| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00374/И |
| Дугаар | 137/ШШ2025/00322 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2025/00322
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Х Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д-д холбогдох зээлийн 22,009,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг ..-р хороо, ..оффист байрлах Х банк ХК /ХХД:.., РД:.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э овогтой Д нь Х банк ХК-тай 2024 оны 09 сарын 06-ны өдөр ЗГ/57658814 тоот Зээлийн гэрээ байгуулж 24,000,000 төгрөгийг, жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,172,660.24 төгрөг, зээлийн хүү 2,064,131.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,523.15 төгрөг, нийт 5,239,314.78 төгрөг төлсөн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 120 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -д“Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц код/ тоон гарын үсэг (аль тохирохыг сонгох)-ээр баталгаажуулсан болно. Иймд 2025 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 20,827,340 төгрөг, зээлийн хүү 1,163,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,880 төгрөг, нийт 22,009,183 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумы.н .-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Э-ийн Д /РД: .., утас: ../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э-ийн Д нь Х Банк ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 22,009,183 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д-д холбогдох зээлийн 22,009,183 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д нь зээлийн 22,009,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х Банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д-д холбогдох зээлийн 22,009,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,996 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 133,998 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 133,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.Д нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б