Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

                                 *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 20 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч *******, Д.******* нарын өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт  холбогдох 2318001770562 дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 03 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай захирамжаар хорих ялаас 3 сар 29 хоногийг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон,

2. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн,

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тус тус оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 20 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 20 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг хорих ялын хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

- Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ: Шүүгдэгч нар нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж шүүх прокурорын дуудсан цагт ирээгүй хэмээн хувийн байдалд хамааруулан эрх зүйн байдлыг дордуулж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулсан байдаг. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй" гэж заасан нь шүүгдэгч нарын урьд 2 удаа ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болох учиргүй.

Мөн *******, ******* нарт холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас хохирсон иргэний зөрчигдсөн эрх сэргэж, учирсан хохирол нөхөн төлөгдөж, хор уршиг арилсан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино." гэж заасныг үзвэл эрүүгийн хариуцлагын зорилго биеллээ олсон байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Үйлчлүүлэгч нарын хувийн байдлаас дурдвал *******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дангаараа нөхөн төлсөн, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг байна. *******ы хувьд аав, нөхөр, бага насны 3 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг ба одоогоор 4-н сартай жирэмсэн байдалтай байна.

Иймд Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдал, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бага байгаа зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарыг нийгэмших, цаашид иргэний хувиар шударга хөдөлмөрлөх боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

Миний бие овогтой нь дүүрэг -р хороо, - тоотод бага насны 4 хүүхэд настай аавын хамт амьдардаг. Аав минь гэртээ сууж хүүхдүүдийг минь харж сургууль, цэцэрлэгт нь зөөж байгаа ч бие нь өвддөг настай хүн учраас бүрэн найдах баталгаа байхгүй байгаа байна. Би нэн ядуу, өрх толгойлсон, 4 сартай жирэмсэн ба ганцаараа гэр бүлээ тэжээж барилгын туслах тогтооч хийж сард 930,000 төгрөгийн цалин авч ажиллаж байсан боловч өөрийн буруу, болчимгүй үйлдлээсээ болж 20 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие ийм байдалд орсноор манай гэр бүлийн байдал хэцүүдэж цалинтай хүн байхгүй учраас 4 хүүхдийн мөнгөөр амьдрахад маш хүндрэлтэй болж байна. Би ар гэрийнхээ байдлыг бодон хохирогчийнхоо төлбөрийг бүрэн барагдуулж, хэргээ богино хугацаанд шийдүүлэх хүсэлттэй байсан боловч хэрэгт холбогдогч ******* нь мөрдөн байцаалт, прокуророос оргон зугтаж 3 сар хэрэг шийдэгдээгүй хойшилж хүндрэлтэй байдал үүссэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч аав, үр хүүхэд болон гэдсэн дэх бяцхан үрийнхээ төлөө мөрөө дахин гишгэхгүй зөв бодолтой үнэнч шударга хөдөлмөрлөж амьдарна. Иймд ар гэрийн минь хүндрэлтэй болон миний гэм буруугаа ухаарч ойлгож байгааг минь хүлээн авч хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 350,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилго биеллээ олсон байна. Үйлчлүүлэгч нарын хувийн байдлаас дурдах юм бол *******гийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 350,000 төгрөгийг дангаараа төлж барагдуулсан. 4 хүүхэдтэй, хоёр хүүхэд нь аав дээрээ, хоёр хүүхэд нь ээж дээрээ амьдардаг. Өрх толгойлсон эцэг. Өөрийн эцгийн хамт амьдардаг. *******ы хувьд аав, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. 5 сартай жирэмсэн. Улаанбаатар хотод амьдардаг. Одоо хоригдож байгаа. Цагдан хорих байрны эмч эрсдэлтэй жирэмслэлт гэсэн. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч нарыг урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн хувийн байдалд нь хамааруулан эрх зүйн байдлыг нь дордуулж эрүүгийн хариуцлага оногдуулж нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн гэмт хэргийн улмаас хохирлын хэмжээ бага зэргийг харгалзаж шүүгдэгч нарыг цаашид нийгэмших, иргэний хувьд хөдөлмөрлөх боломжоор хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

...Би Улаанбаатар хотод хаягтай. 4 хүүхэд, аавын хамт амьдардаг. Ажил хийдэггүй байж байгаад энэ хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хэвлий дэх хүүхэд маань эрсдэлтэй байгаа учраас надад оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хэргийн оролцогч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол зэргийг нь харгалзан үзэж шийдвэр оногдуулсан гэж үзэж байна. Хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан зарлагдахад ******* нь 3 бүхэл согтолттой шүүх хуралдаанд согтуу ирсэн учраас шүүх хуралдаан хойшлогдсон. Ийм учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжихгүй байна гэж үзэж ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх хуралдаан болсон. Мөн тэр шүүх хуралдаанд ******* нь ирэхгүй шүүх бүрэлдэхүүн болон оролцогч нарыг нэлээн удаан хүлээлгэж шүүх хуралдаан явагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж прокурор яллах дүгнэлт үйлдсэнээс хойш хоёр сарын хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй алга болсон. Ингээд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байж холбогдогч нарыг ирүүлж байж хэргээ шүүхэд шилжүүлсэн. Ийм байдлаас болж шүүгдэгч нарын хувьд хувийн байдал нь маш тодорхой харагдаж байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд байна гэж харж байгаа. Эрүүгийн хуульд заасан нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн авч үзэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь ******* нь өмнө нь хулгайлах гэмт хэргийг хоёр удаа буюу хорих ял оногдуулж байсан шийдвэртэй, ******* нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа ахин гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх бүрэлдэхүүн байна гэж үзэж шүүхээс оногдуулсан ял шийтгэл тухайн хүний хувийн байдал болон нийгмийн аюулын хэр хэмжээ хор хохиролд тохирсон гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын -ний өдрийн цагийн орчимд Дархан сумын дүгээр багт байрлах Дархан их дэлгүүрийн 103 тоот шилэн лангуун дээрээс иргэн эзэмшлийн  iphone 11 pro загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Өөрөөр хэлбэл:

Шүүгдэгч нар бүлэглэн иргэн iphone 11 pro загварын гар утсыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байхаас гадна хохирогчийн гар утас нь 1500 000 төгрөгийн үнэтэй болох нь “ ” ХХК-н шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон /хх 48-49 тал/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн хохирол тооцох”  аргачлалаар мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол ”-д тооцогдохоор байна.

Иймд прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд холбогдуулан зүйлчилсэн зүйл ангийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх  хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь буруу гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гарсан гомдолдоо:

“ ...Миний шууд асрамжид бага насны 4 хүүхэд, настай аав байдаг ба нөхөр байхгүй өрх толгойлон амьдардаг. Одоо 4 сартай жирэмсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч аав, үр хүүхэд болон гэдсэнд дэх бяцхан үрийнхээ төлөө зөв бодолтой үнэнч шударга хөдөлмөрлөж амьдрах ёстой гэдгийг ойлголоо . Ар гэрийн минь нөхцөл байдал болон миний гэм буруугаа ухаарч ойлгож байгааг минь хүлээн авч хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. “ гэжээ.

Шүүгдэгч *******ы ар гэрийн байдал, 4 сартай жирэмсэн болох нь гомдолд хавсаргаж ирүүлсэн Чанд авиа шинжилгээний хуудас, фото зураг болон эрүүл мэндийн хуудас зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн … жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх... хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасан байна.

Шүүгдэгч ******* 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 удаа 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж энэ ялаа эдэлж дууссан нь эрүүгийн хэргийн 136 дугаар  талд авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дархан-Уул аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/2059 дугаартай албан тоотоор нотлогдож байх тул:

Эрүүгийн хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн бол ялтай байдал аяндаа хүчингүй болох зарчмыг баримтлан шүүдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Түүнчлэн ялтан торгох ялыг эдэлж дууссан үеэс эхлэн шүүхийн тусгайлсан шийдвэр гаргалгүйгээр ял шийтгэлгүйд тооцохоор хуульд зохицуулсан байна.

Иймд шүүгдэгч ******* бага насны 4 хүүхэдтэй,  настай аавын хамт өрх толгойлон амьдардаг. Одоо 4 сартай жирэмсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хойшлуулах боломж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

“ ...Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж шүүх прокурорын дуудсан цагт ирээгүй хэмээн хувийн байдалд хамааруулан эрх зүйн байдлыг дордуулж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулсан байдаг.

Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй" гэж заасан нь шүүгдэгч нарын урьд 2 удаа ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болох учиргүй.

Мөн ******* нь хэрэгт гэмт хэргийн улмаас хохирсон иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирол нөхөн төлөгдөж, хор уршиг арилсан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино." гэж зааснаас үзвэл эрүүгийн хариуцлагын зорилго биеллээ олсон байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна.

Иймд Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдал, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бага байгаа зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарыг нийгэмших, цаашид иргэний хувиар шударга хөдөлмөрлөх боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Х. *******гийн хувийн байдлыг шинжлэн судлахад:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан байсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж эдлэх ялаас 3 сар 29 хоногийг хугацаанаас өмнө дахин тэнсэж суллагдаж байсан байна.

Урьд шүүх шүүгдэгчид засарч хүмүүжих боломжийг олгож тэнсэх албадлагын арга хэмжээ 2 удаа авсан боловч дахин гэмт хэрэг үйлдэж байгаагаас үзэхэд гэмт хэрэг үйлдэж амар хялбар аргаар ашиг хонжоо олох арга замыг илүүд үзэх болсон байна гэж үзэхийн зэрэгцээгээр шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан насанд хүрээгүй 3 хүүхдүүдээ тэжээх, амьдрал ахуйгаа авч явдаг ганц бие өрх толгойлсон эцэг. Барилгад өрлөгчнөөр ажилладаг гэх боловч энэ байдлуудыг нотолсон ямар нэгэн баримт хэрэгт байхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч *******гаас шалтгаалж шүүн таслан ажиллагаа удаа дараа хойшилж байсан байдал, дээр дурдсан бусад нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчид 3 дахь удаагаа тэнсэх албадлагын арга хэмжээ авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байх тул өмгөөлөгч *******гийн хүсэлтийг хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын:

“ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн ******* д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хойшлуулсугай.” гэж,

3 дахь заалтын:

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тус тус оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэснийг

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 63 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч нарын өмгөөлөгч *******гаас давж заалдах журмаар гаргасан гомдлын шүүгдэгч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар ялтан ******* хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргахаас гадна Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг болохыг мэдэгдсүгэй.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.АМАРЖАРГАЛ

              ШҮҮГЧИД                                             З.ТӨМӨРХҮҮ

                                                                            Б.МАНЛАЙБААТАР