эсвэл хийж гүйцэтгэсэн ажил багц тендер авсан байна гэдэг нь огт хамааралгүй зүйл болж байгаа. Багц гэдэг нь зөвхөн тендерийн үед ач холбогдолтой. Тендер дуусаж гэрээ байгуулагдахад энэ гэрээ багцтай байна уу? багцгүй байна уу? гэдэг огт хамааралгүй асуудал болж байгаа. Бид гэрээний мэдээлэл дээр газрын тос болон дулааны цахилгааны станцын чиглэлээр тус тусад нь материалаа салгаж ирээрэй гэсэн шаардлагыг тавьсан. Үүн дээр оролцогч тал үнэхээр төөрөгдөлд орсон буюу энэ үг төөрөгдүүлж байсан бол оролцогч тал тендер бүртгэх үе шат дээр холбогдох тендерийн хуулийн заалтын хүрээнд манай захиалагч талаас тодруулга аваад явах боломж байсан. Гэвч тендер эхлэх шатанд “Э******* ш*******” ХХК-иас нэг ч тодруулга аваагүй. Оролцогч талаас ирүүлсэн 3 гэрээний мэдээллээс харахад багц тендерийн үр дүн байгуулсан, байгуулаагүй гэдэг зүйл ирүүлээгүй. Харахад ялгаагүй багцгүй тендерийн үр дүн болон зарим нь шууд байгуулсан гэрээний мэдээлэл ирүүлсэн. Анхнаасаа энэ компани багц гэдэг үг дээр төөрөгдсөн зүйл байхгүй. Төөрөгдсөн бол тодруулга авах ёстой байсан. Тодруулга аваагүй. Ирсэн гэрээний мэдээлэл дээр үндэслэж захиалагч Үнэлгээний хороо үнэлгээ хийж шийдвэр гаргаад явсан. Оролцогч компани тендер илгээх маягт буюу дагалдаж ирсэн бичиг болох 6 дугаар сарын 23-ны өдрийн А/0612 тоот албан бичигтээ тендер шалгаруулалтын бичиг болон түүнд орсон бүх шаардлагатай танилцаж бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон гэдгээ хүлээж гарын үсэг зурж баталгаажуулж тендер ирүүлсэн байгаа. Цаашлаад яривал тендер шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан шаардлага үнэхээр хууль зөрчсөн гэж үзсэн бол тендер шалгаруулалтын үе шат болон захиалагч тал эсвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт энэ асуудлаар гомдол гаргаад явах боломж бүрсэн байсан. Үүн дээр ямар нэгэн тодруулга аваагүй. Гомдол гаргаагүй. Тендер шалгаруулалт дууссаны дараа багц гэдэг зүйл яриад байгаа нь үндэслэлгүй байна. Хамгийн гол нь Сангийн яамд гомдол гаргахдаа багц гэдэг зүйлийг дурдсан байдаг. Сангийн яам тус гомдлыг нь хүлээж аваагүй. Эцсийн байдлаар дүгнэж хэлэхэд багцтай, багцгүй гэдэг асуудлаас үл хамаарч манайх энэ компанийн тендерээс татгалзах гол шалтгаан нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн 18.2-д дурдсан ижил төстэй ажил хийж гүйцэтгэх туршлагын мэдээлэл дээр нэхэмжлэгч тал хангалтгүй мэдээлэл ирүүлсэн. 1 дүгээрт нь дулааны цахилгаан станцын чиглэлээр мэдээлэл ирүүлээгүй. 2 дугаарт төсөвт өртөгт заасан 70 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй туршлагатай байх ёстой гэсэн боловч хангаагүй гэдэг үндэслэлээр “Э******* ш*******” ХХК-ийн тендерээс татгалзсан байгаа.
“Э******* ш*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байх гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад “Монголын газрын тосны боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн. Гэвч “Монголын газрын тосны боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот шийдвэр гэдэг зүйл огт байхгүй. Тендерийн үнэлгээний хороо шийдвэр гаргадаггүй. Зөвхөн тендерийг үнэлж захиалагчид зөвлөмж хүргүүлдэг эрх үүрэгтэй. Харин захиалагч нь эцсийн шийдвэрийг гаргаад явдаг. Иймд “Э******* ш*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас зарласан МГТБҮ/20250*******2 дугаартай “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол” үйлчилгээний тендерийн үнэлгээний хорооны 2025 оын 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/7420 тоот албан бичгээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид мэдэгджээ.
3.Улмаар хариуцагчаас 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар дахин үнэлж, тендер шалгаруулалтын зааварчилгааны 18,2-т заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр татгалзаж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
4.Нэхэмжлэгчээс “газрын тосны үйлдвэрт дулааны цахилгаан станцын шаардлага тавьсан нь үндэслэлгүй, тендерийн баримт бичиг ойлгомжгүй, төөрөгдүүлсэн” гэж, хариуцагчаас “газрын тос болон дулааны цахилгаан станцын аль аль шаардлага хангасан байхыг шаардсан, үнийн дүн шаардлага хангаагүй” гэж тус тус маргажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэжээ.
5.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.2-т “…….заагдсан онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Газрын тос болон Дулааны цахилгаан станцын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээ багц бүрээр бодитоор хийж гүйцэтгэсэн байх” гэжээ.
6.Нэхэмжлэгчээс ижил төстэй ажил, үйлчилгээ буюу Газрын тос болон Дулааны цахилгаан станцын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийж байсан талаарх материал хүргүүлээгүй гэдэгтэй маргадаггүй бөгөөд харин маягт 2 хүснэгтээр “Империал Партнерс” ХХК-тай байгуулсан Химийн бодисын агуулах, ипорт, ханган нийлүүлэлт 16,000,000 төгрөгийн, “Вэйст Рисуслайн Плант” ХХК-тай байгуулсан Аюултай, эрсдэлтэй хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр 15,000,000 төгрөгийн, “Т******* түлш” ХХК-тай байгуулсан Үйлдвэрүүдийн орчны хяналт шинжилгээний ажил гүйцэтгэх 56,645,000 төгрөгийн төсөвт өртгүүдтэй байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний тайлангуудыг тус тус дурдаж, “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 119 дүгээр тодорхойлолт, “М*******” ТӨҮГ-ын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1629 дүгээр тодорхойлолт зэргийг тус тус хавсаргажээ.
7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн тендерийн материал анхнаасаа захиалагчийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд гэнэт тендерийн баримт бичиг зөвшөөрч тухайн тендерт оролцсоны хувьд шалгаруулалтын дараа баримт бичигтэй маргаж буй нь хуульд нийцэхгүй байна.
8.Өөрөөр хэлбэл тендерт оролцогч нь захиалагчийн баримт бичгийн дагуу материал хүргүүлэх үүрэгтэй бөгөөд ойлгомжгүй, тодорхойгүй, нэг хуулийн этгээдэд чиглэсэн гэж үзвэл тендер сонгон шалгаруулалтаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргах ёстой байжээ.
9.Харин батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн тухайд нэхэмжлэгчийн маягт 2 хүснэгтээр хүргүүлсэн ажил үйлчилгээний нийлбэр 87,645,000 байхад нэг ажил үйлчилгээний төсөвт өртөг 100 хувь буюу 70,000,000 байх ёстой гэх татгалзал хуульд нийцээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэжээ.
10.Нэхэмжлэгчээс “багцгүй тендерт багцын шаардлага тавьсан, төөрөгдүүлсэн” гэж маргаж буй хэдий ч энэ нь утга агуулгын илэрхий алдаа болохгүй.
11.Учир нь утга агуулгын илэрхий алдааг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож, найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь шууд үр дагавар үүсгэсэн байхыг ойлгоно.
12.Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс ижил төстэй ажил, үйлчилгээ буюу Газрын тос болон Дулааны цахилгаан станцын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийж байсан талаарх материал ирүүлээгүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Э******* ш*******” ХХК-иас “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, түүний тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/8******* тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ